| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01452/и |
| Дугаар | 1147 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 1147
| 2017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2017/01147 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 24 гудамж, 699 тоотод оршин суух Ажим овогт Жамбалын Янжиндулам /Регистрийн дугаар ДО67050509/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Янжиндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Янжиндулам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Жамбалын Янжиндулам миний бие Говь-Алтай аймгийн Чандмань суманд 1967 оны 05 сарын 05-нд төрсөн. Миний бие 1983 оны 07 дугаар сарын 01-ээс 1986 оны 07 сарыг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Үүрийн туяа” нэгдэлд малчин, 1986 оны 08 сараас 1992 оныг дуустал тус сумын 8 жилийн сургуульд тогооч, үйлчлэгч, тарианы гурилчин хийж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй болохоор шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1983 оны 07 дугаар сарын 01-ээс 1986 оны 07 сарыг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Үүрийн туяа” нэгдэлд малчин, 1986 оны 08 сараас 1992 оныг дуустал тус сумын 8 жилийн сургуульд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Янжиндулам нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Үүрийн туяа” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ээс 1986 оны 07 сарыг дуустал малчин, Говь-Алтай аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуульд 1986 оны 08 сараас 1992 оныг дуустал тус сумын тогооч, үйлчлэгч, тарианы гурилчинаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаартай тушаалаар Ж.Янжиндуламыг тус сургуулийн гуанзны туслах тогоочоор 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс томилон ажиллуулж, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай тушаалаар тарианы гурилчнаар ажиллаж байсан Ж.Янжиндуламыг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. /хх-7, 8/
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай архивын лавлагаанд “Тус аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн Хүрхрээ бригадад малчин байсан Жамбал овогтой Янжиндулам нь 1983 оны 7-12 сард 1195 төгрөг, 1984 оны 1-12 сард 546 төгрөг, 1985 оны 1-12 сард 616 төгрөг, 1986 оны 1-7 сард 453 төгрөгийн цалин авч байжээ”, мөн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3/28 дугаартай архивын лавлагаанд Жамбалын Янжиндулам нь тус сумын 8-н жилийн дунд сургуульд 1986-1992 онд ажиллаж 1986 онд 9-р сард 312.36 төг, 10-р сард 309.24 төг, 11-р сард 298.79 төг, 12-р сард 279.72 төг, 1987 онд 1-р сард 299.88 төг, 4-р сард 16.0 төг, 6-р сард 193.40 төг, 7-р сард 199.40 төг, 8-р сард 199.40 төг, 1988 онд 4-р сард 129.61 төг, 5-р сард 175.65 төг, 6-р сард 167.81 төг, 7-р сард 73.40 төг, 8-р сард 193.40 төг, 9-р сард 176.47 төг, 10-р сард 152.54 төг, 11-р сард 199.40 төг, 12-р сард 193.40 төг, 1989 онд 1-р сард 164.40 төг, 2-р сард 173.40 төг, 3, 5, 9, 10 саруудад 199.40 төг, 4-р сард 105.68 төг, 6-р сард 160.52 төг, 7-р сард 168.49 төг, 8-р сард 198 төг, 11-р сард 191.42 төг, 12-р сард 93.72 төг, 1990 онд 5-р сард 220 төг, 6-р сард 360 төг, 1991 онд 1-р сард 350 төг, 2-р сард 495 төг, 3-р сард 560 төг, 4-р сард 560 төг, 5-р сард 560 төг, 6-р сард 12736.41 төг, 1992 онд 10-р сард 1000 төг, 11-р сард 960 төг, 12-р сард 1000 төгрөгийн цалинг тус тус авч байсан болохыг топорхойлов” гэжээ. /хх-5, 6/
Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Хүсэлт гаргагч Ж.Янжиндуламын ажиллаж байсан байдлыг гэрчлэхээр Б.Энхтуяа, М.Сүнжидмаа нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.
Шүүхэд дуудагдсан гэрч Б.Энхтуяа “...1986 онд Говь-Алтай аймгийн 8 жилийн сургуульд ажиллаж байхдаа Ж.Янжиндуламыг таньдаг болсон. Бид нар үйлчлэгчээр ажилладаг байсан. Би 1992 онд жирэмсний амралтаа аваад ажлаас гарах үед Ж.Янжиндулам ажиллаж байсан, хэзээ ажлаас гарсаныг нь мэдэхгүй...”, гэрч М.Сүнжидмаа “...Ж.Янжиндулам 1986 онд Говь-Алтай аймгийн 8 жилийн сургуульд ажилд орсон санагдаж байна. Өмнө нь ээж, аавын хамтаар мал маллаж байсан. Би сургуульд тогооч, жижүүр, хүүхдүүдийг хариуцсан байрны багшаар ажиллаж байсан. Ж.Янжиндулам 4 дүгээр давхарт үйлчлэгчээр ажиллаж байсан...” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ажим овогт Жамбалын Янжиндулам /Регистрийн дугаар ДО67050509/-ыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн Хүрхрээ бригадад “малчин”-аар, 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуульд “тогооч, үйлчлэгч, тарианы гурилчин”-аар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР