Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 183/2017/00609/И |
Дугаар | 001/ХТ2018/01344 |
Огноо | 2018-10-05 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2018/01344
Х.М, Б.С нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00570 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 999 дүгээр магадлалтай,
Х.М, Б.Снарын нэхэмжлэлтэй,
Б.Батсүрэнд холбогдох,
Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах, орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Х.М, Б.Снар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 1985 онд албан ёсоор гэр бүл болж 5 хүүхдийн эцэг эх болон амьдарч байсан ба дунд хүү М Батхуягаа 2016 оны 01 сарын 22 өдөр зуурдаар алдсан. Талийгаач хүү нь 2014 оны 9 сарын 30 өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр Хан-уул дүүрэг, 16 хороо, Буянт ухаа 716 байр, 17 тоот 1 өрөө байрыг худалдаж авсан ба одоо энэ орон сууц нь Хаан банкны зээийн барьцаанд байдаг. Гэтэл Б.Гэрэлтнаран нь хүү Б.Аззаяагийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ авсан гээд 2017 оны 7 сард бидэнд мэдэгдэлгүйгээр, дураар авирлан тус орон сууцанд очиж өөрийн албан тушаал, хууль хүчний дүрэмт хувцсаа ашиглан түрээслэгчийг айлган сүрдүүлж дарамтлан байрнаас хөөж гаргаад хаалганы цоожийг нь солиод өөрөө амьдарч байна. Өв залгамжлалын тухайд талийгаачийн төрсөн эцэг Х.М эх Б.Снар нь хууль ёсны өв залгамжлагчид байсаар байтал Хан-уул дүүргийн нотариатч Б.Батсүрэн нь Б.Аззаяагийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хууль болон болон холбогдох журам зааврыг баримтлаагүй буюу зохих журмын дагуу хийх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг зөрчиж байх тул 2017 оны 6 сарын 16 өдрийн 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Аззаяагийн өмнөөс эх Гэрэлтнаран 2017 оны 6 сарын 12-ны өдөр өвлүүлэгч Батхуягийн өмчлөлийн орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг бичгээр гаргасан. Хүсэлттэй холбогдуулан Аззаяагийн төрсний гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, оршин суугаа засаг захиргааны тодорхойлолт болон хүн амын өрхийн дэвтрийн бүртгэл мөн Монголын нотариатчийн танхимаас өв нээгдсэн эрхийн бүртгэлийг гаргаж өгсөн. Нотариатч эдгээр баримт бичгийг судлан үзэж Нотариатын тухай хуулийн 43.2-т заасан шаардах баримт бичиг бүрдүүлбэр хангасан гэж үзэж, 08 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон. Өвлөгч Аззаяагийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч эх Гэрэлтнаран өв хүлээн авах хүсэлтийг өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд гаргасныг Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Хишигсүрэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн. 1 жилийн хугацаанд өвөөс татгалзсан ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Түүнчлэн бусад өвлөгчөөс түүний дотор өвлөгч Сайнаа, Мөнхжаргал нараас өв хүлээн авах хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь Өв бүртгэх бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон учраас Иргэний хуулийн 528.1, 528.3-т зааснаар Аззаяаг хууль ёсны өмчлөгч гэж үзсэн. Аззаяа 4 настай, хууль зүйн хувьд эрх зүйн чадамжгүй, хууль ёсны төлөөлөгч эх нь хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрээр Аззаяа нь өвлүүлэгч Батхуягтай 1 хаягт албан ёсоор бүртгэлтэй оршин сууж байсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00570 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан нотариатч Б.Батсүрэнд холбогдох, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах, Хан-уул дүүрэг, 16 хороо, Буянт ухаа 716 байр, 17 тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн Ноён овогтой Халзангийн Мөнхжаргал /РД:ТЯ57102710/, Боржигин овогтой Балжиннямын Сайнаа /РД:ЧН60071967/ нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 999 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Х.Мын төлсөн 140.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.27-ны өдрийн 999 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өвийн орон сууцыг бусдад түрээслүүлж өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан гэх тайлбар гаргадаг боловч тайлбарын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй мөн үүнтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс өв нээгдсэнээс 1 жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан талаар шүүх тодруулаагүй гээд Хан-уул дүүргийн 16-р хороо 716-р байрны 17 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг хэн амьдарч байсан, түрээсэлж байсан эсэх, түрээсийн гэрээг хэн байгуулсан зэрэг асуудлыг тодорхой болгох шаардлагатай гэж хэрэгт байхгүй нотлох баримтын талаар дүгнэлт хийсэн байна. Энэ нь анхан шатны шүүх өөрийн санаачлалаар нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байна гэсэнтэй адил байгаа бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцох, талууд өөр өөрсдийн байр суурийг өрсөлдөн нотлох мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, мэтгэлцээний нөгөө талын эрх ашгийг үл ойшоосон дүгнэлт болжээ. Мөн түүнчлэн өвлөгдөх орон сууц нь нас барагч М.Батхуягийн өмч мөн эсэх, уг орон сууц нь Хаан банкны зээлийн барьцаанд байдаг талаар зохигчдын хэн аль нь шүүхэд маргаагүй бөгөөд хэргийн оролцогч биш этгээдийн талаар хэрэгт хамааралгүй талуудын мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийсэн байна.
Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.27-ны өдрийн 999 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны өдрийн 00570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч Х.М, Б.Снар нь “...өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, 1 өрөө орон сууцны өв залгамжлагчаар тогтоолгох” нэхэмжлэлийг нотариатч Б.Батсүрэнд холбогдуулан гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
М.Батхуяг нь Хан-уул дүүргийн 16 дугаар хороо, 716 дугаар байрны 17 тоотын 39.47 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд тэрээр 2016 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр нас барсан байх ба нэхэмжлэгч нар түүний төрүүлсэн эцэг, эх байна.
Нотариатч Б.Батсүрэн нь Б.Гэрэлтнарангийн хүсэлтийг үндэслэн Б.Аззаяад дээрх орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 6 дугаар сарын 16-ний өдөр олгожээ.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.
Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор нотариатад өв хүлээн авах тухай буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаж байгаагүй, ...өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан гэх байдал тогтоогдоогүй” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2. дахь хэсэгт өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан болон амьдарч байгаагүй бусад өвлөгчдийн хувьд өв нээгдсэнээс хойш өвлөгдөх хөрөнгийг хэрхэн хүлээн авах хугацаа, журмыг өөр өөрөөр хуульчилжээ.
Нэхэмжлэгч нар нь талийгаачтай хамт амьдарч байгаагүй, энэ тохиолдолд өв хүлээн авах журам нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар тодруулбал, өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан тохиолдолд өвийг хүлээн авсан гэж үзнэ.
Өв нээгдсэнээс хойш тухайн орон сууцыг хэн эзэмшиж, ашиглаж байсан, уг байрны зээлийн болон ашиглалтын төлбөрийг хэн хэрхэн төлж байсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг орон сууцыг эзэмдэн аваагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 999 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ