Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 113/2018/0017/З |
Дугаар | 113/ШШ2019/0013 |
Огноо | 2019-06-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 113/ШШ2019/0013
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,
Прокурор: Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор;
Хариуцагч: Г аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш;
“Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3204201812[1] дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: аймгийн Ерөнхий прокурорын орлогч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ““З” ХХК нь 2017 онд 95000.0 төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогоо бууруулсан гэсэн зөрчлийг татварын улсын байцаагч Э.Ш нь хялбаршуулсан журмаар шалгаж, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 3204201812 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 2.850 төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.
Шалгалтаар материалыг хянавал улсын байцаагч Э.Ш нь шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дүгээр заалтад торгох шийтгэл оногдуулж буй дүн, нөхөн татварын хэмжээг цуг бичиж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны маягтын загварын дагуу бичигдээгүй, шийтгэл оногдуулж буй шийдвэрийг дурдаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр болжээ. Мөн холбогдогчоор О.Б-ээс мэдүүлэг авсан атлаа хууль ёсны төлөөлөгч мөн эсэхийг шалгаж тогтоосон баримтгүй байх бөгөөд шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан үйлдэл, хэлбэрийг бүгдийг тусгаж, холбогдогч О.Б нь тухайн хуульд заасан зөрчлүүдийн алийг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр гаргасан болохыг нотолж, дурдаагүй байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн удирдлага болгон татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш-ийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3204201812 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ЕЙ бичиг баримттай, “З” ХХК-ийн захирал О овогтой Б нь 2017 онд 95.000.00 төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогоо бууруулсан болох нь аж ахуйн нэгжийн албан татварын тайлан, санхүү байдлын баталгаажсан тайлан, холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Шийтгэлийн хуудсыг маягтын дагуу бичээгүй гэх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь би шийтгэлийн хуудсыг Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газар болон Татварын хяналт шалгалт, арга зүйн газраас ирүүлсэн загвар дээр нөхөж бичсэн. Мөн хяналтын прокурорт тухай бүр хянуулах явцад шийтгэлийн хуудасны маягтыг өөрчилсөн байна гэж надад мэдэгдээгүй. Прокурор хянаад гарын үсэг зурсан болохоор хянагдаад болсон байна гэж ойлгосон. Хяналтын прокурорууд тайлбар хийж, алдаа дутагдлыг тухай бүрт нь засуулж байсан бол ийм алдаа гарахааргүй байсан. Иймд би хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь:
1. Шийтэлийн хуудсыг Татварын ерөнхий газраас ирүүлсэн загварын дагуу бичиж прокурорт хянуулсан.
2. Хяналтын прокурорууд тухай бүр материалыг хянаад хууль зүйн алдаагүй болсон байна гээд гарын үсэг зурж баталгаажуулсан учир би тухайн шийтгэлийг алдаагүй, хуулийн зөрчил дутагдалгүй болсон гэж үзсэн болно
3. Прокурорын байгууллагаас улирал бүр эрх бүхий албан тушаалтанд сургалт ордог хэрнээ сургалт дээр шийтгэлийн хуудсыг бичих талаар мэдээлэл хийгээгүй, заавар зөвлөгөө өгөөгүй.
4. 2018 онд нийт 2 удаа материал татаж авч хянаж үзэхдээ эдгээр алдаа дутагдлыг хэлээгүй, засаж залруулах талаар мэдээлээгүй. Шийтгэлийн хуудасны загвар, хэрхэн бичиж ирүүлэх талаар огт мэдээлэл хийгээгүй нь эрх бүхий албан тушаалтан нар ийм алдаа гаргах үндэслэл болсон гэж үзэж байна.
5. Улсын Ерөнхий прокурор болон Татварын ерөнхий газрын хамтарсан баг хуулийн хэрэгжилтэнд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хуралдан эцэслэн шийдвэр гараагүй, заавар зөвлөгөө ирүүлээгүй байхад манайхыг онцлон шалгаж татварын улсын байцаагчийн бичсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус мөнгөн дүнг татвар төлөгч хүлээн зөвшөөрч орон нутгийн болон улсын төсөвт 100 хувь төлсөн учир прокурорын дүгнэлтийг эргэн харж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдлоор үүсгэсэн энэ хэрэг, түүнд хавсаргасан 3204201812 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материал зэргээс хуульд заасан журмын дагуу цуглуулж[2], шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дахин шинэ акт гаргах хүртэл 3204201812 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Г аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш нь “2017 онд 95000 төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус үндэслэн “З” ХХК (РД:)-ийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3204201812 дугаар шийтгэлийн хуудсаар 2850 төгрөгөөр[3] торгох хариуцлага оногдуулж, 9500 төгрөгийн нөхөн татвар төлөхийг даалгаж шийдвэрлэжээ.
Г аймгийн Ерөнхий прокуророос уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлтийн үндэслэлээ “Шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь:” хэсгийн 1 дүгээр заалтад торгох шийтгэл оногдуулж буй дүн, нөхөн татварын хэмжээг цуг бичиж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны маягтын загварт нийцээгүй, шийтгэл оногдуулж буй шийдвэрийг дурдаагүй” гэж тайлбарлана.
Харин хариуцагч нь хууль зөрчсөн гэж үзээд ... хариуцлага тооцсон нь үндэслэлтэй хэмээн тайлбарлаж, “хэрэг бүртгэлийн ажиллагаанд прокурор хяналт тавихдаа хэлсэн бол энэ алдаа зөрчил гарахгүй байсан” хэмээн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн дараах нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзлээ:
1. Хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасны дагуу “З” гэдэг оноосон нэртэй хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2-т “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж тус тус заасныг зөрчжээ.
Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 403 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргээс үзэхэд “З” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь О.Б[4] боловч 3204201812 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материалд уг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл холбогдогчоор мэдүүлэг авсан О.Б-ийг гүйцэтгэх захирал гэдгийг тодорхойлох бусад баримт бичгийг хавсаргаагүй байна.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, ... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан тул холбогдогчоор татсан О.Б, эсхүл компанийн бусад эрх бүхий албан тушаалтнаас хэнийг “З” ХХК гэдэг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулж буй эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийн дагуу шийдвэрлэх шаардлагатай юм.
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхийн албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураар биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана”, 7 дахь хэсэгт “Шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Шийтгэлийн хуудас” (Маягт №2)-ны Шийдвэрлэх нь: хэсгийн 1-д “Холбогдогч ... (хүн, хуулийн этгээдийн нэр)-ийн гаргасан зөрчилд ... (шийтгэлийн төрөл, хэмжээ) шийтгэл оногдуулсугай” гэж заасан нь захиргааны байгууллага, албан тушаалтан (татварын улсын байцаагч)-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргах захиргааны акт (шийтгэлийн хуудас)-ын эрх зүйн болон хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон хэм хэмжээ юм.
Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “... татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь бүхэлдээ шийтгэл биш, “... татварыг нөхөн төлүүлэх” гэдэг нь тус хуулийн 3.7 дугаар зүйлд заасан зөрчлийн үр дагаврыг арилгахад чиглэсэн арга хэмжээнд хамаарна.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид “тухайн зөрчилд оногдуулах шийтгэл, гаргуулах хохирол, нөхөн төлбөр болон бусад албадлагын арга хэмжээ, эсхүл зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээний төрөл”-ийг хамтатган заасан нь шийтгэлийн хуудсанд зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг шийтгэлийн төрлөөс ялгаж бичихгүй байх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч нь “З” ХХК-д оногдуулсан шийтгэл, илрүүлсэн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээний төрөл зэргийг хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан шаардлагын дагуу үйлдэх нь зүйтэй тул хариуцагчийн “Татварын ерөнхий газраас ирүүлсэн маягтын дагуу шийтгэлийн хуудсыг үйлдсэн”[5] гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.
3. Түүнчлэн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “зөрчил илрүүлсэн тухай мэдээлэл”, түүнийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэгт тодорхойлсон зөрчил[6] нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, эсхүл 1.2-т заасан зөрчлийн алинд хамаарахыг тодорхойлж, зөрчлүүдийн алийг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдсэн болохыг шалган тогтоох шаардлагатай.
Эдгээр үндэслэлээр Г аймгийн Ерөнхий прокурорын дүгнэлтийг хүлээн авсан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.10, 1.11, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, шийтгэл ногдуулах шийдвэр гаргах нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий бүхий албан тушаалтанд олгосон бүрэн эрх байна.
Тиймээс дээрх нөхцөл байдлыг шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3204201812 дугаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй тохиолдолд дээрх шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тэмдэглэв.
4. Тус шүүх 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 11.00 цагт хийх шүүх хуралдааныг товлон зарлахдаа Г аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш-г оролцуулан 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хариуцагчид тухайн өдрөө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Г аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Э-аас 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01/149 дүгээр албан бичгээр “шүүх хуралдааныг хойшлуулах” агуулга бүхий хүсэлт ирүүлсэн боловч хэргийн оролцогч бус этгээдийн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан прокуророос “шүүх хуралдааныг товлосон цагтаа явуулах хүсэлтэй байна” гэснийг, мөн хариуцагчаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Сургалтанд оролцох учраас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож амжихгүй байна. Өөрийн биеэр оролцохгүйгээр шүүх хуралдааныг хийхэд болно” зэргээр тайлбар гаргасан, хэргийн оролцогчийн эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан[7], хариуцагчийн урьд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хэрэгт цуглуулсан нотлох баримтад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын дүгнэлтийг хангаж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Г аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3204201812 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор хариуцагч шинэ акт гаргаагүй бол Г аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3204201812 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2–т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Г аймгийн Ерөнхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар дүгнэлтэд хүчингүй болгуулахаар шаардсан шийтгэлийн хуудасны дугаарыг “320201812” гэж бичсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “3204201812” гэж зөвтгөсөн.
[2] Хариуцагчийн хариу тайлбарт хавсаргаж ирүүлсэн “Шийтгэлийн хуудас”-ны хуулбар хувийг нотлох баримтаар үнэлээгүй болно. /хэргийн 9 дэх талд/
[3] Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.
[4] Хэргийн 4дэх талд
[5] Хэргийн 8 дахь талд
[6] 3204201812 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материалын 1, 2 дахь хуудсанд
[7] Хэргийн 7 дахь талд хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарласан тухай баримт, 32 дахь талд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, 34-35 дахь талд шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамж, 36 дахь талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримт, 40 дэх талд хариуцагчтай 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн утсаар ярьсан тэмдэглэл авагдсан.