Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 113/2018/0020/З |
Дугаар | 113/ШШ2019/0012 |
Огноо | 2019-06-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 113/ШШ2019/0012
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,
Гомдол гаргагч: Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор;
Хариуцагч: Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш;
Гомдлын шаардлага: “Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 320201803 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Прокурор Б.М, хариуцагч Э.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Улсын байцаагч Э.Ш нь “Дэвжих” дэлгүүр нь нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт олгохгүй байна гэсэн зөрчилд хялбаршуулсан журмаар шалгаж, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 320201803 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.
Шалгалтаар материалыг хянавал улсын байцаагч Э.Ш нь шийтгэл ногдуулахдаа шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дүгээр заалтанд торгох шийтгэл ногдуулж буй дүнг бичээгүй байж оногдуулсан шийтгэлийн 150.000 төгрөгийг сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны маягтын загварын дагуу бичигдээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр болжээ.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн удирдлага болгон аймаг дахь Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш-ийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 320201803 дугаартай шийтгэлийн хуудас /маягт-2/-ыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч Э.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: “СЕ бичиг баримттай, “Дэвжих” дэлгүүрийн захирал С овогтой Э нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төлбөрийн баримтыг татвар төлөгчид тухай бүр олгоогүй болох office.ebarimt.mn цахим сайт болон холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул шийтгэл оногдуулсан болно.
Прокурорын 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь:
1. Шийтэлийн хуудсыг Татварын ерөнхий газраас ирсэн загварын дагуу бичиж аймгийн прокурорт хянуулсан
2. Хяналтын прокурорууд тухай бүр материалыг хянаад хууль зүйн алдаагүй болсон байна гээд гарын үсэг зурж баталгаажуулсан учир би тухайн шийтгэлийг алдаагүй, хуулийн зөрчил дутагдалгүй болсон гэж үзсэн болно
3. Прокурорын байгууллагаас улирал бүр ЭБАТ-д сургалт ордог хэрнээ сургалт дээр шийтгэлийн хуудсыг бичих талаар мэдээлэл хийгээгүй, заавар зөвлөгөө өгөөгүй.
4. 2018 онд нийт 2 удаа материал татаж авч хянаж үзэхдээ эдгээр алдаа дутагдлыг хэлээгүй, засаж залруулах талаар мэдээлээгүй. Шийтгэлийн хуудасны загвар, хэрхэн бичиж ирүүлэх талаар огт мэдээлэл хийгээгүй нь ЭБАТ нар ийм алдаа гаргах үндэслэл болсон гэж үзэж байна.
5.Улсын Ерөнхий прокурор болон Татварын ерөнхий газрын хамтарсан баг хуулийн хэрэгжилтэнд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хуралдан эцэслэн шийдвэр гараагүй, заавар зөвлөгөө ирүүлээгүй байхад манайхыг онцлон шалгаж татварын улсын байцаагчийн бичсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус мөнгөн дүнг татвар төлөгч хүлээн зөвшөөрч орон нутгийн болон улсын төсөвт 100 хувь төлсөн учир прокурорын дүгнэлтийг эргэн харж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-д холбогдуулан “Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 320201803 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч Э.Ш “Дэвжих” дэлгүүрийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 320201803 дугаар шийтгэлийн хуудсаар нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг татвар төлөгчид өгөхгүй байгаа зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д зааснаар тус дэлгүүрийн захирал С.Э-д шийтгэл оногдуулсан байна.
Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Б-ийн шүүхэд гаргасан дүгнэлтэд “...шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дүгээр заалтанд торгох шийтгэл ногдуулж буй дүнг бичээгүй байж оногдуулсан шийтгэлийн 150000 төгрөгийг сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны маягтын загварын дагуу бичигдээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр болжээ. …” гэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын байцаагчийн 2018 оны 320201803 дугаар шийтгэлийн хуудсын “Шийдвэрлэх нь” хэсгийн 2 дахь заалтаар С.Э-д 150000 төгрөгийг сайн дураар биелүүлэхийг даалгасан байх боловч шийтгэл оногдуулсан заалтаа шийтгэлийн хуудсанд тусгаагүй байна.
Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасан оногдуулах шийтгэлээ шийтгэлийн хуудсанд заах зохицуулалтыг зөрчжээ.
Дээрх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжтой боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 320201803 дугаар шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Учир нь холбогдогч С.Э нь 150000 төгрөгийг сайн дураар биелүүлж торгуулийг бүрэн төлж барагдуулсан, шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар зөрчилд шийтгэл оногдуулах бүрэн эрх нь улсын байцаагчид байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 320201803 шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Г аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН