Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Д.Хишигбаярын хүсэлттэй иргэний

                                                         хэргийн тухай

 

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар шийдвэртэй

Хүсэлт гаргагч Д.Хишигбаярын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх 2017 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Хишигбаяр, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Д.Хишигбаяр би Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1982.02.09-ний өдрөөс 1991.04.01-ний өдөр хүртэлх хугацаанд тракторын жолооч, эмчилгээ тэжээлийн цэгийн санитарч зэрэг ажлуудыг хийсэн. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас ажиллаж байсан байдлыг нотлох баримтгүй хохирч байна. Архиваас миний ажиллаж байсан байдлын талаархи лавлагаа гарч ирсэн. Иймд шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1982.02.09-ний өдрөөс 1991.04.01-ний өдөр хүртэлх хугацаанд тракторын жолооч, эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Пальт овгийн Доржсүрэнгийн Хишигбаярын Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд тракторын жолоочоор 1982 онд, санитарчаар 1987 оны 01 сараас 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оноос 1987 он хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “2017 оны 02 сарын 09-ний өдрийн 97 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Д.Хишигбаярын хүсэлтийг хангах хангалттай нотлох баримт бүрдсэн. Д.Хишигбаярын ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй. Энэ нь түүний буруу биш. Тухайн үед ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон тушаал гаргаагүй албан тушаалтны буруу юм. Д.Хишигбаяр 1982 оноос 1987 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсныг 1982 оны 37 тоот тушаал болон гэрч Ч.Цэцэгмаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг нотолдог. Иймд 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 97 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Хишигбаярыг Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1982.02.09-ний өдрөөс 1987 он хүртэл тракторын жолоочоор, 1987 оны 01 сараас 1991.04.01-ний өдөр хүртэлх хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хүсэлт гаргагч Д.Хишигбаяр нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1982.02.09-ний өдрөөс 1991.04.01-ний өдөр хүртэлх хугацаанд тракторын жолооч, эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 37 дугаар тушаалаар Д.Хишигбаярыг тракторчноор ажилд томилсон байх ба уг тушаалын огноо тодорхойгүй,  түүнийг тодруулсан баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгээгүй, уг тушаалын огноог нягтлан шалгаагүй байж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Мөн шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Сайнчимэгийн хүсэлтийн дагуу гэрч Ч.Цэцэгмаагаас  мэдүүлэг авсан байх ба гэрчээс  хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бүрэн тодруулаагүй, өөрөөр хэлбэл шүүх зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг гүйцэд биш хийжээ.

Түүнчлэн “Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Сайнчимэгийн хүсэлтээр Д.Хишигбаяртай хамт ажиллаж байсан Ч.Цэцэгмаагаас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ” гэж дүгнэсэн атлаа гэрчээс шүүхэд өгсөн 2017.01.02-ны өдрийн мэдүүлэгт Д.Хишигбаярыг тракторчны ажлыг 2-3 жил хийсэн гэж мэдүүлсэн байхад тракторын жолоочоор 1982 онд /нэг жил/ ажиллаж байсан байдлыг тогтоосон нь ойлгомжгүй, гэрчийн мэдүүлэгт дурдсан бусад хугацааг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхой биш байна.

Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн       59.3-т зааснаар хүсэлт гаргагч Д.Хишигбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.  

   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.ДАВААСҮРЭН

 

    ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

 

Д.БЯМБАСҮРЭН