Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 427

 

С.Т д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Батбаяр,

өсвөр насны шүүгдэгч С.Т гийн хууль ёсны төлөөлөгч О.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 50 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч С.Т д холбогдох 1706 0187 40429 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн С.Т, 2000 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын политехник коллежийн автомашин засварчны ... ангид суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

С.Т  нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэст байрлах Д.О ын “Улиастай” хүнсний дэлгүүрээс бэлэн 700.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Т гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Т г хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар С.Т г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Т  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Т , түүний хууль ёсны төлөөлөгч О.Отгончимэг нараас 700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.О т олгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх С.Т г дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял оногдуулахдаа тус зүйл, хэсэгт байхгүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Т гийн хууль ёсны төлөөлөгч О.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Т г 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэст байрлах иргэн Д.О ын “Улиастай” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч 700.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянаж байх явцад өмгөөлөгч А.Ганзориг өсвөр насны шүүгдэгч С.Т г иргэн Нямбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгагдаж байгаа тул хулгайн үйлдэлтэй нь нэгтгэн шалгах хүсэлт гаргаж, 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 180600967 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-71-72/

 

Дээрхээс дүгнэж үзэхэд өсвөр насны шүүгдэгч С.Т гийн холбогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

 

 Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “... Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж тодорхой хуульчилсан байсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул С.Т д  оногдуулах ялуудыг нэгтгэхэд дээр дурдсан аргыг хэрэглэх боломжгүй юм.

 

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтын агуулга нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулсан гэж үзнэ.

 

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй бөгөөд тус тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, өсвөр насны шүүгдэгч С.Т гийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, хуульд заасан шаардлагыг хангасан баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй орхигдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч С.Т д холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан прокурор Ч.Батбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 50 дугаартай эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Т д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол өсвөр насны шүүгдэгч С.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                           Д.ОЧМАНДАХ

 

                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ