| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 186/2018/0135/Э |
| Дугаар | 447 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Оролцоогүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 447
Б.Г-, А.П- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Тэнгис,
шүүгдэгч А.П-ын өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Л.Лхааганжавын гаргасан давж заалдах гомдлоор Б.Г-, А.П- нарт холбогдох эрүүгийн 1711000000338 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шар торгууд овогт Б-ын Г-, 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,
2. Жанчхүү Цахир овогт А-ийн П-, 1998 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,
А. Б.Г- нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-811 тоотод оршин суух иргэн Н.Амарбаясгалангийн Монгол гэрийн хаалганы цоожийг зэвсэг хэрэглэн эвдэн нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, флаш, эрэгтэй, эмэгтэй хос мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 306.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн А.П-тай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-811 тоотод оршин суух иргэн Л.Даваажавын Монгол гэрийн хаалганы цоожийг зэвсэг хэрэглэн эвдэн нэвтэрч 32 инчийн “BSB” загварын телевизор, 2 ширхэг эмэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 300.600 төгрөгийн хохирол учруулсан,
Б. А.П- нь Б.Г-тэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-811 тоотод оршин суух иргэн Л.Даваажавын Монгол гэрийн хаалганы цоожийг зэвсэг хэрэглэн эвдэн нэвтэрч 32 инчийн “BSB” загварын телевизор, 2 ширхэг эмэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 300.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Г-, А.П- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г-, А.П- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Б.Г-г 1 жил 8 сарын хорих ялаар, А.П-ыг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг улаан иштэй отвёрка, хар өнгийн арзгар ултай хагас түрийтэй 1 хос гутал, “Жордан-6” загварын пүүзэн гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Б.Г-, А.П- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэднийг цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Л.Лхааганжав гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүхээс Б.Г-д оногдуулсан хорих ялыг хүндэдсэн гэж үзэж байна. Учир нь Б.Г- нь хэрэг үйлдэх үедээ 21 насанд хүрээгүй, өсвөр насны хүн байсан. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдаг. Иймд түүний хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Л.Лхааганжавын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгөхийг хүсье...” гэв.
Шүүгдэгч А.П-ын өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч А.П- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдэлд гэмт хэргийн шинж хэлбэрийн төдий агуулагдсан гэж үзэж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсье...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Б.Г- нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-811 тоотод оршин суух иргэн Н.Амарбаясгалангийн Монгол гэрийн хаалганы цоожийг “халив” хэрэглэн эвдэн нэвтэрч, мөнгөн аяга, флаш, эрэгтэй, эмэгтэй хос мөнгөн бөгж зэрэг эд хөрөнгө хулгайлж, нийт 306.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.Г-, А.П- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-811 тоотод оршин суух иргэн Л.Даваажавын Монгол гэрийн хаалганы цоожийг “халив” хэрэглэн эвдэн нэвтэрч, 32 инчийн “BSB” загварын телевизор, бугуйн цаг, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд хөрөнгө хулгайлж, нийт 300.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- хохирогч Н.Амарбаясгалангийн “...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагт гэрээсээ гараад маргааш орой нь 19 цагийн үед иртэл гэрийн болон амбаарын цоожийг эвдээд хулгайч орсон байдалтай байхаар нь цагдаа дуудсан. Эд зүйлээ шалгаж үзэхэд авдар дотор байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 8GB флаш, хуримын хос мөнгөн бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Зүүн талын айлын цэргээс халагдсан гэх 2 залууг сэжиглэж байна...” /хх-ийн 109/,
- хохирогч Л.Даваажавын “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 07 цаг 30 минутын үед би гэрээсээ гарсан. Эхнэр Амарбаясгалан 16 цагийн үед гэртээ ирсэн ба “Манай гэрийн үүдний төмөр хаалгыг ямар нэг зүйлээр хөшиж эвдээд, дотогш хулгайч орсон бололтой байна, би гэртээ орж чадахгүй байна” гэж надруу утсаар ярьсан. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд гэртээ ороход 32 инчийн телевизор, 2 ширхэг бугуйн цаг, мөнгөн бугуйвч, ээмэгний хослол зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан... хажууд талын айлын цэргээс халагдаж ирсэн 2 залууг сэжиглэж байна. Учир нь манай гэрт хулгай орох болгонд тэдний хашаа руу орсон гарсан гутлын мөр байдаг юм...” /хх-ийн 28/,
- шүүгдэгч Б.Г-гийн “...би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед ... хашааны завсраар орж хаалганых нь түгжээг халив ашиглан эвдэн дотогш нэвтэрч, авдар дотроос нь 2 ширхэг мөнгөн аяга, флаш диск зэргийг авсан. 2 ширхэг мөнгөн аягаа ломбарданд 40.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өглөө 11 цагийн үед П- манайд ирсэн. Манай дээд талын айлд бас л хүнгүй байхаар нь би П-аар гадаа хүн харуулаад өөрөө хашааны завсраар орж хаалгыг нь эвдэн дотогш нэвтэрч телевизор, мөнгөн бугуйвч, бугуйн цаг зэргийг авч гарсан...” /хх-ийн 194/,
- шүүгдэгч А.П-ын “...би 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 11 цагт Г-гийнд очсон. 14 цагийн үед Г- “Дээд талын айл хүнгүй байна, чи гадаа хүн хараад байж бай” гэсэн. Г- хашааны завсраар орж хулгай хийсэн...” /хх-ийн 194/ гэх мэдүүлгүүд,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10, 93-97/, алдагдсан эд зүйлийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20-21/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн тухай баримт /хх-ийн 123, 128/, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан халив болон шүүгдэгч нарын тухайн үед өмсөж явсан гутлыг нотлох баримтын ач холбогдолтой гэж үзэн хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл /хх-ийн 22-23, 106/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан байна.
Түүнчлэн мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэхэд нотлох баримтын хүрэлцээ хангалттай байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Г-, А.П- нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч А.П- нь дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд хамжигчийн үүргийг гүйцэтгэсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-, А.П- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн тэдэнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг тогтоосон нь хуульд нийцжээ.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Л.Лхааганжавын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Л.Лхааганжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Н.БАТСАЙХАН