| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/00407/и |
| Дугаар | 1071 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 1071
| 2017 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2017/01071 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам, 152 дугаар байрны 00 тоотод байрлах “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9015002138, регистрийн дугаар 5776953/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 68/3 байр, 27 тоотод оршин суух Шарнууд овогт Чулуунбаатарын Мядагсүрэн /Регистрийн дугаар ОО78110205/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 130,300,560.88 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Д.Золзаяа, хариуцагч Ч.Мядагсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Д.Золзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тэнгэр аз инвест ББСБ” ХХК болон зээлдэгч Ч.Мядагсүрэн нар нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 80,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэхээр харилцан тохиролцож 01/201536 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээ байгуулагдсан өдөр зээлдэгч Ч.Мядагсүрэн нь өөрийн Голомт банкин дахь 1205103815 тоот дансаараа дамжуулан гэрээний зүйлийг хүлээн авсан. Зээлдэгч нь 01/201536 дугаар гэрээний хавсралт 1-т заасны дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ зөрчиж зээлийн үндсэн төлбөрт 32,88 төгрөг, хүүнд 11,600,767.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,215,999,82 төгрөгийг тус тус төлсөн ба 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 79,999,967,12 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 41,843,597,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8,447,996,53 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 130,291,560,88 төгрөг болсон. Үүн дээр нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан нотариатын зардал 9,000 төгрөгийг нэмээд нийт 130,300,560,88 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 148,8 м.кв үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч Ч.Мядагсүрэнгийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэв.
Хариуцагч Ч.Мядагсүрэн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Чулуунбаатар овогтой Мядагсүрэн миний бие “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-аас 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 80,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдэж авсан. Ч.Мядагсүрэн би барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны санхүүгийн хямралаас болж борлуулалт зогсож, мөн эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй байгаа юм. Одоо барилгын ажил 70 хувьтай байгаа бөгөөд энэ оны 08 дугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Зээлийн барьцаанд байгаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар шийдвэрлэж зар болон зуучийн компанитай хамтран хөөцөлдөж байна. Уг байр нь 144 м.кв талбайтай үйлчилгээ явуулах бүрэн боломжтой, автобусны буудалд 10 м ойрхон байр юм. Уг нь зарах төлөвлөгөөгүй байсан бөгөөд одоо худалдахгүй бол болохгүй нөхцөл үүсээд байна. Борлогдох бүрэн боломжтой гэж үзэж байна. “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК нь 130,291,560 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би нийт 12,816,800 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл 79,999,967.12 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 41,843,597.23 төгрөг байгаа нь зөвхөн хүү гэхэд 54,660,397 болж байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүү буюу торгуулийн гэж нэхэмжилсэн 9,663,996 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж өгч, одоо миний төлөх дүнг 121,843,564 болгон өгч туслалцаа үзүүлнэ үү. Мөн би уг барьцааны байрыг ойрын үед зарж төлбөрийг яаралтай төлөх болно” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Мядагсүрэнд холбогдуулан Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 79,999,967,12 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 41,843,597,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8,447,996,53 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 130,300,560,88 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Ч.Мядагсүрэн нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ч.Мядагсүрэн нь “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 01/201536 дугаартай зээлийн болон барьцаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 80,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-7-12/
Зээлийн барьцаанд Ч.Мядагсүрэнгийн өмчлөлийн Ү-2201043147 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 000431815 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 18102, Хүнсчдийн гудамж 29 байр, 1 дүгээр давхарын 2 тоот хаягт байршилтай 148.8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь хэрэгт авагдсан барьцаат ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. /хх-10-12/
Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
Зээлийн гэрээний дагуу “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК нь гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ч.Мядагсүрэнгийн Голомт банкин дахь 1205103815 тоот данс руу 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заасан.
“Тэнгэр аз инвест ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Мядагсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөхийг шаардах эрхтэй, хариуцагч нь буцаан төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 79,999,967,12 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 41,843,597,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8,447,996,53 төгрөг, нийт 130,291,560.88 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Зохигчид зээлийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, 80,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсоны дагуу хариуцагч нь 80,000,000 төгрөгийг авч, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 7,816,800 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 12,816,800 төгрөг төлсөнөөс нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрт 32,88 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 11,600,767.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,215,999.82 төгрөгт тооцсон нь зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагын талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн нэмэгдүүлсэн хүүг тооцох заалттай нийцэхгүй байна. Учир нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.6 дахь заалтад “... 2.1.4-т заасан нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн төлбөрөөс энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж дуусах хүртэл хугацаагаар төлөхөөр талууд тохиролцов” гэж үндсэн зээлийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан нь хуульд нийцэхгүй байх тул нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь үндсэн зээл, хэтэрсэн хугацааны хүүг гаргуулах үндэслэлтэй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдлээс хэтэрсэн хугацааны хүү тооцож хэтэрсэн хугацааны хүү 42,077,193.26 төгрөг, нийт 122,077,160.38 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 9,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Ч.Мядагсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 122,077,160.38 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,223,400.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн барьцаа хөрөнгө болох Ч.Мядагсүрэнгийн өмчлөлийн Ү-2201043147 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 000431815 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 18102, Хүнсчдийн гудамж 29 байр, 1 дүгээр давхарын 2 тоот хаягт байршилтай 148.8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Мядагсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 122,077,160.38 /нэг зуун хорин хоёр сая далан долоон мянга нэг зуун жаран төгрөг гучин найман мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,223,400.5 /найман сая хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун төгрөг таван мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Мядагсүрэн нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө Ү-2201043147 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 000431815 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 18102, Хүнсчдийн гудамж 29 байх, 1 дүгээр давхарын 2 тоот хаягт байршилтай 148.8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 809,452.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мядагсүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 768,336 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР