| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/08637/и |
| Дугаар | 1034 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 1034
| 2017 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2017/01034 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 2 гудамж, 1518 тоотод оршин суух Ш.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, 16 гудамж, 691 б тоотод оршин суух Ш.О-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч Ш.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“миний бие нь 2012 онд Ш.О танилцсан, хамтран амьдрах хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 24-нд охин Э төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос салж тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд амьдарч өсөж торниж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Ш.О-аас охинд тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ш.О шүүхэд гаргасан тайлбартаа:
“Ш.От миний бие өөрийн гэр бүлтэй бөгөөд 3 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг болно. Би Ш.Э-тай танилцаж, уулзаж байсан нь үнэн боловч дундаасаа хүүхэдтэй болно гэж ярилцаж байгаагүй, хамт амьдарч байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Ш.Э нь бид дундаасаа хүүхэдтэй болсон, иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж байгаа тул нэхэмжлэлд дурдагдсан Ш.Э охин Э миний хүүхэд мөн эсэхийг баталгаатай тогтоолгохын тулд шинжээч томилуулж, эцэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд уг хүсэлтийг минь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ш.О шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Би шинжээч томилуулж, эцэг мөн эсэхийг тогтоолгох хүсэл гаргасан боловч хүсэлтээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч О.Э д хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Э хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч Ш.О хүлээн зөвшөөрчээ.
Зохигч Ш.Э Ш.О нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр охин О.Э төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 1125004649 дугаартай төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь “Ачитсайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, хүүхэд эхийн асрамжид амьдарч байгаа нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов. /хх-2, 3, 6/
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Охин О.Э одоо төрсөн эх Ш.Э ын асрамжид амьдарч байгаа ба, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил тэжээн тэтгүүлэх эрх үүсэх журамтай болохыг тодорхойлсон ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүх хуульд зааснаар тогтоох үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин О.Э төрсөн эх Ш.Э ын асрамжид үлдээх асуудлаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Ш.О хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Охин О.Э төрсөн эхийнх нь асрамжид байгаагаас үл хамааран хүүхдийн эх Ш.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-д заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Ш.О саад учруулахгүй байх үүрэгтэй.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2017 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 185,300 төгрөгөөр тогтоосон тул хүүхдийн тэтгэлэгтэй холбогдох хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Ш.О-аас 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн О.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ш.О-аас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 31,234 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан, хариуцагч Ш.О-аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР