Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 1031

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/01031

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Хайпермаркет төвийн 2 давхарт байрлах, “Сонгинохангай” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011130030, регистрийн дугаар 2616866/-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 1-10 В тоотод оршин суух Боржигон овогт Адъяасүрэнгийн Баярхүү /регистрийн дугаар ЦЖ85011476/-д холбогдох

     Гэрээний үүрэгт 51,235,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцагаан, хариуцагч А.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.                                        

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “Сонгинохангай” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн А.Баярхүү нь 2014 оны 03 дугаар сард манай байгууллагатай талбайн түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2015 оны гэрээний төлбөрийн үлдэгдэл 46,000,000 төгрөг үүн дээр алданги 5,235,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үйл ажиллагаагаа явуулахаа больж байгаа талаар гэрээний 5.3-д заасны дагуу түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдээгүй талбайгаа хүлээлгэж өгөлгүйгээр өөрийн үйл ажиллагаа явуулж байсан тоглоомын тоног төхөөрөмжийг хаяж явсан. Үүнээс хойш манай байгууллага харуул хамгаалалтын ажилтануудаа удаа дараа холбогдуулах гэж гэр орон луу нь явуулсан боловч бидэнтэй огт уулзаагүй тухайн тоглоомын төвийн хадгалалт хамгаалалтыг манай байгууллагад хариуцаж байна. Иймд төлөөгүй нийт 51,235,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.Баярхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “А.Баярхүү миний бие нь тус шүүхэд “Сонгинохангай” ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Миний бие тус компанитай 2014 онд түрээсийн гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Миний Хайпер маркет” төвийн 2 дугаар давхарт тоглоомын төв ажиллуулж байсан. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш түрээсийг заасан хугацаанд бүрэн өгч байсан. Гэтэл 2014 оны 08 дугаар сарын сүүлээс эхлэн орлого эрс муудаж үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Гэсэн хэдий ч түрээсийг боломжоороо бага багаар өгч байсан. Орлого бүр муудаж өдөрт хоосон өнждөг болох үед түрээслэгч байгууллагын захирал Л.Зоригт /тухайн үед дэлгүүрийн дарга хийж байсан/-той уулзаж нөхцөл байдлаа танилцуулан түрээсийн төлбөрөө багасгах талаар санал хүсэлтээ илэрхийлж байсан. Мөн удаа дараа буюу 4-5 удаа тус байгууллагын дарга, холбогдох ажилтан албан тушаалтанд бичгээр хүсэлт гаргаж байсан боловч бидэнд ямар нэгэн хариу амаар болон бичгээр өгч байгаагүй. Ингэж явсаар 2016 оны 01 дүгээр сараас үйл ажиллагаа маань зогсонги байдалд орж улмаар би эрүүл мэндийн шалтгаанаар 2016 оны 11 дүгээр сард нурууны хагалгаанд орж тоглоомын төвийн үйл ажиллагааг 2016 оны 12 дугаар сараас бүрэн зогсоосон. Хагалгаанд орохынхоо өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн ах /хамтран ажиллагч/ А.Баяраатай хамт дэлгүүрийн дарга н.Зориг, түрээс хариуцсан ажилтан нартай уулзаж учир байдлаа хэлж ярилцаад 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 17,710,000 төгрөгийг өгч, 2016 оноос хойшхи түрээсийн төлбөрийг чөлөөлөхөөр харилцан тохиролцсон. Бид үйл ажиллагааг доголдож эхэлснээс 2016 оны 11 дүгээр cap хүртэлх хугацаанд түрээслэгч талтай холбоотой байж учир байдлаа хэлж уулзаж байсан ба тоглоомын орлого биднээс хамаараагүй эдийн засгийн хямралтай холбоотойгоор муудаж бид ч мөн адил эд хөрөнгөөрөө хохирч байгаа тул түрээслэгч байгууллагатай эвлэрэх хүсэлтэй байна. Миний хувьд уг тоглоомын төвийг байгуулахдаа 75,000,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр суурилуулж, засвар тавилга болон бусад зардалд 5,000,000 төгрөг зарцуулж байсан. Биднийг үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд түрээслэгч тал нь түрээсийн гэрээнд заагдсан үүргээ зөрчиж бидний ажилд багагүй хүндрэл учруулж байсан. Жишээ нь манай тоглоомын төв нь тус байгууллагын 2 давхарт үйл ажиллагаагаа явуулж байсан ба цас хайлах үе болон борооны улиралд дээврээс их хэмжээний ус гоожиж 2-3 хоног үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог байсан. Тухай бүр нь дэлгүүрийн дарга, хариуцах эзэнгүй үед хамгаалалтын албанд мэдэгдэж байсан. Гэтэл энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй зөрчлөө арилгаж байгаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан 51,235,000 /тавин нэгэн сая хоёр зуун гучин таван мянган/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би түрээсийн үлдэгдэл болох 46,000,000 төгрөгийг өөрийн 80,000,000 төгрөгийн өртөгтэй тоглоомын төвийн тоног төхөөрөмжөөр орлуулан солилцоо хийх саналтай байна” гэжээ.

Нэхэмжлэгч “Сонгинохангай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцагаан, хариуцагч А.Баярхүү нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эвлэрлийн гэрээ нэг талаас “Сонгинохангай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцагаан, нөгөө талаас хариуцагч А.Баярхүү бид нар дараах нөхцөлтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулав. “Сонгинохангай” ХХК нь анх нэхэмжилсэн 51,235,000 төгрөгнөөс алданги болох 5,235,000 төгрөгнөөс бүрэн татгалзаж, 46,000,000 төгрөгийг авахаар харилцан тохиролцов. 5,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2 хувааж төлөх, үлдэгдэл 41,000,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх болно.

Шүүх хуралдаанаар зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Сонгинохангай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Баярхүүд холбогдох гэрээний үүрэгт 51,235,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “Сонгинохангай” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 51,235,000 төгрөгийн алданги 5,235,000 төгрөгнөөс татгалзаж, 46,000,000 төгрөг болгосон байна. Хариуцагч А.Баярхүү нь 5,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2 хувааж төлөх, үлдэгдэл 41,000,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирож, хэрэв хугацаанд нь төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Сонгинохангай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Баярхүүд холбогдох гэрээний үүрэгт 51,235,000 /тавин нэгэн сая, хоёр зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 51,235,000 төгрөгийн алданги 5,235,000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 46,000,000 төгрөгийг хариуцагч А.Баярхүү нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2 хувааж 5,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 41,000,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Сонгинохангай” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 479,125 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Сонгинохангай” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Баярхүү нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ЦЭРЭНДОЛГОР