Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА/2022/0628

 

 

 

 

 

 

 

 

                “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү  

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, өмгөөлөгч Г.Ж, Г.О

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Х” ХХК

Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчдын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн НА-21210000013 дугаар нөхөн ногдуулалтын актыг хянан хэлэлцсэн Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 238.778.022.762,03 төгрөгийн зөрчилд ногдох 8.616.815.876,40 төгрөгийн нөхөн татвар, 2.585.044.762,93 төгрөгийн торгууль, 1.513.485.436,66 төгрөгийн алданги, нийт 12.715.346.075,99 төгрөгийн төлбөрөөс 1.291.313.554,58 төгрөгийн зөрчилд ногдуулсан 129.131.355,46 төгрөгийн нөхөн татвар, 38.739.406,64 төгрөгийн торгууль, нийт 193.697.033,20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 237.486.709.207,45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8.487.684.520,94 төгрөгийн нөхөн татвар, 2.559.218.491,83 төгрөгийн торгууль, 1.474.746.030,02 төгрөгийн алданги, нийт 12.521.649.042,79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 524 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Г.М, өмгөөлөгч Г.Ж, Г.О,

Хариуцагч Б.Б, М.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2022/0245/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарт холбогдуулан “Татварын улсын байцаагчдын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн НА-21210000013 дугаар нөхөн ногдуулалтын актыг хянан хэлэлцсэн Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 238.778.022.762,03 төгрөгийн зөрчилд ногдох 8.616.815.876,40 төгрөгийн нөхөн татвар, 2.585.044.762,93 төгрөгийн торгууль, 1.513.485.436,66 төгрөгийн алданги, нийт 12.715.346.075,99 төгрөгийн төлбөрөөс 1.291.313.554,58 төгрөгийн зөрчилд ногдуулсан 129.131.355,46 төгрөгийн нөхөн татвар, 38.739.406,64 төгрөгийн торгууль, нийт 193.697.033,20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 237.486.709.207,45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8.487.684.520,94 төгрөгийн нөхөн татвар, 2.559.218.491,83 төгрөгийн торгууль, 1.474.746.030,02 төгрөгийн алданги, нийт 12.521.649.042,79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 524 дүгээр шийдвэрээр: 

“...Татварын ерөнхий хуулийн /2009 оны/ 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан “Х” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчдын 2021 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн НА-21210000013 дугаар нөхөн ногдуулалтын актыг хянан хэлэлцсэн Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 238.778.022.762,03 төгрөгийн зөрчилд ногдох 8.616.815.876,40 төгрөгийн нөхөн татвар, 2.585.044.762,93 төгрөгийн торгууль, 1.513.485.436,66 төгрөгийн алданги, нийт 12.715.346.075,99 төгрөгийн төлбөрөөс 1.291.313.554,58 төгрөгийн зөрчилд ногдуулсан 129.131.355,46 төгрөгийн нөхөн татвар, 38.739.406,64 төгрөгийн торгууль, нийт 193.697.033,20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 237.486.709.207,45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8.487.684.520,94 төгрөгийн нөхөн татвар, 2.559.218.491,83 төгрөгийн торгууль, 1.474.746.030,02 төгрөгийн алданги, нийт 12.521.649.042,79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, өмгөөлөгч Г.Ж, Г.О нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.”...2017-2019 онд нүүрсний тээврийн орлогыг дутуу тусгасан 2.533.197.016,25 төгрөгийн зөрчилд 253.319.701,61 төгрөгийн нөхөн татвар, 75.995.910,49 төгрөгийн торгууль, 50.663.940,31 төгрөгийн алданги, нийт 379.979.552,41 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн талаар:

Татварын улсын байцаагчдын 2021 оны 1 дүгээр сарын 29 ны өдрийн НА-21210000013 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1 дүгээр зүйл болох 2017-2019 онд нүүрсний тээврийн орлогыг дутуу тусгасан 2.533.197.016,25 төгрөгийн зөрчилд 253.319.701,61 төгрөгийн нөхөн татвар, 75.995.910,49 төгрөгийн торгууль, 50.663.940,31 төгрөгийн алданги, нийт 379.979.552,41 төгрөгийн төлбөр нөхөн ногдуулсныг шүүх хянаж үзээд Үндэслэх нь хэсгийн 9-д “ ...Татварын ерөнхий хуулийн /2008/ оны 48 дугаар зүйлийн 48.1-д “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно”, 48.1.2-т “жишиг үнийн арга”, 48.5-д “Татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг “жишиг үнийн арга” гэнэ”, 48.6-д “Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж Сангийн сайдын 2019 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан Жишиг үнийн журмын 2.1-д “Татварын алба татварын ногдлыг жишгээр тодорхойлохдоо өөрт байгаа болон гуравдагч этгээдийн мэдээлэлд үндэслэн тодорхойлох ба татварын ногдлыг жишгээр тодорхойлох үеийн татвар төлөгчийн үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл, холбогдох баримтыг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгэнэ”, 2.2-т “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийн мэдээллийг ашиглана”, 2.2.2-т “Татварын албанд байгаа тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй, ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоо”-г ашиглаж болохоор заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл хариуцагч Татварын улсын байцаагчид татвар ногдох орлогыг тодорхойлохдоо татвар төлөгчийн хяналт шалгалтад ирүүлсэн борлуулалтын үнийн дунджаар тооцсон, харин татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тооцохдоо хөндлөнгийн мэдээллийн сан дахь мэдээллийг үндэслэн 1 тн тээврийн зардлын дундаж үнийг тодорхойлсон нь зөв байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3, Татварын ерөнхий хуулийг /шинэчилсэн найруулга/ дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтаар “Х” ХХК-д хяналт шалгалт хийх 21201003138 дугаартай томилолтыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн байна. Мөн маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх томилолтын хугацаанд Татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нар хийж гүйцэтгэв хэмээн бичсэн байна. Иймээс Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийг анхан шатны шүүх хэрэглэх хууль зүйн боломж байхгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 1 дэх хэсгийг хянан шийдвэрлэхдээ хүчингүй болсон Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.5, 48.6-г Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 36 дугаар зүйлийн 36.3-т заасан Сангийн сайдаас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан 294 дүгээр журмын 2.2, 2.2.2 дугаар зүйлийг үндэслэн “Татварын улсын байцаагчид татвар ногдох орлогыг тодорхойлохдоо татвар төлөгчийн хяналт шалгалтад ирүүлсэн борлуулалтын үнийн дунджаар тооцсон, харин татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тооцохдоо хөндлөнгийн мэдээллийн сан дахь мэдээллийг үндэслэн 1 тн тээврийн зардлын дундаж үнийг тодорхойлсон нь зөв байна” гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

Мөн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10-т “... Нүүрс тээврийн гэрээний орлогыг “Ачааны машины түрээсийн гэрээ”-гээр халхавчилж татвар ногдох орлогыг бууруулж, “Э” ХК-тай тооцоо нийлсэн замын хуудасны задаргаа, нэхэмжлэх гаалийн мэдээгээр, нүүрс тээврийн гэрээний орлого нь нотлогдож байх бөгөөд "M” компани нь ачааны машин түрээслээд тээврийн үйл ажиллагаа явуулсан гэдэг нь нотлогдохгүй байна” гэсэн үндэслэлгүй хийсвэр дүгнэлтийг хийсэн гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан, гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 10 дахь дүгнэлт хэрэгт авагдсан ямар бичгийн нотлох баримтад үндэслэсэн болох нь тодорхойгүй байна.

Түүнчлэн “Х” ХХК болон “M” компани нарын хооронд байгуулагдсан “Ачааны авто машин түрээс”-ийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй болно.

Нөгөөтэйгүүр “Х” ХХК болон “M” компани нарын хооронд байгуулагдсан “Ачааны авто машин түрээс”-ийн гэрээ нь хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зохицуулж байгаа тул татварын улсын байцаагч болон захиргааны хэргийн шүүх тус гэрээг хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэхийг дүгнэх боломжгүй юм. Иймээс анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж иргэний харилцааг зохицуулахаар хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан иргэний эрх зүйн гэрээг татвар ногдох орлогыг халхавчилж орлогыг бууруулсан гэрээ хэмээн дүгнэсэн хууль зөрчсөн дүгнэлтийг хийжээ.

Маргаан бүхий актыг гаргахдаа Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2-т заасан “Жишиг үнийн арга”, 48.6-д заасныг үндэслээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч татварын улсын байцаагч нар Сангийн сайдын 2019 оны 294 дүгээр тушаалаар баталсан “Жишиг үнийн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “...Татварын алба татварын ногдлыг жишгээр тодорхойлохдоо өөрт байгаа болон гуравдагч этгээдийн мэдээлэлд үндэслэн тодорхойлох ба татварын ногдлыг жишгээр тодорхойлох үеийн татвар төлөгчийн үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл, холбогдох баримтыг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгэнэ” хэмээн заасан журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн хариуцагч нар нь 2017-2019 онд нүүрсний тээврийн орлогыг жишиг үнийн аргаар тооцсон гэсэн атлаа Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд Сангийн сайдын 2019 оны 294 дүгээр тушаалаар баталсан “Жишиг үнийн журам”-ын 2.4-д “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход ашиглаж үнийн мэдээллийн эх үүсвэрийг татварын албаны албан ёсны цахим хуудас /www.mta.mn/-д зарлана” хэмээн заасны дагуу “Х” ХХК-ийн нүүрсний тээврийн орлогыг жишиг үнийн аргаар тооцохдоо татварын албаны ёсны цахим хуудсанд зарласан жишиг үнийн аргыг ашиглаагүй гэдгээ хариуцагч тайлбарласан байдаг.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн дээрх тайлбар нь Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 6 дугаар зүйл 6.1.11-д заасан “…бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох” гэж заасныг болон мөн хуулийн 36 дугаар зүйл 36.2-т заасан заалтуудад үл нийцсэн байдаг. Гэтэл шүүхийн зүгээс татварын дундаж үнийг тодорхойлохдоо 2017 онд 9 компанийн гэрээний үнийн дүнг үндэслэж уртын уртын тээврийн 1 тн нүүрсний үнийг, 2018 онд 21 компанийн гэрээний үнийн дүнг үндэслэж уртын тээврийн 1 тн нүүрсний үнийг, 2019 онд 29 компанийн гэрээний үнийн дүнг үндэслэж богинын тээврийн 1 тн нүүрсний үнийг тодорхойлсон гэх хариуцагчийн тайлбарыг хуульд нийцүүлэн тооцсон аргачлал хэмээн дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.1, 34.2-т заасны дагуу үнэлж дүгнээгүй байна.

Татварын улсын байцаагчид Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг холбогдох нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтаар нотлох тухай 2019 онд батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 4.3.7-д “хяналт шалгалтын явцад цуглуулсан холбогдох баримт бичигт үндэслэн хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил бүрт дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай баримт бичгийг хувилан авах, тайлбар тодруулга гаргуулах зэргээр зөрчлийг баримтжуулах” гэж заасан байдаг. Гэтэл татварын улсын байцаагчид хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг нотлох ямар нэгэн баримт материал байхгүй зөвхөн тооцооллоор их хэмжээний татварын төлбөр ногдуулсан байдаг.

Хэрэв тухайн татварын ногдлыг нотлох баримт хангалтгүй бол Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу татварын ногдлыг тодорхойлох боломжгүй үед жишиг үнийн аргаар тооцох хууль зүйн зохицуулалттай. Шүүх хуралдааны явцад татварын улсын байцаагчид жишиг үнийн арга хэрэглээгүй гэж тайлбарласан боловч тухайн тооцооллыг хийхдээ 2017 онд 9, 2018 онд 21, 2019 онд 29 компанийн гэрээний үнийн дүнг үндэслэсэн гэсэн нь жишиг үнийн аргыг хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн юм. Иймд эдгээр компанийн гэрээний үнийн мэдээлэл Татварын ерөнхий хуульд заасны дагуу Татварын албаны албан ёсны мэдээллийн цахим сайт дээр байхгүй, үнэн бодит үнэ эсэх нь ч эргэлзээтэй байдаг. Мөн манай компани өөрийн эзэмшилд байгаа ачаа тээврийн автомашинуудыг бүрэн ашиглах боломжгүйн улмаас бусдад түрээсэлж тухайн түрээсийн орлогоо татварын тайландаа тухай бүр бүртгэж тайлагнасан. Тухайн түрээслүүлсэн хүнд даацын автомашинуудын жолооч нарт олгосон гэж тооцоолж энэ маргаан бүхий актаар ногдуулсан цалин хөдөлмөрийн хөлс олгосон гэж тооцоолсон зөрчлийг Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөл хянаад тухайн татварын ногдлыг хүчингүй болгосон байгааг харгалзан үзэлгүйгээр тээвэрлэлт хийсэн гэсэн нь мөн л нотлох баримт хангалтгүй, манай нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй маш их хэмжээний мөнгөн дүнтэй тээврийг манай компанийг гүйцэтгэсэн хэмээн тооцоолсон тооцооллыг хэвээр үлдээсэн нь харилцан уялдаатай байх зарчмыг алдагдуулсан шийдвэр гэж үзэж байна.

Мөн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4509 дугаар захирамжаар хариуцагч байгууллагаас Нөхөн ногдуулалтын актыг гаргахад бүрдүүлсэн хяналт шалгалтын хувийн хэргийг гаргуулсан байдаг. Тус захирамжийн дагуу хариуцагч байгууллагаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ирүүлсэн 104 хуудас нотлох баримтад жишиг үнийн аргаар тооцож гаргасан гэх нэг ч нотлох баримт авагдаагүй байхад “татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тооцохдоо хөндлөнгийн мэдээллийн сан дахь мэдээллийг үндэслэн 1 тн тээврийн зардлыг дундаж үнийг тодорхойлсон нь зөв байна” гэх шүүгчийн дүгнэлт илт үндэслэлгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчсөн.

Иймд шүүхийн дүгнэсэн дээрх дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй болно.

3.2.Анхан шатны шүүхээс маргаан бүхий актын тэмдэглэх нь хэсгийн 2 дахь хэсгийг дараах байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Үүнд:

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-т “Хяналт шалгалтад хамрагдсан хугацаанд “Х” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийт дүнгээр 58.039.516.667,88 төгрөгийн хилийн доторх тээврийн орлогыг дутуу тусгасан зөрчилд ногдох 5.803.951.666,79 төгрөгийн нөхөн татвараас төсвөөс буцаан авах 946.514.820 төгрөгийн илүү үлдэгдлийг хааж, үлдэх 48.574.368.457,90 төгрөгийн зөрчилд хариуцлага ногдуулсан байна” хэмээн дүгнэсэн байдаг.

Шүүх дээрх нөхцөл байдлыг тайлбарлахдаа маргааны зүйлийг бүрэн ойлгож үнэлэлт дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч нарын зөрчил хэмээн үзсэн маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн 2 дахь заалтад 2017-2019 онд хилийн доторх нүүрсний тээврийн үйлчилгээний орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан нийт 58.039.516.667,88 төгрөгийн зөрчилд 4.875.436.845,79 төгрөгийн нөхөн татвар 1.457.231.053,74 төгрөгийн торгууль, 916.480.963,85 төгрөгийн алданги, нийт 7.231.148.863,38 төгрөгийн төлбөрийн асуудал дурдагддаг.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь манай компани 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн “И” ХХК-тай “Тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлсэн. Бидний зүгээс нүүрс тээврийг шууд БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүргэж өгөх хүсэл зоригтой байсан боловч Засгийн газрын 320 дугаар тогтоолын дагуу салгаж тээвэр хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн тул дараах байдлаар тээвэрлүүлэгчид хүлээлгэн өгсөн болно. Үүнд:

-Уртын урт тээвэр /уурхайн амнаас- БНХАУ Ганц мод хүртэл/,

-Уртын тээвэр /Уурхайн амнаас -Цагаан хадаас/,

-Богинын тээвэр /Цагаан хад гаалийн хяналтын талбайгаас- БНХАУ-н ганц мод/ хүртэл 3 салгаж тээвэр хийсэн. Гэвч дээрх нөхцөл байдлыг татварын улсын байцаагчид болон шүүхийн зүгээс буруу тайлбарлан дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-т “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1, 7.1.1-т заасны дагуу тээврийн маршрутын дагуу уртын урт, богинын тээвэр гэж ялган хилийн дотор тээврийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”-нд албан татвар ногдуулахаар заасан байх тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /”0”/-тэй тэнцүү байна” гэж заажээ.

Мөн хууль тогтоогчоос “0” хувиар албан татвар ногдуулах экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээний төрлүүдийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д нэрлэн заасны дотор 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гаргасан олон улсын ... ачаа тээврийн үйлчилгээ”, 12.1.4-т “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/” тус тус хамааруулсан байдаг.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, нэмэгдсэн өртгийн албан татвар “0” хувьтай байх бараа, ажил, үйлчилгээний гол нөхцөл нь тухайн барааг Монгол Улсаас экспортод гаргасан байх, мөн тухайн барааг экспортлох зорилгоор Монгол Улсаас гадаад улсад гаргахад үзүүлсэн ачаа тээврийн үйлчилгээ гэж үзэхээр байх бөгөөд манай компаниас үзүүлсэн нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээ хуулийн энэхүү зохицуулалтуудын аль алинд нь хамаарахаар байна.

Тээвэрлэгч нь ачааг гаалийн хяналтын бүсэд буулгаж, дахин ачих байдлаар тээвэрлүүлэгчид хүргэж байгаа явдал нь тээвэрлэгчээс үл хамаарсан буюу хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ тул бид өөрийн хүсэл зоригоор Цагаан хаданд буулгасан зүйл байхгүй. Засгийн газрын 320 дугаар тогтоолын дагуу салгаж тээвэр хийсэн. Бид экспортод гаргах нүүрсийг тээвэрлэсэн тул үүнийг салгаж хийсэн тээвэр гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Олон улсын … ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2-т заасан хамаарахгүй” гэсэн заалт нь тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийн хүсэл зориг, үйл ажиллагаанаас хамааран тээвэрлэгчийн сольсон, эсхүл ачааг буулгаж дахин тээвэрлэсэн тээвэрлэлтэд хамаарахаас бус тээвэрлэгчийн хүсэл зоригоос үл хамааран ачааг буулгаж, дахин тээвэрлэсэн тээвэрлэлтэд хамаарахааргүй юм.

Нөгөө талаас Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Монгол улсын хилийг нэвтрэн хийх тээвэрлэлт”-ийг улс хоорондын тээвэрлэлт гэж тодорхойлсон болон Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбай”-г гаалийн хяналтын бүс гэж тодорхойлсон, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ”, 4.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж тус тус зааснаас үзвэл ачааг гаалийн хяналтын бүсэд буулгаж байгаа нь Монгол Улсын хилийн дотор хийсэн тээвэрлэлт биш хэмээн үзэж байна.

Учир нь манай компанийн зүгээс үндэслэлээ “...Гаалийн хяналтын бүсэд дуртай нь очиж ачаа буулгадаггүй. Бид Гаалийн тухай хуульд заасан бараа тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачиж буулгах шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр агуулах талбайд л буулгасан” хэмээн удаа дараа тайлбарласан ба гаалийн хяналтын бүсэд буулгасан нүүрс нь цааш хэн тээвэрлэж БНХАУ-д хүргэж байгаагаас үл хамааран экспортод гарах нь ойлгомжтойн дээр маргааны тохиолдолд гаалийн хяналтын бүсийн хил нь гаалийн хилд, улмаар Монгол улсын хилд тооцогдохоор байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч дүгнэлт гаргаагүй болно.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдаад буй шиг дээрх тээвэрлэлтийг манай компанийг хилийн дотор хийсэн тээвэр гэж үзвэл 2018 онд 2.661.049.492 төгрөг, 2019 онд 33.139.634.505 төгрөгийн хилийн доторх тээвэр юм. Өөрөөр хэлбэл 2018, 2019 онд хийсэн тээвэрлэлт нь холбогдох аж ахуй нэгжүүдтэй тооцоо нийлсэн акт, анхан шатны баримт, тайлан зэргээр нотлогдоно. Харин татварын байцаагч болон шүүхийн дурдсан шиг 58.039.516.667,88 төгрөгийн хилийн доторх ачаа тээвэр хийсэн зүйл байхгүй бөгөөд түүнийг нотолсон баримт ч байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэв шүүхээс дээрх асуудлыг хилийн дотор тээвэрлэсэн хэмээн үзэж байгаа тохиолдолд богинын буюу дотоодод ажил үйлчилгээ үзүүлсэн тээвэрт хэдэн тн нүүрс тээвэрлэсэн түүнд ногдох татвар хэдэн төгрөг болох, уртын тээвэр буюу мөн дотоодод ажил үйлчилгээ үзүүлсэн тээвэрт хэдэн тн нүүрс тээвэрлэсэн түүнд ногдох татварт хэдэн төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК төлөх ёстой байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйл 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, ...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан хуулийг зөрчин үндэслэлгүй дүгнэлт гаргасан байдаг.

Иймд шүүгчийн дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, маргааны зүйлийн талаар бүрэн дүүрэн ойлгож үнэлэлт дүгнэлт гаргаж чадаагүй гэж үзэхээр байх тул хүчингүй болгож өгнө үү.

3.3.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 15, 16, 17-д заасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын баталсан журмаар зөвхөн төлбөрийг төлсөн тохиолдолд татвар ногдуулахаар хуульчилж өгсөн бөгөөд манай компанийн зүгээс БНХАУ-ын “Эрээн хотын олон улсын эдийн засгийн технологийн хамтын ажиллагаа” ХХК-иас (Б)-талд 2017-2019 онд 33.769.279.735,39 төгрөгийн хоорондын дансны өглөгийн үлдэгдэлтэй буюу шилжүүлээгүй төлбөр байгаа болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, мөн хуулийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...“, 14.1.2-т “…худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн…”, мөн Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах тухай журам”-ын 2.1-д “Албан татварын хасалт (цаашид хасалт гэх)-ыг албан татварын падаан, гаалийн мэдүүлэг болон Нэмэгдсэн өртийн албан татварын тухай хуулийн 14.1.3-т заасан этгээдийн хувьд төлбөрийн баримт зэргийг үндэслэн хийх бөгөөд дараах шалгуурыг хангасан байна”, 2.1.1-д “албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдаж авсан, эсхүл импортын бараа, ажил үйлчилгээнд төлсөн байх” гэж татвар суутган төлөгч тухайн төлбөрийг төлсөн үед татвар суутган авах тухай хууль, холбогдох журмаар тодорхойлж өгсөн байдаг. Гэвч шүүхийн зүгээс хуулийг хэт явцуу утгаар тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 15-д “...нийт 33.769.279.735,39 төгрөгийн менежментийн үйлчилгээ, …худалдан авсан болох нь дансны өглөгийн журналаар нотлогдож байх бөгөөд уг үнийн дүнгээс НӨАТ суутган авч төсөвт төлөөгүй болох нь татварын бүртгэл мэдээллийн сангийн мэдээлэл болох тайлангаар нотлогдож байна” хэмээн дүгнэсэн атлаа тус төлбөрт татвар төлөх ёстой мэт хуулийг буруу тайлбарлан хэрэглэж буй нь илт үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл бидний зүгээс гүйлгээг бодитоор хийгээгүй, төлбөр төлөөгүй байхад зөвхөн дансны өглөгийн журналыг үндэслэн шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийдвэрийн дээрх хэсгээс тодорхой харагдана.

Шүүхэд гаргасан тайлбартаа татварын улсын байцаагчид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаан олголт хийхэд баримтална гэж тайлбарладаг.

Гэтэл тухайн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “Албан татварын хасалт хийх” гэсэн зүйл, заалт нь өөрөө төсөвт төлөх албан татвараас НӨАТ суутган төлөгч нь ямар нөхцөлд ямар НӨАТ-ийг хасч тооцох тухай заасан зүйл заалт юм. Өөрөөр хэлбэл тухайн тайлант хугацаанд ямар ямар НӨАТ-тай худалдан авалтад төлсөн НӨАТ-ийг нь хасч тайлагнах тухай ойлголтыг заасан байдаг. Зарчим нь төсөвт төлөх ёстой НӨАТ-аас төсөвт төлсөн НӨАТ-ыг хасч тооцдог дэлхий нийтийн зарчим юм. Үүнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд хэн ч уншаад ойлгохоор яг үг үсэгчлэн заасан байгааг Татварын багц хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг татварын улсын байцаагчид ойлгоогүй зөвхөн төсвөөс буцаан авахад хэрэглэдэг гэж тайлбарлаж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Яг энэ хуулийн зүйл заалт, холбогдон гарсан аргачлалын дагуу бүхий л нягтлан бодогчид Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа гаргадаг. Үүнийг татварын байцаагчид мөн анхан шатны шүүх ойлгохгүй шийдвэрлэсэн байгаа нь өөрөө Олон улсын нягтлан бодох бүртгэлийн хамгийн энгийн зарчмын ойлголтыг зөрчсөн цаашид хуулийн энэ заалтыг хэрхэн ойлгох Олон Улсын нягтлан бодох бүртгэл, Олон улсын татварын бүртгэлийн зарчмыг Монгол Улсад хэрхэн ойлгож хэрэгжүүлэх нь бүрхэг шийдвэр болоод байна.

Бид Монгол Улсад оршин суугч бус этгээдүүд болох манай түнш байгууллагуудад гэрээний дагуу менежмент болон зуучлалын төлбөр 2017 онд 2.109.761.473,10 төгрөг, 2018 онд 5.157.278.388 төгрөг, 2019 онд 15.469.905.517,40 төгрөг төлсөн нь манай харилцах дансны хуулгууд болон бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотлогдож байгаа. Тухайн нотлох баримтуудыг татварын улсын байцаагчдад тухай бүр гарган өгч байсан болно.

Иймд шүүхийн дээрх шийдвэр, дүгнэлт нь хууль ёсны байх, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагыг хангаж чадаагүй, үндэслэл бүхий, түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн, зөв эргэлзээгүй талаас нь бүрэн бодитой дүгнэж чадаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

3.4. Маргаан бүхий актын тухайд:

Татварын улсын байцаагч нарын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн НА-21210000013 дугаар нөхөн ногдуулалтын актын Тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.4-т заасныг баримталсан байдаг.

Зөрчлийн тухай хуульд 11.19.1.1 гэх хуулийн заалт байхгүй.

Зөрчлийн тухай хуулийн 11.19.4-д заасан аль хууль зөрчсөн нь ойлгомжгүй, мөн тодорхойгүй.

-Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” хэмээн заасныг зөрчсөн.

-Хэрэв Зөрчлийн тухай хуулийг баримталж байгаа тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу “Шийтгэх хуудас” хэлбэртэй гарах ба эрх зүйн үр дагавар өөр байхаар хуульчилж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь Нөхөн ногдуулалтын акт эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийн хуудасны аль нь болох нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйл 39.1-д заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “…захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах…” хуулийг ноцтой зөрсөн байхад шүүх хуульд нийцсэн акт мэтээр дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” гэж зааснаар тус хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д тус тус заасныг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд Нөхөн ногдуулалтын акт үйлдэхээр байна. Гэтэл хариуцагч нар нэхэмжлэгчийг Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зөрчсөн гэж маргаан бүхий актад тусгаагүй байхад тухайн актыг шүүх хуульд нийцсэн байна хэмээн үзсэн нь учир дутагдалтай.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 524 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэл бүрт бүрэн дүгнэлт өгөөгүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, үүнийг давж заалдах шатны шүүхээс гүйцээх боломжгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Нөхөн ногдуулалтын актаар 297.274.072.670,74 төгрөгийн зөрчилд 14.600.131.617,27 төгрөгийн нөхөн татвар, 4.380.039.485,19 төгрөгийн торгууль, 2.690.239.601,56 төгрөгийн алданги, нийт 21.670.410.704,02 төгрөгийн төлбөр ногдуулснаас Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолоор 58.496.049.908,71 төгрөгийн зөрчилд ногдох 5.983.315.740,87 төгрөгийн нөхөн татвар, 1.794.994.722,26 төгрөгийн торгууль, 1.176.754.164,90 төгрөгийн алданги, нийт 8.955.064.628,03 төгрөгийн төлбөрийг бууруулж, 12.715.346.075,99 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилжээ.

Харин нэхэмжлэгч дээрх төлбөрөөс 2017-2019 онд жолоочийн цалингийн орлогоос хувь хүний орлогын албан татвар суутгаагүй 1.291.313.554,58 төгрөгийн зөрчилд ногдох 129.131.355,46 төгрөгийн нөхөн татвар, 38.739.406,64 төгрөгийн торгууль, 25.826.271,10 төгрөгийн алданги, нийт 193.697.033.20 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж нэхэмжлэлдээ тусгаснаас бус энэхүү шаардлагаасаа татгалзаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаас бус нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөх, ийм шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх зохицуулалт байхгүй, энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзах, эсхүл маргахгүй байх л боломжтой.

Анх шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2210 дугаар захирамжаар 12.521.649.042,79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн, гэтэл шийдвэрийн Үндэслэл хэсгийн 20-д “…1.291.313.554,58 төгрөгийн зөрчилд ногдох нийт 193.697.033.20 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй…” гэж дүгнэн улмаар Тогтоох хэсэгт “…уг төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх …төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс анхнаасаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа актын холбогдох хэсгийг дээрх байдлаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн байна.

Иймд актаар ногдуулсан 193.697.033.20 төгрөгийн төлбөртэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр тодруулах нь зүйтэй.

2.Хариуцагчдаас 2017-2019 онд уурхайн амнаас Ганц мод хүртэл тээвэрлэсэн нүүрсний хэмжээг нийт 4.788.934.21 тн гэж, үүнийг тээвэрлэсэн автомашины жолоочийн цалингийн орлогоос хувь хүний орлогын албан татвар суутгаагүй гэж 1 рейсийн үнэлгээг хамгийн багаар аль ч чиглэлд 800 юань буюу 300.000 төгрөг байхаар тус тус тооцоолол хийж, нийт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 15.471.965.346,46 төгрөгийн зөрчилд 2.300.885.818,55 төгрөгийн төлбөр ногдуулснаас Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 14.180.651.73 төгрөгийн зөрчилд ногдох 2.107.188.785,36 төгрөгийн төлбөрийг бууруулж, 193.697.033,20 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэжээ.

Эндээс үзэхэд давж заалдах гомдлын “…өөрийн эзэмшилд байгаа ачаа тээврийн автомашинуудыг бүрэн ашиглах боломжгүйн улмаас бусдад түрээсэлж, түрээсийн орлогоо татварын тайландаа тухай бүр тайлагнасан. Түрээслүүлсэн хүнд даацын автомашинуудын жолооч нарт тооцоолж актаар ногдуулсан цалин, хөдөлмөрийн хөлс олгосон гэх зөрчлийг Маргаан таслах зөвлөл хянаад тухайн татварын ногдлыг хүчингүй болгосон байгааг харгалзан үзэлгүйгээр тээвэрлэлт хийсэн гэсэн нь нотлох баримт хангалтгүй, нягтлан болох бүртгэлийн анхан шатны баримтгүй байхад актын холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн нь харилцан уялдаатай байх зарчмыг алдагдуулсан…” гэх үндэслэлийг шийдвэр гаргахдаа харгалзан үзэх шаардлагатай. 

Учир нь жолоочийн цалинг тооцсон тооцооллыг хүчингүй болгосон энэ тохиолдолд тухайн рейс бүрийн тээвэрлэлт нэхэмжлэгчид хамааралтай эсэх, мөн рейс тус бүрт олгосон жолоочийн цалин, тухайн рейсийн тээврийн үйлчилгээний орлого өөр хоорондоо хэрхэн уялдаж байгаад зайлшгүй хууль зүйн дүгнэлт өгөх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Гэтэл шийдвэрт “татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол үндэслэлтэй байна” гэснээс өөрөөр дүгнэлт хийгээгүй атлаа Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор нэгэнт хүчингүй болгосон БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүнд даацын автомашинуудыг шатахуунаар цэнэглэхэд төлсөн 15.859.347.381,09 төгрөг, засвар үйлчилгээнд төлсөн 28.307.483.236,74 төгрөг, нийт 44.166.830.617,83 төгрөгийн зөрчилд ногдох 4.416.683.061,78 төгрөгийн нөхөн татвар, 1.325.004.918,53 төгрөгийн торгууль, 883.336.612,36 төгрөгийн алданги, нийт 6.625.024.592,67 төгрөгийн төлбөрийг бууруулсан талаар “…Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2005 оны/ 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэвэл БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүнд даацын автомашинуудыг шатахуунаар цэнэглэсэн, засвар үйлчилгээ хийсэн нь хамаарахгүй…” гэж,

-мөн Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 2018 оны тайланд 726 чиргүүлийн даацад ногдох албан татварыг 148.567.500 төгрөгөөр дутуу тооцсон зөрчилд ногдуулсан нийт 222.851.250 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй…” гэх зэргээр талуудын маргаагүй зөрчлийн талаар, өөрөөр хэлбэл нөхөн ногдуулалтын актыг бус харин Маргаан таслах зөвлөлийн тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянасан мэтээр дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй болжээ.

3.2017-2019 онд нүүрсний тээврийн үйлчилгээний орлогыг 101.858.281.132,96 төгрөгөөр дутуу тусгасан, тухайлбал уртын урт, урт, богинын тээвэрт дээрх онуудад 64802 удаагийн рейсээр нийт 4.788.934,21 тн нүүрс тээвэрлэсэн гэж тооцоолохдоо, мөн нийт орлогын тооцооллыг хийхдээ жишиг үнийн аргыг хэрэглээгүй гэдгээ хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн, энэ талаар бичгийн тайлбартаа ч тодорхой дурдсан.

Иймд жишиг үнийн аргыг хэрэглэхгүйгээр татвар ногдох орлогын тооцооллыг хийсэн эрх зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөөгүй, мөн рейсийн тооноос харгалзан жолоочийн цалингийн зардлыг тооцсоны дийлэнхийг Маргаан таслах зөвлөлөөс хүчингүй болгосон энэ тохиолдолд “зардал, орлогын” харилцан уялдаатай байдал хангагдсан эсэх нь тодорхойгүй байна.

4.Хилийн доторх тээврийн орлогыг дутуу тусгасан гэж нийт 48.574.368.467,90 төгрөгийн зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулсан, гэтэл нүүрсний тээвэрлэлт нь экспортод гаргах зорилготой нь илэрхий бөгөөд харин тухайн тээвэрлэлтийн уртын урт, урт, богинын гэсэн тээвэрлэлтийн дарааллаас хамаарч хилийн доторх тээврийн орлогод нь НӨАТ ногдуулж байгаад буюу энэ тохиолдолд дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан экспортод гаргасан бараанд албан татварын 0 хувь хэрэглэх зохицуулалт хэрэглэгдэх эсэх талаар дүгнэлт өгсөнгүй.

5.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “…татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тооцохдоо хөндлөнгийн мэдээллийн сан дахь мэдээллийг үндэслэн 1 тн тээврийн зардлын дундаж үнийг тодорхойлсон нь зөв…” гэж дүгнэхдээ чухам ямар хөндлөнгийн мэдээлэлд үндэслэж энэхүү дүгнэлтийг хийсэн болох нь ойлгомжгүй, мөн 2017 онд 9, 2018 онд 21 компанийн тээврийн мэдээллийг үндэслэсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 524 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

                     ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

 

          ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

          ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН