| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/01082/и |
| Дугаар | 1042 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 1042
| 2017 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2017/01042 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат, 9-1 тоотод байрлах “Летфорекс ББСБ” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9015001105, регистрийн дугаар 5202558/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, оффисын 35 дугаар байранд байрлах “Могулскай” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011078102, регистрийн дугаар 5087384/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 483,754,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар /1023/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс /0415/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Летфорекс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, өмгөөлөгч Р.Болдбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Могул скай” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 270,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2-д “Зээлдэгч гэрээний хавсралт 1-д дурдсан хуваарийн дагуу авсан зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй” гэж заасан. Зээлдэгч “Могул скай” ХХК нь нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 240,000,000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 207,480,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,276,000 төгрөг, нийт 483,754,000 төгрөгийн өр төлбөртэй байна. Зээлдэгч “Могул скай” ХХК нь зээл авсанаас хойш зээл, зээлийн өр төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж, зээл, хүүний төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй болно. Дээрх өр төлбөртэй холбогдуулан манай банк бус санхүүгийн байгууллага Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч хариуцагч “Могул скай” ХХК нь өргөдөлд дурдсан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болохыг тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоосон тул эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан. Улмаар “Могул скай” ХХК-ийг эрэн сурвалжлуулах ажиллагаа хийлгэж, тус компанийн ерөнхий захирал Д.Жаргалсайхан, гүйцэтгэх захирал Д.Болд нарын оршин суух хаягийг тогтоож эвлэрүүлэн зуучлалд дахин хандсан боловч “Могул скай” ХХК-тай зээлийн гэрээний нийт үнийн дүн дээр тохиролцоонд хүрээгүй тул 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 70 тоот албан тоотоор эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон. Иймд “Могул скай” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 483,754,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Могул скай” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан этгээд эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулна гэж заасан. Хуулийн 7.1-д зээлтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулсан зохицуулалт байгаа. Нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагын Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа, хавсралтад заагдсан огноо байгаа. Энэ дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон огноо 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгосон. Энэ хугацаа 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусч байгаа. Гэрээг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Гэрээ байгуулах үед тусгай зөвшөөрөл хүчинтэй байж байгаад гэрээ байгуулснаас хойш сар 7 хоногийн дараа зөвшөөрөл дуусгавар болсон байгаа. Тэгэхээр үүнээс хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг Банк бус санхүүгийн байгууллага нэхэмжлэх эрхгүй. Харин тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацааны буюу нэг сарын хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөд татгалзах зүйлгүй. Үндсэн зээлийг төлөх нь ойлгомжтой. Үндсэн зээлээс 59,000,000 төгрөгийн үндсэн зээлийн төлөлт хийгдсэн гэж үзэж байгаа” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Летфорекс ББСБ” ХХК нь хариуцагч “Могул скай” ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 240,000,000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 207,480,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,276,000 төгрөг, нийт 483,754,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч “Могул скай” ХХК нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа дууссан тул хүчинтэй байх хугацааны буюу нэг сарын хүү болон нэмэгдүүлсэн хүүг, үндсэн зээлийн хамт төлөх үндэслэлтэй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч “Могул скай” ХХК нь нэхэмжлэгч “Летфорекс ББСБ” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 0001536 дугаартай зээлийн гэрээг байгуулж 270,000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-10-12/
Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
Зээлийн гэрээний дагуу “Летфорекс ББСБ” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 100,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 170,000,000 төгрөгийг бэлнээр олгосон нь мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх-13/
Хариуцагч “Могул скай” ХХК нь “...нэхэмжлэгч “Летфорекс ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгогдсон тул 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дууссан, зээлийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан, зээлийн гэрээ байгуулснаас хойш сар 7 хоногийн дараа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул үүнээс хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхгүй...” гэх тайлбарыг гаргаж маргасан.
Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар тогтоолоор “Летфорекс” ХХК-д Улаанбаатар хотод банк бус санхүүгийн зээлийн болон гадаад валют арилцааны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч 1/131 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна. Уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тусгай зөвшөөрлийг 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгосон тэмдэглэл хийгджээ. /хх-6-8/
Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаар “Банк бус санхүүгийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгох тухай” тогтоолоор нэр бүхий 258 банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон. Энэ тогтоолын хавсралтын 114 дугаарт “Летфорекс ББСБ” ХХК-ийн нэр дурдагдсан байх тул тогтоол гарсан өдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс тус компанийн тусгай зөвшөөрөл хугацаагүй болсон байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заасан.
Нэхэмжлэгч “Летфорекс ББСБ” ХХК болон хариуцагч “Могул скай” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 240,000,000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 207,480,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,276,000 төгрөг, нийт 483,754,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Зохигчид зээлийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, 270,000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсоны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 270,000,000 төгрөгийг авч 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10,430,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 34,530,000 төгрөг, нийт 59,960,000 төгрөг төлсөнөөс үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, хүүний төлбөрт 29,960,000 төгрөг тооцсон нь зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагын талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн нэмэгдүүлсэн хүүг тооцох заалттай нийцэхгүй байна. Учир нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.15 дахь заалтад “Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ энэхүү гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй нөхцөлд зээлийн төлөх хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гэрээний үүргийг биелүүлж дуустал нэмэгдүүлсэн хүүг хууль болон журамд зааснаар төлөх хариуцлага хүлээх ба нэмэгдүүлсэн хүүг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэсэн зохицуулалтаас үзвэл хуулиар нэмэгдүүлсэн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон бөгөөд харин гэрээний талууд тухайн хязгаар дотор нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоох нь тэдний хүсэл зоригт нийцнэ. Иймд нэмэгдүүлсэн хүүгийн талаар зохигчид гэрээгээр тохиролцоогүй гэж үзэж нэмэгдүүлсэн хүү 36,274,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь 270,000,000 төгрөгийн зээлийг олгохдоо 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 100,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 170,000,000 төгрөгийг олгосон байх тул зээлийг олгосон өдрөөс нь хүү тооцох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь зээлийн хүүг сарын сүүл буюу 30, 31-ний өдрөөр тооцсон байх тул 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон 100,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр олгосон 170,000,000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр 3,5 хувиар тус тус тооцоход 100,000,000 төгрөгийн 8 хоногийн хүү 933,333.33 төгрөг, 170,000,000 төгрөгийн 5 хоногийн хүү 991,666.66 төгрөг, нийт 1,924,999.99 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч нь хүүнд 1,050,000 төгрөг, 2,240,000 төгрөг, нийт 3,290,000 төгрөг тооцсон байна. 2014 оны 06 дугаар сараас нийт зээл 270,000,000 төгрөгөөс хүү тооцох үндэслэлтэй.
Хариуцагч нь Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 270,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг төлсөн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 240,000,000 төгрөгөөс хүү тооцох нь зүйтэй байна. Зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар тооцож үзэхэд зээлдэгч нь хүүнд 201,915,000 төгрөг төлөх үндэслэлтэй.
Иймд хариуцагч “Могул скай” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 240,000,000 төгрөг, зээлийн хүү 201,915,000 төгрөг, нийт 441,915,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Летфорекс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41,839,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Могул скай” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 441,915,000 /дөрвөн зуун дөчин нэгэн сая есөн зуун арван таван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Летфорекс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41,839,000 /дөчин нэгэн сая найман зуун гучин есөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,576,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Могул скай” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 2,367,525 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Летфорекс ББСБ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР