| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01230/и |
| Дугаар | 1110 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 1110
| 2017 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 101/ШШ2017/01110 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 10 гудамж, 264 тоотод оршин суух Харчин овогт Бадарчийн Товуудорж /Регистрийн дугаар ЙУ60020716/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Дүгэрсүрэнгийн Лхагвасүрэн /Регистрийн дугаар ЖЮ88051833/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Товуудорж шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Хариуцагч Д.Лхагвасүрэн нь 2015 оны 12 дугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам, Өгөөмөр захын баруун урд замд Тоёота аллион маркийн 01-78 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ явган зорчигч Б.Товуудоржийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсны улмаас баруун хөлний дунд чөмөгний далд хугарал бүхий гэмтэл учирсан бөгөөд түнхний хиймэл үе хийлгэх мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Иймээс хагалгааны зардал, ажилгүй байсан цалин хөлсөд нийт 6,771,630 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч Д.Лхагвасүрэн нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины 1-05 тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2016/33600 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болсон. Иймд хариуцагч Д.Лхагвасүрэнгийн оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Товуудорж нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Дүгэрсүрэнгийн Лхагвасүрэн /Регистрийн дугаар ЖЮ88051833/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Хүсэлт гаргагч Б.Товуудорж нь Д.Лхагвасүрэнд холбогдуулан гэм хорын хохиролд 6,771,630 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2015/33600 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-3-4/
Иймд, Д.Лхагвасүрэнг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.
Хүсэлт гаргагч Б.Товуудорж нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины 1-05 тоотод оршин суух бүртгэлтэй Боржигон овогт Дүгэрсүрэнгийн Лхагвасүрэн /Регистрийн дугаар ЖЮ88051833/-г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР