| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01254/и |
| Дугаар | 1064 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 1064
| 2017 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2017/01064 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 259 тоотод оршин суух Насан Очирт овогт Бизъяагийн Пүрэвсүрэн /Регистрийн дугаар ХМ40031510/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н.Нямсүрэн /Регистрийн дугаар АЮ90101311/, н.Лхагвасүрэн /Регистрийн дугаар АЮ92071537/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 2 дугаар багийн харьяат н.Нямсүрэн, н.Лхагвасүрэн нар Б.Пүрэвсүрэн миний Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 12 дугаар гудамж, 309б тоот хашаанд байдаг амины орон сууцанд 2014 оны 11 дүгээр сарын 01-нд 203 тоот өрөөнд аман гэрээгээр сар болгон 210,000 төгрөг төлөөд ус, хог, гэрлийн мөнгийг тусдаа төлөхөөр тохиролцон суусан билээ. Суух хугацаандаа 2015 оны 3 дугаар сар хүртэл төлбөрөө төлсөн, 4-5 сарын мөнгөө өгөөгүй. 4 сараас цувж нүүсээр 6 сард бүрэн гарсан. Тэгэхдээ удаа дараа ирсэн боловч н.Лхагвасүрэнгээс мөнгөө ав гээд өгөөгүй. Мөн 2015 оны 09 сарын 02-нд ирж дүүтэйгээ хамт орно гэж Нямсүрэн аман гэрээгээр тохиролцон 210,000 төгрөг төлөөд сар болгоны эхэнд өгч байхаар болсон. Орсноосоо хойш 5 сар мөнгөө төлөөд 2016 оны 02 сард 70,000 төгрөг өгөөд 130,000 төгрөгийг өгөөгүй. Тэрнээс хойш 3-4 сарын төлбөрөө өгөөгүй, байрны хөлс 530,000 төгрөг, ус, гэрэл, хог нийлээд 36,600 төгрөг, нийт 566,600 төгрөг өгөлгүй зугтаагаад байна. 2015-2016 онуудад нийт 1,071,000 төгрөг өгөөгүй юм. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгөөд зарлан дуудах өгсөн боловч очоогүй, байрнаасаа нүүж олдохоо байсан. Хаяг нь тодорхой биш учир шүүх хүлээн авахгүй байна. н.Нямсүрэн нь Батлан хамгаалах их сургуульд энгийнээр ажилладаг байсан. Би хэд хэд очсон боловч зугтаагаад олдоогүй. Иймд н.Нямсүрэн, н.Лхагвасүрэн нарыг эрэн сурвалжилж өгөхийг хүсье” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэн нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н.Нямсүрэн /Регистрийн дугаар АЮ90101311/, н.Лхагвасүрэн /Регистрийн дугаар АЮ92071537/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Б.Пүрэвсүрэн нь байрны түрээсийн төлбөр 1,071,000 төгрөгийг н.Нямсүрэн, н.Лхагвасүрэн нараас гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амьдран сууж байсан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран, 12 дугаар гудамж, 309б тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч уг хаягт байхгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах боломжгүй болсон байна. /хх-3/
Иймд, н.Нямсүрэн, н.Лхагвасүрэн нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуарангийн 12 дугаар гудамж, 309б тоот хаягт түр оршин сууж байсан н.Нямсүрэн /Регистрийн дугаар АЮ90101311/, н.Лхагвасүрэн /Регистрийн дугаар АЮ92071537/ нарыг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР