Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

 

 

 

 

 

   

    2020        12          25                                     2020/ШЦТ/15

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогтой М.Б холбогдох эрүүгийн 2006 04358 0000 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгалийн аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, авто угаалга ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол 1 дүгээр байрны 28 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогтой М.Б /РД:ааа82060218/.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

           Шүүгдэгч М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 61 дүгээр байрны 64 тоот бүхий орон сууцанд эхнэр Ө.Оюундарьтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ө.Оюйн биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөхний доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

  Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 61 дүгээр байрны 64 тоотод эхнэр Ө.Оюй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт гараараа цохих, цээжин тус газарт хөлөөрөө өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөхний доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:

Шүүгдэгч М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Ө.йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... шөнийн 02-03 цагийн үед эхнэр нь чамайг байхгүй үед Батмөнх манай гэрт ирж хонодог юм гэж ярьсан. Тэгэхээр нь би эхнэрт та юу яриад байгаа юм бэ гэж хэлээд манай хүн бид 2 уурласан ... тэгээд явах болоод үүдэнд очоод хувцасаа өмсөж байсан чинь манай хүн намайг дуугай бай гээд миний баруун талын хацар луу баруун гарныхаа ар хэсгээр 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би уурлаад чи яагаад намайг цохиод байгаа юм бэ гээд нөхөр түлхсэн чинь нөхөр уурлаад намайг хойшоо хаалга руу явъя гээд түлхсэн. Тэгээд би ард байсан жижиг сандал дээр бүдрээд унасан чинь чи дуугай бай л даа гээд нөхөр миний цээж рүү 1 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь цаанаас Отгоо ах чи яаж байгаа юм бэ одоо боль гэсэн ... Баруун нүдний доогуур, мөн цээжний хэсгээр хөхөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр байсан ... Тэгээд тэндээсээ 23 цагийн үед гараад Батмөнх, тэрний эхнэр, манай эхнэр бид 4 манай гэрт ирсэн. Тэгээд Батмөнх надад нэг виски авч өгөөд тэгээд тэрийг нь бид 4 хуваагаад уугаад сууж байсан ... би тэрнийг чи анх удаа айлд орж ирчихээд яагаад шууд хойморт нь гараад суучихдаг билээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Батмөнх яахаараа чи ахын гэрийн хойморт суучихдаг юм бэ гээд тэрнээс болж тэр 2 маргалдсан. Тэгээд Батмөнх эхнэртэйгээ маргалдаж байснаа нүүрэн хэсэгт нь шанаанаад гараараа 1 удаа цохиод авсан ... Бэхнэрээ гараараа нэг удаа цохихоор нь би дундуур нь ороод салгасан ... тэгсэн чинь эхнэрийнх нь нүүр нь хавдаад хөхөрчихсөн бас цээж, хөх хэсэг нь хавдаад хөхөрчихсөн зураг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12712 дугаартай “Ө.Оь-н биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөхний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

М.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн “ ... би эхнэрээ тэднийхээс аваад явах гэсэн чинь эхнэр согтчихоод гарахгүй байхаар нь би уур хүрээд тэрний нүд хэсэг рүү нь бөгжтэй гараараа нэг удаа алгадсан. Тэгсэн чинь эхнэр орилж чарлаад байхаар нь би тэдний хаалгыг нь онгойлгоод гаръя гэсэн чинь гарахгүй байхаар нь би цээж хэсэг рүү нь гараараа нэг удаа түлхсэн ... баруун талын нүд нь жоохон хөхөрчихсөн байсан ... сүүлд нь харсан чинь цээжний хэсэг нь бас жоохон хөхөрчихсөн байсан ... би гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч М.Бийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч М.Бийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.

             Хохирогч Ө.Ойн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт хэрэгт авагдсан түүнчлэн хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч М.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Б нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Бийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Бийн хувиараа авто угаалга ажиллуулдаг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогтой М.Б “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Бөд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

            5. Хохирогч Ө.Онь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ