| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0030/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/37 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/37
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч А.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Хохирогч Ш.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогтой Мад холбогдох 2013004010020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
БНКазакстан улсын харьяат, Паспортны дугаар N11793280, Ж овогт М овогтой М, 1974 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М овогтой М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Ш.Бийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,
Шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013004010020 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Ш.Б нь Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг байсан. Одоогийн байдлаар хүүхдүүдийн хамт байр түрээсэлж амьдарч байгаа. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 16 дахь жилдээ ажиллаж байна. М.Мтай 2010 онд гэр бүл болж, таарамжгүй харилцааны улмаас 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. М.М хамт амьдарч байх хугацаандаа намайг дарамталж, байнга зоддог байсан. Сүүлд бид хоёр хоорондоо таарамжгүй харьцаанаас болж 2019 оны 01-р сарын 10-ны өдөр гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан. М.М нь 2012 оны 11-р сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг зодож улмаар миний биед хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд 2013 оны 01-р сарын 03-ны өдөр тус аймгийн Сум дундын шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Учир нь тухайн үед би нөхөр болох Мыг уучилж, бид хоёр хоорондоо эвлэрсэн. Дараа нь 2018 оны 1-р сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, гэр бүлийн бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан ба тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Мад 21 хоногоор баривчлах шийтгэл оногдуулсан. Дараа нь 2018 оны 11-р сарын 19-ний өдөр М.М нь мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг зодож, гэр бүлийн тайван байдлыг алдагдуулж, шүүхээс 10 хоног баривчилсан. Дараа нь 2020 оны 05-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний амьдарч байсан түрээсний байранд ирж, агсам тавьж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шүүхээс 15 хоног баривчилсан. Дараа нь 2020 оны 06-р сарын 01-ний өдөр мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шүүхээс 25 хоногоор баривчилсан. Дараа нь 2020 оны 11-р сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Иймд би М.Мад маш их гомдолтой байна. Энэ хугацаанд баривчлах шийтгэл удаа дараа оногдуулсан боловч М.М нь ухамсарлаж, засраагүй. Энэ удаа хуулийн дагуу зохих арга хэмжээг авч өгөхийг хүсэж байна. М.М бид хоёр 1-8 насны 3 хүүхэдтэй, том хүү маань 8 настай, тус сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 4-р ангид сурдаг. Дараагийн хүүхэд маань 5 настай А-ы гэх охин байгаа бөгөөд гэртээ байдаг. Бага хүүхэд маань 1 нас 7 сартай Т-с гэх охин хүүхэд юм. М.М бид хоёр гэр бүлээ цуцлуулах үед шүүхээс 3 хүүхдийг миний асрамжинд үлдээж шийдвэр гаргаж өгсөн. Харин М.М нь том хүү болох М.Рауаныг байнга дагуулж яваад, хамт байдаг. Рауан нь миний хажуугаас явахгүй гэж хэлэхээр М.М нь хүчээр авч явдаг байсан. Одоогоор Р н маань Мтай хамт амьдарч байгаа бөгөөд хааяа би өөрөө дагуулж ирж хувцас хунарын угааж, хэрэгтэй зүйлийн авч өгдөг юм. Р нь надад хэлэхэд аав та хоёрыг цагдаагаас дуудаж асуувал би мэдүүлэг өгмөөргүй байна. Учир нь аав та хоёр шүүхээс гэр бүлээ цуцлуулах үеэр би тантай хамт байх болно гэж хэлсэн. Түүнээс болж аав маань чи тэгж хэлсэн болохоор Б бид хоёр салсан. Тийм учраас би дахиж цагдаа шүүхээс дуудвал би юм хэлэхгүй гэж хэлсэн. Ер нь М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн бөгөөд миний эсрэг зүйл хэлж, хүүхдийг минь дарамталж байгаа гэж бодож байна. Хааяа Рауаныг явуулахгүй гэртээ байж хичээлээ давтаж дүү нарын хамт байгаач гэхээр нь би аавын хажууд очихгүй бол намайг загнаж, уурлаад байдаг юм. Тийм учраас би явсан нь дээр гэж хэлдэг. Үүнээс үзэхэд М нь түүнийг дарамталдаг гэж ойлгодог юм. Хамгийн сүүлд 2020 оны 11-р сарын 08-ны өдөр М.Мын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдээд, хүү болох Рауаныг очиж дагуулж явсан. Түүнээс болж М.М нь манайд ирж агсам согтуу тавьж, амгалан тайван байдлыг алдагдуулж намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. ...2020 оны 11-р сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүү Рауаныг айлган сүрдүүлж. дур мэдэн загнаж авч явсан ба 16 цагийн үед М.М архи уусан согтуу байгааг мэдээд түүний амьдардаг байшингийн гадаа очиж зогсох үед хүү Рауан гарч ирсэн. Тэгэхээр нь би хүүгээ дагуулаад явсан. Тухайн үед би Рауанаас аав нь архи уусан байна уу гэхэд тиймээ архи уусан байна гэсэн. Тэрээр хүүгээ дагуулж гэртээ ирсэн байхад тухайн өдрийн 18 цагийн үед М.М нэлээн согтуу орж ирээд хүүхдүүдийн хажууд намайг элдэв янзаар доромжилж, Рауаныг авч явсан гэж над руу дайрч, айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гутлаа тайлж шидсэн. Мөн миний үснээс зулгааж зодсон. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Хамт амьдарч байхдаа байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Одоо надад М.Маас нэхэмжлэх зүйлгүй, харин хариуцлага хүлээлгэж өгнө үү" гэх мэдүүлэг/хх-ийн 66-67, 68-69, 70 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Х.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Тухайн үед Рауан маань аав, ээжтэйгээ хамт баймаар байгаа боловч аав маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ээжийг минь зоддог гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дугаар хуудас/,
Гэрч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.М, Ш.Б нар нь гэр бүл болоод 9 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд М нь удаа дараа Бийг зодож, биед нь гэмтэл учруулж, хоорондоо эвлэрээд, сүүлд таарамжгүй харилцаанаас болж гэр бүлээ цуцлуулж байсан. Тэд нар 1-8 насны 3 хүүхэдтэй, том хүүхэд нь Рауан 4 дүгээр ангид сурдаг юм. Шүүхээс шийдвэр гарахад 3 хүүхдийг Бийн асрамжинд үлдээсэн байхад Рауаныг М нь хүчээр дагуулж яваад хамт байлгахыг хүсдэг юм байна. Хүүхэд болохоор ааваасаа айгаад Р- нь Мтай хамт амьдарч байгаа юм байна лээ. М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тодорхой эрхэлсэн ажилгүй. Харин Ш.Б нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст үйлчлэгч ажилтай. Хүүхдүүдээ бодож, Мын зодож дарамт үзүүлж байсныг эхэндээ Б бид нарт хэлээгүй. Гэр бүлээ цуцлуулах үеэр хэлж байсан. Мөн М нь гэр бүлээ цуцлуулснаас хойш хэд хэдэн удаа Бийг дарамталж, зодож, улмаар хүчирхийлэл үйлдэж байсан. 2020 оны 05-р сарын сүүлчээр байсан шиг санагдаж байна М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бийн түрээсэлж суудаг байранд очиж агсам тавьж, гэр доторх эд зүйлүүдийн эвдэж, улмаар Бийг барьж авч зодож байхад нь би очиж салгаж цагдаа дуудаж Мыг баривчлуулж байсан. Ингээд түүнээс хойш хамгийн сүүлд 2020 оны 11-р сарын 08-ны өдөр М нь Бийн гэрт нь ирж зодож, цагдаа дуудаж шалгуулсан байна лээ. Ийм учраас хуулийн дагуу шалгаж, энэ асуудлыг таслан зогсоож өгөхийг хүсэж байна. М нь нэг өдөр Бийн амь насанд хүрэх аюултай хүн байна гэж дүгнэж байна. Б ч гэсэн байнга дарамт, сэтгэл санааны хямралд орсон байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,
Гэрч Х.А-ын өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тус аймгийн Өлгий сумын 11-р багт оршин суудаг Ш.Б, М.Рауан нарт хамтарсан багаар, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээг тус тус хийсэн. Уг үнэлгээгээр М.Рауан нь эцэг болох М.Мтай хамт амьдарч байгаа бөгөөд тухайн орчинд хүн амьдрах боломжгүй, байшин нь хүйтэн, ариун цэврийн шаардлага хангахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,
Шүүгдэгч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж Ш.Бд агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй. Би хүүхдүүдээ нэг ч удаа зодож хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Миний том хүү Рауан над дээр өөрийн сайн дураараа хүрээд ирдэг. Би Рауаныг амьдрах орчин нөхцөлөөр хангаж, хоол унд байнга хийж өгдөг. Өлсгөж зовоож байгаагүй сайн дураараа хүрээд ирсэн хүүхдийг би хөөж явуулахгүйгээр би асарч халамжлан, хичээл номыг нь хийж өгч, хэрэгтэй бүх зүйлээр нь хангаж хамт амьдарч байгаа. Би хүүгээ нэг ч удаа зодож, зовоож байгаагүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.“ гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
-Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ЗШ/179 дугаартай шийтгэврийн хуулбар,
-Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ЗШ/19З дугаартай шийтгэврийн хуулбар, тус зөрчлүүдийг шалган шийдвэрлэсэн материалын хуулбар, шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд болно.
Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн шийтгэвэр, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Ш.Бийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч М.Мыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруу,хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр дэмжиж оролцсон, хохирогч Ш.Б нь шүүгдэгчээс ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлж, улсын яллагчийн М.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүгдэгч М.М нь 2020 оны 5 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед хохирогч Ш.Бийг түүний амьдардаг Өлгий сумын 11-р багт байрлах түрээсийн байранд очиж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 179 дугаартай хүчин төгөлдөр шийтгэврээр /хх-ийн 112-113-рх/,
-2020 оны 6 дугаар сарын 01-ний орой хохирогч Ш.Бийн түрээсийн байранд согтуу очиж, хэрүүл маргаан үүсгэн түүний цээжин тус газарт өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь мөн шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 193 дугаартай хүчин төгөлдөр шийтгэврээр /хх-ийн 118-120-рх/ тус тус нотлогдон тогтоогдсон,
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Ш.Бийг түүний амьдардаг түрээсийн байранд очиж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч Ш.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 66-67, 68-69, 70-р х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
гэрч Х.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Рауан маань аав, ээжтэйгээ хамт баймаар байгаа боловч аав маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ээжийг минь зоддог гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р х/, гэрч Ш.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.М, Ш.Б нар нь гэр бүл болоод 9 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд М нь удаа дараа Бийг зодож, биед нь гэмтэл учруулж байсан. 2020 оны 05-р сарын сүүлчээр байсан шиг санагдаж байна, М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бийн түрээсэлж суудаг байранд очиж агсам тавьж, гэр доторх эд зүйлүүдийн эвдэж, улмаар Бийг барьж авч зодож байхад нь би очиж салгаж цагдаа дуудаж Мыг баривчлуулж байсан. Түүнээс хойш хамгийн сүүлд 2020 оны 11-р сарын 08-ны өдөр М нь Бийн гэрт нь ирж зодож, цагдаа дуудаж шалгуулсан. М.М нь нэг өдөр Бийн амь насанд хүрэх аюултай хүн байна гэж дүгнэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,шүүгдэгч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж Ш.Бд агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.“ гэх мэдүүлэг/хх-ийн 109-110-р х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэмт хэрэг юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан ба шүүгдэгч М.М, хохирогч Ш.Б нар нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь хэргийн 31-35-р талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай шийдвэрийн хуулбараар нотлогдож байна. Иймд шүүгдэгч М.М, хохирогч Ш.Б нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “уг хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч М.М нь хохирогчийн эсрэг 3 удаа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, түүнийг зодсон нь тогтоогдож байх ба үйлдэл тус бүр нь ижил төстэй, байнга давтагдах шинжтэй байна.
Шүүгдэгч М.М нь урьд 2 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчлийг үйлдэж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн байна.
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчим нь Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн хүнд тухайн гэмт хэрэгт нь дахин ял оногдуулахыг хориглосон агуулгыг илэрхийлэх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн хүн тухайн зөрчлийг удаа дараа үйлдэх нь дахин давтагдах шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул М.М нь урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.
Энэхүү гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлдэг “Байнга” гэх ойлголт нь гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч М.Мын хувьд 2020 оны 5 сараас 2020 оны 11 дүгээр сарын 8-ыг хүртэл хугацаанд 3 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ш.Бийн эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн нь тогтоогдож байх ба үйлдэл тус бүрийн хооронд Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Байнга” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Түүнчлэн шүүдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Хүүхэд хамгааллын хуулиар хамгаалагдсан хүүхдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, халдашгүй чөлөөтэй байх эрхүүдийг зөрчин үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэний журамт үүргээ үл биелүүлэн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, “хүүхдийн хүмүүжилд сөрөг үр дагавар бий болгон”, мөн гэрлэлтээ цуцлуулсан эхнэрийнхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, халдашгүй чөлөөтэй байх эрхүүдийг зөрчсөн нь тогтоогдож байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Тэрээр өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ш.Б нь мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй” гэдгээ илэрхийлсэн ба М.Мын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ш.Бийн биед гэмтэл учраагүй болох нь нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Маас гаргуулж хохирогч Ш.Бд олгох хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч М.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан ба шүүгдэгч М.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч М.Мын холбогдсон “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь нийгмийг бүрдүүлэгч анхан шатны нэгж болох гэр бүлийн ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, цаашлаад хүний эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд сөрөг үр дагавартай, дахин давтагдах шинжээрээ нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг бөгөөд М.М нь хувийн байдлын хувьд урьд удаа дараа Эрүүгийн болон Зөрчлийн хэрэгт холбогдож, хариуцлага хүлээж байсан, тэрээр байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн гишүүдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, бие махбодид нь хохирол учруулахаас гадна сэтгэл санааны дарамт учруулдаг нөхцөл байдал дараах байдлаар нотлогдож байна.
Тодруулбал М.М нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 1 сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор эхнэр болох хохирогч Ш.Бийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, мөн шүүхийн 2018 оны 1 сарын 26-ны өдрийн 25 дугаар шийтгэврээр эхнэр болох хохирогч Ш.Бийг зодож, 21 хоног баривчлагдсан, 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 212 дугаар шийтгэврээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ш.Бийг зодож, 10 хоног баривчлагдсан, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 29-ний өдрийн 179 дугаартай шийтгэврээр эхнэр Ш.Бийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 15 хоногийн хугацаагаар баривчлагдсан, 2020 оны 7 сарын 06-ны өдрийн 193 дугаартай шийтгэврээр мөн эхнэр Ш.Бийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 25 хоногийн хугацаагаар баривчлагдсан, мөн Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 236 дугаар тогтоолоор “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож ял шийтгэгдэж байсан нь тус тус хэргийн 21-35, 129-135, 139-142 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн эрх бүхий этгээдийн шийдвэрээр гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн хохирогч Ш.Б болон түүний хүү насанд хүрээгүй М.Р-н нарт гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээг гэр бүл, хүүхэд хамгааллын хамтарсан баг хийж, хохирогчийг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай гэх дүгнэлтийг гаргасан, гэр бүлийн хүчирхийллийн аюулын үнэлгээний тэмдэглэлд “аюулын түвшин дунд” гэж тэмдэглэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд шүүгдэгч М.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх, М.Мын урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 139 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж, нийт 17 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сар 17 хоногоор тогтоох улсын яллагчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон түүний согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч М.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Мн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Мыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мад урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 139 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж, 17 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сар 17 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мад оногдуулсан 8 сар 17 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч М.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий Шүүгдэгч М.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б