Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0748

 

 

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0748

Улаанбаатар хот

 

А.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х нар

Нэхэмжлэгч: А.Д

    Хариуцагч: СБДЗД

    Хариуцагч: СБДГЗБА

Гуравдагч этгээд: Б.М, Б.Г, /Н.Б/, С.Г, С.Ц нар;

 

    Нэхэмжлэлийн шаардлага: “СБДЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/417 дугаар захирамжийн Б.М-д эзэмшүүлсэн газраас А.Д-ийн бодитоор хашаалсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Н.Б-ийн өмнө эзэмшиж байсан газрын талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар, газрын байршлыг зохих шийдвэргүйгээр газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн СБДГЗБА-ны 2008 оны 09, 10 дугаар сар, 2009 оны 11 дүгээр сарын бүртгэлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, СБДЗД-ын 2008 оны 335 дугаар захирамжаар Н.Б-ийн эзэмшиж байсан газрын кадастрын зургийг 2006 оны 09 дүгээр сарын байдлаар мэдээллийн санд бүртгэхийг СБДГЗБА-д даалгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0648 дугаар шийдвэр;

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч А.Д,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х,

Гуравдагч этгээд Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б  нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2020/0618/3

 

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч А.Д-оос СБДЗД, СБДГЗБА-д тус тус холбогдуулан “СБДЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/417 дугаар захирамжийн Б.М-д эзэмшүүлсэн газраас А.Д-ийн бодитоор хашаалсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Н.Б-ийн өмнө эзэмшиж байсан газрын талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар, газрын байршлыг зохих шийдвэргүйгээр газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн СБДГЗБА-ны 2008 оны 09, 10 дугаар сар, 2009 оны 11 дүгээр сарын бүртгэлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, СБДЗД-ын 2008 оны 335 дугаар захирамжаар Н.Б-ийн эзэмшиж байсан газрын кадастрын зургийг 2006 оны 09 дүгээр сарын байдлаар мэдээллийн санд бүртгэхийг СБДГЗБА-д даалгуулах”-аар маргасан байна.

    

    2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 648 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

    3. Нэхэмжлэгч А.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х нар давж заалдах гомдолдоо:

    3.1. А.Д миний бие Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, С Б-д 1977 оноос эцэг эхийн хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2000 оноос газар эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Газрын албаар уламжлан тус дүүргийн Засаг даргад гаргаж ирсэн. Улмаар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаар захирамж, Газрын албанаас 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 524 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болсон. Ийнхүү газар эзэмших эрх олгохдоо миний хүсэлтээ гаргасан буюу бодит байдал дээр ашиглаж, хашаалсан хэмжээнээс бага хэмжээтэйг олгосон бөгөөд миний хувьд илүү хашаалсан хэсгийг надад ч тэр, бусдад ч тэр олгохгүй юм байна гэж ойлгож ирсэн. Гэвч 2019 онд Б.М гэх хүн ирж, манай газраас холд гэсэн шаардлагыг тавьснаар тухайн хүнд бодит байдал дээр 2000 оноос хойш миний хашаалж эзэмшиж ирсэн газрыг түүнд эзэмшүүлсэн болохыг мэдэж, давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан.

    3.2. Миний эзэмшиж, ашиглаж ирсэн хашааны хажуу талд Н.Б нь газар эзэмшдэг байсан бөгөөд 2008 онд талбайн хэмжээгээ нэмэгдүүлж, 700 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон байна. Түүний эзэмших эрх бүхий талбайн хэмжээ, байршлыг харуулсан зургийг анх нэхэмжлэл гаргахдаа гаргаж өгсөн бөгөөд дөрвөлжин хэлбэртэй байсан. Гэтэл эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр Z хэлбэртэй болгож, миний бодит байдал дээр хашаалсан хэсэг рүү оруулсан гэдгийг 2019 онд Б.М гэх хүнийг маргаан үүсгэж ирэх үед л мэдсэн билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн бодит байдал дээр хашаалсан газар ямар хэмжээтэй байгааг тогтоолгохоор “МЗ” ХХК-иар хэмжилт хийлгэж, 705 м.кв талбай бүхий газрыг хашаалсан болохыг тогтоосон. Анх хариуцагч нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохдоо нэхэмжлэгчийн бодит байдал дээр хашаалсан хэмжээгээр газар эзэмшүүлэх боломж байсан атал тухайн газар дээр огт амьдарч байгаагүй этгээдэд газар эзэмшүүлсэн нь буруу.

    3.3. СБДЗД  нь 2008 оны 335 дугаар захирамжаар А.Д надад 698 м.кв газрыг эзэмших эрх олгосон боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг 2010 онд л олгосон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг ... зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар А.Д надад 2010 онд 524 м.кв газрыг олгосон бөгөөд бодит байдал дээр миний хашаалсан газраас 181 м.кв газрыг эзэмшүүлэхгүй гэж шийдвэрлэсэн учир бусдад ч эзэмшүүлэхгүй юм байна гэж ойлгож ирсэн. Гэтэл тухайн газрыг бусдад эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндсэн зарчим болоод Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм. Анхан шатны шүүх дээрх байдалд бодит дүгнэлтийг хийлгүй, шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д “Нэхэмжлэгчийн “Н.Бийн газар 2 хэлбэртэй болсныг, манай хашаа руу оруулж эзэмшүүлснийг 2019 онд мэдсэн гэх тайлбар ... няцаагдаж байна”, 7-д “А.Д Н.Б-д газар эзэмшүүлэх үед түүний газар Z хэлбэртэй байсныг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан” хэмээн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

    3.4. Анхны эзэмшигч Н.Б-ийн өмнөх буюу анх эзэмшиж байсан газар дээр Мөнхбаатар гэгч этгээд танил талаа ашиглан зураг хийлгээд түүнийгээ Н.Б-ийн газрыг миний хашаа руу давхцал арилгах (давхцал арилгах- хариуцагч талаас өгсөн тайлбар) нэрийдлээр шахаж оруулсан байсан. Н.Б, М нарын газрыг давхардуулж үйлдсэн нэгж талбарын дугаартай кадастрын зургийг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус бүртээ нэгж талбарын дугаартай кадастрын зурагтай эзэмшиж байсан нь нотлогдож байхад хариуцагч тал эзэмшиж байгаагүй мэтээр худал тайлбар өгсөн байхад анхан шатны шүүх үүнийг нягталж үзээгүй. Он цаг, дарааллын хувьд ч тэр Н.Б 2003 онд газар эзэмших эрхтэй болж, тухайн эрхээ 2008 онд нэмэгдүүлсэн байхад түүнээс хойш газар эзэмших эрхтэй болсон /эзэмших эрхтэй эсэх нь ч тодорхойгүй/ “М гэгчийн газартай давхцуулахгүй гэх байдлаар газрын байршлыг зөөсөн” хэмээх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Угтаа М-т эзэмшүүлсэн гэх хүчээр нэмж оруулж ирсэн газрын эрхийг цуцлах буюу өөр тийшээ зөөх байдлаар Н.Б-ийн газрыг олгох ёстой байхад А.Д миний бодит байдал дээр он удаан жил амьдарч, эзэмшиж ирсэн газар руу оруулсан нь буруу. М мөн энэ газраа ашиглаж ганц шон ч зоож байгаагүй. Н.Б болоод түүний дараа дараагийн газар эзэмшигчийн хувьд ч тэр энэ газартаа 2008 оноос хойш нэг ч өдөр ирж амьдраагүй, ганц шон ч хатгаагүй. А.Д миний хувьд эцэг эхийн хамт тухайн газар дээр 1977 оноос хойш амьдарч, өөрийн хүч, хөрөнгө мөнгөөр хашаа хатган, байшин барих, цэвэр бохир усны шугам хоолой татах зэргээр ихээхэн хөрөнгө зарцуулж, илээр амьдарч ирсэн.

    3.5. Мөн хэргийн материалд авагдсан Б.Г, А.Д нарын хооронд хийгдсэн хэлцэл гэх баримтад А.Д гарын үсэг зурсан, хуурамч гэж маргаагүй хэмээн дүгнэлт хийсэн нь буруу. Учир нь А.Д миний бие иргэн Б.Г-той хэлцэл гэх зүйлийг огт хийж байгаагүй, ийм баримтад ч гарын үсэг зураагүй. Энэ талаарх асуудал ч анхан шатны шүүх хуралдаан дээр яригдаагүй байхад тухайн баримт дээр гарын үсэг зурсан мэтээр дүгнэж, шийдвэрийнхээ үндэслэл болгох нь зүйд нийцэхгүй. Үнэхээр тухайн хэлцлийг хийгдсэн гэж үзэх буюу шийдвэрийнхээ үндэслэл болгож буй тохиолдолд тухайн баримтыг үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагааг хийх, хэлцэл гэх баримтад гарын үсэг зурсан хүмүүсээс тайлбар авах зэрэг ажиллагааг хийх ёстой байсан. Миний бие өөрийн хашаалсан газрыг бусдад эзэмшүүлсэн болохыг мэдсэн даруйд шүүхэд хандсан. Одоогийн байдлаар хүчин төгөлдөр буюу эрх зүйн үйлчлэлтэй байгаа захиргааны акттай маргах боломжтой байхад нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон буюу хүчингүй болсон захиргааны актуудтай маргаагүй нь буруу гэж дүгнэж буйг хүлээн зөвшөөрөхгүй.

    3.6. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-д “...нэхэмжлэгч А.Д нь илүү хашаалсан хэсгийг эзэмших хүсэлтээ гаргаж байсан нотлох баримт буюу тэр хэсгийг оруулан эзэмших хүсэлт гаргасан кадастрын зураг байхгүй” гэсэн нь буруу. Миний бие 2000 оноос эхлэн газар эзэмших хүсэлтээ гаргаж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгээр А.Д намайг газар эзэмшихээр 2004 онд хүсэлт гаргаж байсан талаарх нөхцөл байдлыг тодорхой болгосон. Гэхдээ газар эзэмшихээр гаргасан хүсэлт болоод хүсэлтэд хавсаргасан баримтуудыг гаргаж өгдөггүй буюу устгалд орсон хэмээн хариуцагч тайлбарладаг. Миний бие өөрийн бодит байдал дээр 1977 оноос хойш амьдарч ирсэн, хашаалсан газраа эзэмших хүсэлтэй байсан гэдгээ анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс хойш илэрхийлсээр байхад хүсэлтээ гаргаж байгаагүй гэж шууд буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна. Шударга ёсны хүрээнд ч аваад үзэхэд намайг хүсэлтээ гаргаж байсан гэх баримт байхгүй гэж дүгнэсэн хирнээ Н.Б-ийн ч гаргаж байсан хүсэлт нь байхгүй байхад түүнд газар эзэмшүүлсэн нь зөв мэтээр дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, Н.Б-ийн хувьд ч тэр анх газар эзэмшихээр гаргасан хүсэлт болоод хүсэлтдээ хавсаргаж өгсөн эзэмшихийг хүсэж байгаа газрыг харуулсан кадастрын зураг байхгүй байхад түүнд газар эзэмшүүлсэн нь А.Д миний эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэхэд хүргэж байна.

    3.7. Шүүх нэхэмжлэгч талын гаргасан өгсөн баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй буюу яагаад үнэлээгүй талаар тайлбарлаагүй атлаа хариуцагч болоод гуравдагч этгээдийн гаргасан өгсөн тайлбар, нотлох баримтыг хөдөлбөргүй үнэн мэтээр үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасантай нийцээгүй. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д “...Нэхэмжлэгч А.Д нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа газраас хэтрүүлэн илүү хашаалсан нь Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн нь буруу. Миний хувьд газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарснаас хойш өөрийн амьдарч буй хашааг хатгаагүй, Засаг даргын болоод эрх бүхий этгээдийн шийдвэр гарахаас өмнө тухайн газрыг хашаалж, бодит байдлаар ашиглаж эзэмшиж байсан. Ийнхүү эзэмшиж, ашиглаж байсан газраа л эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хүсэлтээ гаргасаар байхад надад эзэмшүүлээгүй атлаа бусдад эзэмшүүлчихсэн нь буруу юм гэж маргаж байхад ийнхүү дараа нь хашаалсан мэтээр дүгнэлт хийх нь буруу юм.

    3.8.Түүнчлэн шүүхээс шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-т “...Н.Б-ийн эзэмшил газрын кадастрыг мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн гэх СБДГЗБА-ны 2008 оны 09, 10 дугаар сар, 2009 оны 11 дүгээр сарын бүртгэлүүд нэхэмжлэгчийг хууль ёсны эрхийг зөрчөөгүй, хууль бус гэж үзэхгүй” гэж бодит байдалд нийцэхгүй, хууль тогтоомжид заасантай зөрчилдсөн дүгнэлт хийсэн. Газар зохион байгуулалтын алба гэх байгууллага эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр дур мэдэн иргэдийн газрын талбайн хэмжээ, байршлыг хүссэн үедээ өөрчилж байгаа нь буруу. Хэрвээ дур мэдэн ингэж өөрчлөлт хийгээгүй бол өнөөдрийн энэхүү маргаан үүсэхгүй байсан. Шүүх Газар зохион байгуулалтын албаны дээрх хууль бус үйлдлийг зөв гэж үзэж байгаа бол хуульд үндэслэх ёстой. Ямар хуулийн, ямар заалтад зааснаар газар зохион байгуулалтын алба хүссэн үедээ иргэдийн газрын хэмжээ, байршлыг өөрчилж болдог болохыг тайлбарлах ёстой. А.Д миний хувьд бодит байдал дээр он удаан жил амьдарсан газраа эзэмшихээр холбогдох төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж байсан боловч газрыг надад эзэмшүүлээгүй хирнээ тухайн газарт нэг ч өдөр амьдарч байгаагүй хүнд хүсэлтээ гаргаж байсан эсэх нь ч тодорхойгүй байхад газар эзэмшүүлсэн нь буруу гэж маргаан үүсгэж, эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүх энэ талаарх адил төстэй хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, нэгэнт жишиг тогтоосон билээ. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 38 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 111 дүгээр тогтоолоор А.Д миний маргаж буйтай адил үндэслэлээр маргасан иргэний захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд ч авч үзэхэд нэхэмжлэгч миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангах, хөндөгдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах боломж шүүхэд байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0648 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Д миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын газрын харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангасан байна.

       2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

       3. Анх СБДЗД  2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184 дүгээр захирамжаар иргэн Н.Б /2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсан/-д “зуслангийн зориулалтаар” 5 жилийн хугацаатай Сүхбаатар дүүрэг **-р хороо, С Б-д байршилтай 400 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газар эзэмшигчийн 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтээр 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж, 700 м.кв хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг баталгаажуулж, нэгж талбарын 186393379284** дугаарт бүртгэж, кадастрын зураглал үйлдсэн байна. /2-р хх-8-19 дэх тал/

       4. Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 9 дүгээр сар, 2008-2010 онуудын архивын зурган мэдээллээс үзвэл, иргэн Н.Б-ийн нэгж талбарын дугаар, газрын хэмжээ, зургийн масштабын зураглал зэрэг нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байх бөгөөд /2-р хх-39-45 дахь тал/ эзэмшил газрын хэмжээ 615 м.кв болж багасаж, /z хэлбэрээр/, нэгж талбарын 1863933793**** дугаарт бүртгэгдсэн газрыг Н.Б нь хууль ёсоор эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна.

       5. Энэхүү нэгж талбарын 1863933793**** дугаартай, 615 м.кв газрыг “зуслангийн зориулалт”-аар эзэмших эрхийг СБДЗД   2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар захирамжаар Н.Б-ээс Б.Г-д, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/417 дугаар захирамжаар Б.Г-оос Б.М-д тус тус шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, иргэнд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан, байршил, хэмжээнд огт өөрчлөлт ороогүй байна.

        6. Дээрх СБДЗД-ын иргэдэд зуслангийн зориулалттай газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхээр шийдвэрлэсэн захирамжууд, талбайн хэмжээг 700 м.кв-аас 615 м.кв болгож багасгасан, нэгж талбарын дугаарын бүртгэл, газрын байршлын кадастрын зураглалыг өөрчилсний улмаас нэхэмжлэгч А.Д-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Тодруулбал,

 6.1. Нэхэмжлэгч А.Д-д СБДЗД-ын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжаар 698 м.кв газрыг 15 жилийн хугацаатай “зуслангийн зориулалт”-аар С-д газар эзэмшүүлж, 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр /орц, гарц гаргах хүсэлтээр/ 524 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр бичиж, эзэмшил газрын байршлын кадастрын зураглалыг үйлдсэн байх бөгөөд Н.Б-д газар эзэмших эрх А.Д-оос өмнө 2003 онд СБДЗД-ын захирамжийн дагуу хууль ёсоор үүссэн, газрын давхцалтай болох нь тогтоогдохгүй байна.

 6.2. Мөн маргаан бүхий газруудын нэгж талбарууд нь мэдээллийн санд хоорондоо давхцалгүй бүртгэгдсэн талаарх баримтыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл, 2015 оны сансрын зургийн хил заагийг харуулсан баримтуудыг ирүүлжээ. /1-р хх-139-141 дэх тал/

 6.3. Шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184 тоот захирамжийн архивын материал, 2004 онд ирсэн баримт бичгийн бүртгэлийн баримтаар /1-р хх-219-250тал, 2-р хх-5,8/ Н.Б нь 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргаж байсан байх бөгөөд А.Д-ийн эцэг болох Г.А-ээс 2002, 2004 онд “Б” гэх газарт гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаж байсан, харин А.Д-ийн 2004 оны 8 дугаар сарын 18-ны өдөр баримт бичгийн бүртгэлд бүртгэгдсэн болохоос, газрын байршил тодорхой бус, хаана орших газар эзэмшихээр хүсэлт гаргасан болох нь тодорхойгүйн дээр, Н.Б-ээс өмнө нь хүсэлт гаргаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 7. Түүнчлэн А.Д-ийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “өрхийн хүнсний ногоо тариалах” гэсэн хүсэлтийг үндэслэж, СБДЗД  2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар нэгж талбарын 1863933789**** дугаараар бүртгэгдсэн 631 м.кв газрыг “зундаа зусдаг” зуслангийн зориулалтаар,

2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...А-ийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх ...” гэсэн хүсэлтээр 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 194 захирамжаар нэгж талбарын 1863933789**** дугаараар бүртгэгдсэн 700м.кв газрыг Сүхбаатар дүүргийн 1*-р хороо, С-д “зуслангийн зориулалт”-аар, мөн түүний охин Д.Б-т газар эзэмших эрхийг, нэр шилжүүлэн баталгаажуулж шийдвэрлэсэн байх бөгөөд /2-р хх-126-139 дэх тал/, А.Д нь өөрийн эзэмшил газраас гадна тусдаа эцэг Г.А-ийн нэр дээрх газрын эзэмшлийг шилжүүлж авсан буюу 3 тусдаа газар түүний болон охин Д.Б-ийн нэр дээр бүртгэгджээ.

  8. А.Д-ийн иргэний үнэмлэхийн хаягийн бүртгэл “Нийслэл, БГД *-р хороо, *-р хороолол, 4* байр, ** тоот 2009.04.27”, 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Сүхбаатар дүүрэг, **-р хороо “шилжин ирсэн тухай тодорхойлолт” зэрэг /1-р хх-169 ар талд/ баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч А.Д-ийн “... Сүхбаатар дүүргийн **-р хороо, СББ 1977 оноос эцэг эхийн хамт амьдарч байсан, 2000 оноос газар эзэмших хүсэлтээ ...дүүргийн Засаг даргад гаргаж ирсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

         9. Үүнээс үзвэл, Б.Г-оос Б.М-д газар эзэмшүүлэхээр нэр шилжүүлж, газар эзэмших эрхийг баталгаажуулсан СБДЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/417 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй, иргэн Н.Б-ийн эзэмшиж байсан газрын талбай хэмжээг зохих журмын дагуу мэдээллийн санд бүртгэсэн СБДГЗБА-ны бүртгэлүүд нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасантай нийцсэн, бүртгэлүүдийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

       10. Нэхэмжлэгч А.Д-оос Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг зөрчиж эзэмшиж байгаа газраас хэтрүүлэн хашаалсан газраа эзэмших эрхтэй мэтээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

        11. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, газрын харилцаанаас үүссэн үйл баримтын талаар анхан шатны шүүхийн өгсөн үнэлэлт, дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцсэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

12. Түүнчлэн, шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4. дэх хэсгийн “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, ....тэдгээрийн болон бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэсэн заалтуудад нийцсэн байна.

       13. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ

                    ШҮҮГЧ                                                      Т.ЭНХМАА