| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2021/0159/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/191 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | М.Э |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/191
2021 03 24 2021/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Галбадар даргалж,
нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй,
улсын яллагч М.Энхбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасансүрэн,
шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.А-д холбогдох эрүүгийн 2011 0186 70102 дугаартай хавтаст хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 22-ны өдөр, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг, Малчдын 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, одоогоор Баянзүрх дүүрэгт нийтийн байранд амьдардаг гэх, өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1031 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 2021/ШЦТ/174 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, мөн тогтоолын 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, ялыг эдлээгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л.А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-209 тоотод оршин суух иргэн Б.Баярсайханыг сэтгэцийн өвчтэй, биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй гэртээ ганцаараа унтаж байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ... миний 26 жил уулзаагүй үеэл тааралдаж надад Баянзүрх дүүрэгт Их Засаг Их сургуулийн ойролцоо нийтийн байр 3 сараар түрээсэлж өгсөн. Би нийтийн байрны хаягийг сайн хэлж мэдэхгүй байна. ... миний 26 жил уулзаагүй үеэл тааралдаж надад Баянзүрх дүүрэгт Их Засаг Их сургуулийн ойролцоо нийтийн байр 3 сараар түрээсэлж өгсөн. Би нийтийн байрны хаягийг сайн хэлж мэдэхгүй байна. ... Би архинд нилээн орсон тул биеэ татаж чадаагүй. Миний үеэл намайг А-гийн цуглаанд тасралтгүй 3 сар яв гээд нийтийн байр түрээсэлж өгсөн. ... Би тухайн өдөр 17 хавиар архи ууж явж байсан. Тэгээд тасарчихсан байна. ...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өглөө би ээжийнхээ гэрээс хүүхдийнхээ хувцсыг авах гэж орсон. Миний ээж манай гэрийн хажууд тусдаа гэрт амьдардаг юм. Гэтэл ээжийн ор дотор танихгүй хүн ээжтэй хамт унтаж байсан тул би юун хүн бэ гэж түүнийг сэрээгээд гэрээс гарч нөхрөө дуудсан. Гэтэл тухайн хүн гэрээс гарч гудамжинд явж байсан тул түүнийг манай нөхөр дуудаж гэр оруулаад, цагдаа дуудсан. Миний ээж сэтгэцийн шизофрин өвчтэй тул хөдөлмөрийн чадвараа 80% алдсан, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Өөрийгөө хамгаалах чадваргүй хүн. Сая шүүгдэгч би хүч хэрэглэсэн гэж бодохгүй байна гэж байна. Үнэндээ манай ээж эсэргүүцэх ямар ч чадваргүй хүн. ...Өмнө нь аав, ээжийнхээ хамт амьдардаг байсан. Миний өвөө олон жилийн өмнө нас барсан. Миний эмээ 2020 оны 08 дугаар сард нас барсан тул 2020 оны 09 дүгээр сард ээжийгээ би хашаандаа авчирч буулгасан. Гэтэл 2020 оны 10 дугаар сард ийм хэрэг гарчихлаа. ... Хэрэг болсноос хойш сэтгэл санаа нь тогтворгүй, хаалгаа дотроос нь түгжчихээд хүн оруулахгүй байгаа. Хэрэг болсноос хойш 10-аад хоногийн дараа гэрийн хаалгаа дотроос нь түгжчихээд онгойлохгүй, оройны 18:00 цаг хүртэл ямарч чимээ гаргахгүй болохоор нь Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгч цагдаагаар гэрийнх нь хаалгыг онгойлгуулж орсон. ...Шүүгдэгчид хуульд заасны дагуу шийтгэл оногдуулах хүсэлтэй байгаа бөгөөд би сэтгэл санааны хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна. Яг хэдэн төгрөг гэдгийг тодорхойлж хэлж мэдэхгүй байна. Энэ өвөл сэтгэл санааны их дарамтад байсан. Ээжийн гэдэс том болж байгаа мэт санагдан хорио цээр тавигдсан болохоор эмнэлэгт үзүүлж чадахгүй их хэцүү байсан. ...Би маш их гомдолтой байгаа тул хуулийн дагуу энэ хүнд шийтгэл оногдуулаасай гэж хүсэж байна” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...Манайх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамж, 209 тоотод 2020 оны 9 дүгээр сард нүүж ирээд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байна. Тухайн хашаанд манайхыг нүүж ирэхээс өмнө манай хадам аав, ээж амьдардаг байсан юм. Хэрэг явдал болох үед тухайн хашаанд байх байшинд манайх амьдардаг хажууд байх гэрт нь манай ээж Б.Баярсайхан нь ганцаараа хүний байнгын асаргаанд хэвтэрт шахуу байдлаар амьдардаг юм. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 цагийн орчимд би ээж Б.Баярсайханы гэрт орж галыг түлж өгч гэрийг нь дулаацуулаад түүнийг унтахдаа гэрлээ унтраагаад хаалгаа цоожлоорой гэж хэлээд гарахад ээж маань ороо засаад орон дээрээ унтах гээд л ганцаараа сууж байсан юм. Тэгээд би гэрээс нь гараад өөрийнхөө гэртээ орж унтаад өглөө тэдний гэрээс 07 цаг 30 минутын орчимд хүүхдийнхээ хувцсыг авах гээд ороход гэрэл нь асаалттай байсан юм. Тэгээд ороод харсан чинь ээжийн унтдаг орон дээр ээж цаашаагаа хараад унтаж байсан наад талд нь үл таних залуу ээжийг араас нь тэвэрсэн байдалтай гутлаа тайлаад орон дээр хувцастайгаа унтаж байсан юм. Тэгээд би хөөе чи юун хүн бэ гэсэн чинь нөгөө залуу болон манай ээж хоёр сэрээд би гялс эргэж өөрийнхөө гэртээ ороод нөхөр Б.Билгүүнд орж хэлээд ээжийн гэрт танихгүй эрэгтэй гэрт нь унтаж байна гэж хэлсэн чинь манай нөхөр босоод гялс явж ороход нөгөө залуу байхгүй гараад явсан байсан тэгээд манай нөхөр гэрээс гарч гүйгээд гудамж уруудаад явж байхад барьж ирлээ гэж хэлээд эргүүлээд гэрт дагуулж орж ирсэн тэгээд нөгөө залуу харахад тухайн залуу нь хувцастайгаа байсан боловч өмднийх нь бүс болон цахилгаан, товч зэрэг тайлагдаж хагас онгойсон байдалтай байхаар нь янз бүрийн юм болсон юм болов уу гэж бодоод цагдаагийн байгууллагын 102 дугаартай мэдэгдсэн. Тэгээд энэ хооронд би өөрийн ээж Б.Баярсайханаас юу болсон талаар асуухад зүгээрээ л гээд байсан. Угаасаа юм асуухад ихэвчлэн зүгээрээ л гэж хариулдаг юм. ...Би өөрийн ээж Б.Баярсайханыг тухайн өвчнийг анх ямар байдлаар авсан эсэх талаар сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан олдмол өвчин байгаа. Намайг анх ухаан орсон цагаас л хойш ийм өвчтэй байсан юм. Ээж маань энгийн үедээ бол асуусан асуултанд хариулдаг боловч яг сайн ойлгомжтой болон өөрийгөө хүнд ойлгуулах гээд байгаа зүйлээ сайн ярьж чадахгүй хүн байгаа юм." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28-р хуудас/,
Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...Манайх тухайн хаяг болох Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамж 209 тоотод 2020 оны 9 дүгээр сараас эхлэн нүүж ирж амьдрах болсон. Тухайн хаягт байх монгол гэрт манай хадам ээж Б.Баярсайхан нь ганцаараа хүний байнгын асаргаанд байдаг юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өглөө 07 цаг өнгөрч байхад би гэртээ унтаж байсан. Тэгэхэд манай эхнэр намайг сэрээгээд ээжийн гэрт танихгүй эрэгтэй хүн унтаж байна гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөөд гараад гэрт нь яваад ороход байхгүй байсан тэгэхээр нь эхнэр Б.Баасансүрэнгээс ямархуу хувцастай содон шинж тэмдгийг нь асуугаад эргэж гараад хашаанаас гарч гүйгээд гудамж уруудаад явж байгаад өглөө байсан болохоор хөдөлгөөн багатай хүнгүй шахуу байсан болохоор нэг л хүн гэмтэлтэй гэмээр хазганаад явж байхаар нь нөгөө хүн дээр очоод чи ямар учиртай хүн бэ? чи манай гэрийг яаж мэддэг юм бэ? урьд нь ирж байсан юм уу гэж асуусан чинь айл хайгаад явж байгаад тасраад унтаад өгсөн байна гэхээр нь өөрийнхөө гэр лүү буцааж дагуулж ороод цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгөөд цагдаа ирэхээр нь болсон явдлыг хэлээд өгөөд явуулсан. ...Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэлээд согтолттой хэлж ярьж байгаа нь ойлгогдохгүй шахуу согтуу байх шиг байсан. ...Манайх Мөөгий гэх хүний гэрийн ойролцоо гэр нь байдаг манай аав ээж дээр хааяа нэг ирж ажилд тусладаг гэж сонсож байсан нэг хоёр удаа харж байсан хүн байгаа юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12201 дугаартай: " 1. 2. 3. Б.Баярсайханы биед гэмтэл тогтоогдсонгүй. 4.5 6. 7. Б.Баярсайханы охин хальс үлдэц төдий байх ба шинэ урагдал тогтоогдсонгүй. 8. 9. Б.Баярсайхан нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 10. 11. 12. Б.Баярсайханы үтрээнээс авсан арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн. Бүлгийн харьяаллыг харьцуулах дээж ирснээр тогтоох боломжтой." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12201 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 41-44-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6087 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 48-50-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 149 дугаартай " 1.Б.Баярсайханы үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн хучуур эсийн ДНХ-ийн тогтоц нь Б.Баярсайханы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 2. Б.Баярсайханы үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Л.А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухайн тогтоол “...хэргийн газрын үзлэгээр хурааж авсан хохирогч Б.Баярсайханы өмсөж байсан дотоож болон ...ягаан өнгийн даавууны хайчилбар” /хавтаст хэргийн 22-р хуудас/
Хохирогч Б.Баярсайханы хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт “...Үндсэн онош: F20.5 үлдэц шизофрен ...Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан: Ердийн өвчин ...хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 24 сараар сунгаж шийдвэрлэв. Хүчинтэй хугацаа 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр” /хх-н 15-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол “...Хэрэг бүртгэлтийн 201101867 дугаартай хэргийн материалд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох 206662 дугаартай актаар F20.5 үлдэц шизофрен гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар тогтоосон хохирогч Б.Баярсайханы хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн охин Баярсайханы Баасансүрэнг томилсугай” /хавтаст хэргийн 25-р хуудас/
Шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр тухайн үед ажиллаж байсан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянбүрд төвийн манаачаар ажиллаж байсан. Тэгэхдээ тухайн өдөр би ээлжийн ажилгүй байсан. Улаанбаатар хотод надад очих газар байхгүй болохоор тухайн байгууллага дээр байрлаж байдаг байсан. Тэгээд амралтынхаа өрөөндөө ганцаараа 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архийг уугаад гарч караоке орж дуулмаар санагдаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх, явж байгаад тааралдсан караокед орж 1 шил одоо нэрийг нь санахгүй байгаа архийг аваад ууж байгаад тухайн караоке хаах үеэр гараад ганцаараа 2 шил архи уусан болохоор ухаан санаагаа санахгүй байна тасраад явж байгаад хаана очиж унтсан болохоо мэдэхгүй байна. Тэгээд намайг тухайн эмэгтэй чи юун хүн бэ гар гээд хөөсөн юм. Тэгэхээр нь би гэрээс нь гараад хашаанаас гараад хөл гэмтээсэн байсан болохоор хазганаад алхаад явж байхад миний араас нэг эрэгтэй хүн хашгирсан тэгэхэд нь би эргэж харсан нь чинь нөгөө гэрт орж ирдэг эмэгтэй нь нөхөр гэх эрэгтэйгийн хамтаар над дээр ирээд тэр эрэгтэй намайг хэд хэдэн удаа цохиж аваад эргүүлээд тухайн айлын хашаанд дагуулж очсон тэгээд цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгөөд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирж намайг авч явж цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...би тухайн 55-60 орчим эмэгтэй хөгшин хүнийг бол огт танихгүй хүн байсан. Урьд өмнө харж байгаагүй. Гэрт нь ирж байсан удаа бол байхгүй. Би харин тухайн хашаанд өнгөрсөн зун нь тухайн үед зам талбайн тохижилтын ажил хийлгэж байсан компанид цуг ажиллаж байсан Мөөгий гэх хүний гэрт нь байдаг байсан тэгэхдээ Мөөгий гэх хүний хамтаар чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4-209 тоотод Туяа гэх эгчийг Мөөгий ах таньдаг байсан болохоор хашааны зэрлэгийг зулгааж өгөөд хашааных нь жижиг сажиг ажлыг цэгцэлж өгч байсан юм. Тэгэхэд нь нэг удаа ирж байсан тухайн хэрэг гардаг шөнө архиныхаа халуунд Мөөгий ахын гэрийг хайгаад явж байсан гэж бодож байна. Тэгж яваад хохирогчийн гэрт ороод унтсан гэж бодож байна. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор өөрийн урд нь нэг газарт ажиллаж байсан айлын хүн болох гий ахын гэрийг хайж яваад хохирогчийн гэрийн гадна талын хашааны хажуугаараа өнгөрөхдөө танил хашаа санагдаад урд зун нь тухайн хашаанд ирж зэрлэг зулгааж байсан болохоор Мөөгий ахын гэрийг хайгаад олохгүй болохоор тухайн айл руу ороод унтсан гэж бодож байна. ...нэг ухаан ороход Мөөгий ахын гэрийг хайгаад явж байснаа санаад байгаа юм. Ингэхэд миний ухаан санаа орж гараад байсан. Би хохирогч Б.Баярсайханд хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан болохоор санахгүй байгаа юм. ...би өөрийн хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Тухайн гэмт хэргийг анхнаасаа үйлдэх санаа зорилгогүйгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж их хэмжээний согтолттой байх үедээ үйлдсэндээ маш ихээр гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-61-р хуудас/
Шүүгдэгч Л.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69-р хуудас/,
Шүүгдэгч Л.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73-р хуудас/
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1031 тоот шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 75-79-р хуудас/
Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 62-66-р хуудас/
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинээр гаргаж ирүүлсэн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №27м-2б/1336 албан тоот, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №01/219 албан тоот, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 2021/ШЦТ/174 тоот шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-209 тоотод оршин суух хохирогч Б.Баярсайханы бэлгийн эрх чөлөөнд халдаж, түүний сэтгэцийн өвчтэй, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасансүрэн, гэрч Б.Билгүүн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12201 дугаар дүгнэлт, 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцох тухайн тогтоол, хохирогч Б.Баярсайханы хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Л.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч Л.А-н үйлдсэн хүчиндэх гэмт хэргийн шинжийг “...иргэн Б.Баярсайханыг сэтгэцийн өвчтэй, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй гэртээ ганцаараа унтаж байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон” гэснийг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Л.А нь хохирогч Б.Баярсайхантай бэлгийн харьцаанд орохдоо түүний хүсэл зоригийн эсрэг, сэтгэцийн өвчтэй, биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан бэлгийн харьцаанд орсон, харин хохирогч Б.Баярсайханд хүч хэрэглэсэн ямар нэг ул мөр тогтоогдоогүй байх тул прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийн хүрээнд хүч хэрэглэсэн гэх шинжээр шүүгдэгч Л.Аг гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдохгүй байгааг дурьдах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Хохирогч Б.Баярсайхан нь эрүүл мэндийн байдлын хувьд сэтгэцийн өвчтэй энэ талаар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний төрсөн охин болох Б.Баасансүрэн мэдүүлэхдээ “...Би өөрийн ээж Б.Баярсайханыг тухайн өвчнийг анх ямар байдлаар авсан эсэх талаар сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан олдмол өвчин байгаа. Намайг анх ухаан орсон цагаас л хойш ийм өвчтэй байсан юм. Ээж маань энгийн үедээ бол асуусан асуултанд хариулдаг боловч яг сайн ойлгомжтой болон өөрийгөө хүнд ойлгуулах гээд байгаа зүйлээ сайн ярьж чадахгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг, гэрч Б.Билгүүн мэдүүлэхдээ “...манай хадам ээж Б.Баярсайхан нь ганцаараа хүний байнгын асаргаанд байдаг” гэх мэдүүлэг зэргээр хохирогч нь сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, биеэ хамгаалах, бусдад өөрийгөө ойлгуулах, гэмт халдлагаас өөрийгөө хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүний байнгын асаргаанд байдаг хүн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.А нь мэдүүлэхдээ “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан болохоор санахгүй байгаа юм. ...би өөрийн хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Тухайн гэмт хэргийг анхнаасаа үйлдэх санаа зорилгогүйгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж их хэмжээний согтолттой байх үедээ үйлдсэндээ маш ихээр гэмшиж байна” гэх зэргээр мэдүүлсэн байх боловч шүүгдэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох, тухайн болсон үйл явдлыг санаж буй эсэх, хүнд зэргийн согтолттой байсан эсэх нь түүнийг гэм буруугүйд тооцох, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд шүүгдэгч Л.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, сэтгэцийн өвчтэй, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаарх дүгнэлт:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, ийм баримт хэрэгт авагдаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасансүрэн “...би сэтгэл санааны хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна. Яг хэдэн төгрөг гэдгийг тодорхойлж хэлж мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлд зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Л.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Л.А нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, энэхүү ялыг эдлээгүй, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 2021/ШЦТ/174 тоот шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар хэмжээг тогтоосон байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар 2020 онд 3 удаа эрүүлжүүлэгдсэн, урьд өмнө удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн, танхайрах зэрэг зөрчилд холбогдож байсан хувийн байдалтай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Хөхтэнгэрийн нүүр лүү гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлдээ гэм буруутайд тооцогдож, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Эрүүгийн 2011 0186 70102 дугаартай хэрэгт шалгагдаж байх хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байна. Шүүхээс шүүгдэгч Л.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1031 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн тогтоолын 3 дахь заалтаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар хэмжээг тогтоосноос биечлэн эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, биелэгдээгүй ялын 87 хоногийг нэмж, нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 87 хоногийн хугацаагаар тогтоож уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, урьд хорих ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хохирогч Б.Баярсайханы өмсөж байсан дотоож болон 30*22 см хэмжээтэй ягаан өнгийн даавууны хайчилбар зэрэг нь гэмт хэргийн ул мөрийг агуулсан эд зүйл байх тул улсын яллагчийн саналыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, сэтгэцийн өвчтэй, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1031 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, мөн тогтоолын 3 дахь заалтаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар хэмжээг тогтоосноос биечлэн эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, биелэгдээгүй ялын 87 хоногийг нэмж, нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 87 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан 2 жил 87 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Л.А нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлд зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хохирогч Б.Баярсайханы өмсөж байсан дотоож болон 30*22 см хэмжээтэй ягаан өнгийн даавууны хайчилбарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30х22 см хэмжээтэй нил ягаан өнгийн даавууны хэсэг, цайвар шаргал өнгийн дотоож зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Аг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР