Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Х,

Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Н.Нармандах,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн О-гийн А-д холбогдох 2028003220008 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ..............................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.А нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд эхнэр У.Х-ыг жирэмсэн байхад нь, мөн 2016 оноос 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зодохдоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Аг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэхэд жирэмсэн байхад шинэ жил болохын өмнө 4, 5 сартай байхдаа зодуулж байсан. 2015 оны 12 дугаар сарын 28, 29-ний өдрийн үед ажилд явуулахгүй Х гэх дүүтэйгээ гаднаас цоожилчихоод яваад шөнө дунд ирж байсан. Маргааш нь мөн ажилд явуулаагүй. Би гэр рүүгээ явмаар санагдаад ажилдаа явъя гэж хэлээд гэр рүүгээ явах гэсэн боловч явуулаагүй. 31-ний өдөр намайг гэр рүү дагаж  явж байсан. Тэр бүх үйлдлээ өөрөө санаж байгаа байх. Худлаа гэвэл эцэг, эх нотлох байх. Дараа нь 2016 оны 04 дүгээр сард төрөхөөс 2 сарын өмнө найзуудтайгаа  уулзаж билльярд тоглож, архи ууж ирчихээд жирэмсэн намайг хардаж үснээс чирч гэрээс гаргаад Хагаар чирч зодож байсан. Төрөх дөхсөн байсан учраас гэдэс, өвдгөө уруулж байсан. Би авраарай гэж хашхирахад эгч болох О нь гэрээсээ шагайж харчихаад болиоч А гэж хэлчихээд  хаалгаа хаагаад түгжиж байсан. Би цагдаа дуудаад өгөөч гэж хашхирсан учраас цагдаа дуудаж өгсөн. Эрүүлжүүлэхээс маргааш нь гарч ирээд чи цагдаа дуудаж өгсөн гэж хэл амаар доромжилдог. Тухайн үед эгч болох О-ийн Ханд байсан. Дээрх үйлдлийн улмаас хүүхэд доошилж эмнэлэгт хэвтэж байсан. Аг авирлах бүрд сэтгэл санааны хувьд өөрчлөлт орж би анхны төрөлт дээрээ олон удаа эмнэлэгт хэвтэж байсан. Хэрэв үгүйсгэх тохиолдол гарвал эмнэлгийн хуудсыг үзүүлж болно. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авирладаг түүнээсээ болж гар хүрдэг байсан. Сая жирэмсэн байхад нь зодоогүй ганц удаа өшиглөсөн гэж хэлж байна. Болсон асуудлын тухай эгч болох О нь сайн мэдэж байгаа. 2020 оны 08, 10 дугаар саруудад зодож байсан гэж мэдүүлж байна. Хүн яргачилж дарамталдаг. Эхний хэдэн жил архи уусан тохиолдолд шөнө орой согтуугаар ирэхдээ зоддог байсан бол 2020 онд эрүүл үедээ  өдрөөр авир гаргадаг болсон. Гэртээ тайван суухаа байсан. Тиймээс цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Надад үнэхээр хэцүү байдаг. Эцэг, эх нь тэгж л байдаг гээд тоодоггүй. Энэ хүнийг хоёр хүүхэдтэйгээ уулзуулах сонирхол байхгүй. Энэ хүний хувьд уучлалт гуйсан гэж хэлэх боловч энэ олон жил хүний үрийг авч суучихаад эцэст нь зодож явуулчихаад миний эцэг, эхээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй, уулзаагүй. Утас чатаар дарамталдаг. О эгч, эх нь чат бичиж дарамталдаг байсан. Хуулийн байгууллагаар явснаас хойш чат бичихгүй байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О.А-тай 2012 онд анх танилцаад 2014 оноос үерхэж эхлээд 2015 онд нэг гэрт орж хамтран амьдрах болсон бөгөөд бид хоёр хамтран амьдраад 2016 онд том охин А.Э төрсөн. 2019 онд бага хүү А.Х төрсөн. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Хамтран амьдарч байгаад 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс би Цогтцэций сум руу 2 хүүхдээ аваад явснаар тусдаа амьдрах болсон. О.А нь 2020 оны 10 дугаар сард 5 дугаар багийн барилгын дотоод заслын ажлыг авч хийсэн бөгөөд А нь цаанаас нь өгсөн мөнгийг нь өөртөө зориулаад архи уугаад байсан юм. Үүнээс болоод бид хоёр муудалцсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 29-ний орой тухайн ажлаасаа согтуу ирээд мөнгөний асуудлаас болж муудалцсан. Тэгэхэд миний хийж байгаа ажил чамд хамаагүй гээд гал дээр байсан халуун галын дэгээг аваад миний хэвлий хэсгээр цохисон. Үүнээс болж миний өмсөж байсан фудволк урагдаад миний хэвлий хэсгээр хөндлөн түлэгдэл үүссэн. Энэ үед манайх миний төрсөн ах У.Х-ын Ханд байсан бөгөөд би ингэж цохиулаад төрсөн ах Х-ыг дуудахад А чи яасан овоо юм бэ, ахтай чинь хамт ална гээд агсраад байсан. Би тэр үед нь гарах гэхэд миний зүүн гуя руу өшиглөсөн. Би хаалга нээгээд чанга хашхирсан чинь манай ах Х, эхнэр Батням нар гэрээсээ гарч ирээд манай гэрт орж ирсэн. Тэгсэн чинь А чимээгүй болсон. Тэгж байгаад А би ер нь болохгүй юм байна, би ер нь сална, би гэрээ маргааш ачаад явна гэж хэлсэн. А эгч О руу залгаад дуудсан байх, нэг их удаагүй О эгч хүрээд ирсэн. Нэг хэсэг хэрүүл маргаан болж байгаад тэр шөнөө би гэртээ амарсан. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ байж байхад А залгасан. Тэгээд ажилчдын хоол хийсэн үү гэхээр нь би яаж хийдэг юм бэ хоол хийх материал байхгүй гэсэн чинь чи юм олоод хийчихгүй яасан юм бэ гээд над руу уурласан. Тэгээд одоо очиж чамайг ална гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би гэрээс хүүхдээ аваад гарахад нөхөр ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Ханы баруун талд гараад нуугдсан. А гэр рүү ороод хутга аваад гарч ирээд чи муу хаана байна гараад ир гэж хашхираад Ханд яваад байсан. Нэг хэсэг Ханд хашхирч явж байгаад буцаад гэр рүү орохоор нь би машин дуудаад явсан. Орой нь цэцэрлэгээс хүүхдээ аваад төрсөн ахындаа хоноод маргааш нь А-г ажилдаа явсан хойгуур нь машинаа аваад 2 хүүхдээ аваад Цогтцэций сум руу эцэг, эх рүүгээ явсан. Би 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Даланзадгад суманд ирж цагдаад өргөдөл бичиж өгсөн. О.А нь урьд намайг зөндөө цохиж, зодож байсан бөгөөд О.А-тай 2015 оны 09 дүгээр сард гэрийн найр хийгээд гэр бүл болж нэг гэрт орсон бөгөөд бид хоёр нэг гэрт орох үедээ би 2 сартай жирэмсэн байсан. Бид хоёр суугаад 2-3 сар болоод намайг зодож эхэлсэн бөгөөд анх намайг зодохдоо жирэмсэн байхад гэрийн тооны рамаар цохиж толгой хагалж байсан. Би толгойгоо эмнэлэгт очиж боолгож байсан. Түүний дараагаар 2015 оны 12 дугаар сарын сүүлээр намайг ажлаасаа ирэхэд А согтуу гэртээ байсан. Намайг ажлаасаа орой ирлээ гээд зодож байсан. Ингэж зодсоны маргааш би ажилдаа явах гээд гэрээсээ гарсан чинь явуулахгүй гээд гэрт цоожлоод явж байсан. 2016 оны 04 дүгээр сард манайх Агийн Ханд байхад найзуудтайгаа архи ууж ирээд намайг хардаад зодож байсан. Би тэр үед 8 сартай жирэмсэн байсан. Энэ үед би Агийн эгчийг цагдаад дуудлага өгөөдөх гэж хэлээд дуудлага өгүүлж Аг эрүүлжүүлэхэд хонуулж байсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гарч ирээд намайг эрүүлжүүлэхэд өглөө гээд бас зодож байсан. 2017 оны 12 дугаар сард А охины эцэг, эхийн шинэ жилд яваад ирэхдээ согтуу ирсэн ба ирээд хоол идэхдээ чи бууз хийгээгүй будаа чанасан байна гээд намайг загнаад байсан. Тэгж байгаад чамайг ална гээд над руу дайраад эхэлсэн. Над дээр ирээд намайг боосон, би арай гэж мултраад хувцсаа өмсөх гэсэн чинь ус буцалгагчтай ус аваад шидсэн. Би хувцсаа өмсөж чадалгүй хүүхдээ аваад гарах гэсэн чинь хүүхэд аваад үлдэхээр нь би тэр чигээрээ хөл нүцгэн гараад зугтаасан. Би гарахдаа утсаа аваад гарсан бөгөөд нэг хэсэг гүйж байгаад нэг Ханы буланд суугаад О.Агийн эгч болох О руу залгаж хэлээд намайг ирээд аваадах гэсэн чинь намайг ирж авсан. Бид хоёр хүүхдээ авах гээд гэрт очсон чинь бас намайг зодсон, мөн эгчийгээ бас цохиод байсан. Бид хоёр хүүхдээ аваад О эгчийн гэрт очиж хонож байсан. Мөн 2018 оны намар Агийн өвөө, эмээгийнд малыг нь хэд хоног харсан. Тэр үед мал нь айлын малтай нийлсэн чинь намайг явган яваад мал эргүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж явган явдаг юм бэ гэсэн чинь чулуугаар миний хамар руу цохиод миний нүүр амыг хавтгаж байсан. Би зугтаагаад гэрт орсон чинь галын хайчаар миний хөл рүү цохиод хөхрүүлж байсан. 2019 онд зодуулж л байсан. Гэхдээ яг сайн санахгүй байна. 2020 оны 04 дүгээр сард А “Энержи ресурс” ХХК-д ажилладаг байсан бөгөөд ажлаасаа амраад ирсэн дараагаар нь гар утсанд нь чат ирэхээр нь үзсэн чинь нэг эмэгтэйтэй чаталсан байсан. Тэрийг нь хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд намайг зодож багалзуурдаад толгойгоор хананд саваад бөөр рүү өшиглөж гэмтээж байсан. Би түүнээс болоод шээхэд доошоо юм гараад байдаг болсон байсан. Нэг хэсэг юм гарч байгаад гайгүй болсон. Би ингэж зодуулаад гарч зугтаагаад машиндаа охины хамтаар хонож байсан. Маргааш нь хүүгээ авах гээд гэрт очсон чинь А чи хэд хоног ингэж явна гэж бодоод байгаа юм гээд намайг зодсон. Тэгээд хүүгээ аваад гэрээс гарсан. Би хоёр хүүхэдтэйгээ хамт машиндаа хоноод маргааш нь Цогтцэций сум руу эцэг, эх рүүгээ яваад эцэг, эх дээрээ очиход миний нүд хөхөрсөн байдалтай байсан ч би эцэг, эхдээ шат мөргөсөн гэж худлаа хэлсэн. Эцэг, эх дээрээ байж байгаад Аг ажилдаа явах үед нь аймагт гэртээ ирсэн. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр манай хоёр хүүхэд хоорондоо тоглож байгаад маргалдсан. Тэгсэн чинь А охиноо өмөөрөөд хүүгээ загнахаар нь би хүүгээ өмөөрч Ад үг хэлсэн. Тухайн үед А мах идэж байсан бөгөөд барьж байсан хутганы ар буюу ишээр миний зүүн гуя руу цохисон. Тухайн хутганы иш нь хагарчихсан төмөр нь гарчихсан хутга байсан бөгөөд миний гуянд сорви үлдсэн. Би ингэж хутганы ишээр цохиулаад босоод зугтаасан чинь миний араас хутгаа шидсэн. Тэр шидсэн хутга нь намайг оноогүй хулдаасанд зоогдсон. Тэгсэн чинь босоод шкафнаас дахин хутга аваад араас шидсэн. Тэр нь мөн намайг оноогүй. Би тэр үед хажуу айл буюу төрсөн ахындаа орж 10-20 минут болоод эргээд гэртээ ороход заазуур аваад над руу шидсэн. Би Ад зодуулдаг талаар Агийн эх Оюунсүрэн эгч О, эгч О нар нь мэднэ. Би энэ хүмүүст байнга хэлдэг байсан. Бусдаар бол өөрийнхөө ах, дүү нарт хэлж байгаагүй. Манайх 2020 оны 06 дугаар сард ах Х-ын Ханд очиж буусан. Тэр цагаас эхлэн ахын эхнэр Батням мэддэг болсон... Надад мөнгө өгдөг зүйл байгаагүй. Өөрөө мөнгө олоод банкны зээлээ өг гээд намайг тоодоггүй байсан. Бид хоёр 2 хүүхэдтэй А 2 хүүхдэдээ сайн ханддаг байсан. Гэхдээ ингэж намайг зоддог байсан болон хутга барьж айлгадаг байсан зүйл нь хүүхдүүдийн хажууд болдог байсан. Том хүүхэд айлын хүүхэдтэй тоглохдоо хүртэл би чамайг эцэгдээ хэлээд хутгалуулчихна шүү гэх мэт зүйлүүд ярьдаг. Мөн надад хандаад эх та эцэг дээр битгий очоорой эцэг таныг хутгалаад хаячихна гэж хэлдэг... Гомдолтой байна. Энэ олон жил ингэж зодуулж байсандаа маш их харамсаж байна. Би энэ хүнээс салж байгаа тул хамтран авсан тавилга болон бусад зүйлүүдээ авмаар байна... Манай ахын Ханд камер байрлуулсан байдаг бөгөөд би 2020 оны 10 дугаар сарын 29-ний орой Ад зодуулсан. Түүний маргааш өдөр нь А над руу утсаар ярьж дарамтлаад одоо очиж ална гэж яриад утсаа салгасан. Би зугтаах гээд гэрээс гарсан чинь А ирж таарсан. Би хажуу айлын амбаарын ард нуугдаж байгаад гэр рүү орсон. Дараа нь Ханаас гарч зугтаасан. Тухайн өдрийн бичлэгийг би ахын гэрт байх хяналтын дэлгэцнээс гар утсан дээрээ бичиж авсан. Тэр бичлэг миний утсан дээр байгаа. Тэр бичлэг дээр А гэрт ирээд эргэж гарч ирэхдээ гартаа хутга бариад гарч ирж байгаа дүрс нь харагдаж байгаа. Өөр бичлэг байхгүй... А ихэнхдээ согтуу үедээ зоддог байсан бөгөөд сүүлдээ эрүүл ч хамаагүй зоддог болсон. Сүүлд намайг галын дэгээгээр цохиж өшиглөхдөө эрүүл байсан... Би өргөдөл өгсний дагуу Цогтцэций сумаас Даланзадгад суманд 6 удаа ирсэн. Ингэж явсан зардал болох 197,600 төгрөгийг нэхэмжилж байна.” /хавтаст хэргийн 21-23, 24-26 дугаар хуудас/

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О.А миний төрсөн эгч Ц.О-гийн том хүү нь байгаа юм. У.Х манай бэр байгаа юм. О.А, Х нар нь хоорондоо уг нь зүгээр л сайхан амьдардаг байсан. Сүүлд 2020 оны 11 дүгээр сард байх би хөдөөнөөс ирчихсэн байсан чинь нэг орой Агийн утаснаас миний охины утсанд дуудлага ирсэн. Тэгсэн манай охин утсаа авсан чинь А утсаараа ярихгүй цаанаа хэрэлдээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би А-гийн гэрт очсон чинь Х-ы ах Ха гэдэг залуу эхнэртэйгээ ороод ирчихсэн тэр 4 ярилцаад байж байсан. Юу болсон бэ гэсэн чинь Х-ы ах нь Ха гэдэг залуу хэлэхдээ энэ хоёр муудалцаад хэрэлдэж байна гэж хэлсэн. Би дүү О.Аг загнаад чи яахаараа эхнэртэйгээ асуудал гаргаад байдаг юм бэ гэж баахан загнаж байгаад явсан. Түүнээс хойш л Х төрсөн гэр рүүгээ яваад өгсөн байсан. Яг зодож байхыг нь би өөрийн нүдээр хараагүй. Яг хэзээг нь санахгүй байна, энэ хоёрын бага охин нь гараагүй байсан санагдаж байна шинэ жилийн л үе байсан, орой Х залгаад эгч намайг ирээд аваадах А авирлаад байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход Х Ханы гадаа хүүхдээ тэврээд зогсож байсан. Би Х-ыг машинд суулгаж орхиод А-гийн гэр рүү ороод А-г загнаж байгаад Х-ыг хүүхдийн хамтаар гэртээ аваачиж амраагаад өглөө нь явуулж байсан. Түүний дараагаар 2020 оны 11 дүгээр сард гэрт нь очиход галын дэгээгээр түлж байсан. Ах нь яриад байсан. Тэр үед Х хазгар яваад байсан. Тэгэхэд нь би Аг эхнэрээ зодсон юм байна гэж ойлгож байсан.” /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

Гэрч Р.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...У.Х миний 3 дахь хүүхэд байгаа юм. О.А миний хүргэн байгаа юм. Манай охин У.Х 2015 онд О.А гэдэг залуутай гэр бүл болж гэрээсээ өрх тусгаарлаж Даланзадгад суманд амьдарч эхэлсэн. Эхнэр бид хоёр энэ хоёртой хамт байхгүй хол байдаг. Утсаар ярихад болохгүй бүтэхгүй байгаа зүйл ярьдаггүй байсан учраас болж бүтээд байна л гэж боддог байсан. Гэтэл 2020 оны зунаас эхлэн хүргэн О.А архи уудаг, архи уухаараа гэр бүлдээ агсам тавьдаг гэсэн зүйлүүдийг сонсож эхэлсэн. Тэгтэл манай охин У.Х 2020 оны 10 дугаар сард нэг өдөр залгаад А архи уугаад агсам согтуу тавиад зодож, нүдээд хэцүү байна гэж хэлсэн. Би охиноо болж бүтэхгүй бол хоёр хүүхдээ аваад хүрээд ир гэж хэлсэн. Манай охин гэртээ ирсэн. Миний хувьд аймагт хааяа ирдэг, ирэх үед ийм асуудал гарч байгаагүй болохоор мэдэхгүй байна. Сүүлд төрсөн ах Х-аас нь Х-ыг зодуулсан гэдгийг сонссон. Яг хэзээг нь санахгүй байна нэг удаа хоёр хүүхдээ дагуулаад гэртээ очихдоо шат билүү хаалга мөргөсөн гээд нүд нь хөх туяатай нэг очиж байсан. Тухайн үед нь өөрөө юм мөргөсөн гэж хэлсэн учраас тоогоогүй орхисон.” /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Х-тай ойр дотно харилцаатай, А-тай зүгээр энгийн харилцаатай байдаг. Энэ хоёр манай Ханд 2018 оны намар нүүж ирсэн, тэр цагаас хойш нэг Х хөршүүд болон амьдарч байгаа. У.Х миний нөхрийн төрсөн дүү, түүний нөхөр нь О.А байгаа юм. Нүүж ирсэн цагаасаа хоорондоо эв зүйтэй л байх шиг байдаг байсан бөгөөд 2020 оны 08 дугаар сард Х, А нар хоорондоо муудалцаад А нь эхнэр рүүгээ хутга шидсэн. Би түүнийг нь яаж мэдсэн гэхээр манайх Х камертай байдаг бөгөөд А, Х нарыг муудалцаж байгаа чимээгээр камераараа харахад гэрийн хаалга нь дэлгээтэй Х гэрээсээ гарчихсан байдалтай гэрээс юм шидээд байгаа харагдахаар нь гараад очсон чинь А 2 хутга шидсэн. Хутга нь гэрийн гадаа байсан. Түүнээс хойш энэ хоёр хоорондоо хэрэлдээд байгаа чимээ гараад байдаг байсан. 2020 оны 10 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ манай нөхөр Х “Энержи ресурс” ХХК-д 14/7 ростроор ажилладаг бөгөөд тухайн үед манай нөхөр ажлаасаа амраад ирсэн байсан. Тухайн орой нөхөр хүүхдүүд бид нар гэртээ байж байхад зүүн гэрт буюу А-гийн гэрт хүмүүс хашхиралдаад байсан. Удалгүй Х ахыгаа дуудаад орилсон. Тэгэхээр нь бид хоёр гараад гэрт нь орсон чинь А эхнэрийнхээ гуя, гэдэс хэсгийг галын дэгээгээр цохиод хөхрүүлсэн Х хазгар болчихсон байсан. Манай нөхөр ороод тэр хоёрыг зэмлэж байгаад гэртээ орж амарч байсан. Энэ үйл явдлаас хойш орой болгон муудалцдаг болсон бөгөөд чанга чанга дуугарах бүрт нь нөхөр бид хоёр гэрт нь ордог болсон. Нэг орой муудалцахад нь гэрт нь ороод байж байхад А-гийн эгч О гэдэг хүн ирээд бид нарт хандаж А эхнэрээ зодож, дарамталдаг, урьд нь гудамжид хонуулж байсан, та нар дүүгээ эртхэн авахгүй бол болохгүй гэх мэт зүйлүүдийг ярьж байсан. Энэ явдлаас хойш энэ хоёр орой болгон маргалдаж, муудалцаж байгаад Х гэр рүүгээ яваад өгсөн. Манай камер 14 хоноод устдаг бөгөөд А-гийн хутга бариад явж байгаа бичлэгийг Х утсан дээрээ бичиж авсан, өөр бичлэг байхгүй... Х надад хэлэхдээ гэртээ цоожтой үлдэж байсан, мөн жирэмсэн байхдаа зодуулж байсан гэж хэлж байсан, өөр нарийн юм хэлээгүй. 2020 оны 10 дугаар сард нөхөртөө зодуулсныг бид хоёр нүдээрээ харж байсан. Бусдаар бол мэдэхгүй. Х нөхөртөө зодуулдаг талаар өөрийн гэр бүлийнхээсээ бүгдээс нь нуудаг байсан юм байна лээ.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

Гэрч У.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О.А гэх залуутай манай төрсөн дүү болох У.Х нь гэр бүл болсон. О.А нь миний хүргэн юм. Би 2020 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 22:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайханы 05 дугаар гудамжны 42 тоотод байдаг. Би гэртээ амрах гэж байхад гэрийн гадна талд эмэгтэй хүн ахаа намайг аллаа гээд чимээ гарахаар нь гэрээсээ гараад очиход миний төрсөн дүү болох У.Х гэрийнхээ гадна талд үүдэн дээр гараад ирчихсэн уйлаад зогсож байхаар нь би юу болсон талаар асуухад миний дүү У.Х надад хэлэхдээ О.А намайг галын дэгээ төмрөөр түлчихлээ гээд надад хэлсэн. Тэгэхээр нь би О.А миний дүүг галын дэгээ төмрөөр түлсэн гээд байгаа газрын харахад зүүн бөөрний хэвлий хэсэгт өнгөцхөн түлэгдсэн байхаар нь би О.А-д чи яах гэж эмэгтэй хүнд гар хүрч байдаг юм бэ гэж хэлээд тайвшруулаад би гэртээ ороод амарсан.” /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

Шүүгдэгч О.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 10 дугаар сард У.Х-тай гэр бүл болж амьдраад 2016 онд том охин А.Э төрсөн. 2019 оны 08 дугаар сард бага хүү Хувьтөгөлдөр төрсөн. Одоогийн байдлаар эхнэр, хүүхэд Цогтцэций суманд эцэг, эх дээрээ амьдарч байгаа. Миний хувьд Даланзадгад суманд эхийн хамтаар амьдарч байна. Бид хоёр 2015 онд гэр бүл болсон боловч гэр бүлээ батлуулаагүй байгаа. Бид хоёр 2015 онд гэр бүл болж нэг гэрт орж байсан ба 2016 оны хавар эхнэр бид хоёр ойр зуурын асуудлаас болж маргалдаж, би хөл рүү нь нэг удаа өшиглөж байсан. Түүнээс хойш нэг их зодож байсан зүйл байхгүй байж байгаад 2020 оны 08 дугаар сард байх гэрт орой хоол мах идэж байхдаа эхнэр бид хоёр маргалдаад би эхнэрийн хөл рүү барьж байсан хутганы ишээр нэг удаа цохиж байсан. Үүнээс сүүлд 2020 оны 10 дугаар сард би барилгын ажил хийж байсан бөгөөд ажлаасаа 23 цаг өнгөрч байхад ирэхэд манай эхнэр 2 хүүхдийн хамтаар гэртээ байсан бөгөөд намайг ирсэн чинь эхнэр, хүүхдийн эцэг, эхийн тэмцээн болж байгаа, би тэмцээн рүү очоод ирье гэхээр нь би шөнийн 12 цаг болж байхад тийшээ яваад яадаг юм бэ гэсэн чинь эхнэр явна гээд дайраад байсан. Түүнээс болоод бид хоёр маргалдаж байгаад зуухан дээр байсан галын дэгээг аваад хөл рүү нь цохисон. Тэгсэн эхнэр галын дэгээг надаас авах гээд бид хоёр булаацалдаж байгаад халуун галын дэгээгээр хэвлий хэсэгт нь түлсэн. Тэр үед манай хажуу айлын ах, эгч хоёр орж ирээд бид хоёрыг загнаад хадам ах намайг гэрт орж амар гэж хэлсэн. Би тэднийд ороод амрах гэж байгаад болиод гэртээ орж амраад өглөө нь босоод ажилдаа явсан. Тэр орой ажлаасаа 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Би гэртээ ирээд эхнэрээсээ уучлалт гуйчихаад ямар хоол хийсэн юм бэ гэсэн чинь тэнд хийгээд тавьсан байгаа цуслахгүй юу гэж хэлсэн. Би гараа угааж байгаад савангаа угаалтуур руу шидсэн чинь манай хажуу айлын ах буюу Х-ы төрсөн ах гэрт ороод ирсэн. Бид хоёрыг муудалцаад байна гээд бид хоёрыг загнаж байгаад гэр рүүгээ яваад орсон. Тэр өдрийн маргааш өдөр нь би ажилчдын хоол болох мах чанаж өгөхөөр гэртээ ирсэн. Намайг ирэхэд эхнэр гэрт байгаагүй бөгөөд би гэртээ орж шүүгээнээс мах эвдэж байгаад мах эвдэж байсан хутгаа чигээр нь барьж гараад машины түлхүүрийг аваад буцаад гэртээ орсон. Хоолоо болгоод буцаад ажил руугаа эхнэрээр хүргүүлсэн. Би орой ажлаасаа буугаад ирсэн чинь эхнэр гэрээс юм аа аваад хүүхдүүдээ аваад явчихсан байсан. Түүнээс хойш эхнэртэйгээ уулзаагүй байгаа.” /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...У.Х-ы биед зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Нөхөртөө зодуулахад үүссэн эсэхийг шинжээч эмч тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. У.Х-ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /16-17 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

Илтгэх хуудас /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/

Албадан саатуулагдсан хүний бүртгэл, тэмдэглэл /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/

Си Ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 58-59, 62, 63-65, 76-77 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.А нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд эхнэр У.Х-ыг жирэмсэн байхад нь, мөн 2016 оноос 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зодохдоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодох гэж хуульчилсан. Байнга гэдгийг 3 буюу түүнээс дээш удаа зодсоныг байнга зодсон гэж ойлгоно. О.А-гийн хувьд хохирогч У.Х-ыг 2015 оноос эхлэн 2016 оны 04 дүгээр сар хүртэл У.Х-ы мэдүүлгээр 4 удаа зодсон гэж харагдаж байгаа. Эхний үйлдэл нь гэрийн рамаар цохиж толгойг нь хагалсан, 2015 оны 12 дугаар сард найзтайгаа пиво ууж ирээд хардаад цохиж зодсон. 2016 оны 04 дүгээр сард 3 дахь удаагийн үйлдэл 8 сартай жирэмсэн байхад нь цохиж зодсон. Эгч нь цагдаа дуудаж өгсөн гэх үйлдэл, маргааш өдөр нь цагдаа дуудаж өглөө гэх шалтгаанаар мөн зодсон үйлдэл байгаа. Тэгэхээр жирэмсэн байхад нь нийт 4 удаагийн үйлдлээр зодсон байна. 5 дахь үйлдэл нь 2017 оны 12 дугаар сард зодсон үйлдэл байна. 6 дахь үйлдэл нь 2018 оны намар чулуугаар цохиж гэмтэл учруулж зодсон үйлдэл байна. 7 дахь үйлдэл нь 2020 оны 04 дүгээр сард “Энержи ресурс” ХХК-д ажилладаг байхдаа амарч ирээд хананд толгойгоор нь савж, өшиглөж зодсон үйлдэл байна. 8 дахь үйлдэл нь мөн маргааш нь зодсон үйлдэл байдаг. 9 дэх үйлдэл нь 2020 оны 08 дугаар сард зодсон үйлдэл байгаа. 10 дахь үйлдэл нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байдаг. Нийт 10 удаагийн үйлдлээр байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байгаа. Иймд шүүгдэгч О.А-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, мөн жирэмсэн байхад нь зодсон үйлдэлд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэйг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч У.Х-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Гэвч У.Х-ы зүгээс эмчилгээтэй холбоотой зардал мөнгө нэхэмжлээгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан Цогтцэций сумаас Даланзадгад суманд ирж мэдүүлэг өгөхөөр ирсний замын зардалд 197,600 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ мөнгө өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна. Хэдийгээр хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримт давхацсан зүйл байгаа гэж мэдүүлж байгаа хэдий ч хохирогч үүнээс илүү зардал гарсан боловч байгаа баримтын хэмжээнд нэхэмжилсэн мөнгөө гаргуулж авмаар байна гэсэн санал хүсэлтийг гаргасан учраас 197,600 төгрөгийг шүүгдэгч О.Агаас гаргуулж хохирогчид олгох тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйлдэл нь 2015 оны 09 дүгээр сараас эхлэн 2016 оны 04 дүгээр сард 8 сартай жирэмсэн байхад зодсон гэдэг дээр ял халдаах саналыг оруулж байна. Энэ нь Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүгчийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хамгийн сүүлийн үйлдэл нь 2016 оны 04 дүгээр сард үйлдэгдсэн байгаа. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн цэцээр иргэний гомдлоор хэлэлцэгдэж хөөн хэлэлцэх хугацааны журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор одоогоор түдгэлзсэн байдалтай байгаа. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүйгээр хурал нь болох гэж байна. Тэгэхээр 2015 онд үйлдэгдсэн үйлдэл нь өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэх нь зөв үү? мөн хууль буцаан хэрэглэх асуудал яригдана. 2015, 2016 онд үйлдэгдсэн хэрэгт өмнөх Эрүүгийн хуульд энэ зүйл анги тусгагдаагүй байсан гэдгийг хэлмээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэж зүйлчилсэн. Байнга зодсон үйлдэл нь ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг. Энэ нь Улсын дээд шүүхийн тогтоолоор тусгагдсан байгаа. Гэтэл шүүгдэгчийн нэг үйлдлийг 2 зүйл ангиар зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилж оруулж ирсэн нь туйлын эргэлзээ төрүүлж байна. Хохирогчийн зүүн гуянд хөхөрсөн гэмтэл үүссэн үүн дээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчлэх нь хэр тохиромжтой вэ? Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 643 дугаар тогтоолд заасан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл нь байнгын шинжтэй гэж хуульчилж тогтоосон бөгөөд дээрх үйлдлүүдийн улмаас ямар нэгэн хохирол гэмтэл учирсан байхыг шаардана. У.Х нь О.А-д зодуулсны улмаас гэмтэл авсан уу авсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэгдэж байгаа. Гэтэл давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн зодсон гэх үйлдэл нь 2017, 2018, 2020 оны үйлдлүүд байдаг. Хэрэв 2017, 2018 оны үйлдлүүдийг гэмт хэргийн байнгын шинжтэй үйлдэл гэж үзвэл энэ нь хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэхгүй түдгэлзэгдэх үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн хувьд О.А 197,600 төгрөгийг бэлэн бэлдэж ирсэн. Шүүх хэрхэн шийдвэрлэснээр О.А хохирол төлбөрийг төлж барагдуулах бүрэн боломжтой гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч О.А нь хамтран амьдрагч У.Х-ыг 2016 он, 2020 оны 08 сар, 2020 оны 10 сард зодсон үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч, харин бусад үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар гаргав.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.А-г Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд эхнэр У.Х-ыг жирэмсэн байхад нь,

-мөн 2016 оноос 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зодохдоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч О.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч У.Х-ыг жирэмсэн байхад нь 2015 оны 12 сарын сүүлээр,  2016 оны 04 сард 2 удаа буюу нийт 3 удаа, мөн 2017 оны 12 сарын сүүлээр, 2018 оны намар, 2019 он, 2020 оны 04 сард 2 удаа, 2020 оны 08  сард, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус зодсон үйл баримт авагдсан байна.

Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэх бөгөөд дээрх хэргээс шүүгдэгч О.Аг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч У.Х-ыг жирэмсэн байхад нь 2015 оны 12 сараас 2016 оны 04 сарын хооронд нийт 3 удаа зодсон гэх үйлдлийг гэмт хэрэгт тооцон, прокуророос ялласан нь үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь дээрх хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиар 1201 дүгээр зүйл буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн гэмт хэргийг шинээр хуульчилж, энэхүү нэмэлт өөрчлөлтийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.

Иймд шүүгдэгч О.А-гийн дээрх 3 үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуульд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлтээр “Гэр бүлийн хүчирхийлэл”-ийг  гэмт хэрэгт тооцож хуульчлахаас өмнө үйлдэгдсэн байхад прокурор уг нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан цаг хугацааг анхаарч үзэлгүйгээр 2015 онд батлагдсан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуульд нэмэлтээр орсон дээрх зүйл, заалтыг хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан хугацаанаас хойших үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байтал шүүгдэгч О.А-гийн хамтран амьдрагч У.Х-ыг жирэмсэн байхад нь 2015 оны 12 сараас 2016 оны 04 сарын хооронд нийт 3 удаа зодсон өмнөх үйлдлүүдийг шинээр гэмт хэрэгт тооцсон зүйл, заалтад хамааруулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул яллах дүгнэлт дэх эдгээр үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч О.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч У.Х-ыг 2017 оны 12 дугаар сард бууз хийгээгүй байна гэх шалтгаанаар, 2018 оны намар малыг явган явж эргүүл гэх шалтгаанаар, 2019 онд /хэзээ, хаана, ямар шалтгааны улмаас зодуулсан талаар хохирогч санахгүй байгаа/ бас тус тус зодсон үйл баримт авагдаж эдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга” гэх үндсэн шинжийг хангасан хэдий ч гэмт хэргийн шинжийг хангаж буй гурван удаагийн үйлдлүүдийн хоорондох зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Энэхүү гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлдэг “байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгох бөгөөд үйлдлүүдийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх шаардлага нь тухайн гурав үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэл нь гурав ба түүнээс дээш удаагийн гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болон зөрчлүүдийн нэг нь дангаараа эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангахгүй тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй юм. 

Шүүгдэгч О.А-д холбогдох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс дээрх 2017 оны 12 сар, 2018 оны намар, 2019 онд зодсон гэх эдгээр гурван үйлдлийн болон 2019 оноос 2020 оны 04 дүгээр сарын хооронд нь Зөрчлийн тухай хуульд заасан зургаан сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж үзэх, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлээ алдсан байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс дээрх гурван /2017 оны 12 сар, 2018 оны намар, 2019 он/ үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч У.Х мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2019 онд О.Ад зодуулж байсан гэж мэдүүлсэн боловч хаана, ямар шалтгааны улмаас зодуулсан, мөн сар, өдрөө санахгүй байгаа талаар илэрхийлснээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэрэг гарсан сар, өдрийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй тул Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.А-гийн холбогдсон дараах гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:  

Шүүгдэгч О.А нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 2020 оны 04 дүгээр сард 2 удаа, 2020 оны 08 дугаар сард, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хамтран амьдрагч У.Х-ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

 -мөн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Х-ы “...2020 оны 04 дүгээр сард А “Энержи ресурс” ХХК-д ажилладаг байсан бөгөөд ажлаасаа амраад ирсэн дараагаар нь гар утсанд нь чат ирэхээр нь үзсэн чинь нэг эмэгтэйтэй чаталсан байсан. Тэрийг нь хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд намайг зодож багалзуурдаад толгойгоор хананд саваад бөөр рүү өшиглөж гэмтээж байсан. Би түүнээс болоод шээхэд доошоо юм гараад байдаг болсон байсан. Нэг хэсэг юм гарч байгаад гайгүй болсон. Би ингэж зодуулаад гарч зугтаагаад машиндаа охины хамтаар хонож байсан. Маргааш нь хүүгээ авах гээд гэрт очсон чинь А чи хэд хоног ингэж явна гэж бодоод байгаа юм гээд намайг зодсон. Тэгээд хүүгээ аваад гэрээс гарсан. Би хоёр хүүхэдтэйгээ хамт машиндаа хоноод маргааш нь Цогтцэций сум руу эцэг, эх рүүгээ яваад эцэг, эх дээрээ очиход миний нүд хөхөрсөн байдалтай байсан ч би эцэг, эхдээ шат мөргөсөн гэж худлаа хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр манай хоёр хүүхэд хоорондоо тоглож байгаад маргалдсан. Тэгсэн чинь А охиноо өмөөрөөд хүүгээ загнахаар нь би хүүгээ өмөөрч Ад үг хэлсэн. Тухайн үед А мах идэж байсан бөгөөд барьж байсан хутганы ар буюу ишээр миний зүүн гуя руу цохисон. Тухайн хутганы иш нь хагарчихсан төмөр нь гарчихсан хутга байсан бөгөөд миний гуянд сорви үлдсэн. ...2020 оны 10 дугаар сарын 29-ний орой ажлаасаа согтуу ирээд мөнгөний асуудлаас болж муудалцсан. Тэгэхэд миний хийж байгаа ажил чамд хамаагүй гээд гал дээр байсан халуун галын дэгээг аваад миний хэвлий хэсгээр цохисон. Үүнээс болж миний өмсөж байсан фудволк урагдаад миний хэвлий хэсгээр хөндлөн түлэгдэл үүссэн. Би тэр үед нь гарах гэхэд миний зүүн гуя руу өшиглөсөн...” /хавтаст хэргийн 21-26/

гэрч Ц.О-ын “...Сүүлд 2020 оны 11 дүгээр сард байх би хөдөөнөөс ирчихсэн байсан чинь нэг орой Агийн утаснаас миний охины утсанд дуудлага ирсэн. Тэгсэн манай охин утсаа авсан чинь А утсаараа ярихгүй цаанаа хэрэлдээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би Агийн гэрт очсон чинь Х-ы ах Ха гэдэг залуу эхнэртэйгээ ороод ирчихсэн тэр 4 ярилцаад байж байсан. Юу болсон бэ гэсэн чинь Х-ы ах нь Ха гэдэг залуу хэлэхдээ энэ хоёр муудалцаад хэрэлдэж байна гэж хэлсэн. Би дүү О.А-г загнаад чи яахаараа эхнэртэйгээ асуудал гаргаад байдаг юм бэ гэж баахан загнаж байгаад явсан. Түүнээс хойш л Х төрсөн гэр рүүгээ яваад өгсөн байсан. Яг зодож байхыг нь би өөрийн нүдээр хараагүй. Яг хэзээг нь санахгүй байна, энэ хоёрын бага охин нь гараагүй байсан санагдаж байна шинэ жилийн л үе байсан, орой Х залгаад эгч намайг ирээд аваадах А авирлаад байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход Х Ханы гадаа хүүхдээ тэврээд зогсож байсан. Би Х-ыг машинд суулгаж орхиод Агийн гэр рүү ороод А-г загнаж байгаад Х-ыг хүүхдийн хамтаар гэртээ аваачиж амраагаад өглөө нь явуулж байсан. Түүний дараагаар 2020 оны 11 дүгээр сард гэрт нь очиход галын дэгээгээр түлж байсан. Ах нь яриад байсан. Тэр үед Х хазгар яваад байсан. Тэгэхэд нь би А-г эхнэрээ зодсон юм байна гэж ойлгож байсан.” /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

гэрч Р.У-ын “...2020 оны зунаас эхлэн хүргэн О.А архи уудаг, архи уухаараа гэр бүлдээ агсам тавьдаг гэсэн зүйлүүдийг сонсож эхэлсэн. Тэгтэл манай охин У.Х 2020 оны 10 дугаар сард нэг өдөр залгаад А архи уугаад агсам согтуу тавиад зодож, нүдээд хэцүү байна гэж хэлсэн. Би охиноо болж бүтэхгүй бол хоёр хүүхдээ аваад хүрээд ир гэж хэлсэн. Манай охин гэртээ ирсэн. Миний хувьд аймагт хааяа ирдэг, ирэх үед ийм асуудал гарч байгаагүй болохоор мэдэхгүй байна. Сүүлд төрсөн ах Х-аас нь Х-ыг зодуулсан гэдгийг сонссон. Яг хэзээг нь санахгүй байна нэг удаа хоёр хүүхдээ дагуулаад гэртээ очихдоо шат билүү хаалга мөргөсөн гээд нүд нь хөх туяатай нэг очиж байсан. Тухайн үед нь өөрөө юм мөргөсөн гэж хэлсэн учраас тоогоогүй орхисон.” /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

гэрч П.Б-ын “...У.Х миний нөхрийн төрсөн дүү, түүний нөхөр нь О.А байгаа юм. Нүүж ирсэн цагаасаа хоорондоо эв зүйтэй л байх шиг байдаг байсан бөгөөд 2020 оны 08 дугаар сард Х, А нар хоорондоо муудалцаад А нь эхнэр рүүгээ хутга шидсэн. Би түүнийг нь яаж мэдсэн гэхээр манайх Хандаа камертай байдаг бөгөөд А, Х нарыг муудалцаж байгаа чимээгээр камераараа харахад гэрийн хаалга нь дэлгээтэй Х гэрээсээ гарчихсан байдалтай гэрээс юм шидээд байгаа харагдахаар нь гараад очсон чинь А 2 хутга шидсэн. Хутга нь гэрийн гадаа байсан. Түүнээс хойш энэ хоёр хоорондоо хэрэлдээд байгаа чимээ гараад байдаг байсан. 2020 оны 10 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ манай нөхөр Х “Энержи ресурс” ХХК-д 14/7 ростроор ажилладаг бөгөөд тухайн үед манай нөхөр ажлаасаа амраад ирсэн байсан. Тухайн орой нөхөр хүүхдүүд бид нар гэртээ байж байхад зүүн гэрт буюу Агийн гэрт хүмүүс хашхиралдаад байсан. Удалгүй Х ахыгаа дуудаад орилсон. Тэгэхээр нь бид хоёр гараад гэрт нь орсон чинь А эхнэрийнхээ гуя, гэдэс хэсгийг галын дэгээгээр цохиод хөхрүүлсэн Х хазгар болчихсон байсан. ...Нэг орой муудалцахад нь гэрт нь ороод байж байхад Агийн эгч О гэдэг хүн ирээд бид нарт хандаж А эхнэрээ зодож, дарамталдаг, урьд нь гудамжид хонуулж байсан, та нар дүүгээ эртхэн авахгүй бол болохгүй гэх мэт зүйлүүдийг ярьж байсан. Энэ явдлаас хойш энэ хоёр орой болгон маргалдаж, муудалцаж байгаад Х гэр рүүгээ яваад өгсөн. Манай камер 14 хоноод устдаг бөгөөд Агийн хутга бариад явж байгаа бичлэгийг Х утсан дээрээ бичиж авсан, өөр бичлэг байхгүй... 2020 оны 10 дугаар сард нөхөртөө зодуулсныг бид хоёр нүдээрээ харж байсан.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

гэрч У.Х-ын “...Би 2020 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 22:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайханы 05 дугаар гудамжны 42 тоотод байдаг. Би гэртээ амрах гэж байхад гэрийн гадна талд эмэгтэй хүн ахаа намайг аллаа гээд чимээ гарахаар нь гэрээсээ гараад очиход миний төрсөн дүү болох У.Х гэрийнхээ гадна талд үүдэн дээр гараад ирчихсэн уйлаад зогсож байхаар нь би юу болсон талаар асуухад миний дүү У.Х надад хэлэхдээ О.А намайг галын дэгээ төмрөөр түлчихлээ гээд надад хэлсэн. Тэгэхээр нь би О.А миний дүүг галын дэгээ төмрөөр түлсэн гээд байгаа газрын харахад зүүн бөөрний хэвлий хэсэгт өнгөцхөн түлэгдсэн байхаар нь би О.А-д чи яах гэж эмэгтэй хүнд гар хүрч байдаг юм бэ гэж хэлээд тайвшруулаад би гэртээ ороод амарсан.” /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаартай У.Х-ы биед зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /16-17 дугаар хуудас/, Си Ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч О.А нь хохирогч У.Х-ы биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч О.А нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.А-гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч О.А, хохирогч У.Х нар нь гэрлэлтийн баталгаагүй боловч тэд 2015 оноос хойш хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.  

Учир нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан 3 хэлбэрээр байнгын шинжтэй үйлдэгдэж, уг үйлдлийн улмаас хохирол, гэмтэл учирсан тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд тооцож хүндрүүлэн зүйлчлэхээр байх бөгөөд шүүгдэгч О.А-гийн хувьд хамтран амьдрагч У.Х-ыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас анх удаа бус, харин байнга зодох явцад хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.

Энэхүү зүйлд заасан байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгох бөгөөд ингэхдээ хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэрээр илэрч болдог байна. Шүүгдэгч О.А нь хамтран амьдрагч У.Х-ыг 2020 оны 04 дүгээр сард бөөр рүү нь өшиглөж зодсон, маргааш нь хүүгээ авах гээд гэрт очиход бас зодсон, 2020 оны 08 дугаар сард барьж байсан хутганы ар буюу ишээр нь зүүн гуя руу цохиж зодсон, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гал дээр байсан халуун галын дэгээг авч хэвлий хэсэгт нь цохиж, гутлаараа зүүн гуя руу нь өшиглөж зодсон нь хохирогчийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн удаа дараагийн хууль сануулсан мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч О.А нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, дээрх байдлаар хохирогчийн эсрэг тухай бүр хүч хэрэглэж зодсон үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгчийн зүгээс 2020 онд зодсон үйлдлүүдээс 2020 оны 04 сард 2 удаа зодсон үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан боловч энэ нь хохирогчийн У.Х-ы “...2020 оны 04 дүгээр сард А “Энержи ресурс” ХХК-д ажилладаг байсан бөгөөд ажлаасаа амраад ирсэн дараагаар нь гар утсанд нь чат ирэхээр нь үзсэн чинь нэг эмэгтэйтэй чаталсан байсан. Тэрийг нь хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд намайг зодож багалзуурдаад толгойгоор хананд саваад бөөр рүү өшиглөж гэмтээж байсан. Би ингэж зодуулаад гарч зугтаагаад машиндаа охины хамтаар хонож байсан. Маргааш нь хүүгээ авах гээд гэрт очсон чинь А чи хэд хоног ингэж явна гэж бодоод байгаа юм гээд намайг зодсон. Тэгээд хүүгээ аваад гэрээс гарсан. Би хоёр хүүхэдтэйгээ хамт машиндаа хоноод маргааш нь Цогтцэций сум руу эцэг, эх рүүгээ яваад эцэг, эх дээрээ очиход миний нүд хөхөрсөн байдалтай байсан ч би эцэг, эхдээ шат мөргөсөн гэж худлаа хэлсэн...” гэж мэдүүлснийг гэрч Р.Уламбаярын “...Яг хэзээг нь санахгүй байна нэг удаа хоёр хүүхдээ дагуулаад гэртээ очихдоо шат билүү хаалга мөргөсөн гээд нүд нь хөх туяатай нэг очиж байсан...” гэх мэдүүлэг давхар нотолсон байх ба, гэрчийн дамжмал байдлаар сонссон мэдүүлэг нь эх сурвалжаа шууд заасан, зөрүүгүй байх тул шүүгдэгчийн энэхүү үйлдэл, холбогдол  эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэв.

Иймд О.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 -Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч О.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Х-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 197,600 төгрөг нэхэмжилснээс 38,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 158,800 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Учир нь хавтаст хэргийн 78 дугаар хуудас болон 80 дугаар хуудсанд гаргаж өгсөн депозит дансны харилцагчийн хуулганд дурдагдсан 38,800 төгрөгийн баримтыг давхардуулж нэхэмжилж байх тул хангах боломжгүй гэж дүгнэлээ. 

Иймд хохирогчийн нийт нэхэмжилсэн 197,600 төгрөгөөс 38,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 158,800 төгрөгийг шүүгдэгч О.А-гаас гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч О.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн; гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч О.А  нь завсарлага авч, шүүхээс тогтоосон 158,800 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Х-д 160,000 төгрөг болгон төлж барагдуулсан болох нь оролцогчдын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалт биелэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.    

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 35 хоног буюу 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялд шилжүүлж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Х-ы биед хөнгөн хохирол учирсан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Х-д 158,800 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн байна. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого байхгүй. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах дүгнэлтдээ: “...Шүүгдэгч өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж эхийн нөлөөнд орж архи, тамхи хэрэглэхээ больсон. Өөртөө дүгнэлт хийж байгаа. О.А нь 8 дугаар багаас зохион байгуулдаг ажилд идэвхтэй оролцдог нь багийн засаг даргын тодорхойлолтоос харагддаг. Хэрэг гарснаас хойш 5 сарын хугацаанд О.А нь хэрэг зөрчилд холбогдоогүй.  Мөн хохирогч О.А-д ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах гэсэн 3 төрлийн сонгох санкцтай байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулах, зорчих эрх хязгаарлах гэсэн 2 төрлийн сонгох санкцтай байгаа. Улсын яллагчийн зүгээс хүнд ял болох хорих ялын санал гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс О.А-гийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирол төлбөрөө төлсөн зэрэг байдлыг харгалзан энэ 2 зүйл анги хоёулаа зорчих эрх хязгаарлах ял оногдуулж болох гэмт хэрэг байна. Тиймээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч О.А нь хамтран амьдрагч У.Х-ыг 2016 он, 2020 оны 08 сар, 2020 оны 10 сард зодсон үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч О.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох явцад хөнгөн хохирол учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангаж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлах үндэслэл бүрдсэн байхад прокуророос журамлаагүй орхигдуулсан байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Шүүхээс О.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн; гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч О.А-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан бөгөөд шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ялаас хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус сонгосон болно.

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан прокуророос шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар санал болгосон 8 сар хорих ялыг 10 сар хорих ял болгон шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 35 /гучин тав/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан хугацаа тоолох журамд нийцүүлэн 1 сар 5 хоногт шилжүүлэн нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялын төрөл, хэмжээг 11 /арван нэг/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлбөрийг барагдуулсан байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шийдвэрлэгдвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч У.Х-д 160,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хохирогч У.Х-аас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг бүхий Си  ди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн О-гийн А-д Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан буюу 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 04 дүгээр сард 2 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэргийг “жирэмсэн эмэгтэйн эсрэг” үйлдсэн гэх хэргийг,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргээс 2017 оны 12 дугаар сар, 2018 оны намар, 2019 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б овгийн О-гийн А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн; гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 35 /гучин тав/ хоног буюу 1 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялын төрөл, хэмжээг 11 /арван нэг/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 11 /арван нэг/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шийдвэрлэгдвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч У.Х-д 160,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Х-ы нэхэмжлэлээс 38,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хохирогч У.Х-аас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг бүхий Си  Ди 1  ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ