| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 2006005571276 |
| Дугаар | 2021/ШЦТ/303 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.А |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/303
2021 03 10 2021/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч Т.М /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Г, Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мянган овогт Б.Г, Боржигон овогт Б.У нарт холбогдох эрүүгийн 2006 00557 1276 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Налайх дүүрэг 3 дугаар хороо Замчин 20 дугаар гудамжны 129 тоотод оршин суух, урьд
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 117 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ял,
Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Их мянган овогт Б.Г /РД:У/,
2. Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Консул 11 дүгээр гудамжны 284 тоотод оршин суух, урьд
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 265.000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1602 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгүүлж,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Боржигон овогт Б.У /РД:00000000/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Яллагдагч Б.У, Б.Г нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “EL” зочид буудлын 203 дугаар тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн Б.О эзэмшлийн “Ай Фоне-7” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч авч бусдад 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Анх хулгай хийх сэдлийг би түрүүлж гаргасан. Буудлын өрөө рүү би ороод араас Ууганхүү орж ирсэн. Б.Уг гар утас авч байхыг би хараагүй. Би архийг нь авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гэр лүүгээ явж байхдаа Гтааралдсан. Тэгээд надад мөнгө байдаггүй. Мөнгө байвал өгөөч гэсэн чинь би хүнтэй уулзаад ирье гэсэн. Ганзориг намайг чи даараад байвал энд зогсож бай гэж хэлсэн. Тэгээд Ганзориг нэг өрөө рүү ороод гарч ирэхдээ нэг шил архи авч гарч ирсэн. Би тухайн гар утсыг авсан.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хооронд байх “EL” нэртэй зочид буудлын 203 тоотод ороод 1 архи байсныг задлаад 1 удаа аягалж уугаад ядраад унтаад өгсөн. Би иргээд гарна гэж бодож утсаа оролдож байгаад сандал дээр зүүрмэглэсэн байсан. Тэгээд өглөө 08 цаг өнгөрөөгөөд 09 цагийн орчимд сэрээд гар утсаа алга болсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, “Iphone-7” загварын гар утсыг 480.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 23-24 хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28 хуудас/,
Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр өгсөн “2019 оны 11 дүгээр сард би найз Ууганхүүгийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг нэрийг нь сайн санахгүй байна. Байрны дунд байдаг зочид буудалд дулаацах санаатай орсон. Тэгээд буудал руу ортол нэг өрөө нь онгорхой ширээн дээр нь Буганы зурагтай нэрийг мэдэхгүй байна нэг архи байсан. Тухайн өрөөнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн согтуу тасарсан байдалтай байсан. Тэгээд би Ууганхүүд энд архи байна гуйгаад авчих уу гэхэд Ууганхүү яахын тасарчихсан юм байна гээд Ууганхүү гар утсыг нь би шилтэй архийг нь аваад гарсан. Тэгээд бид 2 архийг нь өөр газар очоод ууцгаасан. Тэгээд маргааш нь гар утсыг нь Монтел гар утасны худалдааны төв дээр очоод 80.000 төгрөгөөр зарсан. Тухайн утсыг Ууганхүү зарсан. Тэгээд зарсан мөнгөөрөө бид 2 хоолонд ороод архи авч уугаад тэгээд мөнгө нь дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Б.У Б.Г нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг EL зочид буудлын 203 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж хохирогч Б.О эзэмшлийн I phone 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлан 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Анх хулгай хийх сэдлийг би түрүүлж гаргасан. Б.Уг гар утас авч байхыг би хараагүй. Би архийг нь авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Угийн “Би гэр лүүгээ явж байхдаа Ганзоригтой тааралдсан. Тэгээд надад мөнгө байдаггүй ... Тэгээд Ганзориг нэг өрөө рүү ороод гарч ирэхдээ нэг шил архи авч гарч ирсэн. Би тухайн гар утсыг авсан.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Одгэрэлийн “2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хооронд байх “EL” нэртэй зочид буудлын 203 тоотод ороод 1 архи байсныг задлаад 1 удаа аягалж уугаад ядраад унтаад өгсөн. Тэгээд өглөө 9 цагийн орчимд сэрээд гар утсаа алга болсныг мэдсэн ... камерын бичлэгт 2 хүн хоёрдугаар давхрын хаалга татаад явж байгаа бичлэг байсан. Уг 2 хүн манай өрөө рүү орж байсан” гэх мэдүүлэг /хх-15-16/, Дамно ХХК-ий 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “I Phone 7 маркийн, 2018 оны 05 дугаар сард худалдан авсан гэх гар утсыг 480.000 төгрөг”-өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-23-24/, сэжигтэн Б.Гийн “буудал руу ортол нэг өрөө нь онгорхой ширээн дээр нь Буганы зурагтай нэрийг мэдэхгүй архи байсан, өрөөнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан тэр хүн согтуу тасарсан байдалтай байсан. Би Ууганхүүд энд архи байна гуйгаад авчих уу гэхэд Ууганхүү яахын тасарчихсан юм байна гээд Ууганхүү гар утсыг, би шилтэй архийг нь аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-32-33/, яллагдагч Б.Гийн “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” /хх-39-40/, яллагдагч Б.Угийн “Ганзориг намайг энэ хавиар явж архи олж ууя гэсэн. Намайг зочид буудлын үүдэнд толгойгоо цухуйлгаад харж байхад .. намайг дуудаад ... Би Ганзоригийн араас 2 давхарт гараад коридорт Ганзоригийн орсон хаалганаас 2-3 алхмын зайнд зогсож байсан /хх-44-45/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У, Б.Г нар гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсоныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г, Б.У нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа үйлдлийг санаатайгаар хүсэж хийсэн, уг үйлдэл болон учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой.
Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хүч хэрэглэхгүйгээр, бусдад мэдэгдэхгүй нууц аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж, бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Хохирогч унтаж байсны тухайн болж байгаа үйл явдлыг мэдэхгүй, мэдэхгүй боломжгүй байдлыг далимдуулан түүний дэргэдээс эд хөрөнгийг нь авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэж үзнэ.
Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох ба зочид буудлын өрөөний түгжээгүй хаалгаар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор сэм орсныг орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилнэ” гэж заасан. Б.Г, Б.У нар гэмт хэрэг үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай нэгдсэн гэж үзэж ердийн хамтран оролцох хэлбэрээр бүлэглэн гүйцэтгэсэнд тооцсон нь зөв зүйтэй болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд бүлэглэн үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заагаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан хэрэглэх нь хуульд нийцнэ.
Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн эх сурвалж болох бичлэг бүхий CD-г эд мөрийн баримтаар тооцож ирүүлээгүй, харьцуулан шинжлэн судлах боломжгүй тул уг тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй боловч гэм хэрэг үйлдэгдсэн нь бусад баримтаар тогтоогдсон гэж үзэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Б.Г, Б.У нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “Бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас 480.000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон боловч нөхөн төлөгдөөгүй байна.
Шүүгдэгч Б.Г, Б.У нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаруулахаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тус бүрээс 240.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Одгэрэлд олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Г, Б.У нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Б.Г, Б.У нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г, Б.У нарт тус бүр 3 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Гт өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 17 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол шүүгдэгч Б.Г, Б.У нарын зүгээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэснийг дурдвал зохино.
Шүүгдэгч Б.Г, Б.У нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “... гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.5 дугаар зүйл заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс Б.Г, Б.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г, Б.У нарт тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 17 хоногийн ялыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сар 17 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Гт оногдуулсан 2 жил 6 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял, Б.Уд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг урьд удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 99 хоног, шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 161 хоног тус тус цагдан хоригджээ.
Б.Гт нь энэ хэрэгт цагдан хоригдсон байхдаа Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн ба шийтгэх тогтоол гарснаас хойш Б.Гийн энэ хэрэгт цагдан хорих хугацааг 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгуулж, давхардуулан шийдвэрлэсэн байгааг анхаарах нь зүйтэй.
2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцохгүй, харин 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 17 хоногийн ялыг тооцоог гаргуулан, хорих ангиас энэ хэрэгт шилжүүлэн цагдан хорьсон хугацааг эдлэх ялд оруулан тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.Гийн цагдан хоригдсон 99 хоног, Б.Угийн цагдан хоригдсон 161 хоногийг тус тус эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Б.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.Г, Б.У нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Г, Б.У нарт тус бүр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Гт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Гт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 17 /арван долоо/ хоног хорих ял, Б.Уд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.Гийн цагдан хоригдсон 99 хоног, Б.Угийн цагдан хоригдсон 161 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.У нараас тус тус 240.000 төгрөг гаргуулж хохирогч Б.О олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г, Б.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ