| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 183/2017/00675/И |
| Дугаар | 001/ХТ2018/01340 |
| Огноо | 2018-10-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2018/01340
Х.Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00353 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 903 дугаар магадлалтай,
Х.Н-ийн нэхэмжлэлтэй,
“М” ХХК-д холбогдох,
нэмэгдсэн өртгийн албан татвар болон байрны ашиглалтын зардалд төлсөн 3.900.015 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Оршихын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Н-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Х.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК-тай 2011-2012 оны хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн төлсөн. Орон сууцыг улсын комисс хүлээн авсан үеэс эхлэн гэнэт гэрээнд тусгагдаагүй, байрны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж төлөх, төлөхгүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй гэсэн шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг 2014 оны 4 дүгээр сард өгч, аргагүйн эрхэнд гардуулж 2.058.210 төгрөгийг тушаасан. М ХХК нь 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан, тус компанитай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд заагдсан үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэдгийг мэдээгүй. 2012 оны 2 дугаар сард байрандаа орж, байрны ашиглалтын зардлыг төлсөөр ирсэн. Иймд байрыг улсын комисс хүлээн авсан өдөр хүртэл буюу 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл байрны ашиглалтын зардалд төлсөн 1.841.805 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 2.058.210 төгрөг нийт 3.900.015 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Н- нь 2011 онд М ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 2012 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да Хүрээ хотхоны 65Б байрны 5 тоот орон сууцыг эзэмшилдээ хүлээн авсан. Х.Н-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 2.058.210 төгрөгийг улсын төсөвт тушаасан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу М ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр санхүүгийн тайлангаа шинэчлэн ил болгож татвар төлсөн тул 2.058.210 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн 2012 оны 1 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаанд 65Б байрны оршин суугчдын ус, дулаан, цахилгаан, ашиглалтын зардлыг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар Цахилгаан түгээх станц ХХК, Багануур Илч ХХК-д төлсөн тул ашиглалтын зардал 1.841.805 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00353 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч М ХХК-иас 2.058.210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Н-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.841.805 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 47.881 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Н-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 903 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээr шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 11 -ны өдрийн 903 дугаар магадлалыг дараах шалтгаанаар үл зөвшөөрч гомдол гаргаж байгаа болно.
Нэхэмжлэгч Х.Н- “ Мануул треивэл ” ХХК-тай 2011 оны 11-р сарын 19-ны өдөр № 1\5 “ Орон сууц захиалан бариулах “ гэрээ байгуулжээ. Талууд 2012 оны 1-р сарын 31 -ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж Х.Н- Баянзүрх дүүргийн 17-р хороо, 65 “б“ байрны 2 өрөөг хүлээн авсан. № 1\5 “ Орон сууц захиалан бариулах “ гэрээний 2.5-д “ Захиалагч НӨАТ-ын баримт авсан тохиолдолд холбогдох татварыг нэмж тушаана ” гэсэн болон 2.7-д заасны дагуу Х.Н-ийн төлсөн НӨАТатвар 2,058,210 төгрөгийг “ Мануул трейвэл ” ХХК улсад тушаасан байна. “ Мануул трейвэл ” ХХК Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийн дагуу НӨАТ-аас нэг удаа чөлөөлөгдөхөөр 2014 оны 12-р сарын 31 -ны өдөр санхүүгийн тайлангаа сайн дурын үндсэн шинэчлэн 1 тэрбум төгрөгийн орлогыг ил болгосон. Энэхүү хуулийн 4-р зүйлийн 4.1, 4.1.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.3.4-т татвараас нэг удаа чөлөөлөх, албан татвар нөхөн ногдуулахгүй байхаар заажээ. “ Мануул трейвэл ” ХХК-иас 2,058,210 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 903 дугаар Магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Х.Н-ийн ээж Л.Ханд нь хариуцагчтай 2011 оны 11 дүгээр сард гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ хотхон” орон сууцны цогцолборын 65б байрны 5 тоотын 2 өрөө байрыг захиалж, гэрээгээр тохирсон 29.403.000 төгрөгийг бүрэн төлсөн ба орон сууцыг 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч эзэмшиж ашиглаж байжээ. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 2 дугаар сарын 26-ний өдрийн актаар уг орон сууцыг ашиглалтад хүлээн авсан, Л.Ханд, Х.Н- нар 2015 оны 3 дугаар сарын 25-ний өдөр тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа “...2014 оны 4 дүгээр сард нэмэгдсэн өртгийн албан татварт 2.058.210 төгрөг, мөн орон сууцыг улсын комисс хүлээн авах хүртэл хугацааны ашиглалтын зардал 1.841.805 төгрөг нийт 3.900.015 төгрөгийг үндэслэлгүйгээр төлүүлсэн тул буцаан гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байх шаардлагатай.
Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн, үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч байхаар, мөн уг албан татварыг бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүрд ногдуулахаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1., 5 дугаар зүйлийн 5.2.1. 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан ба “Мануул трейвэл” ХХК нь 2010 оны 4 дүгээр сард нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авчээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч өөрийн барьж гүйцэтгэсэн орон сууцыг борлуулах тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тооцох үүрэгтэй атал нэхэмжлэгчээс 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татвар шаардаж авсан нь хуульд нийцээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Харин улсын комиссын акт гарахаас өмнө нэхэмжлэгч орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан тул ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасантай нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00353 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 903 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Оршихын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 48.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ