Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0726

 

 

 

 

 

 

 

Ж... ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч Ж... ХХК

Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд Ө... ХХК, М... ХХК, иргэн Б.П, Я.Э, Э.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 100 тоот 2 өрөө орон сууцыг Б.П, Я.Э, Э.Б нарын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх бүртгэл, гэрчилгээг үндэслэн маргаан бүхий 100 тоот 2 өрөө орон сууцыг Я.Э, Э.Б нарын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцааны бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 592 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө,

Гуравдагч этгээд М... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.У,

Гуравдагч этгээд Б.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0701/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж... ХХК Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 100 тоот 2 өрөө орон сууцыг Б.П, Я.Э, Э.Б нарын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх бүртгэл, гэрчилгээг үндэслэн маргаан бүхий 100 тоот 2 өрөө орон сууцыг Я.Э, Э.Б нарын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцааны бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 592 дугаар шийдвэрээр:

2.1. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.9, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж... ХХК-ийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 100 тоот 2 өрөө орон сууцыг Б.П, Я.Э, Э.Б нарын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх бүртгэл, гэрчилгээг үндэслэн маргаан бүхий 100 тоот 2 өрөө орон сууцыг Я.Э, Э.Б нарын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцааны бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, маргааны үйл баримтад хамаарах хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг буруугаар тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.1.1. Нэхэмжлэгч Ж... ХХК хариуцагч Баянгол дүүргийн улсын бүртгэлийн алба нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 9 тоотод орших 110 айлын орон сууцны барилгын 5,664 м.кв талбайд хамаарах тус орон сууцны барилгын 100 тоотын 2 өрөө орон сууц /цаашид “маргаан бүхий орон сууц” гэнэ/-ийг гуравдагч этгээдүүд болох Б.П нь Я.Э, Э.Б нар /цаашид “Гуравдагч этгээдүүд” гэнэ/-ийн өмчлөлд бүртгэсэн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтын “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6 дахь заалтын “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, тус улсын бүртгэлийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

3.1.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Ө... ХХК-ийн зүгээс “...2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэн авсан “Жиа ши дэ” ХХК нь өөрийн өмчлөлийн 5,664 талбайтай хэсэгт маргаан бүхий 100 тоот орон сууц багтаж байсан гэсэн нь үндэслэлгүй...” гэж маргадаг.

3.1.3. Ө... ХХК болон “Фу Жиан Лян хө” ХХК-иудын хооронд байгуулагдсан "Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 9 тоотод орших Ө... ХХК-ийн эзэмшлийн 1,406 м.кв газар дээр “Фу Жиан Лян Хө” ХХК нь 10 давхар үйлчилгээ, орон сууцны барилга барихаар тохиролцсон бөгөөд энэхүү барилгын өмчлөх эрх нь анх 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй байхдаа 438.18 м.кв талбайтай хэсгийн Өмчлөгчөөр Ө... ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037506 дугаарт, 5,664 м.кв талбайтай хэсгийн өмчлөгчөөр “Фу Жиан Лян Хө" ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037507 дугаарт тус тус бүртгэсэн байсан тул маргаан бүхий бүртгэл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгэсэн бүртгэлд хамаарахгүй юм.

3.1.4. Гуравдагч этгээд Ө... ХХК-ийн эзэмшилд байсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 9 тоотод орших 1,406 м.кв газар дээр Ж... ХХК нь үйлчилгээтэй, 110 айлын орон сууцны барилгын зарим орон сууцны өмчлөл, бүртгэлтэй холбоотой эрүү, иргэн, захиргааны хэд хэдэн хэрэг, маргаан шүүх болон хуулийн байгууллагаар хянан шийдвэрлэгдсэн бөгөөд тэдгээр хэрэг маргаануудыг хянан шийдвэрлэх явцад тухайн барилгын нийт ашигтай талбайгаас Ж... ХХК-ийн өмчлөлд хамаарах 5,664 м.кв талбайд маргаан бүхий 100 тоотын 2 өрөө орон сууц багтаж байсан болохыг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоосон.

3.1.5. Ж... ХХК-ийн өмчлөлд хамаарах 5,664 м.кв талбайг өмчлөх эрхийг баталгаажуулсан 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн, Ж... ХХК болон Орон сууц санхүүжилтийн корпорацийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар байгуулагдсан “Барьцааны гэрээ”-ний үндсэн дээр хийгдсэн барьцааны бүртгэл тус тус хүчинтэй байх үед буюу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Б.П, Я.Э, Э.Б нарыг бүртгэсэн нь дээр дурдсан хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зорчиж, нэхэмжлэгч Ж... ХХК-ийн өмчлөх эрхийг хууль бусаар хязгаарласан.

3.1.6. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/728 дугаар тушаалаар 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 5,664 м.кв талбайтай хэсгийн өмчлөгчөөр Ж... ХХК-ийг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037507 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, хувийн хэргийг хаасан бөгөөд маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б.П, Я.Э, Э.Батсоëл нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205604 дугаар бүртгэж, гэрчилгээ олгосон нь анхны бүртгэл бус, өмнө бүртгэгдсэн эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл байхаар байсан.

3.1.7. Дуусаагүй барилгын нийт талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй байхад тухайн барилгын нэг хэсэг болох маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гуравдагч этгээдүүдийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хянахдаа захиргааны байгууллага нь мэдүүлэгт тусгагдсан эд хөрөнгө нь захиалагч болон гүйцэтгэгч компаниудын хэнийх нь өмчлөлд дуусаагүй барилгаар бүртгэгдсэн талбайд хамаарах болохыг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй, шаардлагатай баримтуудыг шаардаж аваагүйгээс дээрх эд хөрөнгийг тэдний өмчлөлд давхардуулан бүртгэж, улмаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн.

3.1.8. Зүй нь дээрх журамд заасны дагуу хариуцагч нь дуусаагүй барилгаар өмнө нь бүртгэгдэж байсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийн бүртгэлийг салгаж бүртгэхдээ захиалагч болох Ө... ХХК, гүйцэтгэгч болох Ж... ХХК, барьцаалагч болох Орон сууц санхүүжилтийн корпорацийн хэн алиных нь хүсэлт, тэдний хамтран гаргаж, урьдчилан ирүүлсэн жагсаалт /маргаан бүхий 100 тоот орон сууц нь Ж... ХХК-ийн өмчлөлд байхаар тусгасан/-ыг үндэслэж, өмнө дуусаагүй барилгаар бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгосны дараа барилгын нэг хэсэг болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хэний өмчлөлд бүртгэхийг шийдвэрлэх ёстой байсан.

3.1.9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ж... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангах, өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээдүүдийн өмчлөлд бүртгэсэн үйлдэл нь илт хууль бус болсон болохыг тогтоох үндэслэл тогтоогдсон.

3.1.10. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн “Yндэслэх” хэсэгт хийсэн “... Ө... ХХК-ийн өмчлөлийн бүртгэлээс салгаж шинээр бүртгэл үүсгэж байгаа бол тухайн 37 дугаар байрны Ө... ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037506 дугаартай 438.18 м.кв талбайд 100 тоот орон сууц багтаж байгаа эсэхийг тогтоож, уг бүртгэлээс салгаж бүртгэх байсан ч энэ ажиллагааг улсын бүртгэгч хийгээгүй буруутай байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 1.9-д зааснаар эрхийн улсын бүртгэлд дуусаагүй барилгаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2 ба түүнээс дээш этгээд хөрөнгө оруулан барьж дуусган ашиглалтад оруулсан бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын хүсэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн хамтын өмчлөлд, эсвэл хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд бүртгэнэ. Ийнхүү салгаж бүртгэхдээ хөрөнгө оруулагч, захиалагч нарын талаар урьдчилан ирүүлсэн жагсаалтын дагуу тулган хянах бөгөөд анхны өмчлөгчийн хувийн хэрэгт нэмэлт өөрчлөлт хийж, гэрчилгээг хүчингүй болгох учиртай...”, “...100 тоот орон сууцны хувьд Ж... ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037507 дугаартай бүртгэлээс ч, мөн Ө... ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037506 дугаартай бүртгэлээс ч салгаж бүртгэсэн гэж үзэхэд, нөгөө талаас "урьд нь Ж... ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд Y-2205037507 дугаарт бүртгэсэн байсныг давхардуулан бүртгэсэн” гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай юм...” гэсэн дүгнэлтүүдээс тодорхой харагдаж байна.

3.1.11. Дээрх дүгнэлтүүдээр тогтоогдсон үйл баримтуудаар хариуцагч байгууллага “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжид байрлалтай 37 дугаар байрны 110 айлын орон сууцны барилга нь тухайн үед 5,664 м.кв нь улсын бүртгэлийн Ү- 2205037507 дугаартай бүртгэлээр Ж... ХХК-д, 438.18 м.кв талбай нь улсын бүртгэлийн Y-2205037506 дугаартай бүртгэлээр Ө... ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэлтэй байсан” ба “маргаан бүхий орон сууц нь эдгээр бүртгэлтэй хөрөнгийн алинд нь хамааралтай болохыг бүртгэлийн байгууллага хянаж шалгаагүй”, “дуусаагүй барилгаар бүртгэлтэй байсан тухайн үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулан барьж дуусган ашиглалтад оруулсан бол хоронго оруулагч, захиалагч нарт хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд бүртгэх нөхцөл байдал үүссэн эсэхийг хянаагүй” зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоосон.

3.1.12. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “... Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийг бүртгэж баталгаажуулахад ач холбогдолтой эх нотлох баримт бичгийн төрөлжсөн архивыг улсын хэмжээнд үүсгэн нөхөн бүрдүүлэлт, баяжилт хийж, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана ...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1 дэх хэсгийн “... Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө: 14.1.1.мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол; 14.1.6.энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол; 14.1.9.мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол ...” гэснийг тус тус зөрчсөн байгааг шүүх хуульд нийцүүлэн шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.

3.1.13. Гуравдагч этгээд Ө... ХХК нь бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдүүдийн өмчлөлд шилжүүлэхээр бүртгэх байгууллагад мэдүүлэг гаргахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийн “... Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 13.5.1.тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг ...” гэснийг зөрчсөн байгааг бүртгэлийн байгууллага хянаж шалгаагүй болох нь дээр дурдсан шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримтаар тогтоогдсон.

3.1.14. Анхан шатны шүүх хариуцагч Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн хууль зөрчсөн үйлдлийг тогтоосон атлаа “... 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн улсын бүртгэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасанд нийцсэн, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчөөгүй байна ...” гэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

3.2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон тэдгээрээр тогтоогдсон үйл баримтуудыг илтэд буруу дүгнэсэнээс хэргийн талаар гарсан шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй.

3.2.1.1. Анхан шатны шүүх “...маргаанд хамаарах 100 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр Б.П нь Я.Э, Э.Б нарын хамт ..., мэдүүлэгтээ оргодол, иргэний үнэмлэхний хуулбарууд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/06286 дугаар захирамж, Өгөөмөр мандал ХХК-тай байгуулсан “үл хөдлөх хөрөнгө захиалгаар байгуулах гэрээ”, Өгөөмөр мандал ХХК-ийн “захиалгын гэрээний төлбөр барагдсан” талаарх тодорхойлолт, хаягжилтын тодорхойлолт, орон сууцны фото зураг хавсаргасан, ... дээрх баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нь дээрх баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205060948 дугаарт бүртгэж, 000464299 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна...." гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад нийцээгүй байна.

3.2.1.2. Улсын бүртгэгч бүртгэл хийхдээ дээрх баримтуудаас гадна: Мэргэжлийн хяналтад Ж... ХХК-аас гарган өгсөн гэх албан бичиг; Ө... ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний албан бичгийг үндэслэл болгосон бөгөөд тухайн бүртгэлийн анхдагч бүртгэл байдлаар бүртгэсэн болох нь тогтоогдсон.

3.2.1.3. Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч Б.Ганбаатар, бүртгэлийг хийсэн улсын бүртгэгч Ж.Үүрийнтуяа нар нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт "Жиашидз” ХХК-аас гарган өгсөн гэх албан бичигт тус компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дарагдаагүй илтэд хуурамч болох нь тодорхой байхад тэрээр үүнийг хянан шалгаагүй, маргаан бүхий 37 байрны 110 айлын орон сууцыг барихад хоёр хөрөнгө оруулагч оролцсон, олон иргэн захиалга өгч гэрээ байгуулсан талаарх мэдээлэл, баримт байсаар байхад үүнийг тодруулалгүйгээр ганцхан Ө... ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгийг үндэслэн бүртгэл хийсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тэдний мэдүүлэг/-ээр тогтоогдсон.

3.2.2. Анхан шатны шүүх Б.Пын нэхэмжлэлтэй, Ө... ХХК-д холбогдох иргэний хэргийн талаар гарсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/06286 дугаар захирамжийг Б.Пыг өмчлөгчөөр тогтоосон хуулийн хүчин төгдөлдөр шийдвэр гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэг, "Шүүхийн шийдвэрийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.2-ын Б заалтын “...Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ..." гэсэнд тус тус нийцээгүй.

3.2.2.1. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/06286 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж -аар өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "Жиа ши дэ" ХХК оролцоогүй, тус компанийн өмчлөх эрхийг зөрчсөн маргаан шийдвэрлэгдээгүй, захирамжид маргаан бүхий орон сууцыг Б.Пын өмчлөлд бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгаж, шийдвэрлээгүй болно.

3.2.2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан Ж... ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/06286 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт “... Дээрх шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.П болон хариуцагч “Өгөөмөрмандал” ХХК-ийн хооронд үүссэн орон сууцны өмчлөлийн маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн захирамж нь дээрх зохигчдод хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны өмчлөлтэй холбоотой бусад этгээдийн маргаанд уг захирамж нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй юм. Иймд хүсэлтэд дурдсан орон сууцны өмчлөлийн талаар хүсэлт гаргагч нь холбогдох этгээдэд холбогдуулан шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй...” хэмээн тодорхой заасан.

3.2.2.3. Анхан шатны шүүх уг шүүгчийн захирамжийн талаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

3.2.3. Шүүх Ө... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж... ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 484 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 996 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1073 дугаар тогтоолоор тогтоогдсон үйл баримтаас энэхүү захиргааний хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэсгийг буруу тодорхойлсон.

3.2.3.1. Эдгээр шүүхийн шийдвэр нь маргаан бүхий захиргааны акт /бүртгэл хийгдсэнээс/ гарснаас хойш гарсан нь үнэн боловч энэхүү хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий орон сууц нь улсын бүртгэлийн Ү-2205037507 дугаарт бүртгэлтэй нэхэмжлэгч Ж... ХХК-ийн өмчлөлийн 5,664 м.кв тайлбайд хамаарах ёстой эсэх үйл баримтыг тогтоосон нэг л баримт болох юм.

3.2.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ө... ХХК нь анх “Фу Жиан Лян хө” ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээнд заасны дагуу шилжүүлэн авах ёстой барилгын ашигтай талбайн 10 хувьд оногдох хэсэгтээ “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт” 10-д заасан 37 дугаар байрны 32 тоотын 51.28 м.кв, 46 тоотын 44.52 м.кв, 48 тоотын 48.91 м.кв, 81 тоотын 48.91 м.кв, 84 тоотын 58.56 м.кв, 96 тоотын 58.56 м.кв, А хэсгийн 75 м.кв, Б хэсгийн 230 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай нийт 615.74 м.кв талбайг өмчлөлдөө шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон.

3.2.4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/395 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн баримтууд дотор маргаан бүхий орон сууцны өмчлөлтэй холбоотой асуудлаар энэхүү захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.Пын цагдаагийн байгуулагад өгч байсан мэдүүлгийг ирүүлсэн.

3.2.4.2. Тэрээр мэдүүлэгтээ маргаан бүхий орон сууцны өмчлогч болохоо мэдэхгүй, тухайн орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй талаар тодорхой мэдүүлсэн байгаа нь маргаан бүхий бүртгэлийг анхнаасаа хууль зөрчиж хийсэн болохыг нотлож байгаа.

3.2.4.3. Ө... ХХК нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасны дагуу мэдүүлэг, түүнд хавсгаргах баримт бичгийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй боловч энэ нь мэдүүлэгт хавсаргасан баримт бичгийг шалгах, бүртгэлээр баталгааждаг өмчлөгчийн эрхийг хамгаалах, бүртгэлийг хуульд нийцүүлэн явуулах бүртгэлийн байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.2.4.4. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага хуульд заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу өмчлөх эрх зөрчигдөхгүй байсан.

3.2.5. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гаргасан нэмэлт тайлбартаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаар шийдвэртэй захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхээс хийсэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлийг хавсарган өгснийг шүүх хүлээн авсан.

3.2.5.1. Энэхүү нотлох баримтад “...Бүртгэл хяналтын карт (2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 367/264 дугаарт бүртгэгдсэн ОССК-ны албан тоот)-д хавсаргасан дугаарлалтгүй 200 орчим хуудас баримтын төгсгөлд "Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт” эх хувиараа авагдсан байна. (фото зургаар баримтжуулав)..." гэж маш тодорхой тусгагдсан байхад "...Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл нь 2015 оны 11 дүгээр сарын 13, 11 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн, ипотекийн зээлийн барьцааны бүртгэл нь 11 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн..." "...Б.П Өгөөмөр мандал ХХК-тай хийсэн, 13 захиалгаар бариулах гэрээ, шүүхийн шийдвэрийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 13-нд мэдүүлэг гаргах үед Ж... ХХК-ийн орон сууцны хувиарлалт хийсэн гэх жагсаалт улсын бүртгэлийн байгууллагад эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037507 дугаартай хувийн хэрэгт ирээгүй байсан нь тогтоогдож байна..." гэх зэргээр хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

3.2.5.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж... ХХК болон Орон сууцны санхүүжилтын корпорацитай 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээгээр 37 дугаар байрны 5.664 м.кв талбай бүхий хэсгийг бүхэлд нь барьцаалсан болох нь тогтоогдож байгаа, харин 2015 оны 11 дүгээр сарын 17-ны барьцааны гэрээг дуусгавар болгосон бүртгэлийг хийлгэхээр бүртгэх байгууллагад хандсан.

3.2.5.3. Маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээдүүдийн өмчлөлд шилжүүлэх мэдүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан бол барьцаанаас чөлөөлүүлэх мэдүүлгийг 3 хоногийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл энэ хугацаа нь мэдүүлэг гаргасан хугацаа болохоос бүртгэл хийгдсэн хугацаа биш юм.

3.2.5.4. Тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжоор бүртгэл хийгдсэн хугацааг мэдүүлэг гаргасан өдрөөр хийдэг байсан ба бодитоор бүртгэл хийгдсэн хугацааг гэрчилгээг бичиж хүлээлгэн өгсөн өдрөөр тодорхойлдог байсан. Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ холбогдох нотлох баримтыг шалгаагүй, энэ үйл баримтыг нотолсон баримт байхгүй байхад хэт хийсвэр дүгнэлт хийсэн.

3.2.5.5. Цаг хугацааны хувьд бүртгэлийн байгууллага Ө... ХХК болон иргэн Б.П нарын мэдүүлгийг хянан шалгах хугацаа давхцаж хийгдсэн болохыг дээрх баримтууд нотлох бегеед энэ хугацаанд хариуцагч байгууллага 37 дугаар байрны захиалагчдын жагсаалтыг хүлээн авчихсан байсан ба маргаан бүхий бүртгэлийг хийхдээ энэ үйл баримтыг харгалзан үзэх ёстой байсныг нотолж байгаа.

3.2.6. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхэдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан бүртгэл үнэн зөв байх зарчим үйлчилнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.2.6.1. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн анхны бүртгэл буюу гуравдагч этгээдүүдийн нэр дээр маргаан бүхий орон сууцыг бүртгэсэн бүртгэл нь хуулийн дээрх зарчимд хамаарахгүй.

3.2.6.2. Нэгдүгээрт, маргаан бүхий орон сууц нь хэзээ ч Ө... ХХК-ийн өмчлөлд байгаагүй болох нь баримтаар тогтоогдсон, хоёрдугаарт Б.П нь энэ бүртгэл хийгдэхэд бодитоор оролцоогүй болохоо мөрдөх байгууллагад мэдүүлсэн байдаг.

3.2.7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар заасан.

3.2.7.1. Гуравдагч этгээд Я.Э, Э.Батсоëл нарын өмчлөлд бүртгэсэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны едрийн эрхийн улсын бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000461494 дугаартай гэрчилгээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцааны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэл нь гуравдагч этгээдүүдийг бүртгэсэн нь илт хууль бус захиргааны актыг үндэслэж хийгдсэн тул эдгээр бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус захиргааны актад хамаарна.

Дээр дурьдсан тайлбар, үндэслэлийг хянан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 592 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх гуравдагч этгээд Ө... ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 55 дугаар захирамж, 2005 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 054274 тоот эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж хаяг 1406 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй байжээ.

3.2. Ө... ХХК нь “Фу жиан лян хө” ХХК-тай 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулах тухай гэрээ байгуулж, Ө... ХХК нь дээрх газраар хөрөнгө оруулж, “Фу жиан лян хө” ХХК нь тус газарт 10 давхар үйлчилгээтэй орон сууц барих, хөрөнгө оруулалтаа 100 хувь гаргахаар харилцан тохирчээ. Тус гэрээнд “Фу жиан лян хө” ХХК нь орон сууцыг 2009 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах бөгөөд Ө... ХХК борлогдох ашигтай талбайн 10 хувь буюу 630.183 м.кв талбайг хүлээн авахаар тохиролцсон ба хожим гэрээний талууд 2010 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр барилгыг ашиглалтад оруулах хугацааг сунгаж, гэрээний хугацаа зөрчигдсөн тохиолдолд алданги тооцохоор заасан байна.

3.3. Барилга баригдаж байх хугацаанд “Фу жиан лян хө” ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 5664 м.кв талбайтай хэсгийг нь “Фу жиан лян хө” ХХК өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037507 дугаарт бүртгүүлэн авсан бөгөөд үлдэх 438.18 м.кв талбайтай хэсгийг нь Ө... ХХК өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037506 дугаарт тус тус бүртгүүлсэн ба “Фу жиан лян хө” ХХК нь 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх тухай” 01/07 тоот гэрээгээр Ө... ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ нэхэмжлэгч Ж... ХХК-д шилжүүлж, Ж... ХХК 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 5664 м.кв талбайтай хэсгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037507 дугаарт бүртгэгдэж, улмаар 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр барилгын гүйцэтгэлийг 95 хувьтайгаар бүртгэлд өөрчлөлт оруулж, 2012 онд барилгыг барьж дуусган 12 дугаар сарын 07-ны өдөр улсын комиссын актаар ашиглалтад оруулсан.

3.4. Энэ хугацаанд гуравдагч этгээд Ө... ХХК 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 100 тоот 67,06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барилга ашиглалтад орох үед хүлээлгэн өгөхөөр тохирсон ба Я.Э, Э.Б нартай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг байгуулан 113,900.000 төгрөгөөр 37 дугаар байрны 100 тоот уг орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь орон сууцны үнийн 30 хувь болох 34,200,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, үлдэгдэл төлбөр болох 79,700,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр банкны дансаар шилжүүлэн авсан байна.

3.5. Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/06286 дугаар захирамжаар Б.Пийн “37 дугаар байрны 100 тоот 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө... ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.П нар болохыг тогтоосон байна.

3.6. Иймд Б.П нь Я.Э, Э.Б нарын хамт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлэг гаргаж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгчээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/06286 дугаар захирамж, Ө... ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээнүүд, Ө... ХХК-ийн захиалгын гэрээний төлбөр барагдсан талаарх тодорхойлолт, хаягжилтын тодорхойлолт, орон сууцны фото зураг зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205060948 дугаарт бүртгэж, 000464299 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон ба хожим 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамтран өмчлөгч хасуулах мэдүүлгээр Я.Э, Э.Б нарын өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Голомт банктай байгуулсан зээлийн барьцааны гэрээг бүртгэсэн байна.

3.7. Гэтэл нэхэмжлэгч Ж... ХХК нь “...37 дугаар байрны 100 тоотод байрлах орон сууц нь Ж... ХХК-ийн өмч болохын хувьд өмнө нь 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд дахин өөрчлөлт оруулж, тухайн барилгыг Орон сууцны санхүүжилтийн корпораци /цаашид "OCCK" гэнэ/-д бүхэлд нь барьцаалсан байсан. Үүнд нь, улсын бүртгэлийн Ү-2205037307 дугаарт Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 9 хаягт байрлалтай 10 давхар үйлчилгээ, орон сууцтай барилгын 5664 м2 талбай бүхий хэсэг бүхэлдээ хамрагдаж байсан ба үүнд 37 дугаар байрны 100 тоотын 67.06 м2 талбайтай 2 өрөө орон сууц багтаж байсан ...

-барьцааны гэрээг 2015 оны 12 дугаар сард дуусгавар болгож, тухайн орон сууцны барилгыг барьцаанаас бүрэн чөлөөлсөн ... барьцаанаас чөлөөлөгдөхөөс өмнө буюу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 37 дугаар байрны 100 тоотын 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхгүй Ө... ХХК-ийн захирал гэх А.Эрдэнэтөгс нь Б.П, Я.Э нартай байгуулсан хуурамч гэрээг үндэслэн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Б.П, Я.Э, Э.Б нарыг бүртгэсэн...” буюу Ж... ХХК-ийн өмчийг захиргааны байгууллага хууль бус баримтад үндэслэн бүртгэсэн, тус компанийн өмчлөх эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэл байгаагүй хэмээн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3.8. Тодруулбал, нэхэмжлэгч Ж... ХХК Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 100 тоот 2 өрөө орон сууцыг Б.П, Я.Э, Э.Б нарын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх бүртгэл, гэрчилгээг үндэслэн маргаан бүхий 100 тоот 2 өрөө орон сууцыг Я.Э, Э.Б нарын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцааны бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

3.9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан бол”, 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус байх бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий улсын бүртгэлийг хийхэд улсын бүртгэгчийг хууль бус шийдвэр гаргахыг шаардсан болон Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 100 тоот 2 өрөө орон сууцын бүртгэлийг хийх болсон шаардлага байгаагүй бол захиргааны акт илт хууль бус болох хуулийн зохицуулалттай бөгөөд анхан шатны шүүхийн “илт хууль бус гэж үзэх үндэслэл мөн тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

3.10. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 484 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 996 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1073 дугаар тогтоолоор Ө... ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж... ХХК-д холбогдох иргэний хэргийг Ж... ХХК-иас 41.400.000 төгрөг гаргуулж Ө... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 450.890.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.11. Тодруулбал, иргэний хэргийн шүүх Ж... ХХК нь маргаан бүхий барилгыг хугацаанд нь оруулаагүй гэсэн үндэслэлээр Ө... ХХК-иас алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, мөн Өгөөмөр мандал” ХХК-ийн төлсөн барилгын ашиглалтын зардлыг хамтран ажиллах гэрээгээр тогтоосон барилгын 90 хувьд ногдох хэмжээгээр Ж... ХХК-иас гаргуулж Ө... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс үүнийг “... Ө... ХХК алдангид тооцож 100 тоот орон сууцыг захиалгын гэрээгээр бусдын өмчлөлд шилжүүлсэн, алданги тооцсон нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон тул 100 тоот орон сууцыг өмчлөх эрхгүй ...” гэж тайлбарлаж байна.

3.12. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно.” 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:” 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж тус тус зааснаар Б.П нь Я.Э, Э.Б нарын хамт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлэг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр гэж үзэх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/06286 дугаар захирамж, Ө... ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээнүүд, Ө... ХХК-ийн захиалгын гэрээний төлбөр барагдсан талаарх тодорхойлолт, хаягжилтын тодорхойлолт, орон сууцны фото зураг зэргийг хавсаргасан байгаагаас үзвэл тухайн үед захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй байжээ.

3.13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж... ХХК тус шүүгчийн 102/ШШ2015/06286 дугаар захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 4979 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж, 4 дүгээр сарын 12-ны өдрийн 423 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзсан тул Б.П нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:” 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж зааснаар улсын бүртгэлийг үйлдэхгүй байх буюу мэдүүлгийг татгалзах нөхцөл байдал байгаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

3.14. Хэдийгээр уг маргаан үүсэх болсон шалтгаан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.9-д зааснаар эрхийн улсын бүртгэлд дуусаагүй барилгаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2 ба түүнээс дээш этгээд хөрөнгө оруулан барьж дуусган ашиглалтад оруулсан бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын хүсэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн хамтын өмчлөлд, эсвэл хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд бүртгэнэ гэж зааснаар анх барилга баригдаж байх хугацаанд “Фу жиан лян хө” ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 5664 м.кв талбайтай хэсгийг нь “Фу жиан лян хө” ХХК өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037507 дугаарт бүртгүүлэн авсан бөгөөд үлдэх 438.18 м.кв талбайтай хэсгийг нь Ө... ХХК өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037506 дугаарт бүртгэхдээ өмчлөгч нарын хөрөнгийг 10 давхар 100 айлын орон сууцны тоот тус бүрээр тусгайлан ангилж бүртгүүлээгүй ба Ө... ХХК-ийн өмчлөлийн бүртгэлээс салгаж шинээр бүртгэл үүсгэж байгаа бол тухайн 37 дугаар байрны Ө... ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037506 дугаартай 438.18 м.кв талбайд 100 тоот орон сууц багтаж байгаа эсэхийг тогтоож, уг бүртгэлээс салгаж бүртгээгүй нь буруу гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох боломжгүй.

3.15. Өөрөөр хэлбэл, бүртгэлийн үндэслэл болсон баримтууд хууль бус болох нь хожим 2017 онд шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тохиолдолд уг улсын бүртгэл хууль бус болох тухайд ... боломжтой боловч энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс маргаан бүхий бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

3.16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж... ХХК Б.Пын Ө... ХХК-тай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн  байх бөгөөд нэхэмжлэгч Ж... ХХК нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийн үнэн зөвийг хариуцах бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаар Ө... ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлж орон сууцыг захиалгын гэрээгээр борлуулсан болохыг тогтоолгож, учирсан гэх хохирлоо иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой.

3.17. Мөн түүнчлэн энэ маргааны тохиолдолд буюу Ө... ХХК болон Б.П, Я.Э, Э.Б нарын хоорондын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой бүртгэлийг илт хууль бусд тооцох хууль зүйн үндэслэл үгүй боловч дээр уг 100 тоот 2 өрөө орон сууцыг эзэмших, захиран зарцуулах эрх Ө... ХХК-д хууль ёсоор олгогдсон эсэхтэй холбоотой маргаанд энэхүү магадлал саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж... ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

  

ШҮҮГЧ                                                                А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА