| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2021/0015/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/25 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/25
2020 12 30 2021/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: Г.Ууганбаатар,
Шүүгдэгч: Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Ц.М-т холбогдох эрүүгийн 2011 0143 71124 дугаартай хэргийг 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Байгалийн Баялаг ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 2, хамтран амьдрачгийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-78б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ц.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны задгайд хохирогч М.Лувсандоржтой маргалдан улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч М.Лувсандорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эгч Түмэнжаргалын гэрт ах Лувсандорж, Жаргалсайхан нарын хамтаар очсон. Тэгтэл Ц.М халамцуу байсан бөгөөд ороод мэндэлтэл манай эгч цай чанаж дуусаад аягалах гээд ямар удаан цай чанадаг юм өдөржин цай чаналаа гэж хэлсэн бөгөөд манай Пүрэвдорж ах чи юу гээд байгаа юм бэ гэж хэлтэл Ц.М чи хэн юм гээд орноосоо босоод иртэл миний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгээд Ц.М гараад явсан ...надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бие одоо зүгээр байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/
Гэрч М.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Одоогоос арваад хоногийн өмнө Завхан аймгаас Улаанбаатар хотод миний хамгийн бага дүү Лувсандорж ирсэн. Өнөөдөр оройн 21 цагийн үед төрсөн эгч Түмэнжаргал утасдаад бид нарыг гэртээ ирж цай уу гэсний дагуу би ажлаасаа бууж ирээд Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 19-н задгайд байх гэрт нь манай эхнэр Үндсэнчулуун, төрсөн дүү Жаргалсайхан, түүний эхнэр Болормаа, бага дүү Лувсандорж бид тав очсон. Бид нарыг эгч Түмэнжаргалын гэрт нь очиход эгчийн хамтран амьдрагч Ц.М нь гэрийнхээ баруун талын орон дээр цаашаа хараад гар утсаараа оролдоод хэвтэж байсан. Бид нарыг орж ирээд суухад нь “пизда нар” гээд манай гээд манай эгч Түмэнжаргал цай чанаад бид нарт аяганд хийж өгч байхад эгч рүү учир зүггүй уурлаад “ямар удаан цай чанадаг юм бэ” гээд хэрүүл өдөөд байхаар нь би Ц.Мд хандан “та яахаараа бид нарыг пиздагаар дууддагийн бэ” гэсэн чинь Ц.М би та нарыг юу гэж дуудсан яадгийн гээд ороноосоо огцом босоод ирэхэд манай бага дүү Лувсандорж гэнэтхэн уурлаад сууж байсан сандал дээрээс босож ирээд харилцан хоорондоо бие биенийгээ заамдалдан барилцаж авсан. Тэгсэн манай дүү Лувсандорж миний зүүн талын суганы доод талаас цус гараад байна гэсний дагуу харахад Ц.М хутгаар хутгалсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,
Гэрч М.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай эгч Түмэнжаргал гэрт ирж цай уу гэж хэлсэн ба Лувсандорж, Пүрэвдорж бид нар очсон. Гэрт нь ороод суутал Ц.М халамцуу байсан ба ингээд юм ярих гээд байж байтал Ц.М том том яриад байсан ба манай дүү Лувсандорж чи одоо юу гээд байгаа юм согтуу байсан юм бол яах гэж дуудсан юм гэж хэлтэл Ц.М ширээн дээр байсан хутгаа аваад цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалсан. Ингээд би цагдаагийн байгууллагад 86864664 дугаараас цагдаагийн байгууллагад хандсан. Энэ үед Ц.М зугатаасан бөгөөд хайж олоод аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн №8831 дугаар дүгнэлт: 1. М.Лувсандоржийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,
Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг “...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эхнэр Түмэнжаргалын хамтаар ЧД- ийн 12 дугаар хороо Булгийн 19-1002 тоотод гэртээ 1 шил 0.5 литрийн архи уусан байсан. Тэгсэн манай эхнэрийн дүү нар болох Пүрэвдорж, Шаравдорж, Лувсандорж нар манай гэрт 21 цагийн үед ирсэн. Тэгээд гаднаас хүмүүс ирэхээр нь цай, хоол өгөөрэй гээд эхнэр Түмэнжаргалд хэлэхэд цай чанаагүй байна гэхээр нь тухайн үедээ миний уур хүрээд үхсэн хийгээд цайгаа чанаагүй байгаа вэ? гээд орилоод уурласан чинь манай эхнэрийн дүү нар над руу эгчийгээ өмөөрөөд дайраад байхаар нь би ширээн дээр байсан хутгыг аваад Лувсандоржийн цээжний хэсэг рүү нэг удаа хатгасан юм. Тэгсэн над руу Шаравдорж, Пүрэвдорж нар чи манай дүүг хутгалчихлаа гээд дайрахаар нь би гэрээс гараад зугтаагаад дэлгүүр ороод 1 шил архи аваад ганцаараа уучхаад явж байгаад цагдаагийнханд баригдсан юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58-р хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 13-р хуудас/,
Шүүгдэгч Ц.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39-р хуудас/
Шүүгдэгч Ц.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40-р хуудас/
Шүүгдэгч Ц.М хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 41-52-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч М.Лувсандорж, шүүгдэгч Ц.М нарын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 61-62-р хуудас/
Яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 71-р хуудас/
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны задгайд хохирогч М.Лувсандоржтой маргалдан улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, цэнхэр цагаан өнгийн бариултай, ажлын хэсгийн урт нь 15 см, нийт урт нь 28 см хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогчийн цээжний зүүн хэсэгт хутгаар нэг удаа хутгалж хүний биед цээжинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.Лувсандорж, гэрч М.Пүрэвдорж, М.Жаргалсайхан нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Мы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн №8831 тоот дүгнэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.М үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос шүүгдэгч Ц.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх дүгнэлт:
Хохирогч М.Лувсандорж нь “...надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бие одоо зүгээр байна” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч М.Лувсандоржийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр, цагаан өнгийн бариултай нийт урт нь 28 см урттай хутга 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг үндэслэн, улсын яллагчийн саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв:
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.М-д сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр, цагаан өнгийн бариултай нийт урт нь 28 см урттай хутга 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг үндэслэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР