| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/33 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/33
2021 01 13 2021/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт Н.М-т холбогдох эрүүгийн 2009000001550 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй одоо ... амьдардаг, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Н.М- нь:
- 2020 оны 11 дүгээр сарын 23, 29-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 10 дугаар байрны 3 дугаар орцны Б1 давхрын 00 тоот гэртээ хамтран амьдрагч С.Оюунзултай үл ойлголцсоны улмаас хэрүүл маргаан үүсгэн түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Оюунзул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 11 дүгээр сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 3 дугаар орцны Б1 давхарт байрлах гэртээ байхад нөхөр Н.М- нь надаас бичиг баримт нэхээд байхаар нь “Чи өөрөө авч явсан биз дээ” гэж хэлсэн. Ингээд бид 2 маргалдаж над руу уурлаад миний толгой руу 2 удаа цохиж, хөл рүү өшиглөхөөр нь би гэрээсээ гараад явсан гэжээ. / хх 3-7 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13294 дугаартай дүгнэлтэнд:
1. С.Оюунзулын биед зүүн гуянд зулгаралт, зүүн бугалга, баруун гуя шилбэ, зүүн өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзүүлэхээс 5-8 хоногоийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн өвдөг, шилбэний цус хуралт, баруун гуя болон баруун шилбэний цус хуралт нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. / хх 10-11 /
Яллагдагч Н.М- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би эхнэр С.Оюунзулаас бичиг баримтаа асуухад мэдэхгүй гээд над руу уурлаад намайг хөөгөөд байсан. Тухайн үед би уурандаа С.Оюунзулын аль хөлөнд өшиглөснөө санахгүй байна. Ямартай ч 2-3 удаа хөл рүү нь өшиглөхөд С.Оюунзул гэрээс гараад явсан гэжээ. / хх 8 /
Шүүгдэгч Н.М-ыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 8 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 25 / зэрэг болно.
Шүүгдэгч Н.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Н.М- нь 2020 оны 11 дүгээр сарын 23, 29-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 10 дугаар байрны 3 дугаар орцны Б1 давхрын 00 тоот гэртээ хамтран амьдрагч С.Оюунзултай маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Н.М- нь надаас бичиг баримт нэхээд байхаар нь “Чи өөрөө авч явсан биз дээ” гэж хэлснээс маргалдаж, над руу уурлаад миний толгой руу 2 удаа цохиж, хөл рүү өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Оюунзулын мэдүүлэг / хх 3-7 /, ...Тухайн үед би уурандаа С.Оюунзулын аль хөлөнд өшиглөснөө санахгүй байна. Ямартай ч 2-3 удаа хөл рүү нь өшиглөхөд С.Оюунзул гэрээс гараад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.М-ын мэдүүлэг / хх 8 /, ... С.Оюунзулын биед зүүн гуянд зулгаралт, зүүн бугалга, баруун гуя шилбэ, зүүн өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13294 дугаартай дүгнэлт / хх 10-11 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Н.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.М- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч С.Оюунзул нь нэхэмжлэх зүйлгүй / хх 41 / гэсэн тул Н.М-ыг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.М-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Н.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.М- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.М- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ