| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/08349/и |
| Дугаар | 1032 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 1032
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2017/01032 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 13-07 тоотод байрлах “Си Жи Эм ББСБ” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9019079133, регистрийн дугаар 5381002/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 67 дугаар байр, 16 тоотод оршин суух Ишийнхэн овогт Ишдоржийн Отгонбаяр /Регистрийн дугаар ЦВ68040979/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24 дүгээр байр, 20 тоотод оршин суух Боржигин овогт Батбаярын Ариунтөгс /Регистрийн дугаар ЦВ79062775/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 141,636,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул /2278/, хариуцагч Б.Ариунтөгс, хариуцагч Б.Ариунтөгсийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин /2333/, хариуцагч И.Отгонбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Си Жи Эм ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, өмгөөлөгч Ц.Ариунзул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгч И.Отгонбаяр, Б.Ариунтөгс нар нь 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 300056 дугаартай зээлийн болон 300056 дугаартай зээлийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулан улсын бүртгэлд бүртгүүлж, 60,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сард 3,5 хувийн хүүтэй зээлдэн авч зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Ү-2204009156 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 0062907 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 67 дугаар байрны 16 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, ZZT2405035794 арлын дугаартай, 0168113 тоот гэрчилгээний дугаартай Тоёота маркийн автомашиныг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон боловч зээл авснаас хойш зээлийн хүүнд 12,000,000 төгрөг л төлсөн. Иймд И.Отгонбаяр, Б.Ариунтөгс нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 60,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 69,970,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,666,000 төгрөг, нийт 141,636,000 төгрөг болж байгаа тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч, хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ү-2204009156 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 0062907 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 67 дугаар байрны 16 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, ZZT2405035794 арлын дугаартай, 0168113 тоот гэрчилгээний дугаартай Тоёота маркийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэв.
Хариуцагч И.Отгонбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч болох Ишийнхэн овогт Ишдоржийн Отгонбаяр нь Батбаярын Ариунтөгстэй хамтран “Си Жи Эм ББСБ” ХХК-с 60,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сард 3,5 хувийн хүүтэй зээл авахаар өөрийн өмч болох Ү-2204009156 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 0062907 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 67 дугаар байрны 16 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, ZZT2405035794 арлын дугаартай, 0168113 тоот гэрчилгээний дугаартай Тоёота маркийн автомашин барьцаалуулсан боловч зээлдэгч “Си Жи Эм ББСБ” ХХК нь зээлийн 60,000,000 төгрөгийг барьцааны эзэн И.Отгонбаярт хүлээлгэн өгөөгүй. И.Отгонбаяр нь зээл авах гэрээг төөрөгдлийн улмаас хийсэн. Энэ зээлийн гэрээг Б.Ариунтөгс И.Отгонбаяраас байрыг нь худалдаж авна гэсний үндсэн дээр зээлийн гэрээг хийсэн. Байр худалдаж авахад “Си Жи Эм ББСБ” ХХК-с мөнгө зээлж авна, зээл авахын тулд ийм гэрээ хийнэ гээд зээлийн болон барьцааны гэрээ хийсэн. Энэ үеэс Б.Ариунтөгс “Си Жи Эм ББСБ” ХХК-тай хуйвалдаж эхэлсэн. “Си Жи Эм ББСБ” ХХК-н Халиун, Б.Ариунтөгс нар нэг ангийн хоёр байсан. Хоорондоо юу гэж тохирсныг тогтоох боломжгүй, энэ зээлийн гэрээг хууль бус гэж бодож байгаа. Яагаад гэвэл И.Отгонбаяртай зээлийн гэрээ байгуулсан бол И.Отгонбаярт данс нээгээд зээлийг нь өгөх ёстой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд данс нээх, хаах гэж байгаа. И.Отгонбаярт данс нээж мөнгийг шилжүүлэх ёстой. Гэтэл И.Отгонбаярын нэр дээр данс нээсэн асуудал ерөөсөө байхгүй. Гэрээн дээр мөнгийг бэлнээр өгөх үү, дансаар өгөх үү гэдгийг тогтоох ёстой байсан. Гэтэл тогтоогоогүй. Мөнгө шилжүүлэхдээ Б.Ариунтөгсийн дансанд шилжүүлчихээд сүүлд хуулга дээрээ И.Отгонбаярт шилжүүлсэн юм шиг оруулсан. Мөн хуулийн 12 дугаар зүйлд иргэд данс нээхдээ дор дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлнэ гэж тодорхой заасан. Данс нээгээгүй, Б.Ариунтөгсөд бэлнээр аваад өгсөн. Дээр дурдсан хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж зааж өгсөн. Мөн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. И.Отгонбаяр хүлээн аваагүй, шууд Б.Ариунтөгсөд хүлээлгэн өгсөн ба тус зээлийн мөнгийг бүхэлд нь Б.Ариунтөгс дангаараа хэрэглэсэн учир хариуцагч И.Отгонбаяр нь тус байгууллагын нэхэмжилсэн 141,636,000 төгрөгийг хариуцах боломжгүй байна. Б.Ариунтөгс нь зээлээ дангаараа хариуцан төлөх талаар илэрхийлсэн баримтыг удаа дараа гаргаж өгч байсан болно. “Си Жи Эм ББСБ” ХХК шүүхэд өгөлгүй байлгаж байлгаж байгаад баахан хүү нэхэмжилсэн байдаг. Ийм байдалтай байхад И.Отгонбаяр зээлийн хүүг төлнө гэдэг асуудал байж болохгүй. Харин 60,000,000 төгрөгийн асуудлыг шүүх шийднэ биз” гэв.
Хариуцагч Б.Ариунтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Зээл болон барьцааны гэрээ байгуулж, барьцааны зүйлийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэрээний хувилбарын хувьд маргаан байхгүй. Үндсэн зээл 60,000,000 төгрөг нэхэмжилж байгаа асуудал дээр зээлийн тооцоолол дээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12,000,000 төгрөг төлсөн ганц удаагийн төлөлт байгаа гэсэн. Анх зээл авсан огноо 2013 оны 06 дугаар сар. Тэрнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн. Тэгэхээр Монгол банкны актив үнэлэх журмын дагуу 91-180 хоног өнгөрсөн бол хэвийн бус, 181-360 хоног өнгөрсөн бол эргэлзээтэй зээлд ордог. Яагаад зээлийн ангиллыг дурдаад байгаа юм бэ гэхээр энэ зээл тухайн үед муу ангилалд орсон байна. Тийм учраас нэгэнт муудсан зээлийг төлөх дарааллыг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Үүний дагуу банк бус санхүүгийн байгууллага нь нэгдүгээрт үндсэн зээл 60,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг хасах ёстой. Одоо үндсэн зээл 48,000,000 төгрөг нэхэмжлэх ёстой. Үндсэн зээл 48,000,000 төгрөг юм бол үүнийхээ дагуу хүү, нэмэгдсэн хүүг нэхэмжлэх нь зүйтэй байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Си Жи Эм ББСБ” ХХК нь хариуцагч И.Отгонбаяр, Б.Ариунтөгс нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 141,636,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 60,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 69,970,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,666,000 төгрөг, нийт 141,636,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч И.Отгонбаяр нь зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, Б.Ариунтөгс нь мөнгийг авсан тул зээлийн гэрээний үүргийг дангаараа хариуцан төлөх ёстой гэж, хариуцагч Б.Ариунтөгс нь үндсэн зээл 60,000,000 төгрөгөөс төлсөн 12,000,000 төгрөгийг хасаад, үлдсэн 48,000,000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх ёстой гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч И.Отгонбаяр, Б.Ариунтөгс нар нь “Си Жи Эм ББСБ” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 300056 дугаартай зээлийн болон зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж 60,000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-8-10/
Зээлийн барьцаанд И.Отгонбаярын өмчлөлийн Ү-2204009156 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 0062907 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 67 дугаар байрны 16 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, ZZT2405035794 арлын дугаартай, 0168113 тоот гэрчилгээний дугаартай Тоёота маркийн автомашиныг барьцаалсан нь хэрэгт авагдсан зээлийн барьцааны гэрээ, барьцаалбарын баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. /хх-10, 15-20/
Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
Зээлийн гэрээний дагуу “Си Жи Эм ББСБ” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 60,000,000 төгрөгийг хариуцагч нарт олгосон зарлагын баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Хариуцагч Б.Ариунтөгс уг мөнгийг авсанаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгч, хариуцагч И.Отгонбаяр нь уг зарлагын баримтын дагуу мөнгө аваагүй гэх тайлбарыг өгч маргаж байна. /хх-21/
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч И.Отгонбаяр, хамтран зээлдэгч Б.Ариунтөгс нарын хэнд зээлийн мөнгийг шилжүүлэх талаар тухайлан заагаагүй байх бөгөөд хамтран зээлдэгч Б.Ариунтөгс 60,000,000 төгрөгийг хүлээн авсан байх тул зээлийг зээлдэгч нарт олгосон гэж үзнэ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, мөн хуулийн 242.2 дахь хэсэгт “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаар хариуцагч И.Отгонбаяр, Б.Ариунтөгс нар нь нэхэмжлэгч “Си Жи Эм ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Хариуцагч И.Отгонбаяр нь “...зээлийн гэрээг төөрөгдлийн улмаас хийсэн, зээлдүүлэгч байгууллага Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар түүний нэр дээр данс нээж мөнгийг шилжүүлээгүй тул зээлийг олгосон асуудал хууль бус болсон, зээлийн гэрээний үүргийг хугацаа дуусахад нь шаардах эрхтэй байсан боловч шүүхэд өгөлгүй хугацаа авч их хэмжээний хүү нэхэмжилсэн нь хууль бус...” гэх тайлбарыг өгч маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээд банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх, данс хаах талаар зохицуулсан бөгөөд энэ заалт нь зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Хариуцагч Б.Ариунтөгс нь “...зээлийн гэрээг байгуулснаас хойш 6 сарын дараа нэг удаа төлөлт хийсэн, энэ нь Монгол банкны актив үнэлэх журмын дагуу 91-180 хоног өнгөрсөн бол хэвийн бус, 181-360 хоног өнгөрсөн бол эргэлзээтэй зээлд ордог ангиллын дагуу зээлийн муу ангилалд орох ёстой, ийм учраас нэгэнт муудсан зээлийг төлөх дарааллыг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу үндсэн зээл 60,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг хасаад, үлдсэн 48,000,000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх ёстой...” гэх тайлбарыг гаргаж маргасан.
Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 474/182 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” нь банк, банк бус санхүүгийн байгууллага учирч болзошгүй алдагдлаас хамгаалах эрсдэлийн сан байгуулж, зарцуулах харилцааг зохицуулсан байх бөгөөд уг журмаар банкны зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд зээлийн гэрээний дагуу үүссэн харилцааг зохицуулахаар заагаагүй байна.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан бөгөөд хуулийн энэ заалт нь үүрэг гүйцэтгэгч хэд хэдэн төрлийн үүрэг гүйцэтгэх тохиолдолд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэх дараалал тогтоож гүйцэтгэх талаарх зохицуулалт тул маргаж буй зээлийн гэрээний маргаанд хамааралгүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заасан.
“Си Жи Эм ББСБ” ХХК болон хариуцагч И.Отгонбаяр, Б.Ариунтөгс нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 60,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүүний үлдэгдэл 69,970,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,666,000 төгрөг, нийт 141,636,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.
Зохигчид зээлийн гэрээг 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, 60,000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсоны дагуу хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 60,000,000 төгрөг, зээлийн хүүнд 17,008,825 төгрөг, зээлийн төлбөрт нийт 77,008,825 төгрөг төлөх үүрэгтэйгээс зээлийн хүүнд 12,000,000 төлсөн нь зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байна, зохигчид энэ талаар маргаагүй.
Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй.
Нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагын талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн нэмэгдүүлсэн хүүг тооцох заалттай нийцэхгүй байна. Учир нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3 дах заалтад “зээлийн үндсэн өр, хүүгийн хэсэгчилсэн төлбөрийг 1 сар төлөөгүй зээлийн өр, хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх хуваарийг зөрчсөн бол уг зээлийг хугацаа хэтэрсэнд тооцож, энэхүү хэсэгчлэн төлөгдөх дүнгээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцно” гэж хэсэгчлэн төлөх зээлийн үндсэн өр, хүүгийн төлөгдөх дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан нь хуульд нийцэхгүй байх тул нэмэгдүүлсэн хүү 11,666,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч нараас үндсэн зээл, хүүгийн үлдэгдэл, мөн хугацаа хэтэрсэн хугацааны хүүг гаргуулах үндэслэлтэй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 60,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 5,008,825 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 64,961,175 төгрөг, нийт 129,970,000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.
Иймд хариуцагч И.Отгонбаяр, Б.Ариунтөгс нараас үндсэн зээл 60,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 5,008,825 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 64,961,175 төгрөг, нийт 129,970,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Си Жи Эм ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 11,666,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн барьцаа хөрөнгө болох И.Отгонбаярын өмчлөлийн Ү-2204009156 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 0062907 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 67 дугаар байрны 16 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, ZZT2405035794 арлын дугаартай, 0168113 тоот гэрчилгээний дугаартай Тоёота маркийн автомашиныг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Отгонбаяр, Б.Ариунтөгс нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 129,970,000 /нэг зуун хорин есөн сая есөн зуун далан мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Си Жи Эм ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,666,000 /арван нэгэн сая зургаан зуун жаран зургаан мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Отгонбаяр, Б.Ариунтөгс нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө Ү-2204009156 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 0062907 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 67 дугаар байрны 16 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, ZZT2405035794 арлын дугаартай, 0168113 тоот гэрчилгээний дугаартай Тоёота маркийн автомашиныг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 866,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Отгонбаяр, Б.Ариунтөгс нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 807,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Си Жи Эм ББСБ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР