Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0751

 

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0751

Улаанбаатар хот

 

ГФГ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн төлөөлөгч Ш.С

Нэхэмжлэгч: ГФГ ХХК

    Хариуцагч: НиТХ

    Гуравдагч этгээд “Б” ХХК

    Нэхэмжлэлийн шаардлага: “НиТХТ-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 70 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0636 дугаар шийдвэр;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2020/0850/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч ГФГ ХХК-аас НиТХ-д холбогдуулан “НиТХТ-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 70 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

    

    2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ГФГ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.

 

    3. Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн төлөөлөгч Ш.С давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны 128/ШШ2022/0636 тоот шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болох нь дараах байдлаар нотлогдоно.

     3.1. Үүнд: Нэхэмжлэлийн тухай шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тухайд:

     3.1.1. Нэхэмжлэгч нь “НиТХТ-ийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 70 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-т “утга, агуулгын илэрхий алдаатай” гэж, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж маргасан байна.

    3.1.2. Маргаж буй актын тухай: НиТХТ-ийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 70 дугаар тогтоолын 1 дэх заалтаар НиТХ-ын (цаашид “Хурал” гэх) 2018 оны 20/20 дугаартай тогтоолын хавсралтын 10 дахь хэсэг, ХТ-ийн 2016 оны 100 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон байна.

    3.1.3. Маргаж буй актаар хүчингүй болгосон актуудын тухай: Хурлын 2018 оны 20/20 дугаартай тогтоолын хавсралтын 10 дахь хэсгээр Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлахдаа “Нийслэлийн Засаг даргын захиргааны 1 дүгээр байрны буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрыг спорт заалны хамт буулгаж, шинээр барих төсөл”-ийг оруулан баталсан байна. Харин ХТ-ийн 2016 оны 100 дугаартай тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг спорт заалны хамт буулгаж, шинээр барих төслийг хэрэгжүүлэхээр ГФГ ХХК-тай Концессын гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсөн байна

   3.4. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тухай: Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй буюу тус акт нь нэхэмжлэгч руу чиглэсэн үйлчлэлгүй болно

   3.4.1. Зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэхэмжлэлд тайлбарлаж чадаагүй тухай: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны акт нь ямар байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй талаар тайлбарлахдаа (Нэхэмжлэлийн 1 дэх талаас) “Энэхүү тогтоол агуулгын хувьд ямар ч үндэслэлгүйгээр Концесс эзэмшигч компанид олгосон Концессын онцгой эрхийг хүчингүй болгож, хууль ёсны ашиг сонирхолд халдсан” гэж тайлбарласан байна. Гэвч энэ нь дараах байдлаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгааг хангалттай тайлбарлаж чадаагүй байна. Нэхэмжлэлд “Концесс эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан” гэх боловч хуулиар олгогдсон, баталгаажсан ямар эрх, ашиг сонирхол болох тухай тайлбарлаагүй. Хэн нэгэнд таалагдаагүй шийдвэр болгон түүний эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болохгүй билээ. Харин гагцхүү түүнд хуулиар олгосон эрх, ашиг сонирхлыг хөндсөн байвал шүүхэд нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэл болдог. Концессын тухай хуулийн 26.1-т Концесс эзэмшигчийн нийтлэг эрхийг заасан. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн тус хэсэгт заасан ямар эрх зөрчигдсөн талаар нэхэмжлэлд тайлбарлаагүй байна.

 3.4.2. Маргаан бүхий актаар хүчингүй болгосон актууд нь нэхэмжлэгчид эрх үүсгэсэн, эерэг үйлчлэл бүхий актууд биш тухай: Нэхэмжлэгчийн маргаж буй акт болох Хурлын 2020 оны 70 дугаар тогтоолоор дараах хоёр тогтоолыг хүчингүй болгосон. Үүнд: а) Хурлын 2018 оны 20/20 дугaapтaй тогтоолын хавсралтын 10 дахь хэсэг; b) ХТ-ийн 2016 оны 100 дугaap тогтоолыг тус тус хүчингүй болгосон. Хүчингүй болсон дээрх хоёр тогтоол нь нэхэмжлэгчид эрх үүсгэсэн, эерэг үйлчлэл бүхий захиргааны актууд биш юм. Тодруулбал, Хурлын 2018 оны 20/20 дугаартай Тогтоолын хавсралтын 10 дахь хэсэг нь концессын зүйлийн жагсаалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг Спорт заалны хамт оруулсан агуулгатай. Концессын тухай хуулийн 10.2-т зааснаар орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Хурал баталж байгаа хэрэг юм. Нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Засаг даргатай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Концессын гэрээ байгуулж, концессын эрх олж авсан. Хурлын 2015 оны 32/31 дүгээр тогтоол, ХТ-ийн 2016 оны 73 дугаар тогтоол болон 2016 оны 100 дугаар тогтоолуудыг үндэслэж тус гэрээ байгуулагдсан. Иймд нэхэмжлэгчид эерэг үйлчлэл бүхий байж болох буюу түүнд эрх олгосон байж болох актууд нь дээрх актууд юм.

3.4.3. Харин Хурлын 2020 оны 20/20 дугаартай тогтоол нь түүнээс хойш гарсан, тус Тогтоолын үндсэн дээр нэхэмжлэгч Концессын гэрээ байгуулаагүй, бусад байдлаар тус тогтоолын дагуу нэхэмжлэгчид ямар нэгэн эрх үүсээгүй тул нэхэмжлэгчид хамааралгүй тогтоол юм. Өөрөөр хэлбэл, тус тогтоолын хавсралтын 10 дахь хэсэг хүчингүй болсноор нэхэмжлэгчийн концессын эрх дуусгавар болохгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй юм. Иймд Хурлын 2018 оны 20/20 дугаартай тогтоолын хавсралтын 10 дахь заалтын үйлчлэл сэргэлээ гээд нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, ашиг сонирхол сэргэхгүй. Харин маргаан бүхий актаар хүчингүй болсон дараагийн акт болох 2016 оны 100 дугаар тогтоолоор нэхэмжлэгчтэй концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргад олгосон. Тус зөвшөөрлийн үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчтэй концессын гэрээ байгуулж, нэхэмжлэгчид концессын эрх үүссэн. Тэглээ гээд тус тогтоол нь нэхэмжлэгчид Концессын эрх олгосон шийдвэр биш юм. Харин тус тогтоолын дагуу байгуулсан концессын гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид Концессын эрх үүссэн.

Тодруулбал, Хурлын 2016 оны 199 дугаар тогтоол нь Концессын тухай хуулийн 19.3-т “... НиТХ гэрээ байгуулах зөвшөөрлийг ... нийслэлийн Засаг даргад олгоно” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөл олгосон шийдвэр юм. Нийслэлийн Засаг дарга тус зөвшөөрлийн дагуу Концессын гэрээ байгуулах эсвэл байгуулахгүй байх эрхтэй. Иймд Хурлын 2016 оны 100 дугаар тогтоол нь дотогш чиглэсэн шийдвэр бөгөөд нэхэмжлэгчид шууд концессын эрх үүсгээгүй юм. Иймд тус тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Хурлын 2016 оны 100 дугаар Тогтоолын үйлчлэл сэргэлээ гээд нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, ашиг сонирхол сэргэхгүй юм.

3.4.4. Түүнчлэн, Хурлын 2016 оны 100 дугаар тогтоол нь аль хэдийн хэрэгжсэн буюу тус Тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргад олгогдсон зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулагдсан. Үүгээр тус тогтоолын үйлчлэл дуусгавар болсон юм. Иймд Концессын гэрээ байгуулагдсанаар тус тогтоолыг хүчингүй болгох, эсвэл үйлчлэлийг нь сэргээх боломжгүй юм. Эндээс дүгнэхэд; Хурлын 2020 оны 70 дугаартай тогтоолоор хүчингүй болсон хоёр Тогтоол нь нэхэмжлэгчид ямар нэгэн эрх үүсгээгүй, түүнд шууд чиглээгүй актууд байсан тул тэдгээрийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй юм. Иймд тэрээр Хурлын 2020 оны 70 дугаартай тогтоолын талаар маргах эрхгүй болно.

3.5. Нэхэмжлэгч концесс эзэмшигчийн эрхгүй тухай: Нэхэмжлэгч нь концесс эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй. Иймд “миний концесс эзэмшигчийн эрх зөрчигдлөө” гэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Учир нь, а) Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргатай концессын гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсноор түүнд Концессын эрх үүсэх байсан; b) Гэвч Концессын гэрээ хүчин төгөлдөр болоогүй: с) Концессын гэрээний хугацаа дуусгавар болсон тул тэрээр Концесс эзэмшигчийн эрхгүй юм. Энэхүү гурван үндэслэлийг тус бүрээр нь доор тайлбарлав. Нэхэмжлэгчид Концессын эрх хэрхэн үүсэх байсан тухай: Хурлын 2016 оны 100 дугаар Тогтоолоор нийслэлийн Тамгын газрын байрыг Спорт заалны хамт буулгаж, шинээр барих төслийг хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч компанитай Концессын гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсөн. Иймд Хурлын тус тогтоол нь Концессын тухай хуулийн 19.3-т заасны дагуу гарсан, нийслэлийн Засаг даргад зөвшөөрөл олгосон шийдвэр юм. Тус зөвшөөрлийн дагуу Концессын гэрээ байгуулах эрх нийслэлийн Засаг даргад үүсэж байгаа болохоос нэхэмжлэгч компани шууд Концессын эрхтэй болохгүй. Учир нь Концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга ашиглахгүй байх эсвэл Концессын гэрээний нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож чадахгүй байх зэргээс болж гэрээ байгуулагдахгүй байх боломжтой. Иймд Хурлын 2016 оны 100 дугаар тогтоол нь гагцхүү нийслэлийн Засаг даргад чиглэсэн буюу дотогш чиглэсэн акт бөгөөд нэхэмжлэгчид Концессын эрх үүсгээгүй.

3.5.1. Харин Нийслэлийн Засаг дарга нь Хурлын 2016 оны 100 дугаар Тогтоолоор олгогдсон зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгчтэй 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Концессын гэрээ байгуулснаар нэхэмжлэгчид Концессын эрх үүсэх байсан юм. Гэвч нэхэмжлэгчийн байгуулсан Концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй тул туунд концессын эрх үүсээгүй юм. Концессын гэрээний 1.1-д “... урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно” гэж, 1.4-т “Концессын гэрээний урьдчилсан нөхцөлийг биелүүлэх хугацаа гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 90 хоног байна” гэж, 1.11-д “Доор дурдсан урьдчилсан нөхцөлийг гэрээнд малууд гарын үсэг зурснаас хойш 3 сарын хугацаанд биелүүлснээр концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдсанд тооцогдож энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан. Гэрээний эдгээр заалтуудын дагуу гэрээний 1.11-д заасан нөхцөлүүд бүрэн биелэгдсэнээр гэрээ хүчин төгөлдөр болох юм. Гэвч гэрээний тус хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүдийн нэг нь ч биелэгдээгүй. Ийнхүү гэрээний урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдаагүй тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй юм.

3.5.2. Нэхэмжлэгч нь “бид тус гэрээний үндсэн дээр Концессын эрх эзэмшдэг” гэх боловч гэрээ хүчин төгөлдөр болоогүй тул тус гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид концессын эрх үүсэхгүй юм. Концессын гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээ үйлчлэлгүй юм. Концессын гэрээний 1.4-т “Концессын гэрээний хугацаа гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 жил байна” гэж, гэрээний 21 дэх талд (хуудас) “Концессын хугацаа гэж Концессын гэрээг байгуулснаас хойш 3 жил, мөн цааш сунгасан хугацааг” гэж тус тус заасан байна. Гэрээг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан тухай гэрээний 3 дахь талд тусгасан байх тул гэрээ нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаатай байсан байна Концессын тухай хуулийн 3.1.7-д “эрх бүхий этгээд гэж.... нийслэлийн Засаг даргыг” гэж, 22.2-т “... концессын гэрээний хугацааг эрх бүхий этгээд сунгана” гэж тус тус заасан байна. Хуулийн эдгээр заалтуудын дагуу Концессын гэрээний хугацааг сунгах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргах юм. Гэвч нийслэлийн Засаг дарга тийнхүү шийдвэр гаргаагүй тул гэрээ сунгагдаагүй буюу 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон юм. Иймд тус хугацаанаас хойш Концессын гэрээ нь нэхэмжлэгчид ямар нэгэн эрх, үүрэг үүсгэхгүй юм. Маргаан бүхий захиргааны акт гэх Хурлын 2020 оны 70 дугаар тогтоол гарах үед нэхэмжлэгч ийнхүү дээрх байдлаар Концессын эрх эзэмшигч биш байсан бөгөөд одоо ч концесс эзэмшигч биш юм. Иймд тус тогтоолын улмаас нэхэмжлэгчийн концесс эзэмшигчийн эрх хөндөгдөөгүй болно.

3.6. Маргаан бүхий акт нь илт хууль бус акт эсэх тухай тайлбар: Нэхэмжлэгч нь Хурлын 2020 оны 70 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-т “утга, агуулгын илэрхий алдаатай” гэж заасны дагуу илт хууль бус гэж тайлбарласан байна. Гэвч энэ нь дараах байдлаар үндэслэлгүй тайлбар байна. Нэхэмжлэгч нь хурлын 73 дугаар тогтоолыг яагаад утга, агуулгын илэрхий алдаатай гэж үзэж буй үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна. Мөн тогтоолоор Хурлын 2018 оны 20/20 дугаартай тогтоолын хавсралтын 10 дахь хэсэг, ХТ-ийн 2016 оны 100 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон тухай тодорхой тусгасан. Ийнхүү тогтоолын агуулга нь тодорхой байх тул утга, агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Хурлын 2020 оны 70 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж маргасан байна. Гэвч энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй юм. Хурлын хувьд дараах үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг батлах гаргах бүрэн эрхтэй болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4-т “Хурлаас гаргасан Тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж, 18.1.1.ж-д “Тухайн ХТ-ийн шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох” гэж тус заасан. Иймд Хурал нь өөрийн шийдвэр болох Хурлын 2018 оны 20/20 дугаартай тогтоолын хавсралтын 10 дахь хэсэг болон ХТ-ийн 2016 оны 100 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох бүрэн эрх, чиг үүрэг бүхий байгууллага болно.

3.6.1. Концессын тухай хуулийн 7.2.1-т зааснаар Хурал нь орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах эрхтэй. Энэ хүрээнд ямар зүйлийг концессын зүйлийн жагсаалтад оруулах, хасах, өөрчлөх шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт, хасалтуудыг хийж ирсэн. Маргаан бүхий тогтоолоор концессын зүйлийн жагсаалт баталсан Хурлын 2018 оны 20/20 дугаартай Тогтоолын Хавсралтын 10 дахь заалт болон Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон Хурлын 2016 оны 100 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа нь Концессын зүйлийн жагсаалтаас хасалт хийж, маргаан бүхий барилга болох нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр болон спорт заалны хувьд концесс хэрэгжүүлэхгүй байхаар шийдсэн шийдвэр юм. Өөрөөр хэлбэл, концессын зүйлийн жагсаалтаас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр болон спорт заалыг хасаж буй шийдвэр тул Концессын тухай хуулийн 7 2.1-т зааснаар Хурал тус чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн, нэхэмжлэгч компанитай Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон агуулга бүхий шийдвэр болох Хурлын 2016 оны 100 дугаар тогтоол нь Хурлын 2015 оны 32/31 дугаар тогтоол болон ХТ-ийн 2016 оны 73 дугаар тогтоолыг үндэслэж гарч байсан. Гэтэл Хурлын 2018 оны 20/20 дугаартай тогтоолын 5 дахь заалтаар тус хоёр тогтоолыг хүчингүй болгосон.

3.6.2 Өөрөөр хэлбэл, Хурлын 2016 оны 100 дугаартай тогтоол гарах үндэслэл болсон хоёр тогтоол 2018 онд хүчингүй болсон юм. Иймд хүчингүй болсон тогтоолуудыг үндэслэж гарсан Хурлын 2016 оны 100 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй юм. Нэхэмжлэгчтэй концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон суурь, гол шалтгаан нь маргаан бүхий барилга болох Тамгын газрын байр, спорт заалыг Хурлын 2015 оны 32/31 дугаар тогтоол болон ХТ-ийн 2016 оны 73 дугаар тогтоолын дагуу нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад оруулсан явдал байсан. Өөрөөр хэлбэл, тус барилгуудыг концессын зүйлийн жагсаалтад оруулсан шалтгааны улмаас нэхэмжлэгчтэй концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Хурлын 2016 оны 100 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид олгосон юм. Гэтэл 2018 оны 20/20 дугаартай тогтоолын 5 дахь заалтаар тус хоёр тогтоолыг хүчингүй болгосноор маргаан бүхий барилга нь Концессын зүйлийн жагсаалтаас хасагдсан. Иймд маргаан бүхий барилгад өмнөх тогтоолуудын дагуу концесс хэрэгжүүлэх боломжгүй юм. Харин 2018 оны 20/20 дугаартай тогтоолын хавсралтын 10 дахь заалтаар маргаан бүхий байрыг шинээр концессын зүйлийн жагсаалтад оруулсан нь нэхэмжлэгчийн хувьд хамааралгүй шийдвэр юм. Учир нь, тус шийдвэрийн үндсэн дээр нэхэмжлэгчид ямар нэгэн эрх олгогдоогүй, нэхэмжлэгчтэй Концессын гэрээ байгуулах үндэслэл нь тус Тогтоол байгаагүй юм. Гагцхүү тус барилгад шинээр концесс хэрэгжүүлэх агуулгатай шийдвэр юм.

3.6.3 Тодруулбал, тус тогтоолын хавсралтын 10 дахь заалтыг 2020 оны 70 дугаар тогтоолоор хүчингүй болгоогүй бол шинээр концесс хэрэгжих буюу уралдаант шалгаруулалт хийгдээд явах учиртай байсан. Эцэст нь хэлэхэд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг шинээр Хан- Уул дүүрэгт барьж байгаатай холбоотой одоогийн байрыг шинэчлэх шаардлагагүй болсон байна. Учир нь, анх Тамгын газрын байрыг спорт заалны хамт буулгаж, шинээр барихаар төлөвлөж байх үед Тамгын газрын байрыг түүгээр сайжруулах, шинэчлэхийг зорьж

байсан. Одоо Хан-Уул дүүрэгт шинээр байртай болж байгаа тул тус концессыг хэрэгжүүлэх шалтгаан, зорилго арилсан байна. Өрөөр хэлбэл, улсын төсөв, орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах үүднээс давхардуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр барих шаардлагагүй болжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21.4.2-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1, 46.1.4-т төрийн өмчийн үр ашигтай захиран зарцуулах учиртайг тус тус хуульчилсан байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх ГФГ ХХК-ийн нэхэмжлэлээр НиТХТ-ийн “Тогтоол хүчингүй болгох тухай 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.

2. НиТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/31 дүгээр тогтоол, НиТХТ-ийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаар тогтоолуудыг үндэслэн нэг талаас НиТХ-ын эрх олгосноор Нийслэлийн Засаг дарга, нөгөө талаас “ГФГ ХХК “ХХК- (“ГФГ ХХК”ХХК, ”И”ХХК, “Э”ХХК, “БД” ХХК-ийн түншлэл)-ийн гүйцэтгэх захирал Л.Б нар Нийслэлийн засаг захиргааны 1 дүгээр байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг спорт заалны хамт буулгаж шинээр барих төслийг “зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрлийн онцгой эрх олгох нөхцөлтэй харилцан тохиролцож, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан, Дугаар:УБ2015/32/31 “Концессын гэрээ”-г 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бичгээр байгуулжээ.

          3. Маргаан бүхий акт болох НиТХТ-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 70 дугаар тогтоол нь Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга баригдаж байгаатай холбогдуулан концессын гэрээг цаашид хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн, гэрээг байгуулахад үндэслэл болсон захиргааны актуудыг хүчингүй болгох зорилгоор гарчээ.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн буюу захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг.

         5. Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага нь НиТХТ-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн байх боловч, харин нэхэмжлэлийн үндэслэл болох уг актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэх талаар тодорхойлж чадаагүй байна.

          6. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байна. Тодруулбал,

           6.1. Гэрээний талууд гэрээний Нэгдүгээр бүлэгт “Концессын гэрээ”-ний нөхцөл гэрээний хугацаатай холбоотой зохицуулалтуудыг тусгажээ.

           6.2. Концессын гэрээний Нэгийн 4-д “Концессын гэрээний хугацаа гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 жил байна. Концессын гэрээний урьдчилан нөхцөлийг биелүүлэх хугацаа гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 90 хоног байна” гэж заасан байх ба гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсанаас хойш 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болж, уг гэрээг талууд сунгаагүй байх тул гэрээтэй холбоотой харилцаа Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д “гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээг сунгаагүй” гэж зааснаар гэрээ дуусгавар болсон байна.

          6.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 18, 20 дугаар зүйлд зааснаар НиТХ-ын Тэргүүлэгчид нь хурлын чөлөөт цагт хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах эрхтэй.

  6.4. Мөн НиТХТ-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар тогтоолын 1 дэх заалтаар НиТХ-ын 2018 оны 20/20 дугаар тогтоолын хавсралтын 10 дахь заалт, мөн Тэргүүлэгчдийн 2016 оны 100 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, НиТХТ-ийн 2016 оны 100 дугаар тогтоолыг хүчингүй болгох эрх нь хурлын тэргүүлэгчдэд өөрт нь хуулиар олгогдсон.

   6.5. НиТХТ-ийн 2020 оны 70 дугаар тогтоолоор НиТХ-ын 2018 оны 20/20 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй байх бөгөөд харин маргаж буй концессын гэрээний хугацаа дуусгавар болсон, Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга баригдаж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргаас “концессын жагсаалтаас хасах тухай” өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн “концессын гэрээ”-тэй холбоотойгоор дээрх тогтоолын хавсралтын 10 дахь заалтыг хүчингүй болгосон байх ба ингэснээр Концессын зүйлийн жагсаалтаас хасалт хийж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр болон спорт заалны барилгын хувьд цаашид концесс хэрэгжихгүй байх нөхцөл бүрдсэн байна.

 

           6.6. Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн өмчийн концессын зүйлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 7.1.1-д “концессын зүйлийн жагсаалтын төслийг бэлтгэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах;” гэж зааснаар нийслэлийн Засаг дарга “Тогтоолын төсөл өргөн мэдүүлэх тухай” 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №01/2173 албан бичгээр НиТХ-ын даргад тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг хүлээн авч НиТХТ-ийн 2020 оны 70 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар хурлын чөлөөт цагт ХТ-ийн бүрэн эрхэд хамаарах асуудал байна.

  

   6.7. Энэ талаар анхан шатны шүүх “...хуулиар Аймаг, НиТХ-ын Тэргүүлэгчдэд орон нутгийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой эрх олгогдоогүй... өөрийн чиг үүрэгт хамааралгүй, хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

            7. Иймд гуравдагч этгээд “Б” ХХК-ийн төлөөлөгч Ш.С-ын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ГФГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 18, 20 дугаар зүйл, Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч ГФГ ХХК-ийн “НиТХТ-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 70 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

              ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ

              ШҮҮГЧ                                                                  Т.ЭНХМАА