Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

 

                                                           

 

 

 

 

 

 

2021            01          15                                   2021/ШЦТ/60

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: Х.Еркебулан,

Шүүгдэгч: Б.Т, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Еркебуланаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Т, О овогт Г.М  нарт холбогдох эрүүгийн 2002 0048 30310 дугаартай хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнес удирдлага мэргэжилтэй, “Ивээлт цамхаг констракшин” ХХК-д нярав ажилтай, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Сариг А/11 дүгээр байрны 07 тоотод оршин суух хаягтай, одоогоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 10 дугаар гудамжны 266 тоотод ганцаараа оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б.Т /

Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эцэг, эх. дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг, 1 дүгээр байрны 28 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 8 дугаар байрны 11 тоотод ганцаараа оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай О овогт Г.М

Холбогдсон хэргийн талаар  /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Б.Т 2020 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Монгол” хорооллын хойд талын далангаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад  багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 11 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд  багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй 2705 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 11 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд  багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх орон байраар хангасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 8 дугаар байрны 11 тоотод үзлэгийг хийхэд уг тоотод ороход үүдэнд цагаан өнгийн гутлын тавиур, цагаан өнгийн гутлын шкаф байх ба шкафанд хувцаснууд өлгөөтэй байв. Уг шкафнаас зүүн талд 00-н өрөө байх ба уг газраас зүүн тийш том зочны өрөөнд ханы стинк дээр Haier гэсэн зурагт, хөр өнгийн тоос сорогч газарт саарал өнгийн хивс дэвссэн хивсэн дээр бор өнгийн ширээ байх ба ширээн дээр dell гэсэн бичиглэлтэй нөүтбүүк зурагтын удирдлага зэрэг байгааг тэмдэглэлд тусган ширээний чанх ард талд саарал өнгийн буйдан байв. Уг зочны өрөөнөөс залгуулаад гал тогооны өрөө байх бөгөөд шар цагаан өнгийн шүүгээ саарал өнгийн хөргөгч зэрэг байв. Уг гал тогооноос залгуулаад шар өнгийн модон ширээ 3 ширхэг модон сандал байв. Ширээн дээр 3 ширхэг хөх өнгийн 3 таваг 1 тавган дээр нунтаг шороо үртэс мэт тавьсан 3 хөх өнгийн аяга, 1 аяганд ямар нэг зүйл зуурсан мэт бохирдолтой нөгөө 1 аяганд шингэн зүйл байгааг гэрэл зургаар бэхжүүлэн шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. Уг ширээний болкон цонхон хэсэгт тавцан дээр bonaqua гэсэн саванд нунтаг ургамал мэт зүйл байгааг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Ширээний буланд тугалган цаас 1 ширхэг, хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 3 ширхэг притка, цэнхэр өнгийн асаагуур зэргийг хураан авав. Гал тогооноос чанх хойд талд унтлагын өрөө, өрөөнд саарал буйдан байв. Тус өрөөнөөс баруун гар талд жижиг өрөөнд ороход ханы саарал шкаф дотор эвхсэн хувцас байх ба нэг тавиур дээр хар өнгийн гялгар уутанд өвч мэт ургамал байгааг уутны хамт жинлэхэд хажууд нь мөнгөлөг тавганд ургамал мэт зүйл нунтаглан хийсэн байгааг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мөн бор өнгий ганс байгааг хураан авав. Хэрэгт өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул аяган дэх шингэнийг ундааны саванд хийсэн аяганд үлдсэн нойтон өвч ургамал мэт зүйлийг аяганы хамт хураан авч, тавган дээрх тоос нунтаг зүйлийг цаасанд боож шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийг 24 кадр гэрэл зургаар бэхжүүлэн дуусгав” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6-13-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, дүрс бичлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын арын гуу жалганд ажиллагааг хийхэд тус газар нь Замын цагдаагаас Нарантуул зах явах нарны төв замаас ертөнцийн зүгээр чанх урд талд нүхэн гарцаар гүүрний зүүн талд гуу жалга байх ба тус газарт ус урссан байдалтай жалганы хоёр талаар бут болон шигүү жижиг мод өвс, ургамал хатаж шарласан байдалтай тус гуу жалганы хооронд 50 метр орчим явган хүний гүүр барьсан байх ба тус газрын ертөнцийн зүгээр чанх урд талд нь цэнхэр өнгийн төмрөөр хаалт барьсан хойд талаараа бетонон ханаар хаалт босгосон хойд талаараа барилгын ажил явагдаж байгаа байдалтай байв. Тус газар ууттай ургамал олсон гэх газар нь жалгаар урсаж байгаа голын хойд хэсэгт бөөгнөрсөн ургамал бутан дотроос олсон гэснийг 1 мин 13 секундийн бичлэг хийж 4 кадр гэрэл зургаар бэхжүүлэн авч ажиллагаанд өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийг 16 цаг 44 минутад дуусгав” /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

     Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Б.Т нь ТНС буюу дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тусгасан байв” /хавтаст хэргийн 16-18-р хуудас/,

Шүүгдэгч Б.Т-н биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дүрс бичлэг /хавтаст хэргийн 19-21, 27-р хуудас/

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Г.М нь ТНС буюу дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тусгасан байв” /хавтаст хэргийн 22-р хуудас/,

Шүүгдэгч Г.М-н биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дүрс бичлэг /хавтаст хэргийн 23-27-р хуудас/,

     Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 5-р хуудас/

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 5219 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн Гансүх Г.М ЧД02230742 2020.09.21 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /ТНСl/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг” /хавтаст хэргийн 36-38-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 5218 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Т СЮ97052035 2020.09.21 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. 3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг” /хавтаст хэргийн 41-43-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 5222 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн“ ХТТГ-н а/д Б.Эрдэнэсүх” гэж хаяглан цэнхэр өнгийн 1-7 дугаартай зүйлс ирүүлжээ./3ураг№1,2/ 1 гэж дугаарласан хуванцар савны хамт 175 г ургамал мэт зүйл /3ураг№3 /, 2 гэж дугаарласан хуванцар савтай 250 мл хэмжээтэй шингэн зүйл /Зураг№5,6 /, 3 гэж дугаарласан шилэн тавганд ал-мэт зүйл 56 г/3ураг№7,8,9/, 4 гэж дугаарласан хөх өнгийн аяганд нойтон ургамал мэт зүйл /Зураг№10,11/, 5 дугаарласан хөх өнгийн бохирлогдсон аяга /Зураг№13/, 6 гэж дугаарласан Зиплок түгжээ бүхий уутанд тугалган цаас олон тооны түлэгдсэн оромтой /Зураг№16,17/, бор өнгийн гаанс дотор талдаа ургамал үнсний үлдэгдэлтэй /Зураг№18/, хуйлсан байдалтай АК7960693 серийн дугаартай төгрөгийн дэвсгэрт дотор талдаа бохирлогдсон /Зураг№19,20,21/, “тавган дээрх нунтаг тоос мэт зүйл “ гэж хаягласан 0,87 грамм нунтаг зүйл /3ураг№22,23,24/, Sputnik гэж хаягласан 4 ширхэг бритвийг хосоор шавар мэт зүйлээр хооронд нь наасан байдалтай бохирлогдсон 8 ширхэг бритва /Зураг№25,26/, 7 гэж арласан хар өнгийн гялгар уутны хамт 2705 грамм жинтэй ургамал мэт зүйл /Зураг№27,28/ зэрэгт тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9- tetrahedrocannabinol/ илрэв. 3. дельта-9-тетрагидроканнабинол /delta-9- tetrahedrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.” /хавтаст хэргийн 45-53-р хуудас/

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 1055 тоот дүгнэлт: “1. Б.Т нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 2. Б.Т нь одоо  сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй байна. 3. Б.Т сэтгэцийн өвчингүй байна. 4. Б.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6. Б.Т нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 7. Б.Тд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8. Б.Т нь сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай гэх шинж баримт үгүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 104-105-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 1125 тоот дүгнэлт: “1. Г.М нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.  2. Г.М нь одоогоор сэтгэцийн өвчингүй байна. 3. Г.М нь одоогоор сэтгэцийн өвчингүй байна. 4. Г.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Г.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6. Г.М нь одоогоор сэтгэцийн өвчний шинж тэмдэггүй байна. 7. Г.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8. Г.Мд  одоогоор мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 109-110-р хуудас/

            Гэрч Д.Баатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний хүүхэд томоотой түргэн ааш зан байхгүй дүүгээ хараад хайрлаад зөөлөн байдаг дөлгөөн хүүхэд байгаа юм. Гайгүй хүүхэд гэж бодож яваад анзаараагүй байгаад асуудалд оруулчихлаа. Манай хүүхэд спортын дэд мастер цолтой хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/,

Гэрч Д.Ганчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Гансүхийн Г.М гээд анхны хүүхэд нь байгаа юм. Ээж аав нь 3 сартай байхад нь салаад Г.М над дээр ирсэн. Тэгээд удалгүй байж байтал ээж аав нь нийлээд эргээд хүүхдээ авсан тэгээд 1 нас гарантай байхад нь буцаж салаад над дээр авчирч өгсөн тэр үед гар хөлийг нь түлсэн байсан тэрнээс хойш манайх 24 цагийн цэцэрлэгт өгдөг байсан. ...2016 онд ээж нь энэ хүүхэдтэй байж чадахгүй  гээд авчирч өгсөн. Манайд сар гаран байж байгаад өөрөө ээж рүүгээ явна гээд гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

Гэрч Б.Мөнхболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Г.М нь...манай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 8 дугаар байрны 11 тоотыг түрээслэдэг хүн байгаа юм. 2020 оны 3 дугаар сараас эхлэн түрээслэж байгаа. ...6 сарын гэрээ байгуулсан сар сард нь мөнгө авдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...яллагдагчаар татагдаж байгаагаа мэдлээ, надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Өөр нэмэх зүйл гэвэл би тухайн ургамалаа Г.М-н гэрт авчирсан тэгээд нөгөө ургамалаа бэлдэх явцыг сүүнд буцалгаад бэлдэж байхыг Г.М хараагүй бусдыг нь харсан тэгээд надаас энэ юу юм гээд асуусан би мэдэгдэхгүйн тулд эмийн ургамал гэж тайлбарласан Г.М өөрөө сонирхоод ууж амсаад үзье гэж хэлээд нөгөө сүүтэй өвснөөс намайг 00 ороод гараад ирэх үед нэг балгасан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62-р хуудас/

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...2020 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр би Г.М-н гэрт байсан. Урд өдөр нь очоод хоносон. Г.Мын гэрт ирэхдээ өвс гэх ургамалыг авчирсан. Би 8 сарын үед тэр ургамалыг Баянмонгол хорооллын хойд талын далангын ойролцоо байгааг хараад очоод үзсэн. Тэгээд ургамал байсныг мэдсэн тухайн үедээ орхиод явсан. Дараа нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр нөгөө газраа очоод үзтэл нөгөө ургамал нь байж байсан. Тэрийгээ аваад би маргааш нь Г.М-н гэрт очсон. Тэр үед миний сэтгэл санаа ар гэрийн харилцаанаас болоод муу байсан учраас хэрэглэж үзмээр санагдаад Г.М-н гэрт бид хоёр хэрэглэсэн. Намайг хэрэглэх гэж байхад Г.М би хэрэглье гээд хамт хэрэглсэн. Тэгээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд баривчилсан. Тэгээд цагдаа дээр ирсэн. ...Би өмнө найзыгаа дагаж яваад Багануур болон Улаанбаатар хотод миний хажууд өвс хэрэглэх гээд бэлтгэж байсан усны саванд хийгээд манай найз Мөнххэрлэн сорж байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй сураггүй байгаа. Одоогоос 2 жилийн өмнө болсон асуудал. ... Би Г.Мтой хамт хэрэглэхдээ найзынхаа хийж байсанг харснаар хийж бэлтгэж үзсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/

Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Би Б.Тийн өвч хийгээд буцалгасан байсан сүүнээс нэг удаа балгаж хэрэглэсэн. ...Би гадуур зөөгч хийгээд үс засаад амьдардаг мөнгөө олдог. Мөн намайг өсгөсөн аавын минь төрсөн дүү Ганчимэг гээд эгчээс мөнгө авдаг. Манай аав хаана байгааг би мэдэхгүй уулзаагүй 3 жил болж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71-р хуудас/

Шүүгдэгч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр би гэртээ байсан тэгээд Б.Т над руу залгаад би байрнаасаа гарсан найзындаа очих гэтэл гэрт нь ээж нь ирсэн гэнээ чи намайг гэртээ 4 хоног байлгачих гэж хэлсэн тэгээд би боломжгүй гэж хэлтэл намайг гуйгаад би чамайг гоё юмаар дайлна гээд тэгээд байсан тэгэхээр нь би тэг тэг гээд гэртэ оруулаад манайд хоносон унтхаасаа өмнө Б.Т сүү буцалгаад сүүн дээрээ өвс хийгээд нөгөөдөхөө хөрөхөөр нь хөргөгчинд хийчих гээд би хөргөгчинд хийсэн тэгээд унтаад өгсөн. Манайд орж ирэхдээ 3 цүнхтэй орж ирсэн. 2020 оны 9 дүгээр сарын 21-ны өглөө босоод ногоон том цүнхнээсээ хар өнгийн гялгар ууттай өвс гаргаж ирсэн тэгээд намайг газ авчих гээд би мөнгө байхгүй гээд аваагүй. Тэгээд өөрөө гараад аваад ирсэн. Унтлагын өрөөнд оронгуутаа ундааны саванд өвс хийгээд газаа шахаад байсан. Тэгээд намайг ус буцалгаад аваад ир гээд би оруулж өгчихөөд том өрөөндөө ороод ирсэн. Нөгөө өрөөнөөс савтай өвсөө бариад гарч ирээд хөшигөнд өвсөө ороож байгаад гараараа үрээд нунтаг болгосон тэгээд газ шахсан савтай өвстэйгөө хольсон тугалган цаас гаргаж ирээд мөнгө хуйлаад цаасан дээрээ газ шахсан өвсөө гаргаж тавиад доороос нь галаар асааж халаагаад хуйлсан мөнгөөрөө амьсгаагаа дуустал сороод үз гээд би сорсон өөрөө бас сорсон тэгээд тогоо хэрэглэх болоод нөгөө сүүтэй өвсөө аяганд сулласан. Тогоогоо Б.Тд өгсөн нөгөө халуун усанд газ шахсан өвсөө хийх гээд том сав хэрэгтэй байна гэсэн тэгээд би тогоогоо өгсөн ингээд байж байтал цагдаа орж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/

Шүүгдэгч Б.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 74-84-р хуудас/,

Шүүгдэгч Г.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 90-99-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон, оролцогч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй байна. 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Т 2020 оны 8 дугаар сард, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хорооллын хойд талын далангаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 11 тоотод байрлах шүүгдэгч Г.М-н хөлслөн амьдардаг байранд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд  багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй 2705 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, дүрс бичлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 5219 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 5218 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 5222 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар болон гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд өөрийн хөлсөн амьдардаг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 11 тоотод Нэгдсэн  Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад  багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 5219 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 5218 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 5222 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т, Г.М нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Б.Т нь “өвс” гэх нэршилтэй бодисыг олж авсан, хадгалсан, шүүгдэгч Г.М “өвс” гэх нэршилтэй Монгол Улсын хууль, тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээгээр хориглосон бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээгээр хориглогдсон, гэмт хэрэгт тооцогдох үйлдэл гэдгийг мэдээгүй үйлдсэн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.  

Шүүгдэгч Б.Т, Г.М нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар болон нотлох баримтын хүрээнд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Прокуророос шүүгдэгч Б.Т-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.М-н үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч Б.Т, Г.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Т, Г.М үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Т нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 1055 тоот дүгнэлтээр “...Б.Т нь сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай гэх шинж баримт үгүй байна” гэх дүгнэлт, мөн урьд өмнө гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангах үүднээс тэнссэн хугацаанд нь оногдуулах, шүүгдэгч Г.М нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 1125 тоот дүгнэлтээр “...Г.М-д  одоогоор мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангах үүднээс тэнссэн хугацаанд нь оногдуулахаар тус тус шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 246, А/80 захирамж, тушаалд нийцүүлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “өвс” гэх нэршилтэй нийт 2705 гр бодис, хуванцар савны хамт 175 гр ургамал мэт зүйл, хуванцар савтай 250 мл хэмжээтэй шингэн зүйл, шилэн таваг, 56 гр ургамал мэт зүйл, хөх өнгийн бохирлогдсон аяга, тугалган цаас, бор өнгийн гаанс, спутник гэх бичигтэй 4 хос 8 ширхэг бритва, 0.87 гр тоос мэт нунтаг зүйл нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, гэмт хэргийн ул мөрийг хадгалсан, Монгол Улсад хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул прокурорын саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, AK7960693 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад буюу Монгол банкинд шилжүүлж, сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалахаар дурьдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т, Г.М нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Т нь шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчилагдсан, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овогт Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Т, Г.М нарт сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Т, Г.М нарт сануулсугай.

6.Шүүгдэгч Б.Т, Г.М нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Т нь шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчилагдсан, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “өвс” гэх нэршилтэй нийт 2705 гр бодис, хуванцар савны хамт 175 гр ургамал мэт зүйл, хуванцар савтай 250 мл хэмжээтэй шингэн зүйл, шилэн таваг, 56 гр ургамал мэт зүйл, хөх өнгийн бохирлогдсон аяга, тугалган цаас, бор өнгийн гаанс, спутник гэх бичигтэй 4 хос 8 ширхэг бритва, 0.87 гр тоос мэт нунтаг зүйл нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, гэмт хэргийн ул мөрийг хадгалсан, Монгол Улсад хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул прокурорын саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, AK7960693 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад буюу Монгол банкинд шилжүүлж, сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Т, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР