| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2019/0006/З |
| Дугаар | 20 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар, Тэргүүлэх аудитор Х.Т-т холбогдох тус аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/23 дугаар Төлбөр барагдуулах тухай актын зарим хэсэг болох Тайлант хугацаанд ажилчдад төсвийн хөрөнгөөр 1,520,000 төгрөгийн биеийн тамирын хувцас бэлтгэж өгсөн, няравт байгаа шатахууны талонд биет тооллого хийхэд 184,000 төгрөгийн шатахууны талон дутагдсан гэсэн хэсгүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******* төвийн дарга С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******* төвийн дарга С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манай Зооноз өвчин судлалын төв нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага. Монгол Улсын онц чухал объектын жагсаалтад байдаг. Монгол Улсын аюулгүй байдлын био терроризмын халдлагаас хамгаалах, олон улсын хөл хориотой өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах чиг үүрэг бүхий байгууллага. Манай байгууллага нь 20 хүний бүрдэхүүнтэй байгууллага юм. 4 сард 5 хүнд биеийн тамирын хувцас авч өгсөн. Энэ нь Говь-Алтай аймгийн хэмжээнд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд манай байгууллага удаа дараа амжилттай орж аймгийн аваргаас хүрэл медаль хүртэж амжилт үзүүлж байсан. Дараа нь 10 сард үндэсний хэмжээнд болсон тэмцээнд орох удирдамж ирсний дагуу биеийн тамирын хувцас жигдэрсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан тул байгууллагын ажилчид байгууллагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журманд заасан дагуу хуралдаад ажилчид бид нарт тарваган тахлын хамгаалах өмсгөл, өвөл зуны хувцас манай байгууллагад хангалттай хэмжээгээр байгаа, нормын хувцсыг эдэлж хэрэглээд актлах хугацаа нь болоогүй байна. Тиймээс байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу биеийн тамирын хувцсыг бид нарт аваад өгчих. Тэгвэл зуны цагт байнгын тарваган тахлын шинжилгээнд явах үедээ өмсөж хэрэглэж байя. Очоод өвчний голомттой газарт шинжилгээнд орж байхдаа стандартын дагуу 1 өмсгөлөө өмсөж байя гэж ярилцсан юм. Тиймээс нормын хувцас, зөөлөн эдлэл гэсэн байгаа. Зөөлөн эдлэлийн сангаас мөнгө байгаа бол төрийн байгууллагын ажилтан албан хаагчид мөнгө төгрөг нь хэцүү байна гэсэн санал гаргасны дагуу авч өгсөн. Мөн байгууллагын ажилчдын нийгмийн баталгааг хангахын тулд манай байгууллагаас байгууллагын ажилчдын эрүүл мэнд, спортыг хөгжүүлэх уриан доор 7 хоног бүр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зааланд тоглож хэвшсэн. Энэ зааланд тоглох бүрдээ өмсөж хэвшсэн. Иймээс байгууллагын зардлаас аваад өгөөч бид үйл ажиллагаандаа өмсөж байя гэж ажилчид хурал хийж нягтлангаас асуусан. Гэтэл нягтлан зөөлөн эдлэлийн зардлаас гарах юм байна. Сангийн сайдын 55 дугаартай тушаал байдаг. Үүнд заасны дагуу авч болох юм байна. Тиймээс ажилчдыг жигд хувцсаар хангана гээд шийдвэрлэсэн юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд аливаа хяналт шалгалтыг хийхэд удирдамжийг байгууллагын удирдлагад танилцуулж удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийнэ гэж заасан. Үүний дагуу Төрийн аудитын газраас танай 2018 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийнэ гэсэн удирдамж ирсэн. Санхүүгийн тайлангаа гаргаад 2018 оны хяналт шалгалт хийгдэж байсан. 2019 оны 2 сард газрын удирдах зөвлөгөөнд би явсан байсан. Намайг явахаас өмнө манай нярав Б надаас чөлөө авсан байсан юм. Бид хоёрыг байхгүй хойгуур урьд нь байсан нярав орлон гүйцэтгэж байсан. Утсаар над руу яриад тийм шатахуун авъя гээд зарцуулагдаад явж байсан. 3,183,000 төгрөгийн шатахууны үлдэгдэл байх ёстой юм байна. Тэр нь таарч байна гэж хэлсэн. Гэтэл удирдлага байхгүй хойгуур биет тооллого хийсэн. Нярав өөрт байсан гараар тэмдэглэсэн тэмдэглэлээ үзүүлсэн. 2 сард тэмдэглэл хийж амжаагүй байсан юм билээ. Биет тооллого хийхэд 2 сая төгрөгийн талон байсан зарлагатай нь харьцуулаад үзэхэд дарга, нярав нарыг байхгүй байхад зарлагадсан 184,000 төгрөгийн талон дээр акт тавьсан. Би үүнийг улсын орлогод төлнө гэж буруу ойлгосон байна. Хариуцагчийн актыг хүлээн зөвшөөрч бинзений дутагдсан талоны үнэ 184.000 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Манай байгууллага дотроо бинзений дутагдлын асуудлын шалтгааныг тодруулаад давхар биет тооллогоо хийгээд шатахууны зарцуулалтын тайланг бүрэн нотлогдох баримтаар хангалттай гаргаад танай байгууллагад хүргүүлье. Танай байгууллагаас тавьсан аудитын акт бол хүчинтэй хэвээрээ байхыг бол хүлээн зөвшөөр байна. Манайх тайлангаа гаргаж өгнө гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2019 оны 04 сарын 01-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь Зооноз өвчин судлалын газрын 2018 оны санхүүгийн тайлан дээр Төрийн аудитын газар нь 2019 оны 02 сарын 25-ний өдөр 2018 оны тайланд аудит хийнэ гэсэн удирдамжийн дагуу аудит хийсэн. Тухайн аудитыг хийгээд 2019 оны 02 сарын 25-ний өдөр 0123 дугаартай төлбөр барагдуулах акт тавьсан юм. Тухайн актын зарим хэсгийг үндэслэлгүйгээр тавьсан гэж үзээд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Аудитын газраас тайлант хугацаанд ажилчдад төсвийн хөрөнгөөр 1520000 төгрөгөөр биеийн тамирын хувцас авч өгсөн. Энэ нь төсвийн хөрөнгийг зохих журмаар зарцуулаагүй байна гэж дүгнэлт гаргаж аудит тавьсан байдаг. Үүнийг Зооноз өвчин судлалын төв хүлээн зөвшөөрөхгүй хууль бус байх тул хүчингүй болгож өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зооноз өвчин судлалын төв нь улсын аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага. Энэ байгууллагын хүрээнд 2014 оны 03 сарын 14-ний өдрийн 55 дугаартай Сангийн сайдын тушаалын нормын хувцас зөөлөн эдлэл гэж зааж өгсөн байдаг. Энэ нормын хувцас, зөөлөн эдлэл гэдэгт биеийн тамирын хувцас нь орж байгаа. Энэ тушаалд заасан зөөлөн эдлэл хувцсыг улсын аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага авч мөн нормын хувцас зөөлөн эдлэлийг ажил дээрээ хэрэглэж болохоор заасан. Зөөлөн эдлэл буюу хувцсаар хангах асуудлыг тухайн байгууллагын дотоод журам, Стандарт хэмжил зүйн газраас баталсан байгууллагын стандартад зөөлөн эдлэлийн хувцсаар хангах зохицуулалт байдаг. Бодит байдал дээр гэрч нараас мэдүүлэг авахад тухайн зөөлөн эдлэлийг улсын аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын хувьд хөдөө сумдаар ажиллаж шинжилгээнд явдаг тэгэхдээ хувцсыг өмсөж хэрэглэдэг. Хувцасны зарлага нь гарахдаа нормын хувцас буюу зөөлөн эдлэл гэсэн төсвөөс зарлагадсан. Хариуцагч тал дотоод журамд заасны дагуу хувцас авахыг чинь ойлгож байна гэхдээ төсвийн тухай хуулийг зөрчиж төсвийг үр ашигтай зарцуулах ёстой гэсэн тайлбар хэлж байна. Гүйцэтгэх ажлын журмаар гэж байна. Зооноз өвчин судлалын төв нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага. Шинжилгээ нь гүйцэтгэх ажлын журмаар явагддаг. 2014 оны 03 сарын 14-ний өдрийн 55 дугаартай Сангийн сайдын тушаалын нормын хувцас зөөлөн эдлэл гэж зааж өгсөн байдаг. Энэ нормын хувцас, зөөлөн эдлэл гэдэгт биеийн тамирын хувцас нь орж байгаа. Энэ тушаалд заасан зөөлөн эдлэл хувцсыг улсын аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага авч мөн нормын хувцас зөөлөн эдлэлийг ажил дээрээ хэрэглэж болохоор заасан. Зөөлөн эдлэл буюу хувцсаар хангах асуудлыг тухайн байгууллагын дотоод журам, Стандарт хэмжил зүйн газраас баталсан байгууллагын стандартад зөөлөн эдлэлийн хувцсаар хангах зохицуулалт байдаг. Нэхэмжлэгч талаас нормын хувцас мөн биш гэдэг талаар маргасан зүйл байхгүй гэдгийг ойлгохгүй байна. Гэрч нараас мэдүүлэг авахад тухайн зөөлөн эдлэлийг улсын аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын хувьд хөдөө сумдаар ажиллаж шинжилгээнд явдаг тэгэхдээ хувцсыг өмсөж хэрэглэдэг. Биеийн тамирын хувцас авахыг хамт олны хурлаар олонхын саналаар шийдсэн тэмдэглэл байна. Зарлагын дэлгэрэнгүй баримт дээр өмсгөл гэж гарсан нь харагдаж байна. Нэхэмжлэгч талаас тайлбарлаад байгаа нь өмсгөл нь зөөлөн эдлэлдээ орно. Хориглосон заалт байхгүй байна. Тиймээс стандарт болон сайдын тушаал зэргийг баримталсан. Гүйлгээний баримт дээр гадуур өмсгөл, дотуур шорт өмсгөл гэж бичсэн байна. Байгууллагын стандарт хавтаст хэрэгт хавсаргагдсан байна. Зуны цагт байнгын тарваган тахлын шинжилгээнд явах үедээ өмсөж хэрэглэдэг. Тиймээс нормын хувцас, зөөлөн эдлэлд орохоор байгаа. Сангийн сайдын 55 дугаартай тушаалд улсын аюулгүй байдлыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гүйцэтгэх ажилтан холбогдох нормын дагуу энгийн хувцас өмсөж болно гэж заасан. Энд хориглосон заалт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 1.5 сая төгрөгийн биеийн тамирын хувцас худалдаж авсан үйлдэл байна. Үүн дээр гүйлгээ хийсэн төлбөрийн хүсэлт рүү орж үзэх шаардлагатай. Хүсэлт дээр төлбөрийн код, зориулалтын код, эдийн засгийн ангилал гэсэн 3 код бичигддэг юм. Буян-Алтайн Оргил ХХК-д зарлагын баримт нь 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 151 дугаартай төлбөрийн хүсэлттэй бол төлбөрийн кодыг 71601 гэж тавьсан. Зориулалтын кодоо 80101, эдийн засгийн ангиллаа 210503 гэж бичсэн байна. Эдгээр нь ямар учиртай юм бэ? гэхээр Сангийн сайдын 2015 оны 07 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан зардлын эдийн засгийн ангилал гэж байгаа. Үүн дээр 210503 зэрэг нь нормын хувцас зөөлөн эдлэл гэсэн ангилалд багтана гэж заасан. 4-р хавсралтад зориулалтын кодыг 80101 нь үндсэн үйл ажиллагааны зардал гэж тусгасан. Үүнээс юу харагдаж байна гэхээр Сангийн сайдын 2015 оны 07 дугаартай тушаалаар үндсэн үйл ажиллагаанд ашиглах нормын хувцас зөөлөн эдлэл юм гэж заасан. Мөн Сангийн сайдын 2015 оны 05 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар зардлын эдийн засгийн ангиллаар нормын хувцас зөөлөн эдлэлийг хуулийн дагуу тусгай хувцас хэрэглэх тусгай албан хаагчдийн дүрэмт хувцас болон ажлын тусгай зориулалтын нормын хувцас худалдан авах, түүнийг хийлгэхтэй холбоотой бусад зардлууд гэсэн байна. Гэтэл нормын хувцас гэж биеийн тамирын хувцас худалдаж авсан нь өөрөө Төсвийн тухай хуулийн төсвийг үр ашигтай зарцуулах гэсэн заалтуудтай зөрчилдсөн. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгддөг стандартууд гэж байдаг. Энэ стандарт дээр тусгай зориулалтын хувцас ажлын хувцсыг МNS: 1231:2011 гэдэг стандартаар зааж өгсөн. Энэ стандарт дээр тусгай зориулалтын хувцас гэж юу байх юм гэдгийг тусгасан. Үүний А хавсралт буюу норматив Монгол Улсын хэмжээнд бүх байгууллагууд дагаж мөрдөнө гэж заасан хавсралт байдаг. Уг хавсралтын 10-д байгалийн хортой бодис ялгаруулдаг халдвартай биетэй харьцах буюу Зооноз өвчин судлалын төвийн үндсэн чиг үүрэгтэй холбоотойгоор ямар хувцас хэрэглэх юм бэ? гэдгийг тусгаж өгсөн. Үүнд гоц халдвартай өвчний голомтод ажиллах үед тахлын халаад иж бүрэн, хошуувч, алчуур юүдэн, нүдний шил, өмд, цамц, комбинзон, оймс, резинэн бээлий, хулдаасан ханцуйвч, хулдаасан хормогч, гарын алчуур гэм мэт зүйлийг тусгасан. Мөн ******* үндэсний төвөөс баталсан стандарт батлах тухай 2016 оны А/181 дугаартай тушаал байна. Энэ стандарт нь ******* төвд хэрэглэгдэх болон тухайн орон нутгийн төвүүдийн ажиллагааг зохицуулсан зохицуулалтыг нилээд нарийвчлан тусгасан. Энэ дээр мөн нормын хувцас болон тусгай зориулалтын хувцсаар хангана гэдэг асуудлыг хэд хэдэн бүлгүүд дээр авч үзсэн. Биеийн тамирын хувцсыг ******* төв ашиглаж болохгүй. Энэ нь спорт тэмцээнд зориулагдсан ажлын хувцас биш юм гэдгийг тодорхойлж өгсөн. Дээрх асуудлыг аваад үзэх юм бол нягтлан бодогч нь зардлаа гаргахдаа үндсэн үйл ажиллагаанаас гаргасан байна. Үндсэн үйл ажиллагаа нь өөрөө байгалийн голомтод халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх юм. Түүнтэй холбоотой нормын хувцастай ажлын тайлангууд байдаг. Уг тайланд өөрсдийн комбинезоныг өмссөн жил болон хагас жилийн тайлангууд хавтаст хэрэг авагдсан. Хөдөө орон нутагт тарваган тахлын үед ажиллаж байхдаа энэ хувцсаа өмсөөгүй тодорхой зургууд байж байна. Энэ дээр яах аргагүй зориулалтын бус гэдэг нь харагдаж байна. Няравт байгаа бинзений талоны асуудал байдаг. Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт санхүүгийн тайланд аудит хийх журмыг ерөнхий аудитор батална гэж заасан. Үүний дагуу 2018 оны А/124 дүгээр тушаалыг баталсан. Энэ журмыг манай байгууллага нь үйл ажиллагаандаа мөрддөг. Уг журмын 1 дүгээр хавсралтын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн тайлангийн энэ журам түүнийг хэрэглэх заавар журам гарын авлагад тусгасан бодлого горим, арга зүйн дагуу хийнэ гэж заасан. Бид дотоод журмын дагуу хувцас авахыг нь хориглоогүй. Гэхдээ гарах ёсгүй зардлаас гарсан байна гэдэг зүйлийг ярьсан. Тооллогын хувьд манай зүгээс тооллого хийхдээ албан ёсны нягтлангаар томилсон албан тушаалтантай харьцсан. Шатахууны талон нь үнэт цаас юм. Дурын ажилтандаа шилжүүлэх зохицуулалт байхгүй. Талон шилжүүлсэн хүн хүлээж авсан хүн хоёрт хариуцлага тооцох шаардлагатай болно. Тухайн үед 2018 оны тайлан нягтлан бодогчийн тайлан зөрсөн. Одоо үлдэгдэл нь хэд юм бэ? тэдгээрийн хооронд зөрүү хэд байгаа юм гэдгийг шалгах үйл ажиллагаа явуулсан. 2018 оны 04 сарын 23-ний өдөр Болдцэцэг гэдэг хүнээс 1,390,000 төгрөгийн хувцас өмсгөл шорт, гадуур өмсгөл гарын гист гэсэн материал байсан. Энэ хоёр удаа хувцас авсан асуудал дээр сүүлийн 1,520,000 төгрөг дээр нь акт тавьсан учраас эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Нэг байгууллага дээр үүнийг хүлээн зөвшөөрөх юм бол бусад байгууллага дээр үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Зооноз өвчин судлалын санхүү тайлангийн аудитыг би өөрөө гардаж хийсэн юм. Нормын хувцасны хувьд тус байгууллага нь 2018 оны 04 сарын 23-ний өдөр Болдцэцэг гэдэг хүнээс 1,390,000 төгрөгийн хувцас худалдаж авсан. 1,390,000 төгрөгийн хувцас дотор нь өмсгөл шорт, гадуур өмсгөл гарын гист гэсэн материал байсан. Хоёр удаа хувцас авсан асуудал дээр сүүлийн 1,520,000 төгрөг дээр нь акт тавьсан. Нормын хувцас зөөлөн эдлэл гэдэг дээр Сангийн сайдын тушаалд нормын хувцас гэдэгт юу байх вэ? гэдэг нь тодорхой заасан. Санхүү тайлангийн аудитын зорилго нь материаллаг бүх талаар санхүүгийн тайлантай холбогдох зардлыг нийцүүлэн хийсэн эсэхэд санал дүгнэлт гаргадаг. 2018 оны шатахууны тайланг хийсэн. Ингэхдээ нярвын тайланг нягтлан бодох бүртгэлтэй нь тулгаж үзсэн. Санхүүгийн тайлангийн бүх үзүүлэлтийг зөв тайлагнасан эсэхэд дүгнэлт гаргахад оршдог. Шатахууны зардлыг тулган баталгаажуулахад орлого нь 517,396 төгрөгөөр зөрүүтэй. Зардал нь 2,066,000 төгрөгөөр зөрүүтэй байсан. Үүнийг тодруулаад тайлбарлах юм бол бараа материалын тайлангийн орлогын дундаж нь 1,537,396 төгрөг байдаг. Шатахууны зардлыг улирал тутмаар нь гаргахад 2018 оны 03 сард үлдэгдэлтэй байсан 2,501,900 төгрөгийн шатахууны зардал нь дараагийн улиралд 52669 төгрөг болж буурсан. 2,449,000 төгрөг нь дараагийн улиралд бууруулсан зэрэг зөрчилд санхүү тайлангийн аудитаар албан шаардлага өгсөн. Анхан шатны баримтын бүрдлийг үзэж байхад даргын цохолт бичиггүйгээр шууд зарлага олгосон асуудал байсан. Эдгээр нотлох баримтаар Төсвийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4 дэх заалтыг зөрчсөн үйл ажиллагаа байна. Анхан шатны зарлагын баримт нь няравын баримт юм. Уг баримтыг үндэслээд нягтлан гүйлгээ хийж байдаг. Улирлын шатахууны үлдэгдлийг шууд хоёр сая төгрөгөөр бууруулсан. Орлого зарлага нь зөрүүтэй гэх мэт зөрчлийн улмаас стандартад заасны дагуу дахин тулгаж баталгаажилт хийсэн. Аудитын олон улсын стандарт 5006-д зааснаар аудитор нь аудитын хангалттай хэмжээний зохистой нотлох зүйл олж авах зорилгоор тухайн нөхцөл байдалдаа зохистой аудитыг зохиомжилж гүйцэтгэх ёстой гэж заасан. Аудитын санал дүгнэлтийг гаргах аудитын ихэнх хэсэг нь аудитын нотлох зүйлийг олж авах үнэлэхээс бүрддэг гэж заасан байдаг. Эдгээр стандартын дагуу үлдэгдлийг тулган баталгаажуулж 2018 оны 3,183,933 төгрөгийн шатахууны үлдэгдлийг тулган баталгаажуулсан. Энэ нь 2019 онд хамаагүй. Шинээр авсан шатахууныг тулгаж үзээгүй. Тулган баталгаажуулаад тооллого хийгээд очиход бодитоор нярвын сейфт 20000 төгрөгийн талон 65 ширхэг байсан. Анхан шатны баримтаар зарлагыг үзэх гэсэн боловч даргын шатахуун олгох зөвшөөрлийн бичиг, жолоочийн шаардах хуудас, зарлагын падан зэрэг баримт огт байхгүй байсан. Төлүүлэх гэсэн байгаа нь танай асуудал. Бинзений талоны дутагдлын асуудлаа байгууллага дотроо тодруулж шийдвэрлээд нотлох баримтаар бэхжүүлээд хариугаа манай байгууллагад авч ирэхэд болно. Дутагдсан асуудыг байгууллага дотроо тодруулж хариугаа мэдэгдэхэд болно гэв. Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх болон Засаг даргын 01 тоот даалгавар зэргээс үзэхэд 2018 оны 04 сарын 23-ний өдөр Болдцэцэг гэдэг хүнээс 1,390,000 төгрөгийн хувцас. Сүүлийн 1,520,000 төгрөгийн хоёр удаа хувцас авсан асуудал байсан. Үүний нэг дээр нь акт тавьсан. Энэ асуудлын цаана нь иргэн байгаа учраас нэг удаагийн хувцас авсан асуудал дээр нь акт тавиагүй. 04 сард авсан хувцсаа өмсөөд тэмцээнд орсон зураг байгаа. Мөн 10 сард дахин цагаан өнгийн хувцас хийлгээд өмссөн. Тиймээс сүүлийн 1,520,000 төгрөгийн хувцсыг өөрсдөөр нь үнийг нь гаруулах боломжтой гэж бодож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн ******* төвийн дарга С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/23 дугаар Төлбөр барагдуулах тухай актын зарим хэсэг тайлант хугацаанд ажилчдад төсвийн хөрөнгөөр 1,520,000 төгрөгийн биеийн тамирын хувцас бэлтгэж өгсөнийг төлүүлэх, удирдлагын буруутай шийдвэрээс болж ажлаас халагдсан ажилтанд Шүүхийн шийдвэрээр 4.65 сая төгрөгийн цалингийн нөхөн олговрыг олгосон, няравт байгаа шатахууны талонд биет тооллого хийхэд дутагдсан 184,000 төгрөгийн шатахууны төлүүлэхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******* төвийн 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдөр “тухайн актаар удирдлагын буруутай шийдвэрээс болж ажлаас халагдсан ажилтанд Шүүхийн шийдвэрээр 4.65 сая төгрөгийн цалингийн нөхөн олговрыг олгосон ...үүнтэй холбоотой үүссэн цалингийн нөхөн олговрыг тухайн байгууллага хариуцах ёстой тул тус хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэсэн 83 тоот албан бичгийг шүүхэд ирүүлсэнийг хүлээн авч 112/Ш32019/0097 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзасныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад 01/23 дугаар төлбөр барагдуулах тухай актын тооллогоор дутагдсан 184,000 төгрөгийн шатахууны үнийг төлүүлэх хэсгийг хариуцагч болон нэхэмжлэгч нар харилцах тохиролцож, буулт хийж, актын холбогдох хэсгийг биелүүлэх арга замаа тодорхойлсоноор нэхэмжлэгч 184,000 төгрөгийн шатахууны үнийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 66.3 дахь хэсгүүдэд зааснаар тэмдэглэлд тусгаж, татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иймд нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох тайлант хугацаанд ажилчдад төсвийн хөрөнгөөр 1,520,000 төгрөгийн биеийн тамирын хувцас бэлтгэж өгсөнийг төлүүлэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/23 дугаар Төлбөр барагдуулах тухай актаар “тайлант хугацаанд ажилчдад төсвийн хөрөнгөөр 1,520,000 төгрөгийн биеийн тамирын хувцас бэлтгэж өгсөн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төсөвлөж, зарцуулах гэж заасныг зөрчсөн тул төсвийн хөрөнгөнөөс үндэслэлгүйгээр зарцуулсан төгрөгийг төлүүлж, Говь-Алтай аймгийн төрийн сангийн орлогын дансанд төлүүлэхээр акт тогтоосон байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Уг хувцасыг ******* төв байгууллагын дунд 2 жил тутам зохион байгуулагддаг спортын арга хэмжээнд зориулан авсан бөгөөд одоо ажилчид ажлын хувцасаар хэрэглэж байна ... 7 хоног бүр зааланд тоглохдоо өмсдөг” гэсэн, гэрч аймгийн ******* төвийн нягтлан бодогч Г.Ц “...2018 оны 10 сард байгууллагын 8 ажилтанд биеийн тамирын хувцас хийлгэж авсан. Улаанбаатар хотод бүх аймгуудын ******* төвүүдийн хооронд спортын тэмцээн зохион байгууллагдсан ... түүнд зориулж биеийн тамирын хувцас 8 ажилтанд хийлгэж авсан. 7 хоног болгоны 1 дэх өдөр зааланд тоглохдоо өмсдөг. Тухайн биеийн тамирын хувцасны зардлыг нормын хувцас зөөлөн эдлэл гэсэн зардлаас гаргасан. 8 ажилтанд тоглолтын хувцас буюу шорт, майк, биеийн тамирын хувцас хийлгэсэн” гэсэн тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 16-ны аймгийн ******* төвийн ажилчдын хурлын тэмдэглэлд “шийдвэрлэсэн нь: Ажилчдын хурлын 100 хувийн ирцтэй хийж, тэдний саналаар сургалт семинар тэмцээнд оролцох баг тамирчдад хувцсыг авч өгөх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн мөн хэрэгт авагдсан санхүүгийн зарлагын баримтад “гадуур өмсгөл тамир, дотуур шорт, подволк өмсгөл” гээд 1,520,000 төгрөгийн зарлага гаргаж, орлогын баримтад гадуур өмсгөл тамир, дотуур шорт, подволк өмсгөл нийт үнэ 1,520,000 төгрөгийг орлого болгон авсан байна.
Байгалийн голомтот, зоонозын өвчнийг тандах, хянах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг судалгаа, нотолгоонд тулгуурлан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, халдварын эрсдэлийг багасган, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулах зорилго бүхий тусгайлсан байгууллага бөгөөд ******* Үндэсний төвийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар баталсан “Орон нутаг дахь зоонозын өвчин судлалын төвийн бүтэц, үйл ажиллагаа байгууллагын стандарт”-ын 18.3 дахь хэсэг Хатуу, зөөлөн эдлэлийн хангалт ашиглалт хэсгийн 18.3.2-т “Эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдын нормын хувцас, зөөлөн эдлэлийн ашиглагдах хугацаа, хангалтанд зохих заавар, журмыг мөрдөнө”, 18.3.2-т “Үйлчилгээний онцлогоос хамааран эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нь таних тэмдэг, өнгө бүхий тусгай хувцас, хэрэгсэлтэй байх ба материал нь эрүүл ахуйн болон чанарын шаардлага хангасан байна”, 20.2-т “Үйлчилгээний ажилчдыг ажлын хувцас, хэрэгсэл, ажлын багаж, цэвэрлэгээний бодис, материалаар хангана” гэж зохицуулсан мөн уг стандартын Е хавсралтад эрүүл мэндийн ажилтаны хувцас, хэрэглэлийн хангалт, ашиглалт хэсэгт ээлжийн хувцас /халад, малгай/, ажлын костюм /өмд, цамц/, үйлчилгээний ажилтны зориулалтын хувцас, хамгаалалтын хормогч, ажлын шаахай, хүйтний улиралд өмсөх, биед эвтэйхан, дулаахан, куртик, өмд, гутал гэх мэт эрүүл ахуйн болон чанарын шаардлага хангасан материалтай байхаар баталсан байна.
Тодруулбал: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11.“тусгай хувцас” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг ойлгох бөгөөд аймгийн ******* төвийн эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилчид ажлын хувцас болон таних тэмдэг бүхий тусгай хувцас хэрэгсэлээр хангагдахаар байна. Харин биеийн тамирын гадуур хувцас, дотуур шорт, подволк өмсгөлийг ажлын хувцас болон тусгай хувцсанд хамаатуулан ойлгох нь учир дутагдалтай бөгөөд биеийн тамирын хувцас нь хүний идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээлэх, спортын уралдаан тэмцээнд оролцоход өмсөх зориулалтай хувцас бөгөөд аймгийн ******* төвийн ажилтнууд спортын уралдаан тэмцээнд оролцох, чөлөөт цагаараа спорт зааланд тоглохдоо өмсдөг талаар тайлбарлаж байгаа мөн энэ зориулалтаар төсвийн хөрөнгөөр авсан байдал нь тогтоогдож байна.
Маргааны үндэслэл болсон 8 ажилтаны тоглолтын хувцас шорт, майк, биеийн тамирын хувцсыг төсвийн хөрөнгийн нормын хувцасны зөөлөн эдлэлийн зардлаас гаргасан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн гэж Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/23 дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт тогтоосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тушаалын хавсралт төсвийн зарлагын эдийн засгийн ангилал код 210503, нормын хувцас, зөөлөн эдлэл хэсэгт “Хуулийн дагуу тусгай дүрэмт хувцас хэрэглэх эрх бүхий албан хаагчдын дүрэмт хувцас болон ажлын тусгай зориулалтын нормын хувцас худалдан авах, түүнийг хийлгэхтэй холбогдсон үндсэн, туслах материал болон бусад зардал, эмнэлэг, сургуулийн дотуур байр, цэргийн болон бусад төсөвт байгууллагын хэрэгцээнд ашиглах ор, дэрний хэрэгсэл болон бусад зөөлөн эдлэлийг бүртгэнэ...” гэж зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл төсвийн зарлагын эдийн засгийн ангилалын нормын хувцас, зөөлөл эдлэл гэсэн зардлаас дүрэмт хувцас болон ажлын тусгай зориулалтын нормын хувцас худалдан авах, түүнийг хийлгэхтэй холбогдсон үндсэн, туслах материал болон бусад зардлыг зарцуулж, энэ ангилалд бүртгэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* төвийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/23 дугаар Төлбөр барагдуулах тухай актын тайлант хугацаанд ажилчдад төсвийн хөрөнгөөр 1,520,000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөгийн биеийн тамирын хувцас бэлтгэж өгсөнийг төлүүлэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/23 дугаар Төлбөр барагдуулах тухай актын тооллогоор дутагдсан 184,000 төгрөгийн шатахууны үнийг төлүүлэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ шүүх хуралдааны явцад татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаныг баталж, холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******* төв улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ