Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                     

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

          Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

          Иргэдийн төлөөлөгч Ц.Бадамсүрэн

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б,

          Шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Бт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг шүүх 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, хүүхдүүдийн  хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, *** 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б овогтойА-н Б.

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч А.Б нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “***” гудамжинд 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ц.Бийн хоёр гарны дал, болон мөр хэсэгт хуучин шонгийн модоор мөн толгойн тус газар нь чулуугаар цохиж, баруун зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Би хэрэг болдог өдөр айлд ажил хийсэн. Тэгээд цалингаараа 0.33 граммын архи авч уусан. Тэгээд намайг согтоод гудамжинд хэвтэж байхад манай ах, нэг хүнтэй цуг миний халаасанд байсан эд зүйлийг аваад явсан байсан. Би архи гарч сэргээд автобусны буудал дээр байсан зүс мэдэх ахаас “би эд зүйлээ алдсан байна, та хүн авч байхыг нь харсан уу” гэж асуухад “тийшээ хоёр хүн эргээд явсан, тэр хоёр хүн авсан байж магадгүй” гэж надад хэлэхээр нь ахыг эд зүйлийг аваад явсан гэдгийг нь мэдсэн. Тэгэхэд архи сайн гараагүй ухаан орж гараад л байсан. Тэгээд би тэр хоёр хүний араас очиход манай ах зүс мэдэх хүмүүстэй архи уугаад байж байсан. Тэгээд би “эд зүйлээ авъя, өгөхгүй бол цагдаад хэлнэ” гэж хэлж байснаа санаж байна. Тэгэхэд нэг залуу нь миний утсыг пошикин доороос гаргаж өгсөн. Тэгэхээр нь би “түрүүвч, иргэний үнэмлэх, виза картаа авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхэд түрүүвчнээс чинь доторх юмыг нь аваад жалганд хаясан гэж надад хэлснийг би санаж байна. Тэгээд намайг айл руу оруулаад нэг архи хийж өгсөн. Би хийж өгсөн архийг нь уугаад дахиад нэлээн согтсон. Тэгээд би ахтайгаа цуг жалганд очиж түрүүвчээ хайх гээд явсан гэдгээ санаж байна. Тэгээд бид хоёр явж байгаад замдаа маргалдаад ийм хэрэг болсон. Би өөрийн төрсөн ахыгаа хүний ёсонд байхгүй харгис хэрцгийгээр гэмтээсэндээ маш их харамсаж байна. Өдөр бүр харамсаж байгаа. Ахыгаа эрүүл саруул болгоно гэж бодож байна. Би хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би ахыгаа хүний ёсонд баймааргүй гэмтээсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б мэдүүлэхдээ: “...Хохирогч нь миний том ах. Гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй. А.Б нь цагдан хоригдож байгаад гарч ирснээсээ хойш одоог хүртэл ахыг гэрт харж асарч байгаа. Манай ахын бие сайжирч байгаа. Манай ахыг А.Б харж халамжлахгүй бол өөр харах хүн байхгүй. Би үнэхээр ганцаардаж байна. А.Б гарч ирснээсээ хойш 4 удаа эмнэлгийг тооцоо хийж, сахиж байсан. Өөрөө бүх төлбөр тооцоог хийсэн. Манай дүү ахыг сайн асарч байгаа. Ахыгаа асраасай гэж бодож байна. Манай дүүд тэнсэх ял оногдуулж өгөөч.” гэв.

       

Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-11/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бийн өгсөн мэдүүлэг /хх-21/, гэрч Б.А-ийн өгсөн мэдүүлэг /хх-26-27/, гэрч Ц.У-н өгсөн мэдүүлэг /хх-33-35/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 58 дугаартай дүгнэлт /хх-44-45/, А.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-72-74/, шүүгдэгч А.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83/, шүүгдэгч А.Б-ын хувийн байдлын тухай баримтууд /хх-87-90, 94-95/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч А.Б нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “***” гудамжинд 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ц.Б-ийн хоёр гарны дал, болон мөр хэсэгт хуучин шонгийн модоор мөн толгойн тус газар нь чулуугаар цохиж, баруун зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бийн өгсөн: “....Хохирогч Ц.Б бол миний хамгийн том ах одоо бол нэг үеэ бодвол бага зэрэг сайжирсан. Одоо А.Бын гэрт хэвтэрт байгаа. Ах бол ухаантай, дөрвөн мөч бага зэрэг хөдөлдөг. Тэгэхдээ ярьж чадахгүй байгаа. Эмч болохоор хэл яриа ороход цаг хугацаа орно гэж хэлсэн.” /хх-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Н-ын өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын өглөө 12 цагийн үед О, А, Д, Гансүх бид 0.75 литрын Сэржим нэртэй архи 1 шилийг аваад уугаад сууж байсан чинь гаднаас Б, дүү Боог дагуулчихсан 0.5 литр Хараа архи барьчихсан орж ирээд бид 7-уулаа хувааж уусан. Тэгээд бид 5 тэр хоёрын архийг уучихаад зөрүүлээд Г бид хоёр дахиад 0.75 литр Сэржим гэдэг архи авч өгөөд хамт уусан. Тэгээд Г бид хоёр орондоо ороод 18 цагийн үед унтахаар хэвтсэн. Б, Боо хоёр “гэр рүүгээ харилаа” гээд явсан. Араас нь О, “Бийн эхнэрийг гэрт нь хүргэж өгөөд ирлээ” гэж орж ирсэн. Тэгэд О орж ирээд “Боо, сая ах Бтэй муудалцаад ахыгаа цохичихлоо” гэж хэлсэн.” /хх-24-25/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Агийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 6-ны орой 17 цаг 30 минутын үед Б ах орж ирээд хоод идээд “5000 төгрөг байна, энүүгээр архи авъя” гээд Оыг дагуулаад гарч явсан. Удалгүй Б ах Оын хамт 0.75 хараа архи, кола аваад орж ирсэн. Тэгэхээр нь би “та хоёр юун ундаа болоод ирэв” гэж асуусан чинь О “хүнээс авсан юм” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад Б ахын дүү Боо гэдэг залуу орж ирээд “та намайг сэгсэрч байгаа юм” гэж хэлээд Б ахыг заамдаж авсан чинь О “хоёулаа уулзъя” гэж дагуулж яваад Боод утсыг нь гаргаж өгч байсан. Тэгээд Боо гэдэг залуугийн эхнэр хүүхэд хоёр орилоод орж ирсэн. Тэгээд “юу болов” гэсэн чинь “тэр түрийвчийг А.Боос төрсөн ах Б авчихсан юм байна лээ.” гэсэн. 19 цаг 20 минутын үед А.Боо гэдэг залуу ахыгаа куртикнээс нь заамдаад гарч явсан. Тэгээд удаагүй байж байсан чинь Бийн охин Боогийн хүү хоёр орж ирээд ээж рүүгээ “архичин, балай авгай минь архиндаа живж үхээрэй, нөхөр чинь тэнд хүнд алуулж байна” гэж хэлээд гарч явсан.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.У-н өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 16 цагийн үед нөхөр А.Б “айлын хашаанд ажил хийнэ” гээд гараад орой 19 цагийн үед согтуу гэрт орж ирээд “би утас, бичиг баримтаа алга болгочихлоо” гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгээд тэр шөнө Б ахын хүү, охин орж ирээд “аав энэ хашааны энд хүнд зодуулсан байна” гэхээр нь би хувцсаа өмсөөд Ц.Б ахын гэр рүү ороход Ц.Б ухаангүй толгойноос нь цус их гарсан байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Хүү Б түргэн дуудаж үзүүлэхэд “яаралтай гэмтлийн эмнэлэг авч явах хэрэгтэй” гээд түргэний машинд хэвтүүлж авч явсан. Ц.Б ах шууд сэхээнд ороод тэр шөнө бид нар эмнэлэг дээр хоносон. Харин маргааш өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 7-ны өглөө нөхөр А.Б над руу залгаад “би Ц.Б ахыг зодсон юм шиг байна, би одоо цагдаа дээр очиж мэдүүлэг өгнө, одоо ахын бие ямар байна” гэж асуугаад утсаа салгасан.” /хх-33-35/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтэд:

Ц.Бийн биед баруун зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт эмчилгээ эдгэрлээс хамаарна.” /хх-44-45/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5179 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 1 м 50 см урттай модон шон, саарал өнгийн чулуун дээрээс цус илэрсэн. Уг илэрсэн цус нь A (III) бүлгийн харъяалалтай хүний цус байна.” /хх-53-54/ гэх дүгнэлт,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-55-56/,

 

         Шүүх сэтгэц эмгэг судлалын Үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1091 дугаартай дүгнэлт:

         1. А.Б сэтгэцийн ямар нэгэн сэтгэцийн өвчтэй гэх баримт болон шинж үгүй байна. А.Б нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. А.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

         2. А.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

         3. А.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” /хх-63/ гэх дүгнэлт,  

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын яллагдагчаар өгсөн: “...Би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ц.Бийг зодож биед нь хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Би энэ талаар бодоод шөнө ч унтаж чадахгүй ахыгаа хурдан ухаан ороосой гэж залбирч байна. Болсон хэргийн талаар би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-73-74/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-13/, 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-14/,

Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх /хх-41-42/,

Хохирлын баримтууд /хх-103/,

Шүүгдэгч А.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-83/ зэрэг болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч А.Б нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “***” гудамжинд 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ц.Б-ийн хоёр гарны дал, болон мөр хэсэгт хуучин шонгийн модоор мөн толгойн тус газар нь чулуугаар цохиж, баруун зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б, гэрч О.Н, Б.А, Ц.У нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 58 дугаартай дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.Б-ын гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, өвчний түүх, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хохирол нэхэмжилсэн баримтууд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн зүгээс гаргасан: “....Хэргээс харахаар зөвхөн баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэсэн гэмтэл харагдаж байгаа юм. Тэгэхээр толгой хэсэг чулуугаар цохисон гэмтлийн хүрээнд хэрэгт хэргийн хянан хэлэлцэх юм байна гэж харж байна. шийдвэрлэх шаардлагатай. Бүтцийн хувьд устгах гэмтээх гэсэн тайлбар хэлж байна. Бүтцийн хувьд устгах гэмтээх гэдэг бол жишээ нь галт зэвсэг гар буу өрөө нэг бүтэн цогц бүтэцтэй зүйл юм. Анхнаасаа тэрийг үйлдвэрлэхдээ таарч тохируулахдаа бүхэл бүтэн бүтэц болгоод устгах, гэмтээх, биеэ хамгаалах зориулалтаар ашиглана гээд үйлдвэрлэсэн байна. Тэгвэл чулуу нь бүхэл зүйл байхад энэ нь толгой хэсэг, энэ нь бөгс хэсэг, бариул, гох гэсэн гэх бүтэц байхгүй. Тэгэхээр бүтцийн хувьд устгах гэмтээх гэдэг тодорхойлолтод хамаарахгүй байна. Чулууг зэвсгийн чанартай зүйл ашигласан гэж байна. Гэтэл зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг зүйл ангийг ашиглахын өмнө эхлээд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл байна. Тэгэхээр тусгайлан бэлтгэсэн гэдэг нь тухайн гэмт хэргийг үйлдэхийн тулд зориудаар бэлтгэж тохируулсан гэж хуульд тайлбарласан байна.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч  шүүгдэгч А.Б нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор модон шон, саарал өнгийн чулууг хүний биед гэмтэл учруулж болохуйц болгож хэрэглэсэн нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл эдгээр зүйлс нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах гэмтээж болохоор эд зүйлсийг ойлгож болно. Мөн  Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5179 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 1 м 50 см урттай модон шон, саарал өнгийн чулуун дээрээс цус илэрсэн. Уг илэрсэн цус нь A (III) бүлгийн харъяалалтай хүний цус байна.” /хх-53-54/ гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийг тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч А.Бын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “***” гудамжинд 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ц.Бийн хоёр гарны дал, болон мөр хэсэгт хуучин шонгийн модоор мөн толгойн тус газар нь чулуугаар цохиж, баруун зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэнэ гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Быг “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Ц.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцлоо.

  

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч А.Бт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулах хүсэлт гаргасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 м 50 см урттай модон шон, саарал өнгийн чулуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.

 

Мөн шүүгдэгч А.Б нь 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн яллагдагчаар 30 цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогтой А-н Б-ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. А.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Ц.Н-д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар А.Бын цагдан хоригдсон 30 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч хохирогч Ц.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 м 50 см урттай модон шон, саарал өнгийн чулуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

         8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                  

 

         

 

                                 ДАРГАЛАГЧ, 

                               ШҮҮГЧ                                                    Э.ЧИНГИС

                                          

                               ШҮҮГЧИД                                              Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                             Ц.МӨНХТУЛГА