| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/93 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.У |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/93
2021 01 18 2021/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Н.У000
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.О
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Н.Х, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Л холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00000 0000 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1953 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо За хэсэг Улиастай гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б......овогт Л /РД:сн00010875/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Б нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монбет” автомашины сэлбэгийн худалдааны төвийн урд Тоёота “Приус-20” маркийн 27-42 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарж байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулагддаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 21 настай О.Э мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Бн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Машинд мөргүүлсэн охин бол миний ганц охин. Осолд өртсөний дараа би охиноо сахисан. Охин ослын дараа ямар сургуульд сурч байгаагаа ч мэдэхгүй байсан. Жолооч замдаа хүн аваад 50-60 цагийн хурдтай давхиж ирээд миний охиныг шидэгдтэл мөргөсөн байсан. Явган хүний гарц дээр 6 хүүхэд зогсож байсан. Тэдний нэг нь миний охин. Осол болсны дараа 4 хоногийн дараа Б.Н уулзсан. Би Болдод “Гомдол гаргаж шүүх цагдаагаар явахгүй. Та харин холбоо барьж байгаарай” гэж гэсэн. Гэтэл надтай ерөөсөө холбоо бариагүй.Тээврийн хэрэгсэл нь ямар ч шаардлага хангаагүй гэдгийг нотолсон байгаа. Миний охин толгойгоороо унасан. Мэс засал хийх гэсэн чинь манай хүүхэд төмрийн харшилтай учир төмөр хийлгээгүй. Өнөөдөр хүүхдийн гипсийг авч чадахгүй байна. Болдоос хохиролд 450.000 төгрөгийг дансаар авсан. Тэгэхдээ өнөөдөр 450.000 төгрөгөөс 280.000 төгрөгөөр 2 эм авсан. Гэмтлийн эмнэлэгт 100.000 төгрөг төлсөн. Тархины томографын зураг авхуулсан. Эмнэлэгт хэвтэх гэсэн боловч хэвтүүлэх ор байхгүй гэхэд нь төлбөртэй буюу өдрийн 10.000 төгрөгийн өрөөнд орж 5 хоносон. Энэ зардалд Б өгсөн мөнгийг зарлагадсан. Цаашид тархины имра авахуулна. Охинд мэс засал хийлгэнэ. Мэс засал хийлгэхэд 700.000 төгрөг төл гэсэн. Бид нар болсон процессынх нь зардлыг гаргаж өгнө” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13, 15 хуудас/,
Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 хуудас/,
Хууль ёсны төлөөлөгч К.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Манай охин Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 8а ангид сурдаг. Осол болдог өдөр Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд ангийн хүүхдүүдтэйгээ тоглож байгаад заалнаас гэрлүүгээ харих гэж яваад зам тээврийн осолд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11659 дугаартай шинжээчийн “О.Э биед баруун шилбэний дотор хавчаар ясны хугарал, тархи доргилт, баруун шуу, сарвуу, зүүн гуя, зүүн шагайд цус хуралт, толгойн хуйх, зүүн шагайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун шилбэний дотор, хавчаар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-29 хуудас,
Мөрдөгчийн “Приус-20 маркийн 27-42 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарж байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа /хх-ийн 40 хуудас/,
Яллагдагч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2 хүн гараа өргөөд зогсож байхаар нь зогсож тэр хоёр хүнийг аваад хөдөлж яваад буруу хараад нөгөө 2 хүнтэйгээ юм ярьж байгаад гарцаар гарч явсан хүнийг анзааралгүй мөргөөд зогссон” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монбет авто машины сэлбэгийн худалдааны төвийн урд Тоёота Приус 20 маркийн 27-42 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарж байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 13 настай, эмэгтэй О.Э мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан: Шүүгдэгч Л.Б “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.О “Жолооч замдаа хүн аваад 50-60 цагийн хурдтай давхиж ирээд миний охиныг шидэгдтэл мөргөсөн байсан. Явган хүний гарц дээр 6 хүүхэд зогсож байсан. Тэдний нэг нь миний охин. Миний охин толгойгоороо унасан. Ослын процессыг харахад хүүхдийг 3-4 километр шидсэн байсан. Арай хорьчихгүй байх гэж бодож байна. Бүтэн 3 сар гаруй болоход Болд нэг ч удаа яриагүй” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13, 15 хуудас/, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-9 хуудас/, насанд хүрээгүй хохирогч О.Э хууль ёсны төлөөлөгч К.О “Осол болдог өдөр Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд ангийн хүүхдүүдтэйгээ тоглож байгаад заалнаас гэр рүүгээ харих гэж яваад зам тээврийн осолд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11659 дугаартай шинжээчийн “О.Э биед баруун шилбэний дотор хавчаар ясны хугарал, тархи доргилт, баруун шуу, сарвуу, зүүн гуя, зүүн шагайд цус хуралт, толгойн хуйх, зүүн шагайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Баруун шилбэний дотор, хавчаар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-29 хуудас/, мөрдөгчийн “Л.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарж байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа /хх-ийн 40 хуудас/, яллагдагч Бн “2 хүн гараа өргөөд зогсож байхаар нь зогсож тэр хоёр хүнийг аваад хөдөлж, буруу харж нөгөө 2 хүнтэйгээ юм ярьж байгаад гарцаар гарч явсан хүнийг анзааралгүй мөргөөд зогссон” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Тээврийн прокурорын газраас Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Б “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.О гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 411.844 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Л.Б 450.000 төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч О.Э хууль ёсны төлөөлөгч цаашид имра зураг авахуулах, мэс засал хийлгэхээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн учраас энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Л.Б нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Б нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, саналын үндэслэлээ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх боломж олгохын тул дээрх торгуулийн хэмжээг санал болгосон гэж тайлбарласан, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Х нар эрүүгийн хариуцлагын саналтай маргаагүйг дурдвал зохино.
Шүүгдэгч Л.Б хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй байхаар хуульчилсан бөгөөд шүүх торгох ялыг хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүхээс Л.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар учирсан хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэтгэвэрт гарсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б нь сүүлийн үед чих хатуу юм сонсохоор муу болсон, хараа муудсан талаар илэрхийлсэн ба хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн тусламжтайгаар хурлын процесст оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй. Иймд шүүгдэгчийн 68 настай, хараа, сонсгол муу, халтуур хийж мөнгө олдог гэх нөхцөл байдалд дүгнэлт хийж, дахин энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил хасах нэмэгдэл ял хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Б цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Л-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хугацаагаар хассугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Боногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тайлбарлан мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт диск ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ