| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/2086/Э/220/2021/0154 |
| Дугаар | 2021/ШЦТ/95 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа,
Хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Б.Баярбаясгалан,
Шүүгдэгч Б.У түүний өмгөөлөгч Н.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Уд холбогдох 2003 00000 0421 дугаартай хэргийг шүүх 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, П ХХК-д оффис менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, А овогтой Б-ын У.
/Холбогдсон хэргийн талаар /
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 цаг 25 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баясах Трейд” ХХК-ийн баруун талын замд “Тоёота акуа” маркийн 38-45 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Сыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “…2020 оны 10 дугаар сарын 17-ны орой ажлаасаа тараад Тайван гэдэг найзтайгаа гэртээ харих гээд явж байх замдаа 13 дугаар хорооллоос дээшээ Сансар руу өгсөх замд “Баясах трейд” ХХК-ний урд талд хохирогч Д.Сыг мөргөсөн. Хажууд байсан машинтай зэрэгцээд явж байгаад хажууд байсан машин хурдаа сааруулахад би бас хурдаа сааруулаад хажуу талын машин тооромз гишгэхэд би бас дагаж тооромз гишгэсэн боловч би хохирогч Д.Сыг мөргөсөн. Тэгээд намайг машинаас бууж ирэхэд хажууд харж байсан гэрч түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Тэгээд түргэн, цагдаа ирэхгүй удаад байхаар нь бид нар даарч байгаа байх гэж бодоод хувцаснуудаа тайлж дээрээс нь нөмрүүлж анхан шатны тусламж үзүүлсэн. Манай найз Тайванаа бас түргэн, цагдаа ирэхгүй удаад байхаар дахин дуудлага өгсөн. Тэгээд 20 минутаас 30 минутын дараа Баянзүрх дүүргийн цагдаа ирж үзлэг хийсэн. Тэгээд 30 минутын дараа түргэн тусламж ирж хохирогч Д.Сыг авч явсан. Тэгээд түргэн ирээд явсан хойно намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Би Баянзүрх дүүргийн цагдаа дээр мэдүүлэг өгөөд хэргийн газарт буцаж ирээд тэндээсээ гэмтлийн эмнэлэг рүү хохирогч дээр очсон.” гэв.”
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө байсан. Миний биеийн байдал хэцүү байна. Би аваарт орсноос хойш 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Өнөөдрийг хүртэл 2 сарын хугацаанд гэртээ хэвтрийн байдА байсан. Одоогоор ууц, нуруу болон толгой, тархиар өвдөж, шөнө нойргүй хонож байна. Би нойрны эм ууж байж л унтаж байна. Өөрөө явж чадахгүй хэвтрийн байдА байна. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг учраас өөрийн орлогыг нотлуулахаар аудитын байгууллагад хандаж орлогоо нотлуулахад нэг сарын 4.400.800 төгрөгийн орлоготой гэж тогтоогдсон. Би Баянзүрх дүүрэгт байрлах Сансарын “Баянцээл” худалдааны төвийн тэнд байрлах цэцгийн дэлгүүр түрээсэлж цэцэг, бэлэг дурсгал, гар утасны дагалдах хэрэгсэл зарж бизнес эрхэлдэг. Би энэ бизнесийг 2010 оноос одоог хүртэл тасралтгүй 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Энэ бизнесээсээ олсон ашиг, орлогоор эхнэр, 3 хүүхдээ тэжээж ирсэн. Би хэрвээ осолд ороогүй байсан бол өдийг хүртэл ажил төрлөө хэвийн үргэлжлүүлж сард олох орлогоо олоод зээлүүдээ төлөөд явах бүрэн боломжтой байсан. Би аудитын үнэлгээ хийлгээд нэг сарын 4.400.800 төгрөгийн орлоготой гэж тогтоогдсоныг 3 сараар үржүүлэхээр 13.202.400 төгрөгийн орлого олох байсан. Өмгөөлөгчийн хөлс гэж би 1.000.000 төгрөг төлсөн. Аудитын байгууллагын хөлс гэж 350.000 төгрөг төлсөн. Ингээд нийт 14.552.400 төгрөг нэхэмжилж байна. Эмнэлэгт хэвтэж байхад өмнө нь би дансаар нийт 12 дугаар сард эм авч уугаарай гэж 500.000 төгрөг өгсөн. Бусдаар өмнө нь эмчилгээний зардА холбоотой мөнгө өгч байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/, хохирогч Д.Сын өгсөн мэдүүлэг /хх-17-18/, гэрч Э.Тайваны өгсөн мэдүүлэг /хх-19-20/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12155 дугаартай дүгнэлт /хх-36-37/, шүүгдэгч Б.У-ын гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-33/, гэрч Г.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-91/, хохирол нэхэмжилсэн баримт /хх-93-96/, гэрч М.Мөнгөнцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Ц.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-25-26/, Б.У-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-28, 82/, шүүгдэгч Б.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, “П” ХХК-ийн тодорхойлолт /хх-88/, шүүгдэгч Б.У-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт /хх-89-90/, шинээр хохиролд 500.000 төгрөг төлсөн баримт 1 хуудас, “Мөнгөн гүүр” эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, түрээсийн гэрээ, орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, гэрэл зургийн үзүүлэлт, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэлт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга нийт 109 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 цаг 25 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баясах Трейд” ХХК-ийн баруун талын замд “Тоёота акуа” маркийн 38-45 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Сыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байгаад ажлын газрынхаа хүмүүстэй нэг газар орж дөрвүүлээ 0.75 литрийн архи хувааж уусан. Ингээд 00 цаг өнгөрч байхад эхнэр залгаад байхаар нь тус газраас гараад такси барин ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа явдаг зорчих хэсэг дээр таксинаас буугаад “Баясах трейд”-ийн явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд гараад дунд хайсын хажууд ирээд харахад хойшоо явдаг чиглэлийн 2 дугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл зогсож өгөхөөр нь урдуур нь алхаад гартал 1 дүгээр эгнээгээр явж байсан машин надад зай тавьж өгөлгүй намайг мөргөсөн. Түүнээс хойш юу ч санахгүй байна. ...Би явган хүний гарцаар ганцаараа гарсан.” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Тайваны өгсөн “...Гэр нэг зүгт учир У зөвшөөрөөд намайг байгаа газраас минь 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 1 цагийн үед Тоёота акуа маркийн машинтайгаа ирж аваад бид 2 ХӨСҮТ-ийн уулзвараас ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй, зүүн 4 зам руу зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад “Баясах трейд” ХХК-ийн байрны харалдаа байдаг явган хүний гарцаар нэг хүн 2 дугаар эгнээгээр явж байсан машины урдаас гэнэт гүйж гарч ирсэн. У машиныхаа тормосыг гишгэсэн боловч тэр хүнийг машины зүүн урд хэсгээрээ мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-19-20/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн “...Би тухайн осол болдог өдөр “Баясах трейд”-ийн баруун замд таксинаас буугаад харахад нэг залуу явган хүний гарцаар зүүн тийшээ гүйгээд гарч байсан. Тэгээд гэнэт пал хийх чимээ гарахаар нь хартал тэр залуу машинд мөргүүлээд зам дээр хэвтэж байсан. Мөргөсөн машины жолооч эмэгтэй хүн байсан ба би өөрийн дугаараасаа цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /91-92/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У-ын гэрч, яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шөнийн 1 цаг 25 минутын орчим өөрийн эзэмшлийн Тоёота акуа маркийн 38-45 УНО дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод найз Тайванг гэрт нь хүргэж өгөхөөр “Баясах трейд”-ийн баруун замаар, ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад миний хажууд зэрэгцээд явж байсан. Тэр машин бага зэрэг түрүүлж явж байгаад гэнэт явган хүний гарцан дээр зогсоход цаанаас нь нэг хүн гэнэт гүйгээд гараад ирэхээр нь би тормосоо гишгээд зогссон боловч тэр хүнийг гарцан дээр машиныхаа урд хэсгээр мөргөөд унагачихсан....Би Соронзонболдын эмчилгээний төлбөрийг бүрэн гаргасан байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно.”гэх мэдүүлэг /хх-28-29, 84-85/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12155 дугаартай дүгнэлтэд:
1. “Д.Сын биед зүүн сүүжний тогооны хугарал /ацетабул/, зүүн умдаг ясны зүүн доод салааны хугарал, тархи доргилт, дух, баруун хацар, зүүн тохойд зулгаралт, баруун зовхи, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-36-37/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...Авто тээврийн хэрэгслийг EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.3мм, урд дугуйн тормосны хүч зүүн талдаа 2.1кН, баруун талдаа 0.5кН, баруун талдаа 0.5кН, зөрүү нь 0% (стандарт<30%) буюу тормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж байна Зогсоолын тормос зогсож байсан. ...Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулалт ABS тормосны системтэй ба тормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлагыг хангаж байсан болно.” гэх дүгнэлт /хх-43-55/,
2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 183 дугаартай мөрдөгчийн “...Тоёота акуа маркийн 38-45 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яьсан Б-ын У /УД92120704/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “...Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнөн” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. ...Явган зорчигч Д.С /ОЭ86082573/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.“ гэх магадлагаа /хх-58-59/,
2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/,
“Мөнгөн гүүр” эмнэлэгт хохирогч Д.Сын хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх /хх-70-76/
Хохирлын баримтууд /хх-93-96/
Шүүгдэгч Б.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Золжаргалын зүгээс “...Шүүгдэгч Б.У-ын хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч Б.У-ын 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 цаг 25 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баясах Трейд” ХХК-ийн баруун талын замд “Тоёота акуа” маркийн 38-45 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.537.396 төгрөгийг, шүүхэд 500.000 төгрөгийг нийт 3.537.396 төлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сын зүгээс: “...Би аудитын үнэлгээ хийлгээд нэг сарын 4.400.800 төгрөгийн орлоготой гэж тогтоогдсоныг 3 сараар үржүүлэхээр 13.202.400 төгрөгийн орлого олох байсан. Өмгөөлөгчийн хөлс гэж би 1.000.000 төгрөг төлсөн. Аудитын байгууллагын хөлс гэж 350.000 төгрөг төлсөн. Ингээд нийт 14.552.400 төгрөг нэхэмжилж байна.” гэх тайлбарыг гаргах боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан байх тул хохирогчийн нэхэмжилсэн 14.552.400 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Уд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шүүгдэгчийн 737134 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар тогтов.
Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овогтой Б-ын У-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Б.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4-д тус тус зааснаар Б.Уд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.С нь цаашид гарах гэм хорын болон зардА холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Б.У-ын 737134 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Уд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧ