| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 113/2018/0018/З |
| Дугаар | 113/ШШ2019/0014 |
| Огноо | 2019-06-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 113/ШШ2019/0014
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,
Прокурор: Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор;
Хариуцагч: Г аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш;
“Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 320201806 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: аймгийн Ерөнхий прокурорын орлогч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ““Т” дэлгүүрийн захирал Д.Б нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-д заасан “бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэснийг зөрчсөн зөрчилд улсын байцаагч Э.Ш нь хялбаршуулсан журмаар шалгаж, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 320201806 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Шалгалтаар материалыг хянавал улсын байцаагч Э.Ш нь шийтгэл ногдуулахдаа шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дүгээр заалтад торгох шийтгэл оногдуулж буй дүнг бичээгүй байж оногдуулсан шийтгэлийн 150.000 төгрөгийг сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны маягтын загварын дагуу бичигдээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр болжээ.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн удирдлага болгон татварын хэлтсийн улсын байцаагч Э.Шинэжавхлангийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 320201806 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ЖЯ бичиг баримттай, “Т” дэлгүүрийн захирал Д овогтой Б нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу төлбөрийн баримтыг татвар төлөгчид тухай бүр олгоогүй болох нь office.ebarimt.mn цахим сайт болон холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул шийтгэл оногдуулсан болно. “Шийдвэрлэх нь:” хэсгийн 1 дүгээр заалтад торгох шийтгэл бичигдсэн болно. Тухайн үед хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж хуульд заасан хугацаанд хяналтын прокурорт хянуулж, нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн ажилласан. Хяналтын прокурор тухайн үед хянаад шийтгэлийн хуудсыг буруу бичсэн талаар бидэнд мэдэгдээгүй, бид аймгийн Прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар тухай бүр заавар зөвлөгөө авч ажилласан боловч энэ талаар тухай бүр мэдэгдээгүй 2018 оны 1 дүгээр сар, 2018 оны 6 дугаар сард тус тус прокурорт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянуулсан, тэр үед энэ зөрчлийн талаар мэдэгдээгүй учир би 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн прокурорын энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь:
1. Шийтгэлийн хуудсыг Татварын ерөнхий газраас ирүүлсэн загварын дагуу бичиж аймгийн прокурорын газарт хянуулсан.
2. Хяналтын прокурорууд тухай бүр материалыг хянаад хууль зүйн алдаагүй болсон байна гээд гарын үсэг зурж баталгаажуулсан учир би тухайн шийтгэлийг алдаагүй, хуулийн зөрчил дутагдалгүй болсон гэж үзсэн болно.
3. Прокурорын байгууллагаас улирал бүр эрх бүхий албан тушаалтанд сургалт ордог хэрнээ сургалт дээр шийтгэлийн хуудсыг бичих талаар мэдээлэл хийгээгүй, заавар зөвлөгөө өгөөгүй.
4. 2018 онд нийт 2 удаа материал татаж авч хянаж үзэхдээ эдгээр алдаа дутагдлыг хэлээгүй, засаж залруулах талаар мэдээлээгүй. Шийтгэлийн хуудасны загвар, хэрхэн бичиж ирүүлэх талаар огт мэдээлэл хийгээгүй нь эрх бүхий албан тушаалтан нар ийм алдаа гаргах үндэслэл болсон гэж үзэж байна.
5. Улсын Ерөнхий прокурорын газар болон Татварын ерөнхий газрын хамтарсан баг хуулийн хэрэгжилтэнд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хуралдан эцэслэн шийдвэр гараагүй, заавар зөвлөгөө ирүүлээгүй байхад манайхыг онцлон шалгаж татварын улсын байцаагчийн бичсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус мөнгөн дүнг татвар төлөгч хүлээн зөвшөөрч орон нутгийн болон улсын төсөвт 100 хувь төлсөн учир прокурорын дүгнэлтийг эргэн харж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдлоор үүсгэсэн энэ хэрэг, түүнд хавсаргасан 320201806 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материал зэргээс хуульд заасан журмын дагуу цуглуулж[1], шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дахин шинэ акт гаргах хүртэл 320201806 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Г аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш нь “стандартын шаардлага хангасан цахим төлбөрийн баримт олгохгүй байна” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д заасныг үндэслэн Д.Б (РД:ЖЯ)-ийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 320201806 дугаар шийтгэлийн хуудсаар 150000 төгрөгөөр торгох хариуцлага оногдуулжээ.
Г аймгийн Ерөнхий прокуророос уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлтийн үндэслэлээ “Шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь:” хэсгийн 1 дүгээр заалтад торгох шийтгэл оногдуулж буй дүнг бичээгүй байж оногдуулсан шийтгэлийн 150000 төгрөгийг сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны маягтын загварын дагуу бичигдээгүй” гэж тайлбарлана.
Харин хариуцагч нь хууль зөрчсөн гэж үзээд ... хариуцлага тооцсон нь үндэслэлтэй хэмээн тайлбарлаж, “хэрэг бүртгэлийн ажиллагаанд прокурор хяналт тавихдаа хэлсэн бол энэ алдаа зөрчил гарахгүй байсан” хэмээн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
I. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхийн албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураар биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана”, 7 дахь хэсэгт “Шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Шийтгэлийн хуудас” (Маягт №2)-ны Шийдвэрлэх нь: хэсгийн 1-д “Холбогдогч ... (хүн, хуулийн этгээдийн нэр)-ийн гаргасан зөрчилд ... (шийтгэлийн төрөл, хэмжээ) шийтгэл оногдуулсугай” гэж заасан нь захиргааны байгууллага, албан тушаалтан (татварын улсын байцаагч)-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргах захиргааны акт (шийтгэлийн хуудас)-ын эрх зүйн болон хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон хэм хэмжээ юм.
Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5-д “... хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж заасан нь тус хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шийтгэлийн төрөл бөгөөд хариуцагч нь холбогдогчид оногдуулсан шийтгэлийн төрөл хэмжээг хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан шаардлагын дагуу үйлдэх нь зүйтэй байх тул хариуцагчийн “Татварын ерөнхий газраас ирүүлсэн маягтын дагуу шийтгэлийн хуудсыг үйлдсэн”[2] гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.
Дээрх үндэслэлээр Г аймгийн Ерөнхий прокурорын дүгнэлтийг хүлээн авсан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.10, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, холбогдогчид шийтгэд оногдуулах нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий бүхий албан тушаалтанд олгосон бүрэн эрх байна.
Тиймээс дээрх нөхцөл байдлыг шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн, цаашид тодруулах шаардлагатай гэж дүгнэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 320201806 дугаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй тохиолдолд дээрх шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тэмдэглэв.
II. Тус шүүх 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 12.00 цагт хийх шүүх хуралдааныг товлон зарлахдаа Г аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш-г оролцуулан 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 11.00 цагт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хариуцагчид тухайн өдрөө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Г аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Э-аас 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 04/149 дүгээр албан бичгээр “шүүх хуралдааныг хойшлуулах” агуулга бүхий хүсэлт ирүүлсэн боловч хэргийн оролцогч бус этгээдийн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан прокуророос “шүүх хуралдааныг товлосон цагтаа явуулах хүсэлтэй байна” гэснийг, мөн хариуцагчаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Сургалтанд оролцох учраас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож амжихгүй байна. Өөрийн биеэр оролцохгүйгээр шүүх хуралдааныг хийхэд болно” зэргээр тайлбар гаргасан, хэргийн оролцогчийн эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан[3], хариуцагчийн урьд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хэрэгт цуглуулсан нотлох баримтад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.10, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын дүгнэлтийг хангаж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Г аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 320201806 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор хариуцагч шинэ акт гаргаагүй бол Г аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 320201806 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2–т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Хариуцагчийн хариу тайлбарт хавсаргаж ирүүлсэн “Шийтгэлийн хуудас”-ны хуулбар хувийг нотлох баримтаар үнэлээгүй болно. /хэргийн 8 дахь талд/
[2] Хэргийн 7 дахь талд
[3] Хэргийн 5 дахь талд хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарласан тухай баримт, 26-27 дахь талд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, 29-30 дахь талд шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамж, 31 дэх талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримт, 35 дахь талд хариуцагчтай 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн утсаар ярьсан тэмдэглэл авагдсан.