Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/368

 

 

 

 

 

 

 

 

 

  2021         03         19                             2021/ШЦТ/368

 

                       

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч М.Түмэннаст, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

иргэдийн төлөөлөгч Ч.Алтанзул,

улсын яллагч Ц.Ганцэцэг,  

шүүгдэгч А.О., түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т. овогт А.гийн О.д холбогдох эрүүгийн 2106 00000 0051 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагаан давааны түүхий эдийн газарт ачигч хийдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт  оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3571 дүгээр захирамжаар дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, ялын хугацаа дууссан, Т. овогт А.гийн О..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.О. нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод байрлах “Баян-Улаан” хүнсний дэлгүүрт иргэн Л.Нямцэрэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор “мөнгө өг” гэж хэлэн чулуугаар цохих, шилээр зүсэх зэргээр хүч хэрэглэж, улмаар шилний хагархайг хохирогчийн хүзүүнд тулган биед нь гэмтэл учруулахаар заналхийлэн довтолж, дэлгүүрийн орлого болох бэлэн 140.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

мөн дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Л.Нямцэрэнгийн толгой руу чулуугаар цохиж, шилэн лангуу руу түлхэж унагаан шилэн лангууг хагалж, улмаар хагарсан шилээр хоолой, чих, хацар, шанаа, гарыг нь зүсэж, эрүүл мэндэд нь “духны баруун, зүүн шанаа, хүзүү, зулай, дагзны хуйх, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 20-760а тоотод байрлах нийтийн байрны 14 тоот өрөө буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Л.Энхчулууны эзэмшлийн 32 инчийн Самсунг брэндийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Иргэдийн төлөөлөгч Ч.Алтанзул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ ойлгож байна. Тиймээс гэм буруутай гэж үзэж байна” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14/,

- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 18/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20/,

- Эд зүйл, баримт бичиг хүлээж авсан мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 38-43/,

- Хохирогч Л.Нямцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамж, 261 тоотод байрлах 6 нэрийн “Баян-Улаан” нэртэй хүнсний дэлгүүр дотор худалдаа хийгээд сууж байтал орой 20 цаг 15 минутын орчим манай дэлгүүрээр байнгын үйлчлүүлдэг зүс таних 20 орчим насны залуу орж ирээд “тамхи байна уу, тамхи авъя” гэж хэлээд “Майлд” гэх нэртэй тамхи авъя гэж хэлсэн. Би тамхи авч өгөх гэтэл гэнэт гартаа чулуу барьчихсан байж байгаад тэр чулуугаараа миний толгойн тус газар нэлээн олон удаа цохиж, тэр залуу бид хоёр хоорондоо ноцолдож, манай шилэн лангуун дээр намайг түлхэж унагаан, шилэн лангуу хагарахад лангууны хагарсан шилээр миний хоолой, чих, хацар, шанаа, зүүн гар гэх мэт газар луу маш олон удаа хатгаж, зүсэж, намайг гэмтээгээд “мөнгө өг” гэж хэлээд манай дэлгүүрийн өнөөдрийн орлого болох 140.000 төгрөгийг дээрэмдэж аваад, намайг мөнгөө өгөхгүй бол ална гээд миний хоолойн тус газар лангууны хагархай шилээр тулгаж, зүсэж сүрдүүлсэн. Тэгээд би аргагүйн эрхэнд тэр зүс таних залууд 140.000 төгрөгийг гаргаж өгсөн. Би өөрийн эмчилгээнд зарцуулсан 343.600 төгрөг, дэлгүүрийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орлого болох 140.000 төгрөг, мөн лангууны шил, 3 ширхэг 12 литрийн хуванцар хувин, 5 кг сахар, 14 метрийн урттай шалны хулдаас, төмс 20 кг, лууван 3 кг, сонгино 5 кг, байцаа 2 кг-ийг нэхэмжлэх болно. Дээрх лангууны шил хагарсан, бусад бараа нь цусаар бохирлогдсон байгаа тул шууд хаясан. 14 метрийн хулдаас шинээр худалдаж авч хийсэн. Дээрх эд зүйлийн үнэлгээг хийлгэж нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-31/,

- Гэрч Х.А.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А.О. ажлаасаа ирэхдээ 27.000 төгрөгтэй ажиллалаа гэж ирээд гэртээ 10.000 төгрөгөөр ойр зуурын юм авчраад 19 цаг өнгөрч байхад хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 730 тоот: “Л.Нямцэрэнгийн биед духны баруун, зүүн шанаа, хүзүү, зулай, дагзны хуйх, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 59-61/,

- Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын №55 тоот: “А.О. нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. А.О. тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдаж чадаж байсан байна. А.О. нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. А.О. нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна. А.О. сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.О. нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. А.О. нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх эмнэлгийн бичиг баримт, шинж тэмдэг үгүй байна. А.О. нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

- “Дамно” ХХК-ийн 203.978 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 75-76/,

- А.О.ын яллагдагчаар өгсөн: “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шар хадны арын ууланд ганцаараа хоёр лааз пиво авч гараад уугаад, ууж дуусчихаад уулнаас буугаад дэлгүүр орж тамхи авах санаатай явж байгаад эхний гудамж эргээд байдаг улаан тоосгон 1 давхар дэлгүүр лүү ороод тамхи авахаар 1000 төгрөг өгч байснаа санаж байна. Тэрнээс хойшхи хэсэг зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд дэлгүүрийн шилэн лангуу хагарчихсан, газраар нэг цус болохоор гэнэт айгаад цаасан хайрцагтай бэлэн мөнгө харагдахаар нь аваад зугатаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 125/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 126-131/,

- “Дамно” ХХК-ийн 32 инчийн зурагтыг 192.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 149-150/,

- Хохирогч Л.Энхчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “22 цаг болж байхад хаалгаа түгжээд унтсан. Тэгээд өглөө 05:10 минут болж байхад сэрээд зурагт байхгүй болсон байсан. Авдар дээр байсан 32 инчийн Самсунг зурагт алга болсон байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/,

- Гэрч Б.Ууганбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай найз охины түрээслэдэг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, нийтийн байранд ирж манай найз охин Адъяасүрэн, Уранжаргал бид гуравтай хамт хоносон юм. Тэгээд өчигдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр оройн 18 цагийн үед манай найз Уранчимэг нь хүүхдүүдийнхээ хувцсыг угаах гээд хажуу талын айлын эгчийн угаалгын машиныг нь гуйчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь манай найз Уранжаргал нь хажуу талын эгч ганцаардаад байна, хоёулаа 0.33 литрийн архи хуваагаад уучихъя гэхээр нь би хуваагаад уучихлаа гэж хэлсэн. Манай найз Уранжаргал нь тухайн хажуу талын айлын эгчийн гэрт ороод хүүхдүүдийнхээ хувцсыг угаагаад орой 22 цагийн орчимд дууссан. Тэгээд манай  найз охин Уранжаргал хоёр гадуур гарч хүнтэй уулзах гээд 22 цаг өнгөрч байхад гарсан. Тэгэхээр нь би бас найзтайгаа очиж уулзах гээд гэрээсээ гараад явсан юм. Бид нарыг гэрээс гарсны дараа манай найз болох О. нь Уранжаргалын 2  хүүхдийг хараад гэрт үлдсэн байсан. Би найз болох Тулгаа, Түшигээ нарын гэрт нь очиж уулзаад тэндээ 2 пиво уусан. Тэгээд би тухайн пивийг ууж дуусаад гэртээ очиход манай найз болох О. нь байхгүй байсан ба Уранжаргалын хоёр хүүхэд унтаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143/,

- А.О.ын яллагдагчаар өгсөн: “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тэр өрөөний жижиг цонх нь онгорхой байсан, тэр цонхоор ороход эзэн нь ганцаараа унтаж байхаар нь би цонхоор нь оронгуут хажуу талд байсан 32 инчийн зурагтыг аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 119/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Яллагдагчаар цагдан хорих тухай” 34/я дугаар захирамж /хх-ийн 193/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            А.О. нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод байрлах “Баян-Улаан” хүнсний дэлгүүрт иргэн Л.Нямцэрэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор “мөнгө өг” гэж хэлэн чулуугаар цохих, шилээр зүсэх зэргээр хүч хэрэглэж, улмаар шилний хагархайг хохирогчийн хүзүүнд тулган биед нь гэмтэл учруулахаар заналхийлэн довтолж, дэлгүүрийн орлого болох бэлэн 140.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

мөн дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Л.Нямцэрэнгийн толгой руу чулуугаар цохиж, шилэн лангуу руу түлхэж унагаан шилэн лангууг хагалж, улмаар хагарсан шилээр хоолой, чих, хацар, шанаа, гарыг нь зүсэж, эрүүл мэндэд нь “духны баруун, зүүн шанаа, хүзүү, зулай, дагзны хуйх, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн 2020 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 20-760а тоотод байрлах нийтийн байрны 14 тоот өрөө буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Л.Энхчулууны эзэмшлийн 32 инчийн Самсунг брэндийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 192.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            - Хохирогч Л.Нямцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамж, 261 тоотод байрлах 6 нэрийн “Баян-Улаан” нэртэй хүнсний дэлгүүр дотор худалдаа хийгээд сууж байтал орой 20 цаг 15 минутын орчим манай дэлгүүрээр байнгын үйлчлүүлдэг зүс таних 20 орчим насны залуу орж ирээд “тамхи байна уу, тамхи авъя” гэж хэлээд “Майлд” гэх нэртэй тамхи авъя гэж хэлсэн. Би тамхи авч өгөх гэтэл гэнэт гартаа чулуу барьчихсан байж байгаад тэр чулуугаараа миний толгойн тус газар нэлээн олон удаа цохиж, тэр залуу бид хоёр хоорондоо ноцолдож, манай шилэн лангуун дээр намайг түлхэж унагаан, шилэн лангуу хагарахад лангууны хагарсан шилээр миний хоолой, чих, хацар, шанаа, зүүн гар гэх мэт газар луу маш олон удаа хатгаж, зүсэж, намайг гэмтээгээд “мөнгө өг” гэж хэлээд манай дэлгүүрийн өнөөдрийн орлого болох 140.000 төгрөгийг дээрэмдэж аваад, намайг мөнгөө өгөхгүй бол ална гээд миний хоолойн тус газар лангууны хагархай шилээр тулгаж, зүсэж сүрдүүлсэн. Тэгээд би аргагүйн эрхэнд тэр зүс таних залууд 140.000 төгрөгийг гаргаж өгсөн. Би өөрийн эмчилгээнд зарцуулсан 343.600 төгрөг, дэлгүүрийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орлого болох 140.000 төгрөг, мөн лангууны шил, 3 ширхэг 12 литрийн хуванцар хувин, 5 кг сахар, 14 метрийн урттай шалны хулдаас, төмс 20 кг, лууван 3 кг, сонгино 5 кг, байцаа 2 кг-ийг нэхэмжлэх болно. Дээрх лангууны шил хагарсан, бусад бараа нь цусаар бохирлогдсон байгаа тул шууд хаясан. 14 метрийн хулдаас шинээр худалдаж авч хийсэн. Дээрх эд зүйлийн үнэлгээг хийлгэж нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 730 тоот: “Л.Нямцэрэнгийн биед духны баруун, зүүн шанаа, хүзүү, зулай, дагзны хуйх, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

            - А.О.ын яллагдагчаар өгсөн: “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шар хадны арын ууланд ганцаараа хоёр лааз пиво авч гараад уугаад, ууж дуусчихаад уулнаас буугаад дэлгүүр орж тамхи авах санаатай явж байгаад эхний гудамж эргээд байдаг улаан тоосгон 1 давхар дэлгүүр лүү ороод тамхи авахаар 1000 төгрөг өгч байснаа санаж байна. Тэрнээс хойшхи хэсэг зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд дэлгүүрийн шилэн лангуу хагарчихсан, газраар нэг цус болохоор гэнэт айгаад цаасан хайрцагтай бэлэн мөнгө харагдахаар нь аваад зугатаасан.” гэх мэдүүлэг,

            - Хохирогч Л.Энхчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “22 цаг болж байхад хаалгаа түгжээд унтсан. Тэгээд өглөө 05:10 минут болж байхад сэрээд зурагт байхгүй болсон байсан. Авдар дээр байсан 32 инчийн Самсунг зурагт алга болсон байна.” гэх мэдүүлэг,

             - А.О.ын яллагдагчаар өгсөн: “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тэр өрөөний жижиг цонх нь онгорхой байсан, тэр цонхоор ороход эзэн нь ганцаараа унтаж байхаар нь би цонхоор нь оронгуут хажуу талд байсан 32 инчийн зурагтыг аваад гарсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон иргэдийн төлөөлөгчийн гаргасан “...шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.О.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь чулуу, шилний хагархайг аливаа эд зүйлийг устгах, гэмтээхэд зориулан бэлтгээгүй бөгөөд энэ нь харагдах байдлаараа байгалийн бүтээгдэхүүн учир тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэн гэж үзэхээргүй тул хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй.” гэж тайлбарлан маргасан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа амьд болон бусад биетийг устгах, гэмтээх чадвартай эд зүйлийг хамааруулан авч үздэг.

            Тухайлбал, Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн холбогдох хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 03 дугаар тогтоолд “Зэвсгийн чанартай бусад зүйл буюу хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох ...чулуу, шил гэх мэт эд зүйлийг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эсэх нь ...зүйлчлэхэд нөлөөлөхгүй.” гэжээ. Өөрөөр хэлбэл, байгальд ердийн бүтэц, шинжээрээ оршин байх эд зүйл, мөн тодорхой хүчний нөлөөнөөс хагарч, хурц ирмэг бүхий шил зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд зайлшгүй засаж тохируулсан, эсхүл урьдаас бэлтгэгдсэн байхыг шаардахгүй бөгөөд нэгэнт байгалийн өвөрмөц шинжээрээ хүний оролцоотойгоор бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах чадвартай тул “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэх тодорхойлох диспозицэд хамаарч, бусдад хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болж байна.

Иймд шүүгдэгч А.О.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хохирогч Л.Нямцэрэнд 343.978 төгрөгийн, хохирогч Л.Энхчулуунд 192.000 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.О.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан буюу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцож, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт нь 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн А.О.ын нийт эдлэх ялыг 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг чулуу, шилний хагархай 1 ширхэг, цагаан өнгийн даавуу 1 ширхэг зэрэг хураагдан ирсэнийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 70 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т. овогт А.гийн О.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О.д 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,

                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан А.О.д 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор дүйцүүлэн 2 сарын хугацаагаар хорих ялаар тооцож, уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн А.О.ын нийт эдлэх ялыг 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.О.д оногдуулсан 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.О.ын урьд цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг чулуу, шилний хагархай 1 ширхэг, цагаан өнгийн даавуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.О.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА

           

                                                     ШҮҮГЧ                                 М.ТҮМЭННАСТ

                                                      ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР