| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2019/0006/З |
| Дугаар | 09 |
| Огноо | 2019-05-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 09
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган сумын иргэн Л.Г ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн ... даргад холбогдох
“... сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зогсоосон үйлдэл хууль бус болохыг тогтоож, шалгалтыг үргэлжлүүлэн үнэлгээ, дүгнэлт гаргахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2019/0006/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г , хариуцагч ... дарга Э.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь ... “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд нийгмийн ухааны багшаар тасралтгүй 20 жил ажиллаж байна. Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар нээлттэй зарлагдсан Булган аймгийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролцох зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр бүртгүүлж, холбогдох материалаа өөрийн биеэр шалгалтын комисст хүлээлгэн өгсөн. Тус сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх өдөр нь 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр байсан, намайг материалаа хүлээлгэн өгөх өдрийн ажлын цаг дуусах үед надаас өөр хүн бүртгүүлээгүй байсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр комисс сонгон шалгаруулалтаа зохион байгуулж, шалгалт дуусах шатандаа орсон. Гэтэл н.Н гэх хүнээс гомдол ирсэн гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтыг зогсоож, өнөөдрийг хүртэл намайг хохироож байна. Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчсөн гэж үзэж байгаа. Сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлээгүй хүн өргөдөл гаргасан нь сонгон шалгаруулалтыг зогсоох үндэслэл болохгүй. Комиссын дээрх хууль зөрчсөн асуудлаар Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдлын хариуг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Уг сонгон шалгаруулалтад улс төрийн ашиг сонирхолоор хандаж, илтэд миний эрхийг зөрчиж, үндэслэлгүйгээр зогсоосон ба түр түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг надад мэдэгдээгүй. Төрийн албаны Салбар зөвлөлийн шийдвэр болон ажлын хэсгийн шалгалт зогсоосон шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Булган аймгийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зогсоосон үйлдэл илт хууль бус болохыг тогтоож, шалгалтыг үргэлжлүүлэн үнэлгээ дүгнэлт гаргахыг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Булган аймгийн ... дарга Э.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Боловсрол, соёл, урлагийн газраас зарласан нэр бүхий 4 сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар ... даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн */** тоот тушаалаар ажлын хэсгийг томилсон бөгөөд ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэн, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Иргэн Л.Г нь уг сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэн, сонгон шалгаруулалтад оролцсон. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байх явцад Булган сумын иргэн Н шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд ажлын хэсгийн буруутай үйлдлийн улмаас сонгон шалгаруулалтад оролцох өөрийнх нь эрх зөрчигдсөн гэж үзэн өргөдөл гаргасан. Улмаар ажлын хэсэг хуралдаж, иргэний гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж, шалгалтын үйл ажиллагааг зогсоосон. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг тус сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс чиглэл авахад Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан тухайн албан тушаалын тодорхойлолт, төрийн албаны сул орон тоог нөхөх, сонгон шалгаруулалт зарлах, шинээр томилгоо хийх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
... иргэн Л.Г ээс аймгийн ... даргад холбогдуулан “... сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зогсоосон үйлдэл илт хууль бус болохыг тогтоож, шалгалтыг үргэлжлүүлэн үнэлгээ, дүгнэлт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу ... сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын хэсэг нь нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхээр аймгийн ... даргын тушаалаар байгуулагдсан байх ба түүнийг томилсон эрх бүхий этгээд болох ... дарга эрх зүйн үр дагаврыг хариуцах тул ажлын хэсгийн гишүүдийг хариуцагчаар татан оролцуулаагүй болно.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар дээд шатны захиргааны байгууллага буюу Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу гомдлоо гаргаж, Төрийн албаны Салбар зөвлөлөөс 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 18 тоот албан бичгээр гомдлыг хянан шийдвэрлээд хариуг өгсөн байна.[1]
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримт болсон үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар буюу 2002 оны Төрийн албаны тухай хууль болон уг хуульд нийцүүлэн гаргасан тухайн үед мөрдөгдөж байсан холбогдох дүрэм, журамд заасныг баримтласан болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “сонгон шалгаруулалтыг зогсоох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шалгалтын үйл ажиллагааг зогсоосон нь миний эрхийг зөрчсөн, илт хууль бус” гэж тодорхойлсон ба
Хариуцагчаас “сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг болон Төрийн албаны салбар зөвлөлд иргэнээс гомдол ирсэн учир шалгалтыг түр түдгэлзүүлсэн, Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн захиргааны албан тушаалтны сонгон шалгаруулалтыг шинэ хуулийн зохицуулалтаар зохион байгуулах шаардлагатай болсон” гэж маргажээ.
Булган аймгийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах захиалгын дагуу аймгийн ... даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн */** тоот тушаал гарч, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, нэхэмжлэгч Л.Г дээрх ажлын байранд өрсөлдөхөөр Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд өөрийн материалыг өргөдлийн хамт хүргүүлжээ.[2]
Сонгон шалгаруулалт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу товлогдсон өдрөө зохион байгуулагдаж, шалгалтанд нэхэмжлэгч Л.Г оролцсон бөгөөд шалгалт мөн өдрийн 12 цаг 34 минутад эхэлсэн байх ба нэхэмжлэгч эхний шалгалтад 33 оноо авч, мэдээллийн технологийн шалгалтад 5 оноо авч үдээс өмнөх шалгалт дуусчээ[3].
Үдийн цайны цагийн дараа үргэлжлэх байсан шалгалт иргэн Б.Н эс гомдол ирсэн үндэслэлээр явагдаагүй бөгөөд энэ тухай ажлын хэсэг хуралдаж, 01 тоот шалгалтын комиссын тогтоол гарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.[4]
2002 оны Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасанчлан ерөнхий боловсролын сургуулийн захиралын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, хуульд заасан боловсрол, мэдлэг, ажлын туршлагатай хүнийг шалгаруулахаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна”, 281 дүгээр зүйлийн 281.1.7-д “Аймаг, нийслэлийн боловсролын газар орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй” гэж тус тус заасны дагуу сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, зарласан хугацаандаа сонгон шалгаруулалтыг явуулсан байх ба сонгон шалгаруулалт эхэлснээс хойш иргэн Г.Н эс гомдол ирсэн үндэслэлээр шалгалтыг дуусгалгүй зогсоосон байна.
Булган сумын иргэн Г.Н нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутад “Аймгийн төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргах нь” гэж хаяглан сонгон шалгаруулалтын товыг буруу мэдээлсэн талаарх гомдлыг Төрийн албаны Салбар зөвлөлд гаргажээ[5]. Гомдлыг салбар зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлэх цохолтыг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн байх ба гомдлыг хэлэлцээд 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ[6]. Булган аймаг дахь Төрийн албаны Салбар зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот албан бичгээр гомдол гаргагч Г.Н д гомдлын хариуг хүргүүлсэн ба сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн байна[7]. Хариуцагчаас сонгон шалгаруулалтыг дуусгалгүй зогсоосон шийдвэр нь иргэнээс гомдол ирсэн, Төрийн албаны салбар зөвлөлөөс чиглэл өгсөн гэж маргаж байгаа боловч хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот албан бичгээр няцаагдаж байна[8].
Хариуцагчаас “Төрийн албаны Салбар зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу сонгон шалгаруулалтыг шинэ хуульд нийцүүлэн авах шаардлагатай болсон” гэж маргаж байгаа ба Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 17 тоот албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх үйл ажиллагааны зарчим өөрчлөгдсөн тул төрийн жинхэнэ албанд анх орох болон нөөцөд байгаа иргэдийг жинхэнэ албан тушаалд тэнцэх эсэх асуудлаар дүгнэлт гаргах зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаархи зөвлөмжийг сумдын засаг даргын тамгын газрын дарга, агентлагийн дарга нарт хүргүүлсэн байна. Уг зөвлөмж[9]-өөс харахад төрийн албаны шалгалтад орж тэнцсэн нөөцөд байгаа иргэдийн нөөцөд байх хугацаа дуусаагүй үед шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлэн ерөнхий шалгалтад тэнцсэн гэж тооцох, шинээр дүгнэлт гаргах үйл ажиллагааг зогсоох, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх хугацаанд албан тушаалын чиг үүргээр нь тухайн сул орон тоог түр орлон гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх талаар нарийвчлан чиглэл өгсөн байна. Энэ нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийг бүрдүүлэх, өмнө ажиллаж байгаа жинхэнэ албан хаагчдыг хуульд нийцүүлэн томилох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргасан зөвлөмж атал хариуцагч төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах шалгаруулалтыг зохион байгуулахад өгсөн чиглэл гэж үзэн шалгаруулалтыг зогсоосон нь хуульд нийцэхгүй байна. Учир нь улсын төсвөөс санхүүждэг Булган сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын албан тушаал нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 /... улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал/-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 4.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг Салбар зөвлөлийн болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргын шийдвэрээр дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна...”, 4.3-т “Комисс нь сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн байх ба сонгон шалгаруулалт явагдаж байх хугацаанд уг шалгаруулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг комисс буюу ажлын хэсэгт олгосон байна. Гэтэл ажлын хэсэгт сонгон шалгаруулалттай холбоотой санал хүсэлт, гомдол ирээгүй ба иргэн Г.Н сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт гомдол гаргаагүй зөвхөн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд ажлын хэсгийн гишүүдээс сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг буруу өгсөн гэж гомдол гаргасан байна. Мөн тус журмын 6.3-т “ Сонгон шалгаруулалттай холбоотой тест, бичгийн болон ур чадварын даалгавар, ярилцлагын шалгалтын хүрээнд хамаарч хөтөлбөр, төслийн танилцуулгын баримт бичгийн агуулга, сэдэв нь байгууллагын нууцын зэрэглэлд хамаарна. Шалгалтаас өмнө ямар нэг хэлбэрээр сонгон шалгаруулалтын баримт бичиг задарсан тохиолдолд шалгалтыг хойшлуулах үндэслэл болно” гэсэн байх ба сонгон шалгаруулалтын явцад дээрх журамд заасан нөхцөл байдал үүссэн эсэх асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй бөгөөд сонгон шалгаруулалтыг зогсоох, түдгэлзүүлэх, хойшлуулах хууль болон журамд заасан нөхцөл байдал үүсээгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны акт илт хууль бус болно” гэжээ. ... даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэхдээ Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэжээ. Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот “Журам батлах тухай” тогтоолоор “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ыг баталжээ. Уг журам нь төрийн байгууллага, төрийн жинхэнэ албан хаагч болон уг албан тушаалд нэр дэвшигч нарын хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны Салбар зөвлөлийн баримтлах журам юм. Гэтэл сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг Төрийн албаны Салбар зөвлөлийн маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах журмыг үндэслэж, сонгон шалгаруулалттай холбоотой гомдол, санал, хүсэлт ажлын хэсэгт ирээгүй байхад шалгалтыг түдгэлзүүлсэн нь хуулиар зохицуулаагүй, хуульд заагдаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь илт хууль бус шийдвэр /захиргааны акт/ гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтыг зогсоосон шийдвэр /2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот шалгалтын комиссын тогтоол/ нь гарсан цагаасаа хүчин төгөлдөр бус тул сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн, үнэлгээ дүгнэлтийг гаргах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.4, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ