Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/138

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

    Улсын яллагч М.Ариунцэцэг,

          Шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ө.О-д холбогдох эрүүгийн 2006 03780 3031 дугаартай хэргийг шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Шар хадны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

        Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон,

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тус ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 8 сар, 8 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Ш овогтой Ө-ийн О.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ө.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 12 цагийн үед иргэн Н.Этой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.О мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Н.Э гэж залуу найзтайгаа хамт манай гэрт орой 12 цагийн үед ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 2 пиво авсан орж ирсэн. Би нэг пивоноос нь 4-5 удаа балгасан. Тэгээд хэсэг байж байтал хоорондоо маргалдаад эхлэхээр нь би тэд нарыг “битгий гэрт хоорондоо маргалд, одоо явцгаачих” гэсэн чинь “чи гэр орноосоо хөөлөө” гээд байсан. Тэгсэн намайг “гараад ир” гээд гаргаснаа “чи муу яагаад байгаа юм” гээд намайг нэг удаа цохихоор нь би зөрүүлээд цохисон. “Чи намайг цохичихлоо” гэхээр нь “чи өөрөө намайг цохисон шүү дээ” гэсэн. Тэгээд байж байтал цаанаас приус маркийн машинтай 2-3 залуучууд ирж байхаар нь би хашааны цаашаа орчихсон. Хашааны цаана очоод найздаа “миний цамцыг аваад ирээч, гэрийн үүдэнд нөгөөдүүл чинь зогсоод байх шиг байна” гэсэн. Найзаараа цамцаа авахуулаад гэрт нь очсон. Хохирогч Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн байсан. Би энэ талаар мэдээгүй. Маргаан болсны дараа таарахад “зүгээр” гэсэн. “Найзуудын харилцаа цаашдаа байх юм уу” гэсэн “найзуудын харилцаа байна байна” гэсэн. Тэгээд л салсан.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Н.Эын өгсөн мэдүүлэг /хх-14-15/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10209 дугаартай дүгнэлт /хх-18-19/, шүүгдэгч Ө.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ө.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 12 цагийн үед иргэн Н.Этой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Эын өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ө.Отай уулзсан. Ө.О ахын гэрт орж архи уусан. Ө.О ах ямар нэгэн шалтгаангүй дагуулж гараад 2 удаа цохисон. Тухайн үед зүүн нүд хөхөрч, үүдэн шүд унасан.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10209 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Эын биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-18-19/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.О-ын яллагдагчаар өгсөн: “...Би найз болох Н.Этой маргалдан түүний нүүрэн тус хэсэгт нь нэг удаа гараараа цохиход түүний 1 шүд унасан байсан.” /хх-29-30/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ө.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэрэг болно.

        

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбатын зүгээс гаргасан: “Хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-д “...Хорих ялаас хугацаанаас өмнө нь суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж хуульчилжээ.

       

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.О нь Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 12 цагийн үед иргэн Н.Этой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ө.О-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 12 цагийн үед иргэн Н.Этой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Ө.О-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул Ө.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.О-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ө.О-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар Ө.О-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоож, түүний Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэлд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг хугацааг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв

 

Шүүгдэгч Ө.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш овогтой Ө-ийн Оыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ө.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ө.О-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар Ө.О-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоож, түүний Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэлд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг хугацааг 12 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Ө.О-д оногдуулсан 12 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ө.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ө.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС