Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 1211

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/01211

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Холбоо толгой 10 гудамж, 125 тоотод оршин суух Харгана овогт Цагааны Төмөрбаатар /Регистрийн дугаар ЖЛ57041611/-ын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Төмөрбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Цагааны Төмөрбаатар нь Дорнод аймаг, Цагаан овоо суманд 1972 оны 04 дүгээр сараас 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан. Ц.Төмөрбаатар миний тэтгэвэр тогтоолгох нас болж тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр дээр нэр зөрүүтэй буюу Баатар гэсэн нэрээр бичигдсэн байна. Ингээд Дорнод аймаг Цагаан-Овоо сумын Засаг даргын тамгын газарт хандан шүүлгэхэд 1972 оны 4 сараас 1975 оны 5 сар хүртэлх хугацаанд тус сумын Галуут нэгдлийн 5 дугаар бригадад туслах малчинаар ажиллаж байгаад 1975 оны 6 сард цэргийн албанд явсан тухай баримт гарсан. Дорнод аймгийн Архивын тасгаас өөрийн нэрээр холбогдох баримтууд байгаа эсэхийг шүүлгэхэд баримт гарахгүй байна. Миний жинхэнэ нэр Цагааны Төмөрбаатар тул иргэний бичиг баримтад зөрүүтэй бичигдсэн нэрийг тодорхойлж хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Төмөрбаатар нь Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн байна.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр нэр буруу бичигдсэн байгаа тул уг баримт бичгийн зөрчлийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

Дорнод аймгийн Цагаан овоо сумын Галуут нэгдлээс 1972 оны 04 сард олгогдсон 305666 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчийн нэрийг овог Цагаан нэр Баатар гэж бичсэн байна. /хх-7/

 

Дорнод аймгийн Цагаан овоо сумын Галуут нэгдлээс 1981 онд олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн нэрийг Цагааны Төмөрбаатар, 1991 оны 12 дугаар сарын 28-нд олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн нэрийг Цагааны Төмөрбаатар, мөн 2012 оны 04 дүгээр сарын 09-нд олгогдсон Нийгмийн даатгалын 0549304 дугаартай дэвтэрт даатгуулагчийн нэрийг Харгана овогт Цагааны Төмөрбаатар гэж тус тус бичигджээ. /хх-13-15/

 

Хүсэлт гаргагч нь Цагааны Баатар бус Цагааны Төмөрбаатар болох нь 1981 онд олгогдсон БНМАУ-ын иргэний паспорт, 1975 онд олгогдсон 310335 дугаартай Цэргийн батлах, 2012 онд олгогдсон иргэний цахим үнэмлэхээр тогтоогдож байна. /хх-17/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ

 

Иргэний бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Ц.Төмөрбаатар нь өөрийн нэрийг сольж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дорнод аймгийн Цагаан овоо сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2/103 дугаартай тодорхойлолтод Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 08 дугаар хороонд оршин суух иргэн Цагааны Төмөрбаатар нь 1972 оны 4 сараас 1975 оны 5 сар хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Цагаан овоо сумын Галуут нэгдлийн 5 дугаар бригадад аав Цагааны туслах малчнаар ажиллаж байгаад 1975 оны 6 сард цэргийн албанд явсан болно гэжээ. /хх-5/

 

Хүсэлт гаргагч Ц.Төмөрбаатарыг Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг гэрчлэхээр М.Төмөрбат, Б.Мөнхбаатар нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

Шүүхэд дуудагдсан гэрч М.Төмөрбат ...Ц.Төмөрбаатарыг малчин байх үеэс танина. Миний бие дарга, нягтлан бодогч, аж ахуйн дарга зэрэг ажлыг хийдэг байсан. Ц.Төмөрбаатарын аавыг Мажигийн Цагаан гэдэг байсан. Цагааны хүү нь Төмөрбаатар юм. Олонд алдаршсан нэр нь Баатар гэдэг байсан. Миний өмнө ажиллаж байсан дарга, нягтлан бодогч нар Ц.Төмөрбаатарын нэрийг Баатар гэж хөдөлмөрийн дэвтэрт бичсэн байсан. 1989 оноос хойш аливаа бүртгэл дээр Ц.Төмөрбаатар гэдэг нэрээрээ байсан, шүүхэд дуудагдсан гэрч Б.Мөнхбаатар ...Цагаан овогтой Төмөрбаатар нь Дорнод аймгийн Цагаан овоо сумын 1, 5 дугаар багийн малчинаар ажиллаж байхад хамт ажиллаж байсан. Бид багаасаа нэг нутагт үерхэж явахад би болон манай нутгийнхан Цагааны Баатар гэж нэрлэж явсан. Яг дансны нэр нь Цагаан овогтой Төмөрбаатар гэдэг болохыг гэрчилж байна гэж тус тус мэдүүлсэн.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн дүгнэхэд Ц.Төмөрбаатар нь нэрээ албан ёсоор өөрчилж байгаагүй, Дорнод аймгийн Цагаан овоо сумын Галуут нэгдлээс 1972 онд олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт Цагааны Төмөрбаатарын нэрийг овог Цагаан нэр Баатар гэж бичигдсэн, 1981 онд олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, 1991 онд Хөдөлмөрийн дэвтэр, 2012 онд олгогдсон Нийгмийн даатгалын дэвтэрт эзэмшигчийн нэр Цагааны Төмөрбаатар гэж бичигдсэн байх бөгөөд 1972 онд олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг Баатар гэж буруу бичигдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Дорнод аймгийн Цагаан овоо сумын Галуут нэгдлээс 1972 оны 04 сард олгогдсон 305666 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Харгана овогт Цагааны Төмөрбаатар /Регистрийн дугаар ЖЛ57041611/-ыг тогтоох үндэслэлтэй, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Дорнод аймгийн Цагаан овоо сумын Галуут нэгдлээс 1972 оны 04 сард олгогдсон 305666 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Харгана овогт Цагааны Төмөрбаатар /Регистрийн дугаар ЖЛ57041611/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР