Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43   

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Г.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овгийн Г.Д холбогдох 2129000140036 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь Өмнөговь аймаг Цогтцэций сумын Шар тээгийн уулзвараас Цогтцэций сум хүртэлх 596 дахь км-т хатуу хучилттай асфальтан замд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Тоёота Приус 20 загварын 21-78 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйл Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Х.Анхбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д нь мэдүүлэхдээ: “Би 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой Цогтцэций суман дээр ирж  хоночхоод 11-ны орой халуун усанд орохдоо зар тавьсан байсан. Тэгсэн нэг дугаар залгаад хоёр хүн байна. Аваад явах уу?  хэдээр явах вэ? гэхээр нь зардал нь хэд байдаг юм бол гэж асуухад 50,000 төгрөгөөр явдаг. Хоёр хүн нийлүүлээд 40,000 төгрөгөөр аваа явах уу? гэсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлсэн. Өмнө нь би Цогтцэций суманд ирж байгаагүй, хаанаас явахыг нь мэдэхгүй байсан. Тэгсэн нөгөө хүн 4 хүн болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Цогтцэций сумаас гараад явж байхад цаг агаар гайгүй байсан. Би шороон замаар газрын зураг хараад явж байсан чинь засмал дээр машин яваад байхаар нь араас нь засмал зам руу гарах гээд явж байхад гэнэт зам дээр овоолготой шороо байсныг тулж хараад тоормос гишгээд зогсож чадалгүй уг овоолготой шороог мөргөөд зогссон. гэв.

Хохирогч Х.Анхбаатарын өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цогтцэций сумаас 21-78 УБМ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу 60 000 төгрөгөөр явна гэж байхаар нь би жолооч Д гэх залуу машинаа бариад хажуу талд нэг залуу дээр нь би хоёр эрэгтэй суусан би арын суудлын хамгийн зүүн талд нь суугаад хөдлөөд Цогтцэций сумаас хөдлөөд засмал дээгүүр явж байсан би бага зэрэг зүүрмэглээд явж байтал хүмүүс хөөе гээд чанга дугаралдаад тэгээд юу болов оо гэтэл зам дээр овоолготой байсан шороог мөргөөд цаашаа хайраагаад 4 дугуйн дээрээ буусан тэгээд түргэн тусламж дуудаад эмнэлгийн машин ирээд Цогтцэций сумын эмнэлэг рүү зөөвөрлөгдөж хүргэгдсэн. Тухайн үед миний хамарнаас цус гарсан бас муруйсан байх шиг байсан тэгээд хүмүүст ил харагдах гэмтэл байгаагүй. Би урд суудлынхаа дэрийг араас нь мөргөсөн. Гомдол байхгүй. Миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36-р хуудас/,

Гэрч Э.Бат-Амгалангийн өгсөн: …Би 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа буусан. Би тэгээд тухайн өдөр Цогтцэций суманд хоночихоод Цогтцэций гэх нэгдсэн гэх фейсбүүк групп дээр Улаанбаатар хот руу 60 мянган төгрөгөөр хүн авч явна гээд биччихсэн байсан. Тэгээд би сувдан цагаан өнгийн приус-20 маркийн машинд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд 4 зорчигчтой хамт хөдөлсөн. Тэгээд явж байгаад 10 гаруй км-ийн цаана нөгөө машины жолооч овоолсон шороо мөргөөд зогссон. Ойролцоогоор 60 км хурдтай л явж байх шиг байсан. Түүнээс дээш ч байж магадгүй. Тухайн жолооч архи согтууруулах зүйл хэрэглээгүй байсан. Тухайн өдөр цаг агаарын байдал хэвийн байсан. Би тухайн өдөр урд сууж байсан надад ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй. Хойно сууж явсан 3 иргэний Анхбаяр нь хамар нуруу нь хугарсан байсан, нөгөө 2 залуу нь тэндээсээ буцсан. Жолоочид гэмтэл шарх үүсээгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч Ж.Алтанхуягийн өгсөн: “...Би 2178 УБН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2016 онд худалдаж аваад 2017 оны 09 дүгээр сард зарсан. Ямар хүнд зарсан гэдгээ сайн санахгүй байна. Одоо энэ машины миний өмч биш. Тэр худалдаж авсан хүний өмчид байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

Гэрч Э.Сумъяадоржийн өгсөн: “...Тоёота Приус-20 загварын мөнгөлөг саарал өнгийн машинд суугаад сумын төвөөс 20 гаран км-т газар яваад засмал зам руу гарсан тэр үед би зүүрмэглээд явж байтал гэнэт түс гээд явсан. Машин агаарт хөөрөөд газар буух шиг болсон. Машинаас буугаад ирэхэд баруун гарын тохой жоохон хөндүүртэй болсон байсан миний зүүн гар талд сууж явсан хүн урд сандалны дэрийг мөргөөд буухдаа нуруугаа эвгүй болгочихлоо гэж байсан. Урд сууж явсан найз Бат-Амгалан бүсээ зүүж явсан болохоор цээж хөндүүр болчихлоо гэж байсан. Миний баруун гар талд сууж явсан ах зүгээр гайгүй юм шиг байна гээд хүн дуудаад замын зардал 60 000 төгрөг аваад өөр машинд суугаад явчихсан. гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №13234 дугаартай дүгнэлтээр:“...Х.Анхбаатарын биед сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл энэ мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Х.Анхбаатарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... ” гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар:“...ослын үед 21-78 УБМ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйл Харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хх-ийн 50-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-16-р хуудас/

Яллагдагч Г.Д өгсөн:“...Анхбаатар хамар, нуруундаа гэмтэл авсан. Бусад хүмүүс зүгээр байсан. Тухайн үед орой болсон харанхуй байсан мөн шороо шуураад үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас/

Шүүгдэгч Г.Д хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Г.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/,

Шүүгдэгч Г.Д иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60-63-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасан.

Шүүгдэгч Г.Д нь Өмнөговь аймаг Цогтцэций сумын Шар тээгийн уулзвараас Цогтцэций сум хүртэлх 596 дахь км-т хатуу хучилттай асфальтан замд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Тоёота Приус 20 загварын 21-78 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйл Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Х.Анхбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Д авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн хохирогч Х.Анхбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, хохирогч Х.Анхбаатар прокурорт гаргасан хүсэлтдээ”… Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдолгүй Г.Д хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хх-ийн 129-р хуудас/ гэсэн тул  шүүгдэгч Г.Д бусдад төлөх төлбөргүй байхгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хүлээлэгэх хариуцлагын талаарх саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцлийг хангасан тул улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох торгуулын ял оногдуулж шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Г.Д автотээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирол төлбөрт 856 250 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА