Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Иргэн Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Тус аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрыйн дарга Б.Б-д холбогдох ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй учир хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Д.Н нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. 1981 онд техниккум төгс ч сумд ирж ажилласан ба төрд тасралтгүй 37 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд ХААДС, удирдлагын академи зэрэг сургуулийг төгсөж, 2005 онд Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч болсон одоо хугацаагүй эрхтэйгээр ажиллаж байна. Засаг дарга Нямдаваа нь 2016 онд энэ хүнийг тэтгэврийн нас хүрлээ гар гэж удаа дараа хэлж байсныг өргөдөлдөө дурдсан. Д.Н-ийн зүгээс би өндөр насны тэтгэвэрт гарах гэж байна гэж Засаг дарга болон Тамгын даргадаа нэг ч удаа өргөдөл бичиж өгч байгаагүй. Өөрийнх нь ажиллаж байсан ажлын байрыг зарлах талаар өөрөө мэдээгүй. Тамгын газрын дарга миний зөвшөөрөлгүйгээр миний орон тоог сул орон тоо гэдэг байдлаар зарласан байна гэдэг. Тэтгэвэрт гарах насанд хүртлээ ажиллая гээд хүсэлтээ өгөөд Засаг дарга захирамж гаргаад энэ хүнийг тэтгэвэрт гарах хүртэл нь ажиллуулъя гэсэн захирамж гарсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 46.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц тэтгэвэр тогтоолгоно, эсхүл төрийн албаны насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ гаргана уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана гэж заасны дагуу энэ хүнийг төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллуулъя гэсэн Засаг даргын захирамж гарсан байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дээр ажилтан 60 насанд хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол гэж байгаа. Д.Н-ийн байдлаар 60 нас хүрээгүй. Эрх нь үүсээгүй байгаа. Нийгмийн даатгалд энэ хүн хүсэлтээ өгөөд тэтгэврээ тогтоолгосон гэж байгаа. Гэхдээ Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд тэтгэврээ аваад давхар ажил эрхэлж болохгүй гэсэн заалт байхгүй учраас энэ хүн Нийгмийн даатгалын тухай хуулиараа 55 нас хүрээд 4 хүүхэд гаргасан гэдгээр хөнгөлөлттэй тэтгэвэрт гарах болсон учраас өөрийн хүсэлтээ нийгмийн даатгалд өгөөд энэ хүн тэтгэврээ тогтоолгосон. Түүнээс ******* сумын Засаг даргад ч юм уу? Тамгын газрын даргадаа би тэтгэвэрт гаръя гэж ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. Хүсэлт гаргасан нь манай бичиг хэргээр дамжаагүй гэж байна. Хүсэлт гаргасан Засаг даргын захирамж байгаа. Үүнийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэл хавтаст хэргийн материалд тогтоогдож ирээгүй. Хүсэлт нь өөрийнх нь хувийн хэрэгт байсан. Гарсан тушаал захирамжийг хувийн хэрэгтээ хийгээд байсан. Эх хувиараа учраас заавал Тамгын газрын хуулбар үнэн даруулах шаардлагагүй гэж үзэж байна. Тэтгэвэр авч байна гэж байна. Тэтгэвэр авлаа гээд ажлаас халах ч юм уу ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Төрийн сангийн санхүүгийн албаны даргыг томилж, чөлөөлөхдөө тухайн Засаг даргатай зөвшилцөөгүй. Сонгон шалгаруулалтад ороогүй гэж байна. Д.Н-ийн тухайд сонгон шалгаруулалтанд орох шаардлагагүй. Д.Н-г ажлаас чөлөөлөх тушаал дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4, 33.5-ийг удирдлага болгосон. 33.4 нь аймаг нийслэл сум дүүргийн Тамгын газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны хязгаарт багтаан Тамгын гарын орон тоо цалингийн санг тогтоож ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэсэн заалт байгаа. 33.5 нь аймаг нийслэл сум дүүргийн Засаг дарга, Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж тогтоосон журмаар үйлдсэн тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэсэн заалт байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46.2.5 дээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх гэж байгаа. 2.5 дээр хуульд заасан бусад үндэслэл гэсэн үндэслэлээр Д.Н- ажлаас чөлөөлсөн байгаа. Үүнийг хууль бус болохыг тогтоож өгнө үү? гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гээд ажлаас чөлөөлөөгүй. Хэрвээ энэ хүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байна гэвэл 46.2.2-ыг барих байсан. 2017 онд тэтгэмж орж ирсэн гэж байна. Энэ тэтгэмжийг Д.Н би тэтгэвэртээ гарна гэж хүсэлтээ өгөөгүй. Манай Тамгын газрын дарга намайг тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэдэг байдлаар хөөцөлдөөд миний тэтгэмжийг төсөвт суулгаад оруулж ирсэн. Намайг тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэдэг байдлаар 2017 онд ажлаас чөлөөлөөд тэтгэмжийн мөнгө авахгүй бол буцаагаад татагдана. Дахиж энэ мөнгө орж ирэхгүй гэдэг байдлаар ярихаар нь нэгэнт ороод ирсэн мөнгөө авъя гэж хүсэлтээ гаргаад авсан. Гэхдээ 2017 онд миний тэтгэвэрт гарах нас болоогүй гэхэд энэ тушаалаа өөрөө хүчингүй болгоод намайг буцаагаад ажиллуулсан. Миний хүсэлтгүй оруулаад ирсэн байсан учраас би авъя гэж хүсэлтээ өгсөн. Тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэж байгууллагадаа өргөдөл өгөөгүй гэж байгаа. 2016 оны өргөдөл дээр аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст тэтгэмжийг 2017 онд суутгуулах талаар явуулсан тоот хавсралтын хамт надад хэлэхгүй баримтыг нь бүрдүүлсэн гэж өргөдөл бичээд байдаг байсан. Энэ бүгдээс харахад 2016 оноос эхлээд энэ хүнийг тэтгэвэрт гар гэдэг байдлаар албан тоот бичиж тэтгэмжийг суутгуулж орж ирсэн байгаагаас харахад энэ хүн тэтгэвэрт гарах насанд хүрээгүй байхад ийм үйлдлүүд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийгээд байсан байна. Нийгмийн даатгалд тэтгэвэрт гаръя гэдэг өргөдлөө бичиж өгөөд тэтгэвэрт гарсан, энэ хүн шүүх хуралдаан дээр тэтгэвэр аваагүй гэж маргахгүй. Би 36 сартай тэмцэх хэмжээний тэтгэмжийг аваагүй гэдэг байдлаар ямар нэгэн маргаан гаргаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Нийгмийн даатгалын тухай хуулиар энэ хүн 20 жил ажилласан. 4 хүүхэд төрүүлсэн гэдгээр тэтгэвэрт гарах гэдгээр хүрсэн боловч энэ хүн 2018 оны 3 сард тэтгэвэрт гарсан байгаа. Тэтгэвэрт гараад ажлаа хийгээд явж байгаа нь ямар нэгэн хууль зөрчөөгүй. 2018 онд энэ хүн тэтгэврээ аваад цалингаа авч байна. Энэ нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Төсвийн тухай хуулийн 19.5-д ******* сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргыг томилж, чөлөөлөхдөө дээд шатны Засаг даргатай зөвшилцөж томилж чөлөөлдөг байгаа. Тэгэхээр 19.5- зааснаар энэ хүнийг томилохдоо Засаг даргатай зөвшилцсөн. Чөлөөлөхдөө засаг даргатай зөвшилцсөн зүйл хавтаст хэргийн материалд байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27-д сонсох ажиллагаа явуулах ёстой. Энэ хүн төрийн албан хаагч учраас ажлаас чөлөөлөхдөө энэ хүнийг тэтгэвэрт гарах насанд хүрсэн учраас ажлаас чөлөөлье гэдэг байдлаар ямар нэгэн сонсох ажиллагаа явуулаагүй. Ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас өгөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

    Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид 4 хүүхэдтэй нөхцөлд 50 нас хүрээд тэтгэвэртээ гарч болно гэж байгаа. Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгож болно гэж байгаа. Тэтгэвэр тогтоолгон авах хүсэлтээ өөрөө өгсөн. Нийгмийн даатгалын хэлтсээс энэ хүсэлтүүдийг гаргуулж өгсөн байгаа. Энэ хүний тэтгэмж 2016 онд анх төсөвт суугдаж ирсэн. Тамгын газарт өөрөө хүсэлтээ гаргасан. Хэргийн баримтад хавсаргагдсан энэ хүсэлт нь манай өргөдөл гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй. 2016 он гээд доор нь бичсэн байсан. Манайхаас гаргасан бол хуулбар үнэн дараад гаргаж өгөх ёстой байсан. Нотлох баримтын шаардлага хангахгүй, хуурамч нотлох баримт байгаа. Өөрөө үргэлжлүүлэн ажиллах хүсэлттэй байна гэсэн хүсэлт гаргаагүй. Тэтгэвэрт гарлаа гээд байсан. Мэргэшсэн нягтлан бодогч байхгүй. Ажлын байр зарлатал байж байгаач гэсэн. Өөрөө 2017 онд тэтгэмжээ авъя гэсэн хүсэлт гаргасныг би нотлох баримтаар хавсаргасан байгаа. 2017 он дуустал ажиллуулаад 2018 онд бүтэн ажилласан байгаа. Сонгон шалгаруулалт зарлах гэж байна. Би таныг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулъя. Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт захиалаад дараагийн хүн нь ирэхээр таныг чөлөөлье гээд 2018 он дуустал ажиллуулаад төгсгөлд нь өөрөө тэтгэмжээ авсан. 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авсан. Мөн 2018 оны 4 сард тэтгэврээ өөрөө тогтоолгосон байсан. 4 сараас хойш тэтгэврээ аваад явж байгаа. Төрийн жинхэнэ албан тушаалд тэтгэвэр аваад тэтгэмжээ авсан тохиолдолд дахиж төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах боломж байхгүй. Төрийн үйлчилгээ болон төрийн улс төрд ажиллаж болно. 2018 онд ажиллаж байх хугацаанд нь сонгон шалгаруулалтыг зарласан. Өөрөө мэдэж байсан. Гомдол гаргах боломж байсан. Та өөрөө сонгон шалгаруулалтад орох эрхтэй гэж хэлсэн. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж байгаа. Энэ нь шунахай сэдэлттэй гэж үзэж байна. Тушаал түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Үүн дээр түр орлох ёсгүй байсан. Би жинхлэх байсан гэж шүүх юм уу? харьяа дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй. Түр ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Сонгон шалгаруулалт зарлаад та ажиллая гэвэл орж болно гэсэн өөрөө ороогүй. Дараагийн хүн санал болгож ирсэн учраас тушаалыг гаргасан. 2016 онд өөрөө хүсэлт гаргасан гэж байгаа. Засаг даргын захирамж байгаа. Хүсэлт бичгээр гаргаж өгөөгүй. Гаргаж өгсөн бол манай өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний бүртгэл дээр байж байх ёстой. Тэгэхээр хүсэлт гаргаагүй байхад Засаг даргын захирамж гарсан гэж бодож байна. Жагсаалт гаргаж өгсөн. Түүн дээр Д.Н ийм хүсэлт гаргаж өгсөн гэсэн зүйл байхгүй. Тийм хүсэлт гаргаад өгсөн бол ийм хүсэлтийг гаргаж байсан гээд шүүхийн шатанд нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Та тэтгэвэртээ гарчихлаа төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах боломжгүй болчихлоо. Тийм учраас таныг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулъя гээд хууль зөрчөөд бүх цалин нэмэгдлийг олгож явсаар байгаад дараагийн хүн нь төрийн албаны салбар зөвлөлөөс Х.Д гэдэг хүнийг санал болгосон бичиг ирсэн. Ийм учраас чөлөөлсөн. 2016 онд энэ хүн 55 нас хүрсэн. 2016 онд тэтгэвэрт гарахгүй 2017 он дуустал ажиллуулж өгнө үү? гэсэн хүсэлт гаргахаар нь ажиллуулсан. Өмнө нь буцааж байсан хүн мөн л буцаах боломж байсан. Тийм зүйл байхгүй. Хуулинд нарийн заагаад өгсөн заавал авах ёстой тэтгэмж. Тэтгэвэрт гарсан гэх үндэслэлээр гаргаагүй байна гэж байна. 2018 оны 01 сарын 02-ны өдөр гаргасан тушаал тэтгэвэрт гарсан учраас чөлөөлсөн байгаа. Эгүүлээд авсан тушаал нь түр орлон гүйцэтгэгчээр авсан тушаал байгаа. Түр орлон гүйцэтгэгчээр ажилласаар байгаад 2019 оны 3 сард түр орлон гүйцэтгэгчээсээ чөлөөлөгдөөд дараагийн хүн орсон. Тамгын газрын тушаалаар халсан гэж байна. Төсвийн тухай хуулийн 19.5 дээр байгаа. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг гэж байгаа. Санхүүгийн албан даргыг гэсэн заалт байхгүй. Төрийн албаны зөвлөл рүү албан ёсны тоот явуулаад санхүүгийн албаны даргыг ямар албан тушаалтан томилох ёстой юм. Төсвийн хуулийн дагуу засаг дарга томилох юм уу? эсхүл Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Тамгын газрын дарга томилох юм уу гэхэд Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Тамгын газрын дарга томилох ёстой гэсэн. Энэ бичгийг засаг даргад оруулж танилцуулахад төсвийн хуульд байдаг эрх мэдлээ шилжүүлчихье. Нэгэнт та томилох эрхтэй бол би юу гэхэв гэсэн. Тэр үед санхүүгийн албаны дарга сахилгын зөрчил гаргасан байсан. Тэрнээс засаг дарга өөрөө зугтсан юм уу? тэр эрхээ шилжүүлэхдээ давхар ийм ийм зөрчил гаргасан учир шийтгэл оногдуул гэсэн заалт оруулсан байсан. Хянаж үзэхэд сахилгын зөрчил гаргасан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Гуравдагч этгээд Х.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уг ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцож хууль журмын дагуу 2019 оны 02 дугаар сарын 3-ны өдөр Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон. Миний эрх ашиг хөндөгдөх зүйлгүй тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохгүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Д.Н-г ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилж, мөн сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар Д.Н-г үргэлжлүүлэн ажиллуулах тухай захирамж гарчээ. ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/91 дугаар захирамжаар Санхүүгийн албаны дарга бөгөөд төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх, үр дүн, мэргэжлийн түвшин, ур чадвар зэргийг үнэлж дүгнэх эрхийг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-д шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Д.Н нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Санхүүгийн албаны дарга ажилтай миний бие тэтгэвэрт гарах тэтгэмжийн мөнгө 2017 оны төсөвт тусгагдан суугдаж ирсэн тул 2017 оныг дуустал ажиллах хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгож /төлбөрийн хүсэлт/, сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар Санхүүгийн албаны дарга Д.Н өндөр настны тэтгэвэрт гарч байгаа тул 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

        Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан /хариуцагчийн тайлбарт ...Д.Н өндөр насны тэтгэвэртээ гарна гэхэд мэргэшсэн нягтлан бодогч алга байна. Та сонгон шалгаруулалт болоод дараагийн хүн томилогдох хүртэл түр ажиллах боломж байна уу.../ тэтгэвэрт гарсан Д.Нг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Санхүүгийн албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан. Энэ хугацаанд ******* сумын Засаг дарга П.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/50 дугаар албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалын сул орон тоо, ажлын байранд тавигдах шаардлага болон ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг хүргүүлсэн бөгөөд ******* сумын Засаг даргад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаар албан бичгээр санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтаны сонгон шалгаруулалтын зарыг хүргүүлж, нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалтанд оролцох иргэдийг заасан хугацаанд бэлэн байлгах талаар хариу албан бичиг хүргүүлж байсан байна.

       Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл ажлын байрны сонгон шалгаруулалт явуулж, 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 20 дугаар Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тогтоолоор ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр бүхий иргэдийг нөөцөд бүртгэн баталсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтад орж, хамгийн өндөр оноо авсан Х.Д-г ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн.

        ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах, хуулийн 27.3-т Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно... гэж заасны дагуу ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгосон Х.Д-г Санхүүгийн албаны даргад томилж, санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Н-г ажлаас чөлөөлсөнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно хуулийн 2-т Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасны дагуу иргэн өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Н нь Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тэтгэвэртээ гарахыг хүсч өргөдөл гаргаж, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тогтоосон байгааг дурдах нь зүйтэй байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-д холбогдох ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй учир хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ