| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01450/и |
| Дугаар | 1067 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 1067
| 2017 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2017/01067 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1а хэсэг, Цэргийн хотхон 1 гудамж, 34 тоотод оршин суух Мууяа овогт Муунохойн Батсүх /Регистрийн дугаар ЦА56030871/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Батсүх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Муунохой овогтой Батсүх миний бие 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 он хүртэл “Туул жинпан” ХХК-д сантехникийн слесариар ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байгаад халагдсан тушаал олдохгүй байгаа тул 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 он хүртэл “Туул жинпан” ХХК-д сантехникийн слесариар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Батсүх нь “Туул жинпан” ХХК-д 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 он хүртэл сантехникийн слесариар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд хүсэлтэд дурдсан хугацааны ажилласан жилээ тооцуулах гэтэл түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
1974 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Муунохойн Батсүхэд олгосон Хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна. Уг Хөдөлмөрийн дэвтрийн 9 дүгээр талд “Туул-Жинпан компанийн захирлын 1991-12-14-ний өдрийн 13 тоот тушаалаар 1991.12.14 Туул-Жинпан компанид слесариар авч ажиллуулав”, 10-11 дүгээр талд “1995.01.01 Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож БЗД НДХ-с 200878 тоот НД дэвтэр олгов” гэж бичигдсэн байна. /хх-5/
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 349 дугаартай тодорхойлолтод “Үндэсний төв архивын сан хөмрөгт Туул-Жинпан компани байгууллагын бүгд баримт шилжиж ирээгүй тул Муунохой овогтой Батсүх-д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа боломжгүй байна” гэжээ. /хх-4/
Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Хүсэлт гаргагч М.Батсүхийг “Туул жинпан” ХХК-д сантехникийн слесариар ажиллаж байсныг гэрчлэхээр Я.Аюуш, П.Төмөрчөдөр нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.
Шүүхэд дуудагдсан гэрч Я.Аюуш “Ядам овогтой Аюуш би 1991 оны 9 дүгээр сараас “Туул жинпан” ХХК-д цахилгаанчин, ЦТП засварын машинчаар ажиллаж эхэлсэн. 1991 оны 12 дугаар сард М.Батсүх ажилд орж сантехникийн слесариар ажиллах болсон. Бид 1995 оныг хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн”, гэрч П.Төмөрчөдөр “П.Төмөрчөдөр миний бие нь 1991 оны 9 дүгээр сараас 1995 он хүртэл Монгол Хятадын хамтарсан “Туул жинпан” ХХК-д худалдагчаар ажиллаж байхад М.Батсүх нь сантехникийн слесариар ажиллаж байсан нь үнэн болохыг гэрчилж байна” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мууяа овогт Муунохойн Батсүх /Регистрийн дугаар ЦА56030871/-ийг 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Туул жинпан” ХХК-д сантехникийн слесариар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР