| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/46 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/46
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Х-ын С-д холбогдох эрүүгийн 2013002690213 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Н суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Н сумын **дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2002 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ялаар, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгуулийн ял шийтгүүлж байсан, Е- овогт Х-ын С, регистрийн дугаар ************
Шүүгдэгч Х.С нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ү.Бын эзэмшлийн “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн ********** УВЗ улсын дугаартай мотоциклийг Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах морь барианы газраас өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явж унаж хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Х.Сгээс мэдүүлэхдээ: Миний мотоцикл эвдрээд би согтуудаа морь барианы газарт байсан мотоцикл унаад явчихсан байна. Хүний мотоциклийг зөвшөөрөлгүй авч явсан буруугаа хүлээн зөвшөөрч байна.гэв.
Хоёр: Эрүүгийн 2013002690213 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
3 Хохирогч Ү.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх зусланд 2020 оны 07 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед Н сумын баяр наадамд зориулсан хурдан морины уралдаан үзэхээр мотоциклтой очсон юм. Би тухайн үед өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн ********** УВЗ улсын дугаартай мотоциклтой очиж, мотоциклоо морь барианы газарт байрлах машины зогсоолд тавьсан юм. Тэгээд хурдан морины уралдаан үзээд 20 цагийн үед буцаад машин зогсдог зогсоол дээр ирэхэд миний эзэмшлийн мотоцикл байхгүй байсан. Би ойр орчимд мотоциклоо хайгаад олоогүй. Миний хулгайлагдсан мотоцикл “Мустанг-5” маркийн, ********** УВЗ улсын дугаартай, цэнхэр өнгийн, “1.ХҮРСК1.04ЛЭ260527” гэсэн арлын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн мотоцикл байсан.Тэгээд маргааш нь буюу 2020 оны 7 сарын 13-ны өдөр иргэн Х овогтой С гэгч миний мотоциклийг унаад явж байхад нь манай найз нар надад авчирч өгсөн. Мотоциклоо хүлээж авах үед хоёр талын толь хугарсан, гинжний хамгаалалтын төмөр хугарсан, хоёр талын тормозны бариул хугарсан, кондукторт нь ямар ч хамаагүй түлхүүр таардаг болгож сунгасан байсан. Энэ бүхний улмаас надад 200.000 төгрөгийн хохирол учирсан.Иргэн Х.С надаас сайн дураараа уучлалт гуйж, миний мотоциклийг сайн дураараа унаж явснаа хүлээн зөвшөөрч надад учирсан хохирол болох 200.000 төгрөгийг бэлэн хүлээлгэж өгсөн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20, 21-22/,
Шүүгдэгч Х.Сн мөрдөн байцаалтын шатанд болох шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн:“Би тухайн үед буюу 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н сумын улсын баяр наадмын морины уралдаан үзэхээр 'Х” гэх газарт морины барианы газар очсон юм, тэр газартаа өдөржингөө найзууд болон танил хүмүүсийн хамт 2 шил 0.75 литрийн “Соёрхол” архийг хувааж уусан. Тн А-ы даага нь түрүүлээд түүнийг тэмдэглээд архи ууцгаасан юм. Улмаар оройтож 18-19 цагийн орчимд нэлээн бүрэнхий болж байсан, наадам тарах үеэр морь барианы газрын орчимд “Мустанг-5” маркийн мотоцикл байхаар нь би ганцаараа унаад явсан нь үнэн. Тухайн үед нэлээн олон машин, мотоциклууд байсан, миний унаж явсан мотоцикл хэнийх гэдгийг тэр үедээ мэдээгүй. Би өөрийнхөө унаж явсан Мустанг-200': маркийн хуучин мотоциклоо олж авахын тулд дээрх Ү.Б-н “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодоод явсан байна лээ. Их согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, маргааш нь өглөө Ү.Б болон хажуудаа 1 хүнтэй хамт ирээд надаас мотоциклоо аваад явсан. Би тэр мотоциклийг хулгайлах зорилготой аваагүй, согтуу үедээ өөрийн мотоциклийг олж авчаад буцаагаад өгнө гэж бодож авсан байна. Би хохиролд 200.000 төгрөг төлж өгсөн. Надаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн. Миний бие прокурорын хяналтад байхдаа Хэнтий аймгийн Бор өндөр сумын жоншны уурхайд ажил хийхээр явсан нь үнэн. Хэлэхгүй явж саад учруулснаа хүлээн зөвшөөрч байна.Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1277 дугаар лавлагаа /хх-ийн 52-р х/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53-рх/,
-Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-рх/,
-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 8/49 тоот тодорхойлолт /хх-ийн 64-рх/,
-Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 3 сарын 09-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-рх/,
-Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-69-рх/,
-Х.Сд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай мөрдөгч, прокурорын саналууд 2021 оны 3 сарын 09-ний өдрийн санал /хх-ийн 89, 91-р х/,
-Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 сарын 09-ний өдрийн 06 дугаартай “Яллагдагч Х.Сд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 95-97-рх/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Сгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Х.Сг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.С нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах морь барианы газрын машины зогсоол дээрээс хохирогч Ү.Бын эзэмшлийн ********** УВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн мотоциклийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт,эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Ү.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ү.Арман, Б.А нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.Сгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Х.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгч Х.С болон түүний өмгөөлөгч Т.Костёр нар хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Хохирогчийн эзэмшлийн Мустанг-5 маркийн ********** УВЗ улсын дугаартай мотоцикл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох автотээврийн хэрэгсэл гэх ойлголтод хамаарч байна.
Энэ гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Х.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж, идэвхтэй үйлдлээр хохирогчийн мотоциклийг завших зорилгогүйгээр авч явсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд Х.Сгийн дээрх үйлдэлд хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.
Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Х.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Сг “бусдын өмчлөлийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Х.Сгийн үйлдлийн улмаас хохирогчид 200.000 төгрөгийн бодит хохирол учирсныг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан нь хэргийн 21-22-р талд авагдсан хохирогч Ү.Бын мэдүүлэг болон шүүгдэгч Х.Сгийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Сгээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д ”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Сгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч Х.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.
Учир нь шүүгдэгч Х.С нь урьдаас төлөвлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна. Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Х.С нь урьд 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцогдож байсан боловч уг гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж, түүний үйлдэлд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.
Түүнчлэн Х.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 200.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг мөн харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан санал, шүүгдэгч Х.Сгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаас түүний урьд яллагдагчаар цагдан хоригдсон 9 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, эдлэх торгуулийн ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгж буюу 15000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Дөрөв: Бусад асуудлаар:
Шүүгдэгч Х.Сгээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь прокурорын шатанд оргон зайлж, түүнийг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоон, мөрдөн байцаалтын шатанд албадан ирүүлсэн байх боловч мөрдөгч, прокурорын зүгээс Х.Сг албадан ирүүлсэнтэй холбоотой ямар нэгэн зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Х.С нь энэ хэргийн улмаас 9 хоног яллагдагчаар цагдан хоригдсоныг дурдаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул Х.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл Х.Сд шүүхээс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1- 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Е овогтой Хын Сг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Сг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас Х.Сгийн урьд цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн 1 /нэг/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, эдлэх торгуулийн ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.С нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Бт учирсан бодит хохиролд 200.000 /хоёр зуу/ мянган төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Х.С нь энэ хэрэгт 9 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнд хорихоос өөр төрлийн ял буюу торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 3, 14.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар Х.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч Х.Сд өнөөдрөөс эхлэн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байлгах зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, торгуулийн ялд гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б