| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0005/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/24 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/24
2020 12 28 2020/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Мөнхбатын М д холбогдох эрүүгийн 2006 04366 2995 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул Олон улсын худалдааны төвийн оймсны лангууны орчим иргэн Э.Э куртикны халааснаас Самсунг А-51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 735.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 3 дугаар хуудас),
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтас хэргийн 9-10 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Samsung A51” маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 735,200 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан (хавтас хэргийн 32-33 дугаар хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтас хэргийн 13-14 дүгээр хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтас хэргийн 15 дугаар хуудас),
Илтгэх хуудас (хавтас хэргийн 7 дугаар хуудас),
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нарантуул Олон улсын худалдааны төвийн оймсны лангуунаас худалдан авалт хийчхээд баруун тийшээ 100 метр орчим яваад халаасанд байсан гар утсаа шалгатал байхгүй байсан... буцаад оймсны лангууд дээр очоод худалдагчаас би энд гар утсаа үлдээсэн үү... гэхэд...чиний хажууд чамтай явж байсан охиноос өөр нэг эмэгтэй зогсоод байсан. Цагдаа дээр очоод хяналтын камер шүүгээд үз гэсэн... камер үзтэл хар өнгийн куртиктай, бор өнгийн дотортой гуталтай миний хажуууд зогсож байсан 35 насны орчим эмэгтэй халааснаас гар утас аваад халаасандаа хийж байгаа нь бичигдсэн байсан. Үүний дагуу Цагдаагийн хэлтсээс нэг цагдаа хайна гээд гараад явсан... удалгүй 30 минутын дараа нөгөө эмэгтэйг нэг цагдаа барьчисан Баялаг-Ундраа төвийн зүүн талаас хойшоо явж байхыг нь хараад юм дуугаралгүй хойноос нь дагаад явсан... 2020 оны 7 дугаар сард лизингээр авсан 1,089,000 төгрөгийн үнэтэй Самсунг А51 загварын цэнхэр өнгийн гар утас байсан.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 19-21 дүгээр хуудас),
Гэрч Н.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нарантуул Олон улсын худалдааны төвийн оймсны лангуунаас худалдан авалт хийчхээд баруун тийшээ явж байтал Энхгэрэл гар утас байхгүй байна гээд буцаад оймсны лангууд дээр очтол худалдагч эгч энд гар утас байхгүй та хоёрын хажууд нэг л эмэгтэй зогсож байсан. Цагдаа дээр очиж бүртгүүл гэж хэлэхээр нь Нарантуулын Цагдаагийн хэсэг дээр очоод болсон асуудлаа хэлээд хяналтын камер шүүж үзтэл хар хөх өнгийн куртиктай, бор өнгийн дотортой гуталтай, цагаан өнгийн масктай эмэгтэй оймсны лангуун дээр эгч бид хоёрыг зогсож байтал Энхгэрэлийн баруун талын халааснаас гар утас аваад өөрийн халаасандаа хийж байгаа нь бичигдсэн байсан” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 22-23 дугаар хуудас),
Шүүгдэгч М.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нарантуул захын оймсны лангууны эхэсгт үйлчлүүлж байсан үл таних эмэгтэй хүний баруун гар талд нь хамт зогсож байгаад 2 ширхэг оймс худалдан авсныхаа дараа хажуунаас нь холдхынхоо өмнө тэр эмэгтэй хүний куртикны баруун талын халаасанд байсан Самсунг А51 маркийн ногоон өнгийн 1 ширхэг гар утсыг нь аваад тэр Нарантуул захын орчимд хогын болгоод хаясан цаасан хайрцаган дотор нуучихаад явж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 76-77 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 36 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд, суллагдсан хүнд олгодог тодорхойлолт (хавтас хэргийн 39-89 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 65 дугаар хуудас),
Жолоодох эрхийн лавлагаа (хавтас хэргийн 66 дугаар хуудас),
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтас хэргийн 67 дугаар хуудас),
Оршин суух хаягийн тодорхойлолт (хавтас хэргийн 68 дугаар хуудас),
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтас хэргийн 69 дүгээр хуудас),
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтас хэргийн 70 дугаар хуудас),
Төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтас хэргийн 71 дүгээр хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд (хавтас хэргийн 85-86 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын санал (хавтас хэргийн 87, 93 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Мөн шүүгдэгч М.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.М 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул Олон улсын худалдааны төвийн оймсны лангууны орчим иргэн Э.Э куртикны халааснаас Самсунг А-51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 3 дугаар хуудас),
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтас хэргийн 9-10 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ““Samsung A51” маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 735,200 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан (хавтас хэргийн 32-33 дугаар хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтас хэргийн 13-14 дүгээр хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтас хэргийн 15 дугаар хуудас),
Илтгэх хуудас (хавтас хэргийн 7 дугаар хуудас),
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нарантуул Олон улсын худалдааны төвийн оймсны лангуунаас худалдан авалт хийчхээд баруун тийшээ 100 метр орчим яваад халаасанд байсан гар утсаа шалгатал байхгүй байсан... буцаад оймсны лангууд дээр очоод худалдагчаас би энд гар утсаа үлдээсэн үү... гэхэд...чиний хажууд чамтай явж байсан охиноос өөр нэг эмэгтэй зогсоод байсан. Цагдаа дээр очоод хяналтын камер шүүгээд үз гэсэн... камер үзтэл хар өнгийн куртиктай, бор өнгийн дотортой гуталтай миний хажуууд зогсож байсан 35 насны орчим эмэгтэй халааснаас гар утас аваад халаасандаа хийж байгаа нь бичигдсэн байсан. Үүний дагуу Цагдаагийн хэлтсээс нэг цагдаа хайна гээд гараад явсан... удалгүй 30 минутын дараа нөгөө эмэгтэйг нэг цагдаа барьчисан Баялаг-Ундраа төвийн зүүн талаас хойшоо явж байхыг нь хараад юм дуугаралгүй хойноос нь дагаад явсан... 2020 оны 7 дугаар сард лизингээр авсан 1,089,000 төгрөгийн үнэтэй Самсунг А51 загварын цэнхэр өнгийн гар утас байсан.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 19-21 дүгээр хуудас),
Гэрч Н.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нарантуул Олон улсын худалдааны төвийн оймсны лангуунаас худалдан авалт хийчхээд баруун тийшээ явж байтал Энхгэрэл гар утас байхгүй байна гээд буцаад оймсны лангууд дээр очтол худалдагч эгч энд гар утас байхгүй та хоёрын хажууд нэг л эмэгтэй зогсож байсан. Цагдаа дээр очиж бүртгүүл гэж хэлэхээр нь Нарантуулын Цагдаагийн хэсэг дээр очоод болсон асуудлаа хэлээд хяналтын камер шүүж үзтэл хар хөх өнгийн куртиктай, бор өнгийн дотортой гуталтай, цагаан өнгийн масктай эмэгтэй оймсны лангуун дээр эгч бид хоёрыг зогсож байтал Энхгэрэлийн баруун талын халааснаас гар утас аваад өөрийн халаасандаа хийж байгаа нь бичигдсэн байсан” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 22-23 дугаар хуудас),
Шүүгдэгч М.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нарантуул захын оймсны лангууны эхэсгт үйлчлүүлж байсан үл таних эмэгтэй хүний баруун гар талд нь хамт зогсож байгаад 2 ширхэг оймс худалдан авсныхаа дараа хажуунаас нь холдхынхоо өмнө тэр эмэгтэй хүний куртикны баруун талын халаасанд байсан Самсунг А51 маркийн ногоон өнгийн 1 ширхэг гар утсыг нь аваад тэр Нарантуул захын орчимд хогын болгоод хаясан цаасан хайрцаган дотор нуучихаад явж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 76-77 дугаар хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж,энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар ,хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан .
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба хөрөнгийн үнэлгээний тайлангаар гэмт хэргийн халдлагын зүйл болох ““Samsung A51” маркийн гар утсыг 735,200 төгрөгөөр үнэлсэн нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч М.М нь хохирогч Э.Э куртикны халааснаас Самсунг А-51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогчид 735,200 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан бага хэмжээнээс дээш хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.М нь бусдын эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид хохирлыг барагдуулж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.Э нь Самсунг А-51 маркийн ногоон өнгийн гар утсыг хүлээж авсан (хавтас хэргийн 10 дугаар хуудас) “...хохирлоо барагдуулж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн (хавтас хэргийн 86 дугаар хуудас) байх тул шүүгдэгч М.М г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу М.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг танилцуулж, М.М нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүгдэгч М.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дугаар хэсэг, заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М М М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М д оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ