| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0315/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/344 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Г |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/344
2021 03 15 2021/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Ц.Г,
шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Авдай овогт Ч.Г т яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00188 0000 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний хүлээн авч хянан хялбаршуулсан журмаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо ар 2 гудамжны 5Б тоотод оршин суух хаягтай,
Урьд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн харгалзсан Авдай овогт Ч.Г /РД: 0000000002112/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Авдай овогт Ч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны ар 2 гудамжны 5б тоотод иргэн Ц.У хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар заазуураар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны эрх, хүзүүний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-17 хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18 хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 19-22 хуудас/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 24 хуудас/,
Хохирогч, Иргэний нэхэмжлэгч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн үед манай эхнэрийн дүү болох Ч.Г бид хоёр гэрт 0.75л шилтэй архи хувааж уугаад би дүү Ч.Гыг “өмнө чи манай гэрээс хоёр удаа гар утас хулгайлсан” гээд маргалдсан чинь гэрийн зүүн талд байдаг шар өнгийн модон шүүгээн дээр байсан шар иштэй заазуур аваад шууд миний зүүн нүдний дээд хэсэг буюу толгой руу заазуураар нэг удаа цохиод, заазуурын иртэй хэсгээр толгой руу цохисон. Тэгээд толгойноос их хэмжээний цус гараад тогтохгүй байхаар нь том охин У.Үжин түргэн цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Е.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... өнөөдөр 12 цагийн үед манай хүү Ч.Г манай хүргэн Ухнаагийн гэрт нүүрс авч өгнө гээд тэрэг түрээд гарсан. Харин 20 цагийн үед согтуу хоёр гар нь цус болчихсон, Ухнаа ах согтуу намайг зодоод байхаар нь би заазуур аваад толгойд нь цохисон гайгүй байгаа гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх- н 38-39 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “Ц.У биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны шарх, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх №802 дугаартай дүгнэлт /хх-н 43-44 хуудас/,
Яллагдагч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... Ухнабаатар ах манай дүү Батцэрэнг унтаж байхад нь сэрээч гээд цохиод байхаар нь би болиоч, унтуулаач гээд хэлсэн чинь түлээ нүүрс дөхүүлж өгсөнгүй, чи хэн юм гээд над руу агсам тавиад байсан. Тэгэхээр нь би урдаас нь хэрэлдээд барилцаж автал намайг Ухнабаатар ах хойд орон дээр дараад унагаачихаар нь би босож ирээд ширээн дээр нь байсан зазууран хутганы ар талын иргүй хэсгээр зүүн нүдний хөмсөг орчим нэг удаа цохисон. Тэгээд би Ухнабаатарын хөмсөгнөөс нь цус гараад байхаар нь айгаад шууд гэрээс нь гараад гэртээ очсон.” гэх мэдүүлэг /хх-н 61-62 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ч.Гын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Авдай овогт Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны ар 2 гудамжны 5б тоотод иргэн Ц.У хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар заазуураар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны эрх, хүзүүний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч Ч.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-17/, эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18/, хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 19-22/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 24/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би дүү Ч.Гыг “өмнө чи манай гэрээс хоёр удаа гар утас хулгайлсан” гээд маргалдсан чинь гэрийн зүүн талд байдаг шар өнгийн модон шүүгээн дээр байсан шар иштэй заазуур аваад шууд миний зүүн нүдний дээд хэсэг буюу толгой руу заазуураар нэг удаа цохиод, заазуурын иртэй хэсгээр толгой руу цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч Е.Чулууны “... 20 цагийн үед согтуу хоёр гар нь цус болчихсон, Ухнаа ах согтуу намайг зодоод байхаар нь би заазуур аваад толгойд нь цохисон гайгүй байгаа гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх- н 38-39/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “Ц.У биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны шарх, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-н 43-44 /, яллагдагч Ч.Гын “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... Ухнабаатар ах манай дүү Батцэрэнг унтаж байхад нь сэрээч гээд цохиод байхаар нь би болиоч, унтуулаач гээд хэлсэн чинь түлээ нүүрс дөхүүлж өгсөнгүй, чи хэн юм гээд над руу агсам тавиад байсан. Тэгэхээр нь би урдаас нь хэрэлдээд барилцаж автал намайг Ухнабаатар ах хойд орон дээр дараад унагаачихаар нь би босож ирээд ширээн дээр нь байсан зазууран хутганы ар талын иргүй хэсгээр зүүн нүдний хөмсөг орчим нэг удаа цохисон. Тэгээд би Ухөмсөгнөөс нь цус гараад байхаар нь айгаад шууд гэрээс нь гараад гэртээ очсон.” гэх мэдүүлэг /хх-н 61-62 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Ч.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ц.У нь хохирол төлбөргүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ч.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Г нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Гт шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авдай овогт Чг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Гт 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Гт тайлбарлан мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ