Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 1065

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/01065

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид В-11 гудамж, 465 тоотод оршин суух Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 8 дугаар гудамж, 108 тоотод оршин суух Т.Б-д холбогдох,

 

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц.О миний бие 2009 онд Т.Б-тэй танилцаж, хоёр биендээ дасан хайр сэтгэлтэй болж 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтийн 0135464 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Улмаар 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Б ийн А төрсөн. Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2009-2015 онд Т.Б нь ОХУ-д цэргийн сургуульд суралцан, ирж очин 6 жил болсон. Энэ хугацаандаа тусдаа гарч амьдарч байгаагүй болно. Энэ олон жил тусдаа амьдарсан амьдрал, үл ойлголцол, бидний зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй нь тодорхой болж 2015 оны 07 дугаар сараас тус тусдаа амьдарч байна. Охин Б.А маань миний асрамжинд эрүүл өсч торниж байгаа. Бид одоо тус тусдаа амьдарч, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.А д хуульд заасны дагуу тэтгэмж тогтоож өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

 

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т овогтой Б миний бие Ц овогтой О тай 2009 онд танилцаж, хоёр биендээ дасаж хайр сэтгэлтэй болж 2011 онд гэрлэлтээ бүртгүүлж, улмаар 2011 оны 09 дүгээр сарын 30-нд охинтой болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2009 онд Ц.О МУБИС-ийн 2 дугаар курст суралцаж байсан. Суралцах хугацаа буюу 2012 оны 03 сараас хойш 2015 оны 06 сар хүртэл охин Б.А  маань миний аав, ээж болох З.Т, Д.Ц нарын гар дээр цэцэрлэгт явж өссөн. Миний бие Ц.О тай амьдрах хугацаандаа сурч байсан учраас тусдаа гарч чадаагүй. Төгсөж ирээд томилолтоор Баян-Өлгий аймагт томилогдон 9 сар үүрэг гүйцэтгэсэн. Хамт амьдрах хугацаандаа Ц.О тай хэрүүл маргаантай байдаг байсан учир нь Ц.О  маш их хартай, хий хоосон харддаг гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг байсан. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө хүртэл авч байсан. Миний бие Ц.О тай амьдрах гэж олон янзаар хичээсэн бөгөөд одоо Ц.О  нь өөр залуутай уулзаж учирдаг болсноо хэлсэн тул салахад татгалзах зүйлгүй цаашлаад миний ажигласнаар уулздаг залуугаасаа бие давхар болсон байх магадлалтай. Миний бие охин Б.А ийн ирээдүйд санаа зовж явдаг учир тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О  нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба хариуцагч Т.Б  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

Зохигч болох Ц.О , Т.Б нар 2009 оны 09 дүгээр сарын 09-нд гэр бүл болсныг 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 12 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн 0135464, Г-12 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ,  тэдний дундаас 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Б.А төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0000700846/74 дугаартай гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь өрхийн эрүүл мэндийн төвийн  тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов. /хх-3, 5, 6, 8/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 44 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Зохигчид гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2015 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин Б.А ийг төрсөн эх Ц.О ын асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, нэхэмжлэгч  хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Т.Б ээр хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Охин Б.А ийг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Ц.О  нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Т.Б д саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

            Зохигчид гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2017 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 185,300 төгрөгөөр тогтоосон тул нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Ц.О, Т.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Т.А -ийг төрсөн эх Ц.О -ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Т.Б -ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Б.А -ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б  ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.О д олгож, хариуцагч Т.Б ээс хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 31,233 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Ц.О  хариуцагч Т.Б  эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР