| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0078/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/90 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 2138000000063 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу 2011 оны 05 дугаар сарын 05 өдрийн 15 дугаартай Улсын Их хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газарт багтсан Хүрхрээ гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 4.96 м.куб хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэж, Чандмань-Өндөр сумын нутгаас Алаг-Эрдэнэ сумын нутагруу Пронтер загварын 88-33 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000063 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хатгал тосгоны захирагчийн албаны байгаль хамгаалагч Галбаяраас гоожин авахаар очиход гоожингийн мөнгийг банкинд гоожингийн ир гэсэн. Тэгэхээр төрийн банкинд очоод 24,000 төгрөг орон нутгийн орлогод тушаагаад буцааж Галбаяр дээр очиход нэг цаас өгсөн. Тэгээд надад мөнгө тушаасан баримттай хавсаргаад буцаагаад өгсөн. Галбаяр надад хэлэхдээ Хатгал тосгоны нутаг Чулуут гэх газраас модоо бэлтгээрэй гэж хэлсэн. Тэгээд модондоо хүргэн Пүрэвдоржийн пронтер маркийн машинаар Энхбаатарыг аваад явсан. Чулуут гэх газарт очиход түлээ хийхээр мод олдохгүй болохоор нь тод зам дагаж явсаар мод руу орсон юм. Тэр модон дотор очиход мод хийсэн талбай байсан. 131 маркийн машины мөр хүртэл тод гарсан байсан. Тэгээд хуурай босоо 8 ширхэг мод огтолж машинд ачихаар тайрч бэлтгээд Энхбаатарын хамт машиндаа ачаад Хатгалын төв рүү хөдөлсөн. Далайн эргийн хажууд хар толгой гэх газарт тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагч нарт шалгуулсан. Байгаль хамгаалагч нарт Галбаярын өгсөн бичгийг үзүүлэхэд гоожин биш байна гэж хэлээд модтой машиныг цагдаагийн хашаанд хонуулаад маргааш нь захиргааны хашаанд буулгасан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-7-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 9,11-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 13-15-р хуудас),
Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хяналтын захиргааны жижүүр эргүүл хяналт шалгалтын дагуу хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Хатгал тосгоны усан замын гүүр, Хар толгой, Эгийн голын гүүрний дагуу байгаль хамгаалагч Ц.Нэмэхбаярын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх явцад Хар толгойн ойролцоо мөсөн дээр 88-33 ХӨА улсын дугаартай ногоон өнгийн Пронтер маркын тээврийн хэрэгсэл дээр *****************нь мод бэлтгэх эрхийн бичиг, гоожин байхгүй хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлж ажилласан. Мод бэлтгэсэн гэх газарт очиж үзэхээр явах замд иргэн *****************нь Чулуут гэх газарт мод бэлтгээгүй Хүрхрээ гэх газар 8 ширхэг босоо хуурай мод унагаасан. Уг бэлтгэж тээвэрлэсэн модоо 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хатгал тосгон руу тээвэрлэж яваад баригдсан гэж хэлсэн. Экологи-Эдийн засагт учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21, 24-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 88-33 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Хатгал тосгонд байсан ба манай эхнэрийн ах Пүрэвчулуун нь гоожин авч модонд явна гэж хэлсэн. Би тухайн өдөр Мөрөн сум руу явчаад ирсэн. *****************нь модонд явж байгаад эргүүл хяналт шалгалтын хүмүүст баригдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 12 цагийн үед гэртээ байж байхад *****************ирээд гэртээ түлээ ачих гэсэн юм. Та хамт яваад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би ажилгүй гэртээ байж байхаар тамхины мөнгөө олж авъяа гэж бодоод хамт хөх өнгийн Пронтер маркийн ачааны машинтай бид хоёр яг юу гэдэг газар очсон эсэхийг мэдээгүй ямар ч байсан Алагцар өнгөрөөд Чандмань-Өндөр сумын талруугаа яваад модтай хэсэг талбай дээр очоод *****************өөрөө босоо хуурай мод унагааж машинд ачих хэмжээтэй болгоод тайрч өгөхөөр нь би цагаалж машины хажууд гаргаж байсан. Тэгээд орой 18 цаг 30 минутын үед Хатгал тосгонруу орж ирж яваад байгаль хамгаалагч нарт баригдаад цагдаа дээр ирсэн. Би тухайн үед Пүрэвчулуунаас чи гоожин авсан юм уу гэж асуухад авсан гэж хэлсэн. Харин би гоожин байгаа эсэхийг нягталж авч үзээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр *****************нь мод бэлтгэх гоожин авахаар ирсэн. Урд оны гоожин бичгийн тооцоо хийгдэж байсан. Мөн 2021 оны гоожин бичиж эхлээгүй байсан. Би *******ыг нөхөрлөлийн талбайгаас бэлдээрэй гэж хэлээд төлбөрийн даалгавар үүсгэж өгсөн. Гоожин бичиж өгөөгүй. Мөн Хүрхрээ гэх газраас мод бэлтгэх эрх олгох эрх надад байхгүй. Тусгай хамгаалалттай газрын бүс нутагт хамаарагддаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд:
1.Иргэн *****************модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 4,96 метр куб түлээний хуурай шинэс мод байв.
2. ***************** бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Чандмань-Өндөр сумын Хүрхрээ гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын 289-р хэсэглэлийн 30-р ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна.
3. Мод бэлтгэсэн Хүрхрээ гэх газар нь Чандмань-Өндөр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хамаарна.
4. *****************бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ нь 836,528 төгрөгийг хохирол учирсан гэх дүгнэлт (хх-ийн 39-40-р хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 16 дугаартай дүгнэлтэд:
“...Иргэн *****************ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 836,528 төгрөгийг хуульд заасны дагуу гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 2,509,586 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов” гэх дүгнэлт (хх-ийн 57-р хуудас),
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай албан тоот (хх-ийн 44-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 51-52-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 77-81, 86-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000063 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу 2011 оны 05 дугаар сарын 05 өдрийн 15 дугаартай Улсын Их хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газарт багтсан Хүрхрээ гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 4.96 м.куб хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэж, Чандмань-Өндөр сумын нутгаас Алаг-Эрдэнэ сумын нутагруу Пронтер загварын 88-33 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-7-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 9, 11-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 13-15-р хуудас),
Хохирогч *****************(хх-ийн 20-21, 24-р хуудас), гэрч *****************(хх-ийн 28-29-р хуудас), гэрч *****************(хх-ийн 32-33-р хуудас), гэрч *****************(хх-ийн 35-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт (хх-ийн 39-40-р хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 16 дугаартай дүгнэлт (хх-ийн 57-р хуудас),
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай албан тоот (хх-ийн 44-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 51-52-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь экологи эдийн засагт 836,528 төгрөгний хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч *****************нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2,509,586 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 2,509,586 төгрөгийг гаргуулж Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт (хх-ийн 89, 100-р хуудас)-аар 17,855 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч ***************** эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 17,855 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *****************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл 1, группт байдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000063 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 4.96 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирол 2,509,586 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 1,490,414 төгрөгийн тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 88-33 ХӨА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *****************ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****************оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *****************хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***************** 2,509,586 (хоёр сая таван зуун есөн мянга таван зуун наян зургаа) төгрөгийг гаргуулж Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2138000000063 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 4.96 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг гаргуулж хохирол 2,509,586 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 1,490,414 төгрөгийн тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 88-33 ХӨА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 17,855 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн 2138000000063 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР