| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0029/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/36 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.П,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 2013000000022 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн- Ц суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс тува, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Ц сумын **дүгээр багт оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 54/А дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дугаар зүйлд зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, ЭХ-ийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 5/41 дугаартай прокурорын тогтоолоор хоорондоо эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ял, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/131 дугаартай ЭХ-ийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Довогт Д-ийн М, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны шөнийн 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Гийн гэрт хэрүүл маргаан үүсгэсний улмаас хохирогч В.Тийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,
Шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000022 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч В.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нөхрийн айлд очиж цай уугаад гэртээ ирэхэд манай бэр Х.М нь пиво уугаад хүүхдээ хөхүүлээд сууж байсан. Манай гэрт хүү Г.Г, бэр Х.М, тэдний найзууд болох М-л эхнэртэйгээ хамт бүгдээрээ пиво уугаад сууж байсан. Тэгээд би бэр Х.Мт уурлан чи надтай барьцаад байгаа юм уу, хөхүүл хүүхэдтэй байж яагаад пиво уугаад байгаа юм бэ гэхэд Х.М надтай хэрүүл маргаан үүсгэн, ийш тийш утасдаж “Эд нар намайг дарамтлаад байна, ирж аваарай” гээд яриад байсан. Тэгж байтал манайд бэр Х.Мийн хамаатан Д.М, Б.Днар ороод ирсэн. Д.М нь миний хүү Г.Г рүү дайрч “чи муу наад авгайгаа хайрлаж чадахгүй бол чамайг алчихна шүү” гэж хэлээд нэг удаа цохиж, заамдаад хойшоогоо модон орон дээр гэдийлгэсэн. Тэр үед би “наад хүүхэд чинь нуруундаа гэмтэлтэй хүүхэд, наадахаа аллаа” гэж хэлээд Гийг “зугт” гэж хэлээд Д.Мын гарнаас татсан. Тэр үед Г.Г- гэрээс гараад зугтсан. Тухайн үед Д.М миний нөхрийг нэг удаа цохиод газарт унагааж өшиглөж цохиж зодох үед миний нөхөр Ж.Г нь гараараа толгойгоо хамгаалаад хэвтэж байсан. Би очоод салгах гэтэл Д.М намайг мөн нэг удаа нүүрэн тус газар хүчтэй цохисон. Тухайн үед миний ухаан санаа баларчихсан бараг ухаан алдчихсан байх. Тэгээд маргааш нь босоход миний нүүр хавдаж, нүд хөхөрчихсөн байсан. Д.М согтуу байсан. Би уг асуудлын улмаас аймгийн төвд очоод шүүх эмнэлэгт үзүүлсэн. Аймгийн төв орж ирсэн зардал 20000 төгрөг, шүүх эмнэлэгт 8500 төгрөг өгсөн, ингээд 28500 төгрөгийг барагдуулж өгөхөөр болсон. Гаргаж өгөх баримт байхгүй. Би Д.Мыг уучилж, бид хоёр эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй,” гэх мэдүүлэг/хх-ийн 08-11-р х/,
Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед хамаатны эгч Х.М над руу утсаар ярьж, “манай хадам аав, ээж хоёр согтуу ирчхээд хэл амаар доромжлоод байна, намайг ирж аваач” гэж хэлсэн. Тэгээд би Х.Мийг авахаар машинтай явж байх замдаа Д.Мтой тааралдсан. Тэр намайг нэг газар хүргээд өг гэж хэлэхээр нь би Х.Мийг авахаар завгүй явж байгаа талаараа хэлсэн. Гэтэл Д.М тэр Х.М чинь бас манай хамаатан, би бас хамт очно гээд хүчээр надтай хамт очсон. Тэгээд тэдний гэрт Д.М надтай хамт орсон. Тэгж байхад тэнд хэрүүл маргаан үүсч, Д.М Г.Г-өд “чи авгай, хүүхдээ хайрлаж чадахгүй байгаа юм уу, аав, ээжийнхээ үгэнд ороод эхнэрээ яагаад хайрлахгүй байгаа юм бэ” гээд түүнийг багалзуурдаж хойшоо гэдийлгэсэн. Тэгж байтал В.Т эгч гүйж ирээд Д.Мд наад хүүхэд чинь нуруундаа хагалгаа хийлгэсэн наадахаа явуул” гээд Д.Мын гараас бариад авахад В.Т эгчийг хэд хэдэн удаа алгадсан. Тухайн үед Г.Г гадагшаа зугтаад явсан. Тэр үед би ч гэсэн гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р х/,
Шүүх шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай: “...Иргэн В.Тийн биед тархины доргилттой, зүүн ба баруун нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацар, дээд ба доод эрүүний баруун талыг хамарсан хавдартай, хөх ягаан туяатай, цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо. Иргэн В.Тийн дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтад зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25-р х/,
Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Тухайн өдөр би согтуу явж байгаад Б.Дтай тааралдсан. Тэр Х.Мийн гэрт хэрүүл маргаан үүсээд түүнийг очиж авахаар явж байна гэж хэлсэн. Х.М манай хамаатны хүүхэд тул би бас түүнийг хамгаалахаар Б.Дтай хамт тэднийд очсон. Тэгээд би тэднийд очин Г.Г-д уурлан “эхнэрээ яагаад хайрлахгүй байгаа юм бэ” гэж хэлээд хоолойг нь багалзуурдаж хойшоо гэдийлгэх үед В.Т эгч ирээд наадах чинь нуруундаа гэмтэлтэй хүүхэд, чи муу архичин гээд миний аавын нэрийг хэлж доромжлоод гараас татахад нь уур хүрээд В.Т эгчийг 1 удаа алгадсан нь үнэн. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор ийм хэрэгт холбогдчихлоо. Миний бие хийсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байна. В.Т эгчид учирсан хохирлыг төлж өгөх гэсэн боловч надаас мөнгө төгрөг авахгүй, гомдол саналгүй гэсэн. Хохирогчтой эвлэрсэн. Иймд надад хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүдэгчийн хувийн байдлын талаар:
-Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 018 дугаартай “Тус сумын 9 дүгээр багийн иргэн Дорж овогтой М нь зан чанарын хувьд төлөв даруу болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 34-рх/,
-Мөн Засаг даргын 2021 оны 1 сарын 28-ны өдрийн 016 дугаартай “Тус сумын иргэн Дорж овогтой М нь 9-р багийн байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 35-рх/,
-Шүүгдэгч Д.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39-рх/,
-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01/187 дугаартай “Иргэн Д.Мын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-рх/,
-Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 71/А тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-67-рх/,
-Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5/41 дугаартай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 68-рх/,
-Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-58-рх/,
-Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-51-рх/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Мд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед согтуугаар Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Гийн гэрт хэрүүл маргааны улмаас хохирогч В.Тийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч В.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-11-р х/, гэрч Б.Дын мэдүүлэг /хх-ийн 18-19-рх/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 24-25-р х/ болон шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Д.М нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний нүүрэн тус газарт алгадаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Мын үйлдлийн улмаас хохирогч В.Тийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Мын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс суртахууны төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна.
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Д.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч В.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч В.Т нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Би Д.Мд зодуулсны улмаас аймгийн төвд эмнэлэгт үзүүлэхэд 20.000 төгрөгийн зардал гарсан, шинжээчийн дүгнэлт гаргуулахад 8500 төгрөг төлсөн. Надад учирсан дээрх 28.500 төгрөгийн хохирлыг Д.М барагдуулж өгөхөөр болсон. Надад ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй” гэж, /хх-ийн 11-рх/, шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “В.Т эгчид учирсан хохирол 28.500 төгрөгийг төлж өгөх гэсэн боловч надаас мөнгө төгрөг авахгүй, гомдол саналгүй гэсэн” гэж тус тус мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч Д.М нь хохирогчид учирсан 28.500 төгрөгийг төлж барагдуулаагүй байх ба хохирогч В.Т шүүгдэгчээс 28.500 төгрөг төлүүлж авахаас татгалзсан эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд хохирогчийн өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Д.Моос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд Д.М нь урьд удаа дараа ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор нь эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
1. Шүүгдэгч Д овогт Д-йн Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Хохирогч В.Т нь гэмт хэргийн улмаас учирсан 28.500 төгрөгийн хохирол нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, В.Т нь өөрт нь хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Д.Моос иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б