| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0001/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/20 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/20
2020 12 28 2020/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Шүүгдэгч С.О , түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр (ҮД:0677) нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт С-ын О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
............................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *** нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “***” төвийн ** давхарын үйлчилгээний зориулалттай зааланд ашиг олох зорилгоор үр дүнг нь урдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед цагдаа ирэхэд бүх зүйлээ ярьсан. 100,000 төгрөгөөр торгуульсан. Анх удаа л азаа туршаад орж гардаг хүмүүсээ цуглуулаад тоглуулсан юм. Гэм буруугаа ойлгож байгаа” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас),
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),
Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим Б*** газрын хоёр давхарт 100,000 төгрөгийн бооцоотой покер тоглоом тоглож байсан... О гэх ах над руу *** дугаараас залгаад 100,000 төгрөгийн бооуоотой тоглоом байна. Ирж тоглох уу гэж асуусан. Би тэгье гээд яваад очиход 10 гаран хүн нэг ширээн дээр суугаад тоглож байсан. О гэх хүнийг би сайн танихгүй. Миний дугаарыг хүнээс авсан юм шиг байна лээ. Над руу залгаад тоглоом байна. Ирж тоглох уу гэхэд очиж тоглож байсан... Өмнө нь Сүхбаатар дүүрэгт тоглож байгаад бас цагдаад баригдаж байсан... О гэх хүнд бэлнээр 100,000 төгрөг өгсөн. Өөрөө тоглоогүй байсан... 100,000 төгрөгөө бэлнээр өгөөд 30 ширхэг хясаа авсан нь ширээн дээр суудаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),
С.О-ийн ялладагчаар өгсөн: “...Манай ах Америкаас машин оруулж ирж зардаг бөгөөд машин дотор нь хайрцагтай хясаа ирж байсан бөгөөд хадгалчихсан байж байгаад би фэйсбүүкээр орж үзээд юунд ашигладаг талаар нь үзсэн. Тэгээд орж гардаг хүмүүээсс асуугаад тоглуул яадаг юм гэсэн бөгөөд 2-3 хүн байж байгаад 9-10 хүн болчихсон байсан. Би тоглуулж байгаад нэг нь мөнгэтэй болчихвол хувь болгож 5-10 хувь авна гэсэн санаатай байсан. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх байр нь авто сэлбэг болон машин зардаг зориулалттай байр байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),
Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), мөн шүүхэд шинээр өгсөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны тодорхойлолт (1 хуудас) зэрэг болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгэр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч С.О ийн үйлдлийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэргийн зүйлчлэл тохироогүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.О ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан” гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэв.
“Хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар” гэдэгт казиног буюу мөрийтэй тоглоомын газрыг ойлгох бөгөөд Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийн 1 зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах, ажиллуулахыг хориглоно” гэж заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.О нь хөзөр, хясаа зэргийг ашиглан “покер” гэх тоглоомыг аж ахуйн нэгжийн үйлчилгээ явуулах зааланд мөрийтэй тоглуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан байх бөгөөд уг шүүгдэгчийн үйлдлийг казино буюу мөрийтэй тоглоомын газар байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл казино буюу мөрийтэй тоглоомын газар гэж тоглоомын тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, зориулалтын өрөө, танхим бүхий үр дүнг нь урьдчилан төлөөлөх боломжгүй эрсдэл бүхий мөрийтэй тоглоом тоглуулдаг газрыг хэлэх бөгөөд шүүгдэгч нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “***” төвийн *** давхарын үйлчилгээний зориулалттай зааланд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байдал нь казино буюу мөрийтэй тоглоомын газар байгуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн газар ашиглаж ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.О 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *** нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “***” төвийн * давхарын үйлчилгээний зориулалттай зааланд буюу олон нийтийн газарт ашин олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд болох:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас),
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),
Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим *** газрын *** давхарт 100,000 төгрөгийн бооцоотой покер тоглоом тоглож байсан... О гэх ах над руу *** дугаараас залгаад 100,000 төгрөгийн бооуоотой тоглоом байна. Ирж тоглох уу гэж асуусан. Би тэгье гээд яваад очиход 10 гаран хүн нэг ширээн дээр суугаад тоглож байсан. О гэх хүнийг би сайн танихгүй. Миний дугаарыг хүнээс авсан юм шиг байна лээ. Над руу залгаад тоглоом байна. Ирж тоглох уу гэхэд очиж тоглож байсан... Өмнө нь Сүхбаатар дүүрэгт тоглож байгаад бас цагдаад баригдаж байсан... О гэх хүнд бэлнээр 100,000 төгрөг өгсөн. Өөрөө тоглоогүй байсан... 100,000 төгрөгөө бэлнээр өгөөд 30 ширхэг хясаа авсан нь ширээн дээр суудаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),
С.О-ийн ялладагчаар өгсөн: “...Манай ах Америкаас машин оруулж ирж зардаг бөгөөд машин дотор нь хайрцагтай хясаа ирж байсан бөгөөд хадгалчихсан байж байгаад би фэйсбүүкээр орж үзээд юунд ашигладаг талаар нь үзсэн. Тэгээд орж гардаг хүмүүээсс асуугаад тоглуул яадаг юм гэсэн бөгөөд 2-3 хүн байж байгаад 9-10 хүн болчихсон байсан. Би тоглуулж байгаад нэг нь мөнгэтэй болчихвол хувь болгож 5-10 хувь авна гэсэн санаатай байсан. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх байр нь авто сэлбэг болон машин зардаг зориулалттай байр байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас) гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ зүйлийн 1 дэх хэсэг “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол...” гэж уг гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж өгсөн.
Шүүгдэгч С.О нь *** нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “***” төвийн * давхарын үйлчилгээний зориулалттай зааланд мөрийтэй тоглоом тоглуулсаныг “Олон нийтийн газар ашиг” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч нь хөзөр, хясаа зэргийг ашиглан “покер” гэх тоглоомыг мөрийтэй тоглуулсан нь үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд сэдэлтийн хувьд ашиг олох зорилготой байсан болох нь хэрэгт авагдсан С.О ийн яллагдагч өгсөн “...Би тоглуулж байгаад нэг нь мөнгэтэй болчихвол хувь болгож 5-10 хувь авна гэсэн санаатай байсан...” (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас) гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.О нь ашиг олох зорилгоор “покер” гэх үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог, тухайн тоглоомыг хөзөр, хясаа зэргийг ашиглан *** нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “***” төвийн * давхарын үйлчилгээний зориулалттай зааланд буюу олон нийтийн газарт тоглуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн газар ашиглаж ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгч С.О д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Шүүгдэгч С.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч С.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад учруулсан хохирол байхгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэрчийн мэдүүлгээ тодорхой өгсөн учраас яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж ял шийтгэж өгнө үү. Мөн “тоглоомын газар зохион байгуулсан, ажиллуулсан” гэж хүндрүүлж зүйлчилсэн бөгөөд тухайн 2 давхар обьект нь цайны газар шүү дээ. Мөн түүний бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй” гэх дүгнэлт саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн зарчим, шудрага ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 хясаа 298 ширхэг, 25 хясаа 348 ширхэг, 50 хясаа 80 ширхэг, 100 хясаа 200 ширхэг, 500 хясаа 70 ширхэг, 50.000 гэх бичиглэлттэй дөрвөлжин хясаа мэт зүйл 1 ширхэг, 100.000 гэх бичиглэлттэй дөрвөлжин хясаа мэт зүйл 1 ширхэг, дэйлэр хясаа 1 ширхэг, 211 ширхэг хулдаасан хөзөр зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч С.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.О д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газар ашиглаж ашиг олох зорилгоор хөзөр, бусад зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О ийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 хясаа 298 ширхэг, 25 хясаа 348 ширхэг, 50 хясаа 80 ширхэг, 100 хясаа 200 ширхэг, 500 хясаа 70 ширхэг, 50.000 гэх бичиглэлттэй дөрвөлжин хясаа мэт зүйл 1 ширхэг, 100.000 гэх бичиглэлттэй дөрвөлжин хясаа мэт зүйл 1 ширхэг, дэйлэр хясаа 1 ширхэг, 211 ширхэг хулдаасан хөзөр зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ