| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0023/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 28.5.2.2., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмид,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Шүүгдэгч: Т.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ундрах овгийн Т.Ц холбогдох эрүүгийн 2008026460026 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж байгаа Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж байгаа ус өнгөрүүлэх ажилд бетон армотурчины ажилд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/362 дугаартай тушаалаар дэд ахлагч цолтой томилогдон ажиллаж абайхдаа 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ямар нэгэн шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй, тасалж цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй ” гэв.
Хохирогч Б.Балжиннямын өгсөн: “...манай цэргийн ангид тракторчин хийж байсан дэд ахлагч Т.Ц нь цэргийн алба хаагчийн тангараг өргөсөн хуулийн дагуу цэргийн хувцас өмсөж, мөрдөс зүүсэн цэргийн алба хаагч мөн. Дэд ахлагч Т.Ц нь ямар ч шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан бөгөөд цэргийн ангийн зүгээс Т.Ц барилга угсралтын ажлаас шантарч цэргийн ангид ажиллах сонирхолгүй байгаа учраас шалтгаангүй ажлаа тасалж хаяж явсан гэж ойлгож байна. Дэд ахлагч 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/362 дугаар тушаалаар Өмнөговь аймагт баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж байгаа ус өнгөрүүлэх ажилд бетон ар моторчны ажилд томилогдон ажиллаж байгаад ажлаа хаяж яваад байгаа юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Гэрч Б.Эрдэнэчимэгийн өгсөн: “...Т.Ц нь тус ангийн Зүүнбаянд байрлах Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд томилогдон үүрэг гүйцэтгэж байгаад 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр анги байгууллагад мэдэгдэлгүй гэнэт ажлаа орхин алга болоод байгаа юм. Дэд ахлагч Т.Ц нь цэргийн тангараг өргөсөн цэргийн дүрэмт хувцас өмсөж мөрдөс зүүсэн цэргийн алба хаагч мөн. Цэргийн ангийн даргын тушаалаар томилогдсон газар ажиллаж байх хугацаандаа анги байгууллагыг дур мэдэн орхин явсан байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
Гэрч Э.Эрдэнэбилэгийн өгсөн: “...Т.Ц нь 2020 оны 07 дугаар сарын эхээр ар гэрийн гачигдлын улмаас чөлөө авч яваад 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа эргэж орох ёстой байсан хэдий ч ажилдаа ирэлгүй байж байгаад 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Ц холбогдож байгаад нэг удаа ажил дээрээ ирээд дахин ажлаа хаяж явахгүй гэсэн бичиг хийж өгсөн боловч маргаашнаас нь дахин ирэхгүй алга болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
Гэрч М.Саруулгэрэлийн өгсөн: “...дэд ахлагч Т.Ц нь цэргийн алба хаагч учир Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлд заасан Цэргийн албанаас оргон зайлах гэсэн зүйл заалт үйлчилнэ. Цэргийн алба хаагч нь цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан эсхүл албан томилолт амралтын чөлөө дууссан, эмнэлгээс гарсаны дараа эргэж ирээгүй бол цэргийн албанаас оргон зайлсанд тооцдог. Дээрх алба хаагчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар зарлигаар баталсан Цэргийн сахилгын дүрмийн 36 дугаар хэсэгт заасан Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер ахлагч нь дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт чөлөөгөө аваад эргэж ирээгүй нь ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ гэж заасан байдгыг зөрчиж цэргийн анги байгууллагаа дур мэдэн орхин явсан байгаа нь Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн шинжтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
Яллагдагч Т.Ц өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ар гэрийн гачигдлаар 10 хоногийн чөлөө аваад буцаж ажилдаа очоогүй тэгээд байж байгаад хөдөөнөөс 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ирээд гэртээ очсон чинь ээж надад чамайг хайгаад зөндөө хүн залгасан гэж хэлсэн. Би бичгээр хүсэлт гаргаж байгаагүй хэлээд явсан. Харин буцаж ажил дээрээ 07 сарын 27-ны өдөр очоод нэг хуудас амлалт бичиж өгч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,
Шүүгдэгч Т.Ц хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Т.Ц ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-р хуудас/,
Шүүгдэгч Т.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа, хаан банкны дансны хуулга /хх-ийн 55, 93-94-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Т.Ц нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж байгаа Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж байгаа ус өнгөрүүлэх ажилд бетон армотурчины ажилд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/362 дугаартай тушаалаар дэд ахлагч цолтой томилогдон ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ямар нэгэн шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй, тасалж цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.
Цэргийн албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэж орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлэгээс гарсны дараа эргэж ирээгүй бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Шүүгдэгч Т.Ц цэргийн жинхэнэ албан хаагч болох нь Зэвсэгт хүний жанжин штабын даргын 2020 оны 3 сарын 25-ны өдрийн Б/467 дугаартай “ Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг 2020 онд хүнд машин механизмын оперотор, идүүний опероторчин “ мэргэжлээр төгссөн Т.Ц ахлагчийн албанд авч, дэд ахлагч цол олгосон тушаал / хх-ийн 21-р хуудас/, Зэвсэгт хүний 017 ангийн захирагчийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн А/362 дугаартай “ Ажилд томилох “ тухай тушаал/ хх-ийн 18-р хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Ц үйлдэлд Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.Балжинням нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “ангид учруулсан эд хөрөнгийн болон хохирол учруулсан зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч Т.Ц бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Т.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Т.Ц нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол байхгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 38.1, 38.2, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ундрах овгийн Т.Ц цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги байгуулага ажиллаж байсан газраа дур мэдэн орхиж цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Т.Ц нь тэнссэн хугацааанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, авсан албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА