| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-01-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
2021 01 05 2021/ШЦТ/38
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Э холбогдох *** дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
...............................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо ***тоотод оршин суух иргэн н.Б-н гэрт байхдаа хохирогч Н.Ц гар цүнхэнд байсан бэлэн 200,000 төгрөг, ширээн дээр байсан LG Q-8 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан бусдад 383.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б-н гэрийг янзалж байгаад түүний эхнэр Ц гийн цүнхнээс 200,000 төгрөг, LG маркийн гар утсыг нь хууль бусаар авч явсан минь үнэн. Тэгээд гар утсыг нь Теди төв дээр хүнд зарсан. Гэм буруугаа ойлгож байгаа” гэв.
Хохирогч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн үед би өөрийн төрсөн аав П-н хамт гэрийнхээ дулаалгыг хийж байхад манай аавтай хамт түр амьдарч байсан Э гэх 42 настай зүс таних ах нь аав бид хоёрыг гэр янзалж байхад манай гэрт ширээн дээр байсан миний цүнхнээс 200,000 төгрөг болон цүнхний хажууд байсан ширээн дээр байсан LG Q-8 маркийн гар утас зэргийг аваад гараад зугтаачихсан. Тухайн үед гаднаас гэртээ ороход миний цүнхийг ухаад цүнхэнд дотор байсан эд зүйлсийг гаргаад тараагаад хаячихсан байсан. Тэгээд би гэрээс гараад ирэхэд Э гэх зүс таних ах гудамжаар уруудаад гүйсэн би араас нь гүйгээд зогсож бай гэхэд намайг сонссон хэр нь зогсолгүй гүйгээд явчихсан... 2020 оны 7 дугаар сард Монел худалдааны төвөөс 250,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 62gb багтаамжтай гадар кейстэй мөн шилэн наалттай нийлүүлээд 450,000 төгрөгөөр үнэлж байна. Би 9 сартай жирэмсэн юм тэгээд ойр зуурын зүйл бэлдэх гээд тус мөнгийг хадгалж байсан” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 13-16 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “LG Q8 маркийн гар утас, гар утасны кейс зэргийг зах зээлийн хадлганы шууд харьцуулалтын аргаар 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 183,000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан (хавтас хэргийн 19-21 дүгээр хуудас),
Шүүгдэгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 9 дүгээр сард байх шиг санагдаж байна. Ц гийн гэрт очсон... хадам аавыг нь тандаг ба хадам ааваар нь дамжуулан танилцаж байсан юм. Тухайн үед Ц гэр барьж байсан ба хадам аавынх нь гэрт нь хэд хоносон байсан... гэрээ барьж байхад нь орон дээр байсан гар утсыг нь аваад гараад явсан... гар утасных нь загварыг нь сайн мэдэхгүй байна. Тэр үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр гар утсыг нь би Теди төвийн урд талд байрлах гар утасны ченжүүдэд 50,000 төгрөгөөр зарсан. Гар утас зарсан мөнгөө би идэж уух юманд зарцуулаад дууссан.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 24-25 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 47 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 50 дугаар хуудас),
Хохирогч Н.Ц хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтас хэргийн 58 дугаар хуудас),
Шүүгдэгч О.Э-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтас хэргийн 59 дүгээр хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтас хэргийн 60 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо ***тоотод оршин суух иргэн н.Б-н гэрт байхдаа хохирогч Н.Ц гар цүнхэнд байсан бэлэн 200,000 төгрөг, ширээн дээр байсан LG Q-8 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан бусдад 383.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Мөн шүүгдэгч О.Э Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо ***тоотод оршин суух иргэн н.Б-н гэрт байхдаа хохирогч Н.Ц гар цүнхэнд байсан бэлэн 200,000 төгрөг, ширээн дээр байсан LG Q-8 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан бусдад 383.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн үед би өөрийн төрсөн аав П-н хамт гэрийнхээ дулаалгыг хийж байхад манай аавтай хамт түр амьдарч байсан Э гэх 42 настай зүс таних ах нь аав бид хоёрыг гэр янзалж байхад манай гэрт ширээн дээр байсан миний цүнхнээс 200,000 төгрөг болон цүнхний хажууд байсан ширээн дээр байсан LG Q-8 маркийн гар утас зэргийг аваад гараад зугтаачихсан. Тухайн үед гаднаас гэртээ ороход миний цүнхийг ухаад цүнхэнд дотор байсан эд зүйлсийг гаргаад тараагаад хаячихсан байсан. Тэгээд би гэрээс гараад ирэхэд Э гэх зүс таних ах гудамжаар уруудаад гүйсэн би араас нь гүйгээд зогсож бай гэхэд намайг сонссон хэр нь зогсолгүй гүйгээд явчихсан... 2020 оны 7 дугаар сард Монетл худалдааны төвөөс 250,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 62gb багтаамжтай гадар кейстэй мөн шилэн наалттай нийлүүлээд 450,000 төгрөгөөр үнэлж байна. Би 9 сартай жирэмсэн юм тэгээд ойр зуурын зүйл бэлдэх гээд тус мөнгийг хадгалж байсан” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 13-16 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “LG Q8 маркийн гар утас, гар утасны кейс зэргийг зах зээлийн хадлганы шууд харьцуулалтын аргаар 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 183,000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан (хавтас хэргийн 19-21 дүгээр хуудас),
Шүүгдэгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 9 дүгээр сард байх шиг санагдаж байна. Ц гийн гэрт очсон... хадам аавыг нь тандаг ба хадам ааваар нь дамжуулан танилцаж байсан юм. Тухайн үед Ц гэр барьж байсан ба хадам аавынх нь гэрт нь хэд хоносон байсан... гэрээ барьж байхад нь орон дээр байсан гар утсыг нь аваад гараад явсан... гар утасных нь загварыг нь сайн мэдэхгүй байна. Тэр үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр гар утсыг нь би Теди төвийн урд талд байрлах гар утасны ченжүүдэд 50,000 төгрөгөөр зарсан. Гар утас зарсан мөнгөө би идэж уух юманд зарцуулаад дууссан.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 24-25 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Э ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч Н.Ц “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 183,000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг, түүний цүнхэнд бэлнээр байсан 200,000 төгрөгийг тус тус авч нийт 383,000 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Н.Ц гар цүнхэнд байсан бэлэн 200,000 төгрөг, ширээн дээр байсан LG Q-8 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч О.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч О.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Н.Ц д 383.000 төгрөгийн хохирол (“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан) учирсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Э аас хохиролд 380.000 төгрөг хүлээн авсан байх ба өөр нэхэмжлэх зүйлгүй гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлтдээ дурджээ.
Иймд шүүгдэгч О.Э ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулж, О.Э уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч О.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Э нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Э нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ