| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0637/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/133 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/133
2021 02 25 2021/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: Ц.Ганбаатар,`
Шүүгдэгч: И.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор П.Ганбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ц овогт И.Э, С овогт С.Ч нарт холбогдох эрүүгийн 1902 0100 20176 дугаартай хэргийг хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 25-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын аудитын мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бага тойруугийн 48 дугаар байрны 08 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ц овогт И.Э,
Монгол Улсын иргэн, 1946 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 74 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 60-01-08 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, С овогт С.Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Э нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Эруул мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрууп мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Нийгмийн даатгалын Ерөнхий газрын орчим “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн С.Ч-с гэрээ нүүлгэх нэрээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 2,000,000 / Хоёр сая/ төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч С.Ч нь “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүний хувьд “Жаргалан” сувиллын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газраас “Жаргалан” сувиллын санхүүжилтийг тогтмол хугацаанд саадгүй авах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын орчим 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Э-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 /Хоёр сая/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм бурууд маргахгүй байгаа. 2017 онд нутгийн ах С.Ч-с 2.000.000 төгрөг зээлсэн. С.Ч бид хоёрын хооронд ямар нэг ажил хэрэг, албан тушаал, авлигын харилцаа байхгүй. Тухайн үед С.Ч-с мөнгө зээлж авсандаа харамсаж байна...” гэв.
Шүүгдэгч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм бурууд маргаж байна. Монгол Улсын иргэн С.Ч миний бие өнөөдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, яллах дүгнэлт гардан авч, шүүгдэж байна. Гэхдээ би энэ хэргийг үнэн зөв шийдүүлэх үүднээс хэргийн талаарх асуудлыг нэлээн дэлгэрүүлж ярих нь зүйтэй гэж үзлээ. Аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг байнгын дарамтад байлгаж, өөртөө тохирсон авлига авч, давуу байдал тогтоон, элдэв үйлчилгээ шаарддаг, үүнийгээ хуулийн дагуу мэт цэвэрхэн хийдэг, энэ торонд ороогүй, дургүйцэл илэрхийлсэн байгууллага иргэнийг байнгын шахалт, дарамт үзүүлэх, үндэслэлгүй хяналт шалгалт хийх, хуурамч дүгнэлт гаргах, дээд удирдлага байгууллагадаа ташаа мэдээлэл өгөх, нэр хүндийг нь гутаах, үйл ажиллагааг нь саатуулах зэргээр хувийн ноёрхлоо тогтоож, энэ ажлаа хуулийн дагуу мэт харагдуулах үйлдлийг мэргэжлийн түвшинд хийдэг болсон сүлжээ бүхий хэсэг этгээдийн талаар би 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан юм. Асуудлыг шалгах явцдаа гүйцэт шалгаагүй зарим хүмүүст ял завшуулсан байна гэж би үзэж байна. Тухайлбал Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагч, эмч гомдолд дурдагдсан н.Гэрэлмаа. Тэрээр өөрийн дүүгийн хамт Жаргалан сувилалд 1-2 хоног амарсан гэдгээ мэдүүлсэн байсан ба Жаргалан сувилалд ирж амарсан нь түүний вагоны билетээр тогтоогддог. Мөн н.Гэрэлмаа нь байгууллага дээр ирж, нөхөр Н.Эрдэнэцэцэгт шаардлага хангахгүй гутлыг хүчээр худалдаж байсан. Түүний дээрх үйлдэл нь Монгол улсын хяналт шалгалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Эрүүгийн хууль зэргийг ноцтой зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байхад уг асуудлыг прокурор нарийвчлан хянаж үзээгүй. Мөрдөгчийн зүгээс 10 хоног сувилалд хоноогүй, 1-2 хоносон байна. Ийм зүйл байх асуудал гэж тайлбарлаж байсныг би хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Төрийн албан хаагч хяналт шалгалт хийдэг, өөрт хамаарал бүхий байгууллагад хамаатныхаа хамт үнэгүй сувилуулж, өөртөө давуу байдал бий болгож 1 хоног амарч болно гэж хуульд заасан заалт байхгүй. Мөн бусдад хүчээр дарамталж бараа материал шахах, их бага хэмжээгээр дарамтлах асуудал байх ёсгүй. Энэ хэргийг бодитой шийдвэрлүүлэхийн тулд би энэ бүхнийг ярьж байна. Тиймээс хэрэгт авагдсан эдгээр баримтуудыг судалж үзэх ёстой гэж би бодож байна. Энэ асуудал үүсмэгц н.Гэрэлмааг өндөр насны тэтгэвэрт гаргасан нэрээр, олон сая төгрөгийн тэтгэлэг олгож, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрынхан түүнийг гэм буруу, хэл амнаас дайжуулсан хууль бус ажиллагаатай Авлигатай тэмцэх газар, прокурор эвлэрч, иргэн миний гомдлыг бүрэн шалгаагүй. Гомдолд дурдагдсан н.Гэрэлмаагийн талаар ямар нэг үнэлэлт, дүгнэлт гаргаагүй. Хэрэг үүсгээгүй нөхцөл байдлаа дурдаагүй юм. Эрүүл мэндийн даатгалын газрын байцаагч нар харилцан сүлжээ бий болгож, нэг нэгнийгээ дэмждэгийн гол баримт бол н.Гэрэлмаа авчирсан хуучин хувцсаа борлуулсангүй гэж уурлаж “Та нар өөдгүй зан гаргалаа. Юм нэгээр дуусдаггүй шүү” гэж заналхийлсний дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагч н.Удвалцэцэг, тусламж үйлчилгээний хэлтсийн дарга н.Сувд-Эрдэнэ нар удирдлагадаа ташаа танилцуулга өгч, төрийн албан хаагчийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус шалгалт манай байгууллагад оруулж, тус шалгалтын дүн илт буруу, худал байсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан ижил төрлийн аймгийн шалгалтын дүн, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагч н.Удвалцэцэг, тусламж үйлчилгээний хэлтсийн дарга н.Сувд-Эрдэнэ нарын явуулсан шалгалтын дүн хоёр зөрүүтэй байгаагаас харж болно. Гэтэл энэ асуудлыг анхаарч үзээгүй. Энэ нь өөрөөр хэлбэл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагч н.Удвалцэцэг, тусламж үйлчилгээний хэлтсийн дарга н.Сувд-Эрдэнэ нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, манай байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд ноцтой хохирол учруулан 137.200.000 төгрөгийн хохирол учруулж, манай байгууллагын үйл ажиллагааг хэдэн сар саатуулсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга н.Сувд-Эрдэнэ, н.Гансүх нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэд нар одоо ч төрийн албыг хашиж байна. Эдгээр хүмүүс төрд ажиллах ёс зүй байна уу. Эрүүгийн хуулиас гадна ямар хууль тогтоомж зөрчсөнийг төрийн нэрийн өмнөөс хуулийн манаач болсон прокурор хянаж үзэх ёстой байсан. Монгол Улсын иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын бусад хууль тогтоомжийн дагуу энэ асуудлыг бүрэн шалгаж надад хариу өгөөгүй. Эдгээр байдлуудаас үзэхэд яллах дүгнэлт нэг талыг барьсан. Чи хүнд гомдол гаргаж үз. Чамд юу оногддог юм бэ гэдгийг ойлгуулах гэсэн мэт хэт нэг талыг барьсан, асуудлыг хуулийн дагуу прокурор өөрийн үүргийн дагуу ядаж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт мэдэгдэл гаргаагүй. Дээрх авлигачид бүгд ажлаа хийгээд, намайг өөрөө шүүхийн өмнө худал хэлснийхээ төлөө зогсож байгаа хэмээн дахин давтан дарамтлах ажиллагаа өнөөдрийг хүртэл явж байна. Өнөөдөр би И.Э-г ямар сэтгэлтэй байсныг мэдэхгүй. Энэ хүн ямар ч байсан С.Ч-с мөнгө нэхэхэд өгнө гэсэн сэтгэл байсан байх. Мөнгө өгсөн хойно нэн удаан хугацаагаар өгөхгүй байсан нь энэ хүн надаас мөнгөө нэхэхгүй гэсэн санаа байсан байх. Би үүнийг мэдэхгүй. Миний хувьд аливаа юм оршин тогтнохдоо өөрийн дотоод бүрдэл, бүрэлдэхүүн байх ёстой. Намайг өөртөө давуу байдал тогтоохын тулд И.Э-д мөнгө өгсөн гэж буруутгаж байгаа. Үүнийг прокурор, мөрдөн байцаагч нотлох ёстой. Чи өөртөө ийм давуу байдал тогтоохын тулд И.Э-д тэдэн сарын тэдний өдөр мөнгө өгч, шаардсан гэдгийг тогтоох ёстой. Гэтэл хий субьектив сэтгэлгээгээр чи тэгж бодсон байж таарна гэж хүнийг яллаж болохгүй. Гэмт хэрэгт ямар нэг бүрэлдэхүүн, үйлдэл байх ёстой. Өнгөрсөн хугацаанд мөнгө шилжүүлсэн гэх үйлдлийг хуулийн дагуу шилжүүлсэн үү, С.Ч 2.000.000 төгрөг И.Э-д өгөөд хууль бусаар хугацаанаас нь өмнө авсан уу, илүү мөнгө авсан уу гэдгийг тогтоогоогүй. Би ямар үйлдэл хийж, И.Э-с өөрт ямар давуу байдал бий болгуулах гэж оролдсон бэ гэдгийг надад нотлох ёстой. Үүнийг нотолж өгвөл би хэрэг хүлээхэд бэлэн байна. Ямар нэг үйлдэл орон зай, цаг хугацааны дараа үйлдэгдээд, түүний дагуу үр дүн гарах ёстой. Гэмт хэргийн улмаас ямар үр дүн гарсан юм бэ. Нийгэмд ямар хохирол учирсан юм бэ. Ямар давуу байдлыг би авсан юм бэ. Үүнийг надад нотолж өг. Чи 2.000.000 төгрөг өгсний үр дүнд өөртөө ийм давуу байдал тогтоосон байна гэдгийг нотлох баримттай тогтоохоос биш чи давуу байдал тогтоохыг оролдсон байна гэж мөрдөгч, прокурор хоёрын хийсвэр сэтгэлгээгээр ял оноож болохгүй юм. Би гэмт хэрэг хийгээгүй. Магадгүй миний хэлсэн үйлдэл, сэдлээр дээрх авлигачид, мөнгө төгрөг авсан, өгсөн хүмүүсийг шийтгэх ёстой бол түүнийг хуулийн дагуу тогтоож шийтгэдэг юм байгаа биз. Гуя дагаж, хүзүү гэгчээр энэ хэрэгт намайг энэ хэрэгт холбогдуулж, шийтгэх үндэслэл юу вэ гэдгийг би үнэндээ ойлгохгүй байна. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн надад байхгүй. Би Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагуудыг бурууд хурц, шударгад ойр байна гэж чин сэтгэлээсээ итгэж явсан. Гэтэл амьдрал дээр онож, алдах зүйл байдаг юм байна. Ганц намайг биш нийгмийн бүх давхаргыг зовоож байгаа бузар үйлдэл, жижиг авлигыг таслан зогсоож, өөрт болон нийгэмд буян болох гэсэн дэврүүн сайхан сэтгэл, гүн их итгэл алдагдаж байна. Миний бие 1 жил, 4 сар, 15 хоног сэтгэл санааны гүн хохирол, хямралтай, хууль хяналтын байгууллагын үүд сахиж, ажил амьдралаараа хохирч, тэсэн харгалзах ялтай ялтнаас өөрцгүйгээр амьдарч явна. Гэтэл гэм буруутай этгээдүүд хуучин ажлаа хийж, чи шүүхээс юу олж долоов, өөрөө л хохирч байна гэж тавлаж, янаглан хорлох үйл ажиллагаагаа хийсээр байна. Эдгээр хүмүүс хүнийг хорлож, дарамтлахдаа бүх зүйл хуулийн дагуу болж байгаа мэт далд, нууцаар мэргэжлийн хийж сурсан бүлэг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт бугшиж байна. Би ямар нийгэмд, ямар хуулийн дор амьдарч байгаагаа ойлгохгүй байна. Энд Монгол улсын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын иргэний өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Монгол Улсын Эрүүгийн хуулийг зөрчсөн олон үйлдэл байхад байхад прокурор ядаж мэдэгдэл бичээгүй, шалгаагүй. Зөвхөн мөрдөгчийн амаар ажиллагаа явуулсан. Авлигатай тэмцэх газар чинь авлигачдыг хамгаалах газар юм уу, авлигатай тэмцдэг газар юм уу. Бүхэл бүтэн хэргийг шалгах явц энэ авлигачдыг хамгаалж, гаргах талаас явагдаж, С.Ч намайг яллах талаас явагдсан. Жишээ нь И.Э-д би хахууль өгсөн гэж үзэхэд надад сэдэл байгаагүй. И.Э надаас мөнгө нэхсэн. Би өгсөн. Тэгвэл би дарамт, шахалтад орсон хүн юм байгаа биз дээ. Яагаад үүнийг шалгахгүй, зөвхөн намайг яллах талаас авч үзсэн юм бэ. Үүнийг би ойлгохгүй байна. Монгол Улсын шударга шүүх, мэргэн шүүгчээс хүсэх зүйл надад байна. Гэмт хэргийн сэдэл, үйлдэл, бүрэлдэхүүнгүй тул өвгөн намайг ялаас чөлөөлж өгөөч. Намайг гэмт хэрэг үйлдсэн гэж бус гэмт хэргийн шинжтэй гэж ялласан прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэргийн шинжтэй гэж хүнийг ялладаг бус хийсэн хэргээр нь хүнийг ялладаг юм гэж би залуу прокурорт хэлмээр байна. И.Э-н надаас учир битүүлгээр шаардаж авсан 2.000.000 төгрөг ямар ч гэмт хэргийн багаж хэрэгсэл болоогүй. Ямар ч үр дүн гараагүй. Гэтэл тухайн 2.000.000 төгрөгийг гэмт хэргийн багаж хэрэгсэл гэж дурдаад надаас хураах тухай шүүхийн шийтгэх тогтоолд дурдсаныг өөрчилж өгнө үү. Зайлшгүй гэм буруутныг дагуулж надад ял оноох ёстой юм бол хуульд заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдал, нас, эрүүл мэнд, гэмт хэрэгт учруулсан хохирол, сэдэлт зэргийг харгалзан үзэж, хуульд зассанаас хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Гэрч Т.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...байгууллагын Төрийн банк дахь 340101826201 дугаарын данснаас үйл ажиллагааны орлого болох 2.0 сая төгрөгийг “аж ахуйд” гэж 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зарлагдан гаргаж захирал С.Ч-т өгсөн. Тухайн өдөр захирал намайг өрөөндөө дуудаад Эрүүл мэндийн даатгалын газрын И.Э надаас хэдэн төгрөг авна гэж нэхээд байна. Өгөхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Улмаар бид хоёр захирлын машинтай ажлаас шууд хөдлөөд 25 дугаар эмийн сангийн Төрийн банкны салбараас дээрх мөнгийг аваад тэндээсээ шууд ШШГЕГ-ийн баруун талд байрлах хуучнаар НДЕГ-ийн шар тоосгон байшингийн баруун талын төв зам дээр машинаа тавиад С.Ч гуай мөнгөө аваад буусан. Замд дагуу машинаа тавьсан учир намайг машиндаа үлдээгээд буугаад явсан. Буцаж машин дээрээ ирээд яс саллаа, муусайн авилгачид хэцүү юм аа гэсээр орж ирсэн”
“...И.Э-н хувьд 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдөр С.Ч-с 2 сая төгрөг авсан гэж яриад байгааг мэдэхгүй байна. Тухайн цаг хугацаанд хэнээс 2 сая төгрөг авсан байдаг юм мэдэхгүй. Харин миний дээрх хэсэгт мэдүүлсэн зүйл үнэн зөв, миний мэдүүлэг өөрчлөгдөхгүй. Би дээрх хэсэгт үнэн зөв мэдүүлсэн. Би 2 сая төгрөг нэхсэн юм байна гэж ойлгосон. Цаг хугацааны хувьд зөрүүтэй болон андуурч ярьсан зүйл байхгүй. Мөн нөгөө талаас манай байгууллагын Төрийн банк дахь 340101826201 дугаарын дансны хуулгаас харахад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас /106000021703/, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 22.550.000 төгрөгийг ЭМДЕГ-аас сувиллын зардалд 9 сар гүйцэтгэл гэж манай дансанд шилжүүлсэн бөгөөд, санхүүжилт орсны дараа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2 сая төгрөгийг авсан. Өөрөөр хэлбэл санхүүжилт орсны дараачаар дээрх мөнгийг авсан байгаа юм. ...С.Ч-н хувьд И.Э-д дээрх цаг хугацаанд нэг удаагийн байдлаар 2 сая төгрөгийг өгсөн. Өөр ямар нэг байдлаар мөнгө өгөөгүй. ...И.Э орон нутгааас нүүж ирэх гэж байгаа талаар хэлээд 2 сая төгрөгийг нэхсээр байгаад авсан. Уг мөнгийг гаргахдаа “аж ахуйд” гэж зарлагдсан юм. Энэ хоёр хүн хоорондоо ямар харилцаатай талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 134-135, 4-р хавтаст хэргийн 102-103-р хуудас/
Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 026/4127 албан тоот, хавсралтын хамт “...340101826201 тоот Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн Төрийн банк дахь төгрөгийн дансны хуулга ...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр аж ахуйд гэх гүйлгээний утгаар зарлагдсан хуулга” /4-р хавтаст хэргийн 145-147-р хуудас/
Шүүгдэгч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн: “...мөн ЭМДЕГ-ийн Хяналт шалгалтын газрын дарга И.Э нь тухайн үедээ ЭМДЕГ-ийн даргаар 2017 онд ажиллах хугацаандаа надтай тэрээр 9903... дугаарын утсаар ярьсан бөгөөд ажил дээр хүрээд ирээчээ гэрээ нүүлгэх гэсэн юм. 2.0 сая төгрөг хэрэгтэй байна гэсэн. Би 10.000 төгрөг 20.000 төгрөгийн дэвсгэртээр 2.0 сая төгрөг аваад УЕПГ-ын баруун талд байрлах НДЕГ-ын байрны гадаа очоод утсаар залгахад гарч ирээд надаас мөнгийг аваад явсан. 2017 оны 9 дүгээр сард надаас “2.0 сая төгрөгийн хэрэг болоод байна” гэж хэлээд авсан өнөөдрийг хүртэл өгөөгүй. Миний хувьд тухайн байгууллагатай харьцдаг учраас надад өгөхгүй гэх боломж байгаагүй. Байнга л шахалтанд байдаг учраас өгсөн. Би энэ хүнээс мөнгө төгрөгөө нэхсэн зүйл байхгүй. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 07-ны үеэр уулзсан. Тэрээр надаас авсан мөнгөний талаар ерөөсөө дурсаагүй. Би нэхэж чадаагүй. Үлдэгдэл санхүүжилтын талаар л явж байгаад уулзсан байх”
“...нэмээд хэлэхэд тухайн үед тэрээр НДЕГ-ийн шар байранд семинар хуралд сууж байна гэж хэлээд намайг утсаар дуудсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь тусдаа бие даагаад гарсан байсан үе юм. Тухайн цаг хугацаанд буюу 2017 онд И.Э нь Эрүүл мэндийн даатгалын газрын дарга байсан бөгөөд бүх асуудлыг шийдэх эрх мэдэлтэй байсан. Тийм хүн надаас дээрх байдлаар мөнгө нэхээд шахаад байхаар өгөхгүй байх боломжгүй байсан. Хэрэв өгөхгүй бол шалгалт шүүлгэх оруулах, санхүүжилтийг саатуулах зэргээр ямар нэг хэлбэрээр шахан боогдуулах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл хясан боогдуулсны улмаас 2.0 сая төгрөгийг өгсөн өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Гэрээ нүүлгэнэ гэж хэлээд 2.0 сая төгрөгийг нэхээд байгаа асуудлыг мөнгө нэхэж шахаад хясан боогдуулаад байна гэж ойлгож байгаа юм. Энэ хүний хувьд албан тушаалын хувьд манай байгууллагын үйл ажиллагаанд шууд хөндлөнгөөс оролцох боломжтой гэж үзэж байсан. Нөгөө талаас миний зүгээс 2.0 сая төгрөгийг зээл болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгөөгүй. ...түүний албан тушаал нь манай байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хэрэгжүүлж байсан. Тухайлбал таалагдахгүй байгаа байгууллагын үйл ажиллагааг саатуулдаг, хойшлуулдаг ямар нэг хэлбэрээр нөлөөлдөг. Тухайн цаг хугацааны асуудлыг нарийн тодорхой санахгүй байна. Ер нь бол санхүүжилтийг удаашруулдаг гэх мэт зүйл гарч байсан. ...ноцтойгоор нөлөөлсөн зүйл байхгүй ч 2.0 сая төгрөгийг өгөөгүй бол ямар нэг хэлбэрээр шалтаг олох буюу санхүүжилтийг урт богино хугацаагаар саатуулдаг, санхүүжилт авах хүний тоог үндэслэлгүй саатуулах гэх зүйл гарах байсан. Ер нь бол ойлголцож ажиллахгүй бол ямар нэг хэлбэрээр дээрх шалтаг шалтгаан мундахгүй. Мөн гэрээ дүгнэхэд бага оноо тавих, тухайн байгууллагын нэр хүндийг унагах ажиллагаа явуулна. ...би тухайн байгууллагад үйл ажиллагааны талаар гомдол гаргаж байсан. Би И.Э гэдэг хүнд 2.0 сая төгрөг өгснөөрөө өдөр тутмын шахалт дарамтаас бага хэмжээгээр чөлөөлөгдөж байгаа юм. Харин түүнийг ашиглаад ямар нэг асуудлаа шийдүүлж байсангүй. ...Би тухайн мөнгө өгөх цаг хугацаанд түүний албан тушаалыг хамгийн том албан тушаал гэж ойлгож байсан. Бүх ажилчид нь манай дарга л гэдэг байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 155-157, 3-р хавтаст хэргийн 129-131-р хуудас/
Шүүгдэгч И.Э мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...би 2017 оны 9 дүгээр сарын 15-нд 2.0 сая төгрөгийг С.Ч гуайгаас авсан. Би түүнд гэрээ нүүлгэх талаар хэлээд шатахууны зардал мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд ах нь тусалъя гэж хэлээд УЕПГ-ын баруун талд байрлах Нийгмийн даатгалын ерөнхий газрын байрны гадаа дээрх мөнгийг авчирч өгсөн. Уг мөнгийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр өгсөн. Миний хувьд дээрх мөнгөний тоо хэмжээг хэлээгүй. Би гадаа нь өөрөө гарч ирээд авсан. Одоо уг мөнгийг нь өгөөгүй байна. Тэрээр надад уг мөнгийг нь зүгээр өгч байна гэж ойлгосон. ...С.Ч гэдэг хүнээс зүгээр мөнгө өгөх шалтгаан байхгүй ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 176-177-р хуудас/
Шүүгдэгч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...өмнө нь энэ асуудлаар тодорхой ярьсан учраас дахин яриад байх зүйл байхгүй. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд бүх зүйлийг тусгасан байна. Тогтоолд өөртөө болон байгууллагадаа давуу байдал тогтоосон гэж бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв И.Э-д 2.0 сая төгрөг өгөхгүй бол цаашид дарамт шахалт ирэх байсан. Үүнээс айхдаа би түүнд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дээрх мөнгийг өгсөн”
“...И.Э гэдэг хүн надтай 2020 оны 3, 5 дугаар саруудад утсаар ярьсан. Тэрээр өөрөө залгаж та өргөдлөө авчихмаар байна. 2.0 сая төгрөгөө ирээд ав гэж хэлсэн. Үүнийх нь дагуу 2020 оны 4 дүгээр сард ажил дээр нь очиж мөнгөө авсан. Энэ мөнгөө байгууллагын дансандаа хийсэн байгаа үйл ажиллагаандаа зарцуулна. Мөн өргөдлөө авах боломжгүй талаараа хэлсэн. Өргөдлөө авахаар бол чамайг гүтгэсэн болно биз дээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 52-53, 54-55-р хуудас/
Шүүгдэгч И.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2016 оны намар Сэлэнгэ аймгийн иргэн Бавуу гэж хүн Жаргалан сувиллын захирал С.Ч гуайг дагуулаад манай ажил дээр ирж танилцуулсан. Тухайн үед би Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байсан. Тухайн өдөр танилцсан, тэрээр тусламж хэрэгтэй бол хэлээрэй гэж байсан. Ингээд сүүлд 2017 оны 02 дугаар сард С.Ч гуайн дугаарт залгаад “дүү нь нүүдэл суудал хийх болчихлоо, бензин шатахууны зардал байвал өгөөч” гэж хэлсэн, гэхдээ мөнгөн дүн хэлээгүй. Ингээд тухайн үед ЭМНДЕГ-ын байранд хуралтай байсан бөгөөд энэ үед тэрээр над руу залгаад гараад ир гэж хэлсэн. Би ШШГЕГ-ын баруун хойд талд байрлах шар тоосгон байшинд хуралд сууж байгаа талаараа хэлсэн. Тэрээр мөн оны 02 дугаар сард дээрх ажлын гадаа ирээд над луу залгасан, би гарахад С.Ч гуай байгууллагын баруун талд байрлах байрны гадаа ганцаараа зогсож байсан. Очиж уулзахад надад 20.000 төгрөгийн дэвсгэртээр 2.0 сая төгрөгийг илээр өгсөн мөнгийг ямар нэг байдлаар ууталсан, дугтуйлсан зүйл байгаагүй. Би мөнгийг авчхаад баярлалаа мөнгийг буцаагаад өгнө гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Ингээд С.Ч 2.0 сая төгрөгөө авмаар байна гэж хэлсэн. Улмаар 2020 оны 4 дүгээ сарын 14-ний өдөр өгсөн. Би түүнд мөнгөө ирж ав гэсний дагуу тэрээр манай ажил дээр ирж аваад явсан. 2017 оны 02 дугаар сард дээрх мөнгийг авсан сараа андуурсан байна ...хэрэв би ашиг сонирхлын зөрчилтэй байсан бол тухайн байгууллагад шалгалт хийхдээ С.Чын талд эерэг дүгнэлт гаргах байсан. Гэвч дутагдалтай байсан талаар 2019 оны 10 дугаар сарын шалгалтын тайланд тусгаж өгсөн” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 47-48-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /4-р хавтаст хэргийн 50-р хуудас/
С.Ч нь И.Э-с 2.000.000 төгрөг хүлээж авсан тухай баримт /4-р хавтаст хэргийн 49-р хуудас/
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар Б/18 тоот тушаал “Ичинхоролын И.Э-г тус газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай” /1-р хавтаст хэргийн 219 хуудас/,
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар Б/86 тоот тушаал /2-р хавтаст хэргийн 71-р хуудас/,
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн Дугаар А/09 тоот тушаал, хавсралтын хамт /2-р хавтаст хэргийн 69-70-р хуудас/,
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар А/139 тоот тушаал “...Нийгмийн даатгалын шинэчилэл – өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсугай” /4-р хавтаст хэргийн 150-151-р хуудас/,
Шүүгдэгч С.Ч-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 151-р хуудас/
Шүүгдэгч С.Ч-н иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /4-р хавтаст хэргийн 56-р хуудас/,
Шүүгдэгч И.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас / 4-р хавтаст хэргийн 2, 11-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч И.Э нь нийтийн албан тушаалтан, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байх үедээ буюу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын орчим “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн С.Ч-с “гэрээ нүүлгэхэд мөнгө хэрэгтэй байна” гэх шалтгаанаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 2.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Т.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 026/4127 албан тоот, хавсралтын хамт “...340101826201 тоот Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн Төрийн банк дахь төгрөгийн дансны хуулга, шүүгдэгч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар Б/18 тоот тушаал зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ч нь “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүний албан тушаалд ажиллаж байх үедээ буюу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийгмийн даатгалын ерөнхий газрын орчим Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Э-д “Жаргалан” сувиллын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, сувиллын санхүүжилтийг тогтмол хугацаанд саадгүй авах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.000.000 /Хоёр сая/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч И.Э-н мэдүүлгүүд, гэрч Т.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 026/4127 албан тоот, хавсралтын хамт “...340101826201 тоот Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн Төрийн банк дахь төгрөгийн дансны хуулга, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, С.Ч нь И.Эаас 2.000.000 төгрөг хүлээж авсан тухай баримт, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар Б/18 тоот тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар А/139 тоот тушаал зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Э болон түүний өмгөөлөгч нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар болон нотлох баримтын хүрээнд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч С.Ч болон түүний өмгөөлөгч нар нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй маргаж оролцжээ.
Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1.“авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно гэсэн байна. Шүүгдэгч И.Э нь Авилгын эсрэг хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан болох Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байх үедээ Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд хориглсон үйлдлийг хийж өөрийн хувийн ашиг хонжоо олох буюу хувийн хэрэгцээндээ зарцуулах нэрийдлээр өөрийн хамаарал бүхий, албан тушаалын хувьд шууд нөлөөлөх боломжтой этгээдээс 2.000.000 төгрөгийг авсан, хэдийгээр зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2 жил 7 сар орчим хугацааны дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр буцааж өгсөн зэрэг үйлдэл нь гэрч Т.Эрдэнэцэцэг, шүүгдэгч С.Ч нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч С.Ч нь “...тухайн үед тэрээр НДЕГ-ийн шар байранд семинар хуралд сууж байна гэж хэлээд намайг утсаар дуудсан” гэх мэдүүлэг, Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 026/4127 албан тоот, хавсралтын хамт “...340101826201 тоот Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн Төрийн банк дахь төгрөгийн дансны хуулга ...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр аж ахуйд гэх гүйлгээний утгаар зарлагдсан хуулга” мөн шүүгдэгч С.Ч-н мэдүүлэгт дурдагдаж буй сургалт тухайн өдөр зохион байгуулагдсан талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар А/139 тоот тушаал “...Нийгмийн даатгалын шинэчилэл – өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсугай” гэх тушаалын хуулбар зэрэг баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Э нь ажил албан тушаалын буюу албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын хувьд шүүгдэгч С.Чын “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага, “Жаргалан” сувиллын үйл ажиллагаа, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас тус сувилалд олгогдох санхүүжилтийг шийдвэрлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтан болохынх нь хувьд 2.000.000 төгрөгийг өгсөн, мөн шүүгдэгч И.Э нь дээрх мөнгийг зээл байсан хэмээн тайлбарлаж буй боловч С.Ч-т буцааж өгсөн хугацаа, нөхцөл байдал мөн С.Ч нь 2.000.000 төгрөгөө нэхэж чадахгүй байсан, уулзахад энэ талаар дурсахгүй байсан зэрэг нөхцөл байдлууд нь шүүгдэгч С.Ч-н үйлдлийг хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл болж байна.
Прокуророос шүүгдэгч И.Э-н үйлдлийг 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 7.1.7 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4 дэх заалтуудыг зөрчиж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 2.000.000 төгрөгийн хахууль авсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн, шүүгдэгч С.Ч-н 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийгмийн даатгалын ерөнхий газрын орчим Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Э-д “Жаргалан” сувиллын санхүүжилтийг тогтмол хугацаанд саадгүй авах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.000.000 /Хоёр сая/ төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тус тус хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч И.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э нь хахууль авах гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Ч-т шилжүүлсэн байх тул шүүгдэгч С.Ч-н хувьд ногдох хөрөнгө, орлогоос 2.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Ч, И.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгч нарын өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Ч, И.Э нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч И.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч С.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч И.Э-н хууль бус үйлдлийг илчэн мэдүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ч, И.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт И.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С овогт С.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-д оногдуулсан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд, шүүгдэгч С.Ч-т оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч И.Э, С.Ч нарт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Ч-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-с 2.000.000 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч И.Э, С.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, И.Э, С.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР