| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 187/2018/0088/Э |
| Дугаар | 448 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 448
Б.Т-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор А.Оюунгэрэл,
шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Т-д холбогдох эрүүгийн 180000000078 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Зуутраг овогт Б-ын Т-, 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Хан-Уул дүүрэгт оршин суух,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулсан /РД:/,
Б.Т- нь С.Нямжаргалтай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цорс” зочид буудлын 204 тоот өрөөнд иргэн Ч.Мөнхтөрийн Хаан банкны картыг хулгайлан авч, түүнд 1.280.960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Б.Т-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 18 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 33 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх Б.Т-гийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ял шийтгүүлсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хууль буцаан хэрэглэх” тухай зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар бүлэгт заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх зохицуулалттай хамааралтай бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг энэ шийтгэх тогтоолоор засах, өөрчлөх, хууль буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлт хийснийг хууль буруу тайлбарласан, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна.” гэж,
- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5-д “...гурваас дээш таван жил хүртэл хорих ял шийтгэнэ.” гэж,
- 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэгээс дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заасан байх тул шүүгдэгчид ашигтай хуулийг буцаан хэрэглэж өгөхийг хүсье.
2. Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгана гэснийг тус тус орхигдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн гэм бурууг ойлгож, гэмшиж байна...” гэв.
Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-гийн үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглэх тухай асуудалд үндэслэл бүхий няцаалт хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Б.Т- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулж байсан ба тэрээр энэ хугацаандаа буюу 2017 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө С.Нямжаргалтай бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цорс” зочид буудлын 204 тоот өрөөнд иргэн Ч.Мөнхтөрийн Хаан банкны картыг хулгайлан авч, түүнд 1.280.960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогч Ч.Мөнхтөрийн “...2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ... 18 цагийн үед найз Даваа-Очирын хамт хоёр охинтой уулзсан. Тэр хоёр охиныг би танихгүй, харин Даваа-Очир таньдаг байсан... тэр охид өөрсдийнхөө нэрийг Аялгуу, Ариука гэж танилцуулсан. Бид дөрөв караоке орж дуулаад, пиво ууцгаасан. 20 цагийн үед гараад Нисэхэд байрлах “Цорс” нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд орсон... Даваа-Очир, Ариука хоёр миний Хаан банкны картыг аваад архи авахаар хамт гарсан. Би тэр хоёрт картныхаа нууц дугаарыг хэлсэн. Тэр хоёр архи, ундаа аваад буцаад ороод ирсэн... Даваа-Очир архинаас 1 хундага уугаад тасраад унтаад өгсөн. Надад Аялгуу гэдэг охин 2 хундага архи хийж өгсөн. Би архийг нь уучихаад ухаанаа алдаад юу ч санахгүй байгаа юм. Нэг сэрсэн чинь өглөөний 6 цаг өнгөрч байсан ба Даваа-Очир хажуу талын орон дээр унтаж байсан. Харин нөгөө хоёр охин өрөөнд байгаагүй. Би Даваа-Очирыг сэрээгээд өөрийнхөө гар утас, Хаан банкны карт зэргийг асуухад хаана байгааг нь мэдэхгүй гэсэн... удалгүй өрөөнд шар куртиктэй үл таних охин орж ирээд “Манай найз Ариука, Аялгуу хоёр энд байгаа юу, би эцэг эхтэй нь хамт тэднийг хайж байна” гэж хэлээд ширээний урд талд буюу пааран дээр хагас суугаад зогссон... тэр охины зогсож байсан паарны доод талд миний банкны карт унасан байсан. Гар утас орны доод талд байхгүй байсан боловч тэр охиныг гарсны дараа орны доод талаас гарч ирсэн... гар утсаа асаагаад дансныхаа үлдэгдлийг шалгатал 679.260 төгрөг байсан. Уг нь миний дансанд 1.280.960 төгрөг байсан юм. Үүнээс 601.000 төгрөг алга болсон байсан... би хохирол 601.000 төгрөгөө бүрэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй...” /1хх-ийн 23-27/,
- өсвөр насны гэрч Б.Соёлмаагийн “...2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед намайг гэртээ байхад найз Т- залгаад “Нямжаргал бид хоёр Цорс зочид буудлын 204 тоот өрөөнд байна, бид хоёр найзуудтайгаа хамт байна, чи надтай найз л юм бол ирээд авчих” гээд үг хаяад байсан... 00 цаг өнгөрч байхад Т- надруу дахин залгаад “Нямжаргал бид хоёр хүний картнаас 300.000 төгрөг хулгайлчихлаа, одоо шоронд орох нь ойлгомжтой, тодорхой болсон, чи найз юм бол бид хоёртой сүүлийн удаа гарч ирээд уулз” гэсэн... би уйлаад “Та хоёр яах гэж дахиж ийм зүйл хийж байгаа юм бэ, түрүүнийхээ асуудлаас салж дуусаагүй байж” гэтэл Нямжаргал “Би жирэмсэн, хүүхдээ авахуулах хэрэгтэй, зулбуулдаг эм авч ууна, эсвэл аборт хийлгэнэ, надад хэцүү байна” гээд уйлаад байсан... Т-, Нямжаргал хоёр хувцас авна гээд бид гурав шөнийн зах руу явсан. Тэндээс гараад Цамбагаравт байрлах “Рич” нэртэй бааранд ороод 1 шил архи авч уусан... Т- “Чи гэртээ харих замдаа энэ картыг Цорс зочид буудлын 204 тоот өрөөнд оруулаад хаа нэг газар луу нууцаар шидчих” гэж хэлээд Хаан банкны карт гаргаж өгсөн...” /1хх-ийн 40-44/,
- гэрч Н.Даваа-Очирын “...2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ... би фэйсбүүк цахим хуудас руугаа ороод урьд чатаар танилцсан Ариука гэдэг охинтой харилцаад уулзахаар болсон. Ариука Аялгуу гэдэг найз охинтойгоо хамт ирнэ, намайг найзыгаа дагуулаад ир гэсэн учраас би Мөнхтөртэй хамт Нисэх рүү очиж 18 цагийн үед тэр хоёртой уулзсан... архи дууссаны дараа дахиад архи ууя гээд Ариука бид хоёр Мөнхтөрийн Хаан банкны картыг аваад дэлгүүр гарсан. Архи, ундаа, зайрмаг аваад би картыг нь уншуулахдаа нууц дугаарыг нь чанга хэлчихсэн. Тэр үед л Ариука цээжилсэн байх... бид нар архи задлаад би ууж амжилгүй тасраад унтаад өгсөн. Өглөө 06 цагийн үед Мөнхтөр намайг дуудаж сэрээгээд миний гар утас, банкны карт хаана байна гэж асуусан... хэдхэн минутын дараа хаалга нүдсэн. Танихгүй охин өрөөнд орж ирээд Аялгуу, Ариука хоёрыг асуугаад байсан... тэр охиныг гарсны дараа яг зогсож байсан газрынх нь доод талд Мөнхтөрийн банкны карт байсан...” /1хх-ийн 50-52/,
- С.Нямжаргалын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Даваа-Очир бид хоёр Мөнхтөрийн банкны картыг аваад архинд явсан. Даваа-Очир дэлгүүрээс юм аваад картыг уншуулж байхдаа худалдагчид нууц дугаарыг нь чанга хэлэх үед би цээжилсэн... Мөнхтөрд Т- албаар их хэмжээтэй архи хийж өгөөд байсан... Мөнхтөрийг тасраад унтчихаар нь банкны картыг нь нууцаар аваад Т- бид хоёр гарсан. Нисэхийн Янгир хайрхан дэлгүүрийн АТМ-аас 300.000 төгрөг аваад такси бариад Соёлмааг очиж авсан. Тэндээс бид гурав “Рич” нэртэй бааранд орсон. Хүмүүс гоё хувцастай бүжиглээд байхаар нь хувцас авч өмсөх үү, шөнийн зах руу явах уу гэж асуухад Т- зөвшөөрөөд бид гурав такситай шөнийн зах руу орж хувцас авсан. Хувцас авах мөнгө дутахаар нь би шөнийн зах дотор байрлах АТМ-аас 100.000 төгрөг дахин авсан... тэгээд бид гурав “Рич” нэртэй бааранд орж архи, виски, самар, шоколад, чипс зэрэг идэх юм аваад бүжиглээд баар хаах цаг болоод бид нар 03 цаг өнгөрч байхад буудалд орж тахиа захиалж идсэн. Т- руу Мөнхтөр залгаад хаана байна гэхэд Т- намайг хүнд хутгалуулаад гэмтлийн эмнэлэг явсан гэж худлаа хэлээд утсаа тасалсан. Соёлмаа гэртээ харилаа гээд явах үед нь Т- банкны картыг түүнд өгөөд нөгөө хоёр залуугийн өрөөнд нь оруулаад нууцаар дэрэн доор нь хийчих гэж хэлсэн... би жирэмсэн болчихоод эцэг, эх болон бусад хүмүүст хэлж чадахгүй айгаад байсан юм. Тэгээд аргагүй эрхэнд абортонд орох гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор хулгай хийсэн...” /1хх-ийн 61-65/,
- Б.Т-гийн мөрдөн байцаалтад сэжигтэн яллагдагчаар өгсөн “...Даваа-Очир гэх залуу 1-2 хундага архи уугаад орон дээрээ унтаад өгсөн. Нямжаргалыг явъя гэхэд явахгүй байсан. Нөгөө залуу нь бас та хоёр битгий яв л даа гээд явуулахгүй байхаар нь би тэр залууд хоёр аягаар дүүрэн архи хийж өгөөд албаар тасалчихсан... Бид хоёр явахаар болоод мөнгөгүй байсан учраас Мөнхтөр гээд залуугийн банкны картыг орон дээр байхад нь авсан. Авахаасаа өмнө хоорондоо энэ картыг авъя гээд тохирсон... Янгир хайрхан дэлгүүрийн АТМ ороод картанд хэдэн төгрөг байгааг үзтэл 1 сая төгрөг байсан санагдаж байна. Нямжаргал жирэмсэн байсан учраас хүүхдийг нь авахуулах мөнгө хэрэгтэй байсан, мөн шоудмаар санагдаад байсан учраас эхэлж 300.000 төгрөг авсан... бид нар Цамбагаравын хажууд байрлах “Рич” нэртэй бааранд ороод жаахан архи ууж байгаад бүжиглэх гэсэн чинь муухай хувцастай байсан учраас Нямжаргал бид хоёр гарч хувцас авъя гэж тохироод гурвуулаа шөнийн зах орсон... хувцас авахад мөнгө хүрэхгүй байсан тул Нямжаргал АТМ-руу очиж нөгөө хүний картнаас дахин мөнгө авсан... Тэндээсээ “Рич” баар луу очиж архи ууж бүжиглэсэн. Бааранд байхад Нямжаргал нөгөө картаа уншуулаад тооцоогоо хийсэн. Гурвуулаа нэлээд согтуу баарнаас гараад зочид буудалд орж дуудлагаар шарсан тахиа захиалж идсэн. Өглөө үүр цайхаар нь Соёлмааг “Чи энэ картыг Цорс зочид буудлын 204 тоот өрөөнд нууцаар тавьчих, тэгэхгүй бол доторх мөнгийг нь хэдүүлээ үрж дуусгалаа” гэж хэлсэн... тухайн үед 17 настай гээд үнэнгээ хэлчихвэл жаахан хүүхдүүд байж ямар замбараагүй юм бэ гэж бодох байх гэж бодсон. Надад Аялгуу гэдэг нэр таалагддаг учир нэрээ тэгж хэлсэн... Би цагийг зугаатай өнгөрүүлмээр санагдаад тэр хоёр ахтай уулзсан. Өөр санаа байхгүй...” /1хх-ийн 68-76/ гэх мэдүүлгүүд,
- хохирогч Ч.Мөнхтөрийн эзэмшлийн Хаан банкны 5845460289 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 18-21/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 100-105/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Б.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх болсон хөнгөн хууль гэдэг нь гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.
Прокуророос Б.Т-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “бүлэглэж үйлдсэн” хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинж байхгүй болсон бөгөөд шүүгдэгч Б.Т-гийн гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжид нийцэж тогтоогдсон, мөн уг гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь хөнгөрсөн байна.
Нөгөөтэйгүүр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд гэмт хэргийг “бүлэглэн гүйцэтгэх” тухай ойлголтыг тодорхойлж өгсөн ба хүн тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар хуульчилжээ.
Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх прокуророос Б.Т-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсны гадна, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйлд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзлээ.
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна.” гэж заажээ.
Шүүх уг заалтыг хэрэглэхдээ, өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг хөндөхгүйгээр, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон заасан ямар гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тогтоосны эцэст, ял нийцүүлэн хасах асуудлыг шийдвэрлэдэг.
Б.Т- нь Ж.Анандтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийг үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулжээ.
Б.Т-гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргээр зүйлчлэгдэх ба урьд оногдуулсан ялыг энэ зүйл, хэсэгт заасан ялын хэмжээнд нийцүүлэхэд 01 жил 00 сар 00 хоногийн хорих ял болж байна.
Иймээс шүүгдэгч Б.Т-д урьд оногдуулсан хорих ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасаж, уг ял дээр түүний шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдэлбэл зохих нийт ялын хэмжээг тогтоох нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцнэ гэж дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлоос “...урьд оногдуулсан хорих ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасаж өгөхийг...” хүссэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Т-г Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай нийцүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 18 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож /264:8=33 хоног/ 33 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Т-гийн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 21 хоногоор хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож /264:8=33 хоног/ 33 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Т-гийн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 3 хоногийн хорих ялаар тогтоосугай.” гэж,
- 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 2 жил 3 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 1 жил 1 сар 3 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлоос “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгөхийг...” хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Н.БАТСАЙХАН